МАН матрын нулимс УНАГАЖ, АН хөшигний араас УДИРДЛАА
Саарал ордон, улс төрийн намуудын байр сүүлийн хэдэн өдөр ачааллаа дийлэхээ болилоо. Ажин түжин, амар тайван байсан өдрүүдэд ард үлдэж, улстөрчид, улс төрийн намууд байрныхаа босгыг элээж, саарал ордоны өнцөг булан бүрт элдэв янзын тохироо, хор найруулах, хөшигний цаадах улс төрийг сэмхэн хийж эхэллээ, энэ өдрүүдэд. Тэр тусмаа өнгөрөгч даваа гарагаас эхлэн МАН, МАХН-ын нэгдэх эвсэх, АН-ын ҮЗХ-ны хурал, бусад нам эвсэл томчуудын эсрэг хэрхэн зохион байгуулалттай тулаанд орох бол гэдэг нь юу юунаас илүүтэй улс төрийн халуун сэдэв байж, тэр хэрээрээ олон хүмүүсийн анхаарлыг татлаа.
 
МАН-ынхан Бага хурлаа хоёр өдөр хийж ардыг чилээв. Хагаралдаж, зодолдож, дайтаж хамаг булхайгаа чирнэ хэмээн чих тавин хүлээж байсан АН-ынхан ажин түжин ҮЗХ-ны хурлаа хийгээд нам болцгоолоо. Гэвч хөшигний цаана хийгдсэн улс төрийн тохироо олон нийтэд ил болж МАН, МАХН-ын эвсэх тухай мөрөөдөл нэг ч өдрийн насгүй болж хувирсан юм. Эвслийн дундуур хор хутгаж орхисон АН-ынхан харин ч юу ч болоогүй юм шиг “даапаалсаар” өчигдрийг үдлээ. Хөшигний цаадах улс төр нэгхэн шөнийн дотор орвонгоороо эргэж, Ардын намынхан ацан шалаанд орж, Ху намынханд далаараа цэвэр тавиулж орхих нь тэр.
 
МАН-ынхан далаараа цэвэр тавиулав уу, эсвэл...
 
Бага хурал даваа гарагт эхлэхдээ тун ч дуулиантай эхэлсэн. Угшил нэгтэй ахан дүүсээ урьж эвсэл байгуулах тухай сүр дуулиантай зарлаж билээ. МАН-ынхны ам нь хүртал зөөлөрч, “Угшил нэгтэй нам эргээд л ирлээ. Ад үзэх юун” хэмээн Н.Энхбаярт саймширч эхлэснийг уншигч авхай та анзаарсан биз. УИХ- ын сонгуульд 51:25, аймаг, нийслэлийн сонгуульд 2012 онд НИТХ-д суудал авсан хувиараа хамтарч ажиллахаар болсноо зарласан МАН, МАХН-ын эвсэл харамсалтай нь нэг ч өдрийн насгүй байжээ.
 
Өөрөөр хэлбэл, өчигдөр МАХН-ынхан Бага чуулганаа хийх үедээ МАН-тай арай өөр хувилбараар ярих нь зөв гэж үзэж аймаг, нийслэлийн мандатаа 80:20 хувиар шийдэх хувилбар хургүүлжээ. Гэвч МАН-ынхан энэ шийдвэрийг хүлээж авах боломжгүй хэмээн мэдэгдэж “Эвлэж нэгдэж сонгуульд оролцьё гэсэн боловч МАХН-ынхан тохирсноосоо буцаж Манайхан дангаараа сонгуульд оролцохоор боллоо. Ярьсандаа байдаггүй хүмүүстэй ханилж болохгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлголоо” хэмээн намын бүлгийн даргаасаа эхлэн жиргэцгээж эхлэв. Улмаар утсаар ярих гэхээр авахгүй, уулзая гэхээр тойрч зугтаж, эвслийн тухай ярьчихаад өөр нам эвсэлтэй тохироо хийгээд явж байсан нь ил болсон хэмээн гомдоллосон юм. Эвслийн тухай ярихдаа бид тохирооноосоо буцахгүй гэж ярилцсан. Гэтэл Н.Энхбаяр тийм эр зориг гаргаж чадсангүй хэмээцгээж, өчигдөрхөн л амаа олохгүй магтаж байсан Н.Энхбаяраа адлаж эхлэв, тэд. Бөөлжсөн бөөлжсөө эргэж долоосон МАН өчигдөр тун ч ичгэвтэр байдалд орлоо. Их мөрөн хэмээн өөрсдийгөө дөвийлгөх МАН-ынхан МАХН хэмээн шалбаагтаа далаараа цэвэр тавиулж орхисон нь өдрийн хоолонд хачир болж орхив. Гэвч, дугаар шилжих мөчид хоёр нам дахин энэ асуудлаар ярилцаж, үл ойлголцлоо арилгахаар болсон гэх мэдээлэл цацагдлаа. Гэвч үр дүн гарах нь юу л бол.
 
