Мөрийн хөтөлбөр үү, Мөрөөдлийн хөтөлбөр үү, Бурхан минь
Үндэсний аудитын газарт улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө өчигдөр хүлээлгэн өглөө. УИХ-ын намрын чуулганаар баталсан Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон бусад бичиг баримтад уялдуулан мөрийн хөтөлбөрөө боловсруулах учиртай нам, эвсэл, бие даагчид яаран сандран хөтөлбөрөө боловсруулж зарим нь өчигдөр тун оройхон хүлээлгэн өгчээ. АН-ын тухайд найман жилээр боловсруулсан “Монгол хүн-2020” хөтөлбөртөө бага зэргийн засвар хийгээд өчигдөр 17.30 цагийн үед Үндэсний аудитын газарт хургүүллээ. Өөрөөр хэлбэл, Ажилтай орлоготой, Эрүүл чийрэг, Эрдэм боловсролтой, Аюулгүй орчинтой, Эрх чөлөөтэй монгол хүн гэх мөрийн хөтөлбөр үндсэн концепцийн хувьд өөрчлөгдөхгүй, өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж эхэлсэн ажлаа дүгнэж үзээд хийгээгүйг нь өөрчилж, шинээр хийх ажлаа нэмээд хүргүүлжээ.
 
Харин МАН-ынхан хоёр өдөр хуралдаж, МАХН-тай хамтран мөрийн хөтөлбөрөө боловсруулах гэж чамгүй удаан хугацаанд хүлээсэн. Гэвч хоёр намын эсвэх нэгдэх асуудал хэн хэнийх нь шантаажаас болж бүтэлгүйтсэн учраас тус тусдаа өргөн мэдүүлэв. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт 17.00 цагийн орчимд “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ. Хөдөө аж ахуйг хөгжүүлж эдийн засгаа солонгоруулах, хөнгөн үйлдвэрийн салбараа бодлогоор дэмжих зэрэг халамжийн бодлогыг чухалчилсан мөрийн хөтөлбөр болжээ.
 
МАХН-ын хувьд өнгөрсөн нэг жилийн хугацаанд намын үүр хороодын гишүүдээр хэлэлцүүлсэн “Хөгжлийн их хөтөлбөр” нэртэй мөрийн хөтөлбөрөө өчигдөр мөн л хуулийн хугацаандаа амжиж хүргүүлэв. 10+30+60=100 буюу арван жилийн дотор 60 тэрбум ам.доллар зарцуулж хөгжлөөрөө дэлхийд эхний 30 орны тоонд багтах, мянганы хөгжлийн төмөр зам барих, хурдны галт тэрэгний замтай болох, орон сууцгүй бүх өрхийг “0” түрээсийн зарчмаар орон сууцтай болгох, оюутны сургалтын төлбөрийг үе шаттайгаар төр 100 хувь хариуцдаг тогтолцоо руу шилжих, 150.000 хүн амтай аж үйлдвэр, инновацийн цогцолбор найман хоттой болох зэрэг зүүний чиг баримжаатай намуудын боловсруулдаг халамжид түшиглэсэн мөрийн хөтөлбөрийг боловсруулснаа хүргүүлжээ.
 
Энэ мэтээр эвсэх, нэгдэх тухай ярьж байсан бүх нам эвсэл дангаараа мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн юм. УИХ-ын сонгуульд хамтдаа эвсэл байгуулж орох тухай ярьж байсан ХҮН, МҮАН, ИЗНН мөн л дан дангаараа хөтөлбөрөө боловсруулжээ. Ногоон үзэл баримтлалыг чиг баримжаа болгодог ИЗНН-ынхан 2012 оныхтой адилхан “Амьдрал” нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулсан аж. Харин Монгол Улсын хамтын хөгжлийн бодлогыг төр - хамтын оролцоо - шинжлэх ухаан гурвалсан холбоонд шатлан төлөвлөж, хэрэгжүүлэх зорилго тавьсан ХҮН-ынхан 2016 оны сонгуулийн жил Монгол улсын язгуур эрх ашиг, хүнээ дээдэлсэн үзэл баримтлалаар мөрийн хөтөлбөр боловсруулсан хэмээлээ. Тодруулбал, “Эрх тэгшийн хувьсгал” хэмээх уг мөрийн хөтөлбөр Үндэсний эрх ашгийг хамгаалах, Үндэсний баялаг, баялгийн үзлийг төлөвшүүлж мөрдөх, Цэвэр төрийг бий болгох, Олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх, Эрх тэгш нийгмийг цогцлоох гэсэн таван үндсэн бодлогын хүрээнд бичигджээ.
 
Харин МҮАН-ынхан 40 орчим бодлогын арга хэмжээг тусгасан, ардчиллыг гүнзгийрүүлэх, УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хамгаалсан хуулийн заалтыг цуцлах гэх мэт мөрийн хөтөлбөр боловсруулснаа өчигдөр хүргүүлэв. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд дангаараа оролцохоор болсон Нийслэлийн АН-ынхан мөн өчигдөр мөрийн хөтөлбөрөө өглөө.
 
Харин парламентад суудалгүй “Монгол Консерватив” нам, Хөгжлийн хөтөлбөр намтай хамтран эвсэл байгуулж ирэх сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Тус хоёр намын хувьд “Бодлогын хувьсгал-5+3” гэсэн мөрийн хөтөлбөр боловсруулснаа хүлээлган өгөв. Бодлогын таван хувьсгал хийж, гурван зүйлээс салах бөгөөд нийгмийг архи, авлига, аборт гэсэн гурван том айдсаас салгах хөтөлбөр боловсруулнаа танилцуулсан юм.
 
Энэ мэтээр нам, эвсэл, бие даагч гишүүдийн мөрийн хөтөлбөрийг Аудитын газарт хүлээж авах хуулийн хугацаа өчигдрөөр дууслаа. Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өгнө гэдэг нь сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарлаж байна гэсэн үт. Нам, эвсэл, бие даагч хэмээн хуульд тусгаад өгчихсөн учраас Аудитын газар мөрийн хөтөлбөрийг хүлээж авснаас хойш ямар нэг байдлаар нэгдэж. эвсэх, хамтрах тухай яриа гарах боломжгүй гэдгийг зарим хуульчид хэлж буй.
 
Харин намууд мөрийн хөтөлбөрөө Аудитын газарт өгөх хуулийн хугацаа нь өнөөдөр ч, нэгдэх эвсэх тухай асуудал энэ сарын 28 буюу Аудитын газар хянасан мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд хүргүүлэх хүртэл нээлттэй хэмээн тайлбарлажээ. Энэ тайлбарыг МАХН-ын хуульчид өгч буй. Тиймээс МАН-тай дахин эвсэх, хамтрах тухай асуудлыг ярих болно гэдгийг мэдэгдсэн юм. Харин МАН-ын зүгээс сонгуульд дангаараа оролцоно гэдгээ мэдэгдэж, гэхдээ МАХН-тай эвлэрэх асуудал үргэлж нээлттэй учраас хүлээж байна гэсэн мэдэгдлийг хийлээ. Хуулийн гаргалгааг яаж хийхээс шалтгаалж намуудын эвсэх нэгдэх асуудал дахиад долоо хоног үргэлжлэх магадлал өндөр байгаа юм.
 
Намуудын “Мөрөөдлийн хөтөлбөр” хэмээн нэрлэгддэг мөрийн хөтөлбөр энэ удаад ч бодлогогүй, тооцоогүй, сэтгэлийн хөөрлөөр хандсан асуудал олон байгаа нь тодорхой. Амьдралаас тасархай, зөвхөн улстөрчдийн сэтгэл хөөрлөөс л гарч чадах хөх элэг хөшмөөр олон ч заалтууд эдгээр сүржин уриатай хөтөлбөр дунд чамгүй олон бий. Хууль ч улам чангарчихсан ийм үед хэт их мөнгөний амлалт өгөх үү, эсвэл бодит тооцоо судалгаатай мөрийн хөтөлбөр боловсруулахад үндсэндээ аль ч нам эвсэл анхаарлаа хандуулсангүй. Тэдний хувьд зөвхөн хэнтэй ч эвсч, хэдэн суудал авах, шат шатны сонгуульд олонхи болохын тулд ямар хор найруулах вэ гэдгээ л анхаарч буй юм.
 
АН-ын хувьд хамгийн бодитой буюу найман жилээр боловсруулсан мөрийн хөтөлбөрөө барьж орох нь. Гэвч энэ намын хор найруулалт, хөшигний цаадах улс төр өнөө хэр дуусаагүй байгаа. Найман жилээр боловсруулсан мөрийн хөтөлбөр нь өнгөрсөн дөрвөн жил хэрэгжиж чадсан уу гэдэгт дүн тавих эрт ч бодитой хийгдсэн хэдэн том бүтээн байгуулалтаас өөр бариад зогсох зүйл байхгүй нь харамсалтай.
 
Цөөнхийн суудалдаа шигдэж, эрх баригчдын шантаажлахаас өөрийг хийгээгүй МАН-ын халамжийн бодлого мөнгө тараахаас өөрөөр хэрэгждэггүй гэдгийг бид өнгөрсөн 20 жил хангалттай харсан. Бусад нам эвслийн тухайд онцолж ярих нь илүүц биз. Сонгуулийн хууль хэрхэн хаашаа өөрчлөгдөхөөс үл хамаарч төрийн эрхийг хоёр том нам дангаараа, эсвэл эвсч барих нь тодорхой болчихлоо. Хэрвээ улсынхаа эрх ашгийг урдаа тавиад жижиг намууд хүч хавсарсан бол МАНАН-ийн төрөөс улсаа салгаж чадах байв. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Тус тусдаа сонгуульд оролцож хүчээ тарамдсанаар тэд хоёр том намын элэг бөөрөнд наалдаж, мөрийн хөтөлбөрөө ч хэрэгжүүлж чадахгүйд хүрч буй юм. Аудитын газраар хянагдаж буй намуудын “мөрөөдлийн хөтөлбөр”-өөс амьдралд хэрэгтэй ганц ч гэсэн заалт байгаа гэж итгэж хүлээх л үлдлээ.
 
Монголын мэдээ
Б.Эрхэс
 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ta nart 2016-04-22 15:01:16
    Erhesee chi henii hun be. Cham shig yumnuudaas bolj bid songoltoo buruu hiij aldsanii gor n ene 4 jild garlaa. Ene hor urshigiig hezee darj duusgah n todorhoigu...
  • МАН л монголыг аварч магад 2016-04-21 07:13:29
    МАН аас өөр дэмжчихмээр бодлоготой зохион байгуулалттай улс төрийн хүчин алга даа
  • bumbar 2016-04-21 03:52:51
    90jiliin tvvhtei namaa l demii adrchilaliin arhichidiig toroos zailuulah heregtei
  • Зочин 2016-04-21 03:36:13
    Өнөө сүр болгоод байсан ҮХЦБ-ыг халж гарч ирсэн Тогтвортой хөгжил-2030 гэж цаас УИХ-аар баталсныг намууд маань мэдэж л байдаг байгаа даа
  • унэн 2016-04-21 01:55:34
    Маш зов бичжээ .Сонголтоо зов хийгээрэй манайхаан.