Төлийн хорогдол ихэсч, эх мал жилбэ муутай байна гэв
“Бичин жилд айхтар зуд болдог” гэх ухагдахуун монголчууд бидний оюун ухаанд хэдийнэ суучихсан зүйл гэж хэлэхэд хэтийдэхгүй болов уу.
1944, 1956, 1968 гээд арав гаруй жилийн давтамжтай болдог зудын аюул “Муу нүүрт" хэмээх гал бичин жилд тохионо гэсэн болгоомжлол өнгөрсөн зунаас эхлээд малчид, ард иргэдийн дунд яригдаж, өвөлжилт, хаваржилтад тодорхой хэмжээн бэлтгэсэн. Гэсэн ч манай орны зарим нутагт хаваржилт нэлээд хүндэрч, төл малын хорогдол өнгөрсөн жилийнхээс өссөн үзүүлэлттэй байгаа талаар салбар яамнаас мэдээлж буй. Хашир малчид хүртэл “энэ хавар хурганы арьс л элбэг байна даа" хэмээн халаглаж суугаа нь ч нууц биш. Тиймээс энэ удаагийн дугаарын сурвалжлагаараа улс орны хэмжээнд мал төллөлт болон хорогдол ямар байгаа талаар сурвалжиллаа.

 
Нийт малын хорогдол 904.1 мянгад хүрчээ

 
Манай сурвалжлах хэсэг юун түрүүнд Хүнс хөдөө аж ахуйн яамны хэвлэлийн төлөөлөгч Г.Хишигбадамаас Монгол Улсын хэмжээн дэх мал төллөлт болоод хорогдлын талаар тодруулсан юм.
 
-Улсын хэмжээнд төллөлтийн ажил хэдэн хувьтай явагдаж байна вэ. Нийт аймгуудаар хаваржилт хэр болж байна вэ?

-Олон жилийн дунджаар бодоход улсын хэмжээнд 15-18 мянган төл авна гэсэн таамаг байдаг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт эх малын 42.9 хувь буюу 10.2 сая эх мал төллөж 10.0 сая төл хүлээн аваад байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 2.4 саяар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс 28.9 мянган ботго, 69.9 мянган унага, 239.3 мянган тугал, 5.3 сая хурга, 4.4 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.3 хувьтай байна.
 
-Өвөлжилт хүндэрсэн аймгуудад төл хулээж авахад хүндрэлтэй байгаа байх. Эдгээр аймгуудад туслах арга хэмжээ салбар яамны зүгээс авч байна уу?

-Монгол Улсын Засгийн газар болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудын малчин өрхөд тусламж үзуүлэх цувааг хүргүүлсэн. Энэхүү тусламжийг НҮБ-ын Онцгой байдлын үеийн яаралтай тусламжийн сангийн 2.4 сая ам.долларын санхүүжилтээр өвс, тэжээл, малын эм, бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүний багцыг өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Увс, Баянхонгор, Архангай, Завхан, Дундговь, Сүхбаатар аймгийн 45 сумын 4390 өрхөд орон нутгийн засаг захиргааны нэгжээр дамжуулан хүргүүлсэн нь хаваржилтын хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг болсон юм.

-Улсын хэмжээнд хичнээн толгой мал хорогдсон бэ. Яамнаас малын хорогдолыг бууруулахад ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Нийт малын хорогдол 904.1 мянга болж өмнөх долоо хоногоос 46.0 мянгаар нэмэгдлээ. Үүнээс: тэмээ 310, адуу 33.3 мянга, үхэр 88.1 мянга, хонь 325.1 мянга, ямаа 457.1 мянга буюу оны эхний нийт малын 1.6 хувийг эзлээд байна. Хамгийн их хорогдолтой нь Сүхбаатар (149082), Увс (143794), Архангай (101630), Завхан (93396), Баянхонгор (80646) аймгууд байгаа бөгөөд оны эхний нийт малын 2.1-5.3 хувийг алдаад байна.
 
Салбар яамны зүгээс Сүхбаатар, Увс, Архангай, Завхан, Баянхонгор гэсэн аймгуудад хаваржилт хүндэрч, малын хорогдол их байгааг онцолж байсан юм. Тиймээс бид зарим аймгийн Мал аж ахуйн хэлтсийн дарга нартай утсаар холбогдож, нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа.
 