МАХН-ын “биеэ үнэлэлт” хэрээс хэтэрлээ
 

МАН-ыг араар нь тавьж, өөр нам эвсэлд хайр зарлаж гүйсэн гэх МАХН-ынхан өчигдөр Бага чуулганаа хийлээ. Тэд өглөө эртлэн намынхаа мөрийн хөтөлбөрийг хаалттай хэлэлцэж, харин санал хураалт явах хүртэл нээлттэй байлаа. МАХН яагаад шийдвэрээсээ эргэж хургасныг хэвлэл мэдээлэл олон янзаар тайлбарлав. Гэвч, Н.Энхбаяр ба түүнийг тойрон хүрээлэгчид бол эцсийн дүндээ улс төрд “биеэ үнэлж” буй хүмүүс. Хэн ашигтай, амьдралд нь хэрэг болох зүйл амална, түүнийг л дэмжих учиртай.
 
 
Тиймдээ ч АН-тай ялаас чөлөөлөгдөх тохироо хийчихээд, МАН-ыг жийж орхилоо хэмээн дүгнэх хүмүүс цөөнгүй байлаа. Н.Энхбаяр АН-тай ялаас чөлөөлөгдөх тохироо хийсэн тохиолдолд шат шатны сонгуульд саадгүй нэр дэвших боломж бүрдэнэ. Энэ тохиолдолд ялах ялагдах нь тодорхойгүй МАН-ыг санал хуваахыг илүүд үзэх нь тодорхой юм. АН-тай хийсэн тохирооны хавсралт бүхий бичиг өчигдөр цахим ертөнцөөр цацагдаж хэсэгтээ л олны анхаарлын төвд байсан юм. Гэвч, оройхон Н.Энхбаяр ба түүний нөхөд МАН-д бид тийм санал хүргүүлээгүй. Бидний өмнөөс хэн нэгэн ийм албан бичиг явуулчихаж хэмээн мэлзэж эхлэх нь тэр.
 
Улмаар намынхаа Бага чуулганыг түр завсарлаж үл ойлголцлоо арилгана хэмээсэн нь мөн л иргэдийг аль учраа олохгүй төөрөгдөхөд хүргэв. Юутай ч АН-ын шидсэн өгөөшийг үмхэлж орхисон Н.Энхбаяр юуны учир эргэж хургаж, эргээд МАН-ыгаа аргадаж эхэлсэн нь удахгүй тодорхой болох биз ээ. MAH, МАХН хоёрын эвсэл цаашаа явах уу, эсвэл зогсох уу гэдэг нь ганцхан зүйлээс л тодорхой болно. Тэр нь АН-тай аль аль нь тохиролцох. МАХН хэрвээ Өршөөлийн хуулийн заалтыг хэрэгжүүлэх асуудлаар зөвшилвөл МАН-аас урвана. Харин МАН Сонгуулийн хуулиар АН-тай зөвшилцөлд хүрвэл мөн л МАХН-ыг орхих билээ. Хоёр улс төрийн намыг хооронд нь талцуулж орхисон хэргийн эзэд харин таг дуугүй суусаар.
 
Хэргийн эзэд тулааныг дуугүй ажиглахаар шийдэв үү

 
Эвлэлдэж нэгдсэнээ ил тодоор зарлаж шоуддаг АН-ын фракциуд өчигдөр ажин түжин байсан нь ёстой л олныг гайхширууллаа. Зодолдсон бол зодолдсоноо ярьж, тэврэлдсэн бол түүнийгээ ил тод зарлачихдаг тэд амнаасаа ширхэг ч үг унагаагүй нь ёстой л содон бөгөөд сонихон үйл явдал болов. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Л.Эрхэмбаяр ҮЗХ-ны хурлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, “Манай нам дангаараа сонгуульд оролцохоор болсон. MAH, МАХН хоёр эвсэх биш харин ч нэгдээсэй. АН-ынхан өчигдөр ҮЗХ-ны хурлаараа мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ярилаа. Мөн 2020 он хүртэл үргэлжлэх “Монгол хүн-2020” хөтөлбөртөө зарим нэг засвар хийсэн” хэмээн ярив.
 
Удаа дараа хурлаа хуралдуулж чадаагүй АН-ын дарга З.Энхболд энэ удаад тун ч зохион байгуулалттай үзсэн бөгөөд ҮЗХ-ны хурлыг нээлттэй орхиж, өчигдрийн хурлаар зөвхөн мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлж чаджээ. ҮЗХ-ны хурлыг нээлттэй орхино гэдэг нь хэзээ ч хамаагүй зарлаад хуралдана гэсэн үг. Цаг тухай бүр асуудлыг шүүрч аваад ярилцах боломжтой учраас ирэх сарын 8 хүртэл АН-ын ҮЗХ хуралдсаар байх нь ээ. Эдгээр өдрүүдэд АН-ынхан Ерөнхий нарийн бичгийн даргаа суудалд нь жинхлэх үү, эсвэл явуулах уу гэдгээ шийдэхээс гадна намын даргаа мөн жинхэлнэ. Энэ талаар фракциудад ярилцах хэлэлцэх, тохиролцох асуудал чамгүй учраас энэ удаад хэлэлцэлгүй өнгөрсөн аж. Л.Эрхэмбаярын хувь заяа бүрхэг болж эхэлснийг ч саарал ордонд жиргэх бор шувууд дуулгаад амжлаа. Дээр хэлсэнчлэн, АН-ынхан МАХН-аар санал хуваалгахаар тэдэнд өгөөш шидсэн нь өчигдөр тодорхой болов. Өршөөлийн хуулийн зүйл заалтыг нэг хүнд л зориулан өөрчилж буй асуудлыг залруулна гэх яриаг Н.Энхбаяр, З.Энхболд нар хийсэн байх магадлал ч нэмэгдлээ. АН-ынхан МАХН, МАН-ын тулааныг хөшигний араас сэмхэн ажиж байгаад аль ашигтайд нь очиж хүч хавсрах нь тодорхой болоод байна.
 
Жижгүүд жийлцсээр л

 
Шинэхэн генсекээр багаа бүрдүулсэн ИЗНН-ынхан өчигдөр өдөржин хуралдсан ч олигтой шийдэлд хүрсэнгүй. Буруу ишилсэн сүх шиг таван тийшээ хараад суучихсан тэд мөрийн хөтөлбөрөө ч баталж амжилгүй тарж одоцгоожээ. МҮАН, ХҮН-аас ирсэн саналыг хэлэлцэх байсан ч хөтөлбөртөө юуг тусгах, ямар асуудлыг хасах талаар санал бодлоо нэтгэж чадаагүй тэд асуудлаа маргааш / өнөөдөр/ эцэслэе хэмээн тарж одсон байна. Ингэснээр ИЗНН-аас шийдвэрээ хүлээж байсан МҮАН, ХҮН-ынхан мөн л хүлээлтийн байдалд шилжсэн аж. Гэхдээ МҮАН өчигдөр долдугаар бүгд хурлаа хийж намынхаа мөрийн хөтөлбөрийг баталж чаджээ. Эх орон намтай эвсэх тухайд ч нэгдсэн шийдэлд хүрч чадсан гэнэ. Гэхдээ бусад нам эвсэл дотооддоо зөрчлөө арилгаж чадахгүй тавьсан саналд нь хариу ирүүлээгүй учраас мөн л эцсийн шийдийг хүлээхээр шийдсэн аж.
 
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2016-04-20 23:35:56
    yneen AN-gl congoj bolohgyi negch hyniig mongol ylsiig syiryylj turiig camarch baigaa lyivarchid shu dee Hymyysee anhaaraarai AN-g congoj bolohgyi!
  • zail tsaashaa 2016-04-20 08:53:23
    Ene MAH, MAXH, AH aas negch hun gargaj bolohgui. Bid uur shudraga baidlaar uchiraa oloh heregtei bh shuu. Ene balai huvalznuudaas zalhaj bna. sonin bish
  • зочин 2016-04-20 07:26:23
    Эдийн засаг, ард түмний амьдралыг там болгосон АН-аас л хүн сонгож болохгүй, АН цаашид байвал энэ улс өрөнд газар нутгаа өгч, хятадын хараат болно шүү
  • х 2016-04-20 05:56:20
    нанш
  • Зочин 2016-04-20 02:56:35
    МАНАНmАХН-нь дээ. Ард түмэн минь төөрчихвөө. Сонгуульд оролцоод хэрэг ч байна уу даа. Хэнийг нь ч сонгох вэ дээ. Улсаа хувааж идэхийн төлөө галзуурсан улсын????...
  • Оюу 2016-04-20 01:50:51
    Манайх шиг цөөн хүн амтай оронд энэ олон намын хэрэг байна уу,яг яс юм дээрээ бүлэг бүлэг болж хувааж идэх гэж л нам байгуулдаг биз дэ.
  • Зочин 2016-04-20 01:18:47
    Эд нарын солиорол огт сэтгэгдэл төрүүлэхгүй байна, харин нялх хүүхдүүд улаан бурханаар бурханы оронд одож байгаа нь л сэтгэл зовоож байна
  • зочин 2016-04-20 01:12:37
    MAH 2016 SONGUULID 6 SUUDAL ABZ ENE NAM ULS TOROOS ARZIGDAX BOLSOND MONGOLIIN ARD TUMEN BID BAYARLAG BNA
  • зочин 2016-04-20 01:02:12
    намууд ч гэж дээ арчаагүй заваан намуудыг сонгохгүй аль нь ч адилхан
  • Зочин 2016-04-20 00:51:04
    Энэ намууд, улс төрчид хошин шогийн жүжиг шиг л юм болцгоож уйлж, дуулан УИХ-д сонгогдохыг хүсч хоорондоо салж нийлэн хэний ч бөгс боовыг долооход бэлэн болж.