Дэлхийн олимпод өрсөлдөх эрхийн төлөө залуус ур чадвараа сорив
Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын суралцагчдын дунд болдог уламжлалт “Монгол ур чадвар” мэргэжлийн улсын уралдааны хүнд машин механизмын оператор, авто машины цахилгаанчин мэргэжлийн тэмцээн энэ сарын 13-15-нд Говьсүмбэр аймагт боллоо.
 
Гурван өдрийн турш үргэлжилсэн тэмцээний хаалтын ажиллагаанд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцсон юм.
Өрсөлдөөн ихтэй болсон энэ удаагийн “Монгол ур чадвар-2016”-д улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 15 МСҮТ болон Политехник коллежийн 160 гаруй багш, суралцагч оролцож, ур чадвараа сорьсон. Тэмцээнд оролцогчдод хандаж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэлсэн үгэндээ тэднээр бахархаж байгаагаа тодотгоод “Боловсролтой, мэдлэг, ур чадвартай монгол хүн эх орны үнэт баялаг. Бид иргэнээ хөгжүүлж, чадавхжуулж байж сая улс орноо хөгжүүлж чадна. Монгол Улсын Засгийн газар ард иргэдээ ажилтай, орлоготой болгох томоохон зорилтыг дэвшүүлж, “Ажилтай, орлоготой монгол хүн” үндэсний хөтөлбөрийг баталж, түүнийг дагалдан хөдөлмөрийн зах зээл дэх хүн амын онцлог бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлт, орлогыг дэмжсэн хэд хэдэн зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь монгол хүний мэргэжлийн ур чадвар, үнэлэмжийг дэлхийд үнэлүүлэх юм. Мэдээж энэ нь чамлахааргүй үр дүн хэдий ч иргэдээ нарийн мэргэжлийн чиглэлээр сургах, мэргэшүүлэх, сургалтын чанарыг сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа тул “Монгол ур чадвар-2016” мэргэжлийн улсын уралдааныг хүнд машин механизмын оператор, авто машины засварчин, гагнуур, барилгын өрлөг, хавтанцар наагч, сантехник, үсчин, гоо сайхан, цахилгаан, оёдол, мужаан зэрэг 10 төрлөөр зохион байгуулж байна. Өнгөрсөн онд төр, хувийн хэвшлийн мэргэжлийн боловсрол сургалтын 81 байгууллага 19 мянган мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 60 шахам хувь нь төгсөөд ажлын байртай болсон” хэмээсэн юм.

Сайдын дурдсан арван мэргэжлээс хүнд машин механизмын оператор, авто машины засварчин гэж хоёр төрлийнх нь Говьсүмбэр дэх жишиг Политехник коллежид болсон бөгөөд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан тэмцээний ач холбогдлын тухай ярихдаа суралцагчдын ур чадвар ямар хэмжээнд байна, мөн сургуулиуд хоорондоо дадлага, туршлагаа солилцох, ажил олгогч эзэд болоод мэргэжлийн байгууллагууд холбоо харилцаа тогтоох гээд давуу тал ихтэйг онцолж байлаа.
 


Тэмцээний үеэр сургуулиуд өөрсдийн брэнд бүтээгдэхүүн болон бүтээлээрээ үзэсгэлэн гаргасан нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байсан юм. Гар удирдлагатай эксковатор, ковш, хүнд даацын машин, тулга, тогоо, дүүжин ор, шорлогны зуух, ажлын хувцас, балны гэр гээд олон төрлийн бүтээлийг дэлгэснээс хүмүүс гар удирдлагатай эксковаторыг илүүтэй сонирхож байлаа.
 
Уул уурхайд ашигладаг аварга том техникээр нарийн чимхлүүр үйлдлүүдийг төвөггүйхэн хийж, ур чадвараа гайхуулах суралцагчдыг хараад тэднээр бахархахгүй байхын аргагүй. Суралцагчид ковшны хутгуураар нэг ширхэг шүдэнзийг хайрцаг руу нь буцаан хийх,  эксковаторын шанаганы шүдэнд бэхэлсэн харандаагаар нөүтбүүк  асаах, пуужин хөөргөх, шон дээр байрлуулсан сагсан бөмбөгийг зөөх,  гольф тоглох гэхчилэн сонирхолтой үзүүлбэрүүд олныг үзүүлсэн нь ирсэн зочдод таалагдсаны зэрэгцээ мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага залууст ямархуу хэмжээний ур чадвар эзэмшүүлж буйг харуулснаараа онцлог байлаа.


 
Оролцогчоос торгон мэдрэмж, нарийн ур чадвар шаардсан эдгээр үзүүлбэрийн заримыг охид гүйцэтгэхийг хараад хүмүүс гайхаж байсан. Тэдний нэг нь Говьсүмбэр аймгийн Политехник коллежийн хүнд машин механизмын операторын ангийн Т.Сайхан-Учрал. Эрдэнэт хотоос ирсэн тэрбээр биедээ ахадсан гэмээр том техник хөдөлгөж, эксковаторын шанагыг эгээ л гольфын цохиур мэт ашиглан бөмбөгийг нүхэнд оруулсан. Түүнээс яагаад энэ мэргэжлийг сонгон суралцах болсон тухайг нь асуухад “Хүнд машин механизмын оператор гэхээр хүмүүс дандаа эрэгтэй хүн байдаг гэж ойлгодог. Гэвч охид энэ мэргэжлийг сонгох нь нэмэгдсэн. Манай анги 23 хүүхэдтэй. Надтай нийлээд гурван охин энэ мэргэжлээр суралцаж байна” гэсэн юм.


 
“Монгол ур чадвар-2016” уралдааны дүн гарахад авто машины цахилгаанчны төрөлд ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн А.Тэргэл түрүүлж, Говьсүмбэр политехник коллежийн Э.Билгүүн, Б.Готов нар хоёр, гуравдугаар байрыг эзэллээ. Харин дугуйт ачигчийн операторын ур чадварын тэмцээнд Говьсүмбэр политехник коллежийн Х.Мөнхнаст түрүүлж, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн суралцагч Отгонбаяр хоёрдугаар байр, Говь-Алтай аймгийн МСҮТ-ийн Э.Бямбажаргал гуравдугаар байрт оров. Эксковаторын операторын ур чадварын тэмцээнд Говьсүмбэр политехник коллежийн Буяннэмэх түрүүлж, “Mine Teech” МСҮТ, Налайх дүүргийн МСҮТ-ийн оролцогчид удаах байрт шалгарлаа. Шүүгчид тэмцээнийг маш их өрсөлдөөнтэй болсныг тодотгож хэлсэн. Учир нь оноогоор тэнцсэн хүүхэд олон байсан аж. Тэр дундаа авбал зохих дээд оноо буюу 40 оноотой тэнцсэн суралцагч цөөнгүй байжээ. Тиймээс даалгавар гүйцэтгэсэн үеийн хугацаагаар буюу секунд, дойлын зөрүүгээр ялагчдыг тодруулсан гэлээ.


 
Монгол Улс ур чадвартай залуусын