Г.Баттулга: 1.9 сая толгой малаас 20 хувь нь төллөсөн
/Хөвсгөл аймгийн Мал аж ахуйн хэлтсийн дарга/

-Манай аймгийн 24 сумаас баруун, урд, зүүн хойд талын 10 суманд цас их орсон учраас өвөлжилт хүндхэн байлаа. Айлуудын зарим нь оторт хол явсан учраас оройтож ирж, тэр хэрээрээ малаа орой төллүүлж байна. Өвөлжилт хүндхэн болсон ч хаваржилтад бэлтгэж аймгаас тодорхой хэмжээний дэмжлэгийг сум орон нутаг, малчдад үзүүлж байгаа. 2011-2013 онд бэлтгэсэн улсын нөөцийн салбар цэгт байсан 250тонн өвсийг өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад үнэгүй тараасан.
 
Мөн Шинэ-Идэр, Улаан- Уул, Цагаан-Уул гэсэн гурван бүсийн суманд тайван цагт өвс, тэжээлээ нөөцөлдөг. Эндээс 264 тонн өвс буюу 65.5 сая төгрөгийн өвсийг малчдад үнэгүй өгсөн нь хаваржилт хүндэрсэн сумдад дэмжлэг болж байна. Аймгийн зарим сумдаар цас хайлж малын бэлчээр сайхан гарч ирж байна. Аймгийн хэмжээнд 1.9 сая толгой малаас 20 хувь нь төллөсөн. Зарим малчин өндөр уул нуруу давж 100 гаруй км оторт явдаг учраас отроосоо ирж байж малаа төллүүлдэг.Төл 99 хувьтай бойжиж байна. Гэхдээ өвөл цас их орсноос мал нь зутарсан малчид хүндхэн байгаа. Зарим газарт мал жилбэ муутай, төл угжуулж байна.
 
М.Жавзандолгор: Нийт төлийн 97 хувь нь бойжиж байна
/Булган аймгийн Мал аж ахуйн хэлтсийн дарга/
 

-Булган аймаг улсын хэмжээнд мал аж ахуй, газар тариалангийн тулгуур төв. 2015 оны мал тооллогоор 3.2 сая гаруй мал тоолуулсан. Аймгийн хэмжээнд хаваржилт одоогийн байдлаар онцын хүндэрсэн зүйлгүй байна. Урд талын зудтай хүнд байсан сумдуудад цас хайлаад цагийн байдал нэлээд уярсан, мал нэлээд ядарсан, нэмэлт тэжээлд орохоор байна.

Нийтдээ аймгийн хэмжээнд 1444.7 мянган хээлтэгч мал төллөхөөс одоогийн байдлаар 20 гаруй хувь нь төллөсөн байгаа. Нийт төлийн 97.4 хувь нь бойжиж байна. Ботго 100 хувь, Унага 95.3 хувь, тугал 97.1 хувь, хурга 98.7, ишиг 97.4 хувиар бойжиж байна. Төл бойжилт харьцангуй гайгүй байгаа. Ялангуяа өнгөрсөн жил цаг хүнд байсан Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант Могод сумдууд богийн хээлтүүлгээ оройтуулж тавьснаас саяхнаас бог мал нь төллөж эхэллээ. Дулаарснаас хойш, төл бойжиж эхэлсэн учраас төлийн хорогдолт гайгүй байгаа. Аймгийн хэмжээнд нийт малын нэг хувь нь буюу 300 гаруй мянган мал хорогдсон мэдээг бид авсан. Хамгийн их хорогдолтой сум бол Рашаант суманд 8000 гаруй мал хорогдсон.
 
Бид долоо хоног бүр сумдын мал эмнэлэг үржлийн тасгуудаасаа төл бойжилт, том малын хорогдолтын талаарх мэдээллүүдээ нэгтгэн Хүнс Хөдөө Аж Ахуйн Яам, Мал эмнэлэг үржлийн газар, ОБЕГ, Аймгийн удирдлагууд холбогдох газаруудыг энэ цаг үеийн мэдээллээр хангаж ажиллаж байна.
 
