Нийтийн эзэмшлийн талбайг нийтэд нь үлдээгээч, Э.Бат-Үүл дарга аа
 Баянгол дүүрэг, VI хороолол, 18 дугаар хорооны 18, 18 А, 67, 59 дүгээр байрны оршин суугчдын хүүхдүүдээ тоглуулдаг, өөрсдөө нарлаж, чөлөөт цагаа өнгөрөөдөг нийтийн эзэмшлийн талбай өнөөдөр үгүй болохдоо тулаад байна. Энэ талаар өмнө нь манайх мэдээлэл бэлтгэн хүргэж байсан.

Энэ  талбай нь БГД-ийн 18 хорооны нутаг дэвсгэр буюу модны 2-ын “Аморе” зочид буудлын урд талын шинэ 67 дугаар байрны урд байрлалтай. Зүүн талаараа “Монгени” сургууль, урдуураа далан, баруун талаараа машины зогсоолоор хүрээлэгдсэн төмөр хашаагаар тусгаарлагдсан газар.
Энэ хэсэг талбайн гуравны нэг нь  “Монгени” сургуулийн эзэмшил. Үлдсэн хэсэг нь нийтийн эзэмшлийнх юм. Гэтэл Иргэн Б.Амгалан, “Бенедакт” компанийн хамт нийтийн эзэмшлийн  талбайг өөрийн эзэмшилдээ шилжүүлж, 2014 онд Нийслэлээс баталгаажуулан авсан байх юм.  Анх шилжүүлсэн он нь 2010 онд гэж байгаа ч энэ хугацаанд эл газрыг түүнд шийжүүлэхийг хүчингүй болгож байжээ. Гэвч дахин сэргээж Э.Бат-Үүл даргын захирамжтайгаар Б.Амгалангийн хувийн өмч болчихоод байна.


  /Иргэд салхилж байна/

Энэ газар  оршин суугчид хүүхдүүдээ тоглуулж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг гол газар. ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ 2012 оны сонгиулаар гарч ирэхдээ энэ талбайд нийт сонгогчидтойгоо уулзаж, ярилцаж байж гарч ирсэн талбар. Гэтэл өнөөдөр Б.Амгалан гэгчийн дураараа авирладаг газар болоод байна.
Уул нь Хотын захирагч Э.Бат-Үүл нийтийн эзэмшлийн талбайг, хүүхдийн тоглоомын талбайг булаадаг байдлыг таслан зогсооно гэж амласаар гарч ирсэн. Дээр нь үүнтэй холбоотой журам хүртэл баталсан хэрнээ тэрхүү журмаа өнөөдөр биелүүлэхгүй байна.

Д.Оросоо дарга аа, нийтийн эзэмшлийн талбайг хэвээр үлдээнэ гэсэн чинь яасан бэ
18, 18А, 67 дугаар байрны оршин суугчид бүгд энэхүү нийтийн эзэмшлийн тохижуулсан талбайд хэн нэгэн барилга барихыг зөвшөөрөхгүй хэмээн удаа дараа илэрхийлж, гарын үсгээ цуглуулж зохих бүх шатны байгууллагад хандсан. БГД-ийн засаг дарга Д.Оросоод удаа дараа хандсаны эцэст хариугаа саяхан авсан байна.

Оршин суугчдийн төлөөлөл БГД-ийн Засаг дарга Д.Оросоотой уулзахаар очиход тэрбээр байхгүй Бразил явсан байсан бөгөөд оронд нь БГД-ийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат хүлээн авч уулзан, энэ асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд туслахаа илэрхийлж, Бразилд яваа Д.Оросоо даргатай утсаар холбогджээ.

/Б.Амгалан гэгч энд Усан оргилуур, мод сөөг, саравч байсныг бүгдийг нурааж, цементийг нь хүртэл ховхолчихоод байна/

Д.Оросоо дарга “энэ  асуудлыг мэдэж байгаа. Өөрийн гаргасан захирамжаа цуцална. Нийтийн эзэмшлийн талбайг хэвээр үлдээнэ” гэдгээ утсаар мэдэгдэв. 
Гэвч өнөөдрийг хүртэл Д.Оросоо даргын хэлсэн үг цаасан дээр буугаагүй байна.
Иргэн Б.Амгалан гэгч нийтийн эзэмшлийн талбайг ухаж хашаа, саравчийг нь буулгаж, усан оргилуурыг сүйдлэчихээд байна.  Мөн давхар давхар хашаа босгож иргэдийн тав тахыг алдагдуулсаар байна.


/Ургаж байсан улиасыг шилжүүлж өөр газар суулгаснаас болж модод ургахаа больжээ/

Хэрэв энэ барилга босвол эндхийн иргэд чөлөөт цагаа өнгөрөөх газаргүй, хүүхдүүд тоглох талбайгүй болно.
Иймээс иргэд нийтийн эзэмшлийн талбайгаа хэвээр үлдээхийн төлөө иргэний нийгмийн байгууллагатай хамтран шүүхэд хандахаар болжээ.

Эцэст нь Д.Оросоо дарга өөрийн гаргасан шийдвэрээ хэзээ баталжуулж, эндхийн иргэдийг газартай нь талбайтай нь үлдээх вэ гэдгийг асууя.
Мөн Нийслэлийн засаг дарга э.Бат-Үүл өөрийн гаргасан шийдвэрээ хэзээ эргэн харж, гаргасан журмандаа захирагдах вэ гэдгийг асуумаар байна.
Энэ талбайг анхлан тохижуулахад гар бие оролцсон ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “талбайг хамгаалж үлдэнэ” гэсэн амлалтдаа хэзээ хүрэх вэ гэдгийг бас асууя.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine