Тендерийн хууль ЖДҮ эрхлэгчдэд
Монгол Улсын Засгийн газар, Аж үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр “Монгол брэнд” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд энэ бол яахын аргагүй хүсэн хүлээж байсан мэдээ нь. Нөгөө талаар төр үйлдвэрлэгчдээ худалдан авалтаар дэмжих бодлого гарч, хамгийн сүүлд 44 нэр төрлийн импортын барааны татварыг нэмж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж эхэллээ. Мод модон материал, бүтээгдэхуүнийг монголчууд хэдийнэ хийдэг болчихсон. Гэтэл эрээний хямдхан тавилга Монголын зах зээлийг эзэлсээр байсан учраас салбар яам дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалж мод, модон бүтээгдэхүүний импортын татварыг нэмжээ. Үүнээс сайхан мэдээ гэж хаана байхав.

 Ямартай ч монгол брэндийг дэлхийн зах зээлд гаргахын төлөө төр ажиллаж эхэлсэн байна. Гагцхүү төслийн үр дүнд хөрсөнд бордоо болж өгөх учиртай. Ийм хэмжээнд хүрэхийн тулд бидэнд эргэж харах зүйл олон бий. Хамгийн энгийнээр өгүүлэхэд, жижиг аж ахуйн нэгжүүдийн мөнхийн мөрөөдөл нь байдаг тендерийн сонгон шалгаруулалтад жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг оролцуулж, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг шалгаруулдаг байх явдал. Ингэж амаар бус бодлогоор дэмжсэн цагт тэд хөгжиж, ажлын байр тэр хэрээр нэмэгдэж, Монгол Улсын эдийн засаг сайжрах юм.

Өнөөдрийг хүртэл тендер гэхээр арын хаалгатай, авлига өгч чадахуйц эдийн засгийн чадвартай томоохон аж ахуйн нэгжүүдийн асуудал хэмээгээд жижиг дундынхан тэр бүр оролцдоггүй юм байна лээ. Оролцоод ч ялалт байгуулахгүй нь ойлгомжтой тул цаг заваа дэмий зүйлд үрээд яах вэ хэмээн тэд саяхныг хүртэл боддог байлаа. Үнэндээ ч түрээсийн байшинд үйлдвэрлэл явуулан 10 хүн тэжээх гэж зүтгэж яваа эгэл ардад хаалттай сэдэв нь шүү дээ.

АТГ-т шалгагдаж байгаа эрх мэдэл бүхий албан тушаалтнууд дандаа л авлига хээл хахууль, тендерээр мөнгө угаасан хэрэгт холбогдсон гэж дуулддаг. Үнэн чанартаа Тендерийн тухай хуулийн зүйл заалт нь өөрөө тийм хэрэгт холбогдохын үндэс болдог ч байж мэднэ. Тухайлбал, хамгийн хямд өртөг, зардлыг шингээсэн төсөл бүхий саналыг ирүүлэхийг шаардлагийн дээр сүүлийн гурван жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулсныг батлах ТЕГ-ын тодорхойлолт томоохон шалгуур үзүүлэлт болох тул энэ даваанд жижиг, дундчууд бүдэрцгээдэг. Үүнийг нь томчууд ашиглаад тоглолт зохион байгуулдаг.
 
Өөрөөр хэлбэл, тендерт ялалт байгуулахын төлөө ижил төстэй үйлдвэрүүд өөр хоорондоо хуйвалдан төслийг хоёр гурван янзаар боловсруулаад жинхэнэ гүйцэтгэгч компани төслөө хамгийн бага зардалтайгаар боловсруулж, өрсөлдөгч нэр зүүсэн хоёр нь бараа материалыг нь нийлүулэх эсвэл ажил авах зэргээр ашгаа хуваацгаадаг нь нууц биш. Энэ мэтийн нарийн зохион байгуулалтад бүхий тоглолт хөл дээрээ босох гэж тэмүүлж ядаж байгаа жижиг аж ахуйн нэгжүүдээс дээгүүр яригдах асуудал учраас Монгол Улсад жижиг дунд үйлдвэрлэл буюу монгол брэнд хөгжихгүй байсан юм.
 
Түүнээс үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн нь нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц ирээдүйтэй байх аваас төр бодлогоор дэмжиж, олон чанар, стандартын норм нормативыг биелүүлсэн байхыг хуульчилж, тендерт оролцох хүсэл бүхий аж ахуйн нэгж компани үндэсний үйлдвэрлэгч байхыг чухалчлаад өгвөл жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хэдэн зуугаараа төрж, дэлхийн зах зээлд Монголын нэрийг дуурсгах бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдэх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэл сэргэх хөрсийг тавихын тулд тендерийн хуульд аж ахуйн нэгж, албан байгууллагын зарласан тендерт зөвхөн дотоодын аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид оролцож, тэдний бараа бүтээгдэхүүнийг худалдаж авна гэж тусгаад өгчихвөл болоод л явчихна.
 
Нөгөө талаар төрийн зарласан тендерт оролцохын тулд заавал гурван жил үйл ажиллагаа явуулсан байх ёстой гэсэн тэнэг заалтаа эргэж хараач, хууль тогтоогчид минь. Гурван жил төрөөс дэмжлэг авахгүйгээр зөвхөн худалдан авалтаа түшиглээд хөгжинө гэдэг үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд амаргүй. Яамны зарласан тендерт оролцоод гутлаа нийлүүлчихдэг, ажлын хувцасны норм нормативыг яг таг биелүүлж чадах бол гурван жил байна уу, гурван cap үйл ажиллагаа явуулсан байна уу гэдэг нь ямар хамаа байна аа. Тиймээс энэ мэт завхарсан заалтыг арилгаж, дотоодын үйлдвэрлэл, монгол брэндээ дэмжсэн шиг дэмжинэ хэмээн хүлээж суухаас. Энэ тухай яриа ч салбар яамны хүрээнд яригдаагүй биш яригдсан гэнэ лээ. Тэр нь ажил хэрэг болоосой билээ.
 
Монголын мэдээ
Х.Норжин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ара 2016-11-23 17:03:54
    Бүх тёндэр авилгатай бдаг шд. Бүгд мэднэ бүгдээрээ чимээгүй л бдаг. Их том эмгэнэл шүү
  • найгалмаа 2016-09-23 04:33:48
    үнэн шүү Би БСШУЯ-ны тендер сүүлийн жилүүдэд яаж булхайтай явагдаж байгаа болон ард түмний хөрөнгөөр тогож байгаа баримтыг өгч чадна шүү