Д.Наранхүү: Төл мэнд бойжиж байна
/Дорнод аймгийн мал аж ахуйн дарга/
 
-Дорнод аймагт гуравдугаар сарын 20-ноос мал төллөж эхэлсэн байна. Хавар хэт эрт малаа төллүүлэх нь төлийн бойжилтод муу нөлөөтэй байдаг. Мөн хэт оройтуулж төлөө хэнздүүлэхгүй байх нь чухал учраас энэ үе тохиромжтой байдаг гэж малчид намар хээлтүүлгээ тохируулсан. Нийт хээлтэгчийн 12.3 хувь буюу 85397 толгой мал төллөж, 85470 толгой төл мал бойжиж байна. Төл бойжилт 99.3 хувьтай байгаа ажээ. Төл малаа бүрэн авч бойжуулахад малчдын мал маллах арга ажиллагаа, өвөлжилтийн болон төл хүлээн авах бэлтгэлээс шууд хамаардаг. Цаг агаар хэт муудахгүй тохиолдолд төлөө бүрэн хүлээн авч бойжуулах боломжтой. Дорнод аймгийн хэмжээнд 4042 малчин өрхөд 1.5 сая толгой мал хаваржиж байгаа. Манай аймаг сүүлийн таван жилийн дундаж үзүүлэлтээс авч үзэхэд 2016 оны хавар нийт хээлтэгч малаас 570 гаруй мянган толгой төл хүлээж авах төлөвтэй байна.

Б.Баянмөнх: 950 мянган эх мал төллөхөөс 60 хувь нь төллөсөн
/Говь-Алтай аймгийн Мал аж ахуйн хэлтсийн дарга/
 
-Манай аймаг нийт 2.921 мянган малтай. Үүнээс 1.400 мянган эх мал байдаг. Зарим нь бичин жилийн зуд болж магадгүй гээд хуц ухнаа тавиагүй. Ингээд аймгийн хэмжээнд энэ жил 950 мянган эх мал төллөх ёстойгоос 60 хувь нь төллөчихсөн. Төлийн бойжилт 99 хувьтай байна. Өвөл харьцангуй хүйтэн, нийт нутгаар цасан бүрхүүлтэй, ялангуяа говийн нутгаар Халиуны хоолой, Шаргын хоолой, Төгрөгийн Тунгалаг баг, Дэлгэр буйлангын хоолойгоор хүйтэн болсон учраас бага зэрэг малын хээл хаялт болсон. Энэ жил 19 мянган том мал хорогдсон. Хаваржилт сайхан байна.
 
Н.Баярмагнай: Нийт малын гурван хувь нь хорогдсон
/Баянхонгор аймгийн ҮХХАГ- ын дарга/
 
-11 мянган малчин өрхийн хотонд 3.772 мянган мал өвөлжиж, хаваржиж байна. Өвөлжилт Баянхонгор аймгийн хангайн бүсийн нутгаар хүндэрсэн. Зургаан сумын нутагт цагаан зудтай байсан. Өмнөх онуудтай харьцуулахад малын хорогдол их байна. Аймгийн хэмжээнд 80 гаруй мянган толгой мал хорогдсон. Энэ бол нийт мал сүргийн гурав хүртэлх хувь нь хорогдсон гэсэн үг.
 
Б.Оюунтөгс: Нойтон цаснаас болж нялх төл хайрагдах, чацга алдаж байна
/Дархан-Уул аймгийн Мал аж ахуйн хэлтсийн дарга/
 
-Хүнс хөдөө аж ахуйн яамнаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах тухай удирдамж гаргасантай холбогдуулан манай аймаг 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг 91.2 хувьтай хангасан юм. Манай аймагт 2015 оны хавар гандуу зун болсон. Бэлчээрийн соёололтын үед чийг алдсан. Хур тунадас ороогүй. Наадмын дараа долдугаар сарын 21-нээс бороо орсон. Соёололтын буюу тав, зургаа, долдугаар сард бороо оролгүй, өвс ургамал гандсан учраас хадлан их муу авлаа. Наймдугаар сараас жигдэрч, бороо хур орсон. Малчид цаг агаарын энэ байдлаас болж, мөн бичин жилийн зуднаас шалтгаалж бэлтгэл ажлыг сайн хангасан.
 
Аймгийн хэмжээгээр авах хадлангийнхаа 39 хувийг бэлдлээ. Засгийн газраас нөөц өвс бэлтгэх 92 дугаар тогтоол гарсаны дагуу аймаг 30 тонн, сумд 50 тонн нөөц бүрдүүлэх тогтоолын хүрээнд малчиддаа үүрэг даалгавар өгсөн. Өөр аймгаас хадаан тэжээлээ бэлдэх, зэрлэг өвс ч байсан хадах даалгавар өгсөн. Малчид маань тэр хэмжээгээр үүрэг даалгавараа сайн биелүүлсэн учраас өвөлжилтийг өнөтэй давж, сайхан хаваржиж байна. Хаваржилт таатай байгаа учраас хээлдэгч малын хээлт сайн байна. Энэ жил 138.9 мянган толгой эх мал төллөх ёстой.
 
Үүнээс аймгийн хэмжээнд төллөлт 58.9 хувьтай байна. Гарсан төл 98.9 хувьтай бойжиж байгаа. Нэгдүгээр сараас хойш 499 толгой мал хорогдсон. Энэ бол ердийн хоргодол. 78 төлийн хорогдол гарсан. Манай аймагт болсон шар усны үер татарч амжаагүй байтал энэ сарын 15-16-нд шилжих шөнө цасан шуурга болж нойтон цас орсон. Нойтон цаснаас болж өвөлжөө норж, нялх мал хайрагдах, чацга алдах хандлага гарч байгаа. Үүнийг эс тооцвол манай аймагт хаваржилт сайхан болж байна.
 
С.Дариймаа: Төллөлт муу байгаа нь хуц ухна орой тавьсантай холбоотой
/Орхон аймгийн Мал аж ахуйн хэлтсийн дарга/
 
-Манай аймагт бусад аймгуудтай харьцуулахад хаваржилт сайхан болж байгаа. Мал төллөлт одоогийн байддаар 33 хувьтай. Харин бод мал хараахан төллөж эхлээгүй. Мал төллөлт бага хувьтай явагдаж байгаа нь хуц ухнаа орой тавьсантай холбоотой юм. Энэ жил бичин жил болж байгаа учраас зуд болж магадгүй гэсэн үүднээс хуц ухнаа оройтож тавьсан. Энэ жил нийт 55 мянган эх мал төллөх ёстой. Одоогийн байдлаар 30 гаруй хувь нь гэхээр 17 мянга гаруй мал төллөсөн гэсэн үг. Манай аймаг нийт 19750 толгой малтай. 767 малчин өрх байдаг. Хаваржилт харьцангуй сайн байгаа. Бид нэг, хоёрдугаар сард малчидтайгаа уулзаж, хаваржилттай танилцсан. Хамгийн сүүлд гуравдугаар сарын дундуур хоёр сумын 11 чиглэлд 204 өрхөөр орж төллөлтийн байдалтай танилцаж, төлийн хорогдлыг багасгах зөвлөмж өгсөн. Малчид худаг усны талаар, болон Булган, Сэлэнгэ аймгийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой санал гомдлыг хэлж байсан. Хаваржилт сайхан байна. Одоо дөрөвдүгээр сарын сүүлээр малчдаараа явахаар төлөвлөсөн.
 
Ц. Гантулга: Цас их орсон сумдын эх мал жилбэ муутай төллөж байна
/Өмнөговь аймгийн Мал аж ахуйн хэлтсийн дарга/
 
-Манай аймгийн хэмжээнд гарсан төл 99.4 хувьтай бойжиж байна. Ганц, нэг ишигний хоргодол гарсан. Нийт 215.3 мянган хээлтэгч төллөх ёстойгоос одоогийн байдааар 25.9 хувь нь төллөсөн. Аймгийн хэмжээнд дөрөвдүгээр cap гарснаас хойш салхи, шуурга ихтэй байна. Цас их орсон учраас зарим сумдын хээлтэгч мал жилбэ муутай төллөх, төллөсөн эх мал муудах зэрэг хандлага гарч байгаа. Гэхдээ бид малын нэмэлт тэжээлийг өгч байна. Мөн вакцинжуулалтыг хийсэн. Энэ сарын сүүлээр хөдөө аж ахуйн мал эмнэлгийн газраас тандалт шинжилгээгээр таван сумдаар явна. Аймагт сумын багийн хурал болсон. Сумын мал эмнэлэг үзлэгийн тасгаар дамжуулаад төл хүлээж авах, муудсан малыг арчлах талаар зөвлөгөө, зөвлөмж өгөх ажлыг хийсэн. Аймгийн хэмжээнд хаваржилт сайхан байгаа.
 
Н.Айдон: Манай аймагт 7258 төл хорогдсон
/Баян-Өлгий аймгийн бэлчээр, усжуулалт хариуцсан мэргэжилтэн/
 
-Манай аймагт энэ жил 835.761 толгой мал төллөх ёстой. Одоогийн байдлаар нийт хээлтэгч малын 499.322 толгой ньтөллөсөн. Гарсан төлөөс 492.064 нь бойжиж байна. Одоогийн байдлаар 7258 төл хорогдсон. Төллөлт 59.7 хувь, төлийн бойжилт 98.5 хувьтай байна. Манай аймаг нийт 2.210.040 малтай. Үүнээс 19.990 толгой мал хорогдсон. Цаг агаар дулаарч байгаа учраас харьцангуй малчдын аж ахуйн байдал ч сайжирч байгаа. Таван сумдаар явж, малчидтайгаа уулзсан. Аймгийн хэмжээнд вакцинжуулалт хийгдэж байна.
 
Ц.Нээлээбаатар: Манай аймагт нэг машин вакцин л ирсэн
/Увс аймгийн Мал аж ахуйн хэлтсийн дарга/
 
-Манай аймгийн хувьд хаваржилт нэлээд хүндрэлтэй байлаа. Цас их орсноос болж бүх сумдад хүндрэлтэй байсан. Гэхдээ одоо нийт нутгаар харьцангуй дулаарч байгаа учраас нөхцөл байдал сайжирч байна. Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр Увс аймгийн хэмжээнд мал төллөлт 50 гаруй хувьтай байна. Нийт 143.800 толгой мал хорогдсон. Энэ нь нийт малын 5.2 хувийг эзэлж байгаа юм. Төл бойжилт 92.7 хувь, төлийн хорогдол 7.3 хувьтай байна. Хорогдсон төлийн ихэнх нь хурга, ишиг байна. Өнгөрсөн жил нэлээд цас ихтэй жил болсон учраас малчид малаа онд оруулах гэж их хөдөлмөрлөсөн. Хөдөө сумаар явж үзэхэд малчид нэлээд ядрангуй байсан. Манай аймагт нэг машин вакцин л ирсэн. Вакцинжуулалтыг тавдугаар сараас хийж эхэлнэ. Нэмж нэг машин ирж байгаа сурагтай.
 
Г.Бат-Өлзий: Төлийн бойжилт 99 хувьтай
/Ховд аймгийн Мал аж ахуйн хэлтсийн дарга/
 
Хаваржилт сайхан болж байна. Өвлийг ч гэсэн харьцангуй өнөтэй сайхан давлаа. Нийт 1.057.8 мянган хээлтэгч мал төллөх ёстой. Одоогийн байдлаар 886.2 мянган мал төллөсөн байна. Үүнээс гүү зургаан мянга, ингэ 1.9 мянга, үнээ 20.1 мянга, хонь 378.4 мянга, ямаа 479.6 мянга
төллөсөн. 867.1 мянган төл бойжиж байгаагаас ботго 1.9, унага 5.8, тугал 1.9, хурга 371, ишиг 468 төллөсөн. Бойжилт 99.8 хувьтай байна. Энэ жил 21.319 төл хорогдсон. Тодруулбал, ботго 57, унага 175, тугал 408, хурга 8099, 12580 ишиг хорогдсон. Мөн нэг ингэ ихэрлэсэн. Харин хурга 1299, ишиг 946 ихэрлэсэн. Манай аймагт бүх төрлийн вакцин хийгдэж байна. Хаваржилтын байдал сайхан байна.
 
Г.Гантөмөр: 1103 толгой мал ихэрлэж, 2104 толгой төл хорогдсон
/Хэнтий аймгийн Мал аж ахуйн газрын дарга/
 
-Манай аймаг төлийнхөө мэдээг гурав дахь өдөр бүр сумдуудаас авдаг. Одоогийн байдлаар төллөвөл зохих эх малын 38.1 хувь буюу 620 мянган толгой мал төллөсөн байна. Тодруулбал, Тэмээ 264, гүү 14.426, үнээ 25.775, хонь 322.139, ямаа 247421 төллөсөн. Үүнээс 619 мянган төл бойжиж байна. Ингэснээр төл бойжилт 99.7 хувьтай явагдаж байна гэсэн үг юм. 1103 толгой мал ихэрлэсэн. 2104 толгой төл хорогдсон. Бид сумын малчидтай уулзаагүй. Засаг дарга болон Газрын дарга гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 10-нд тайлан тавьж, сумдуудаа тойрсон. Хаваржилт сайхан байгаа. Вакцинжуулалт хийгдсэн. Жишээлбэл, цэцэг өвчний вакцин 85 хувьтай хийгдсэн. Том малын хорогдол аймгийн хэмжээнд 11 мянга гарсан.
 
Монголын мэдээ
Н.Батзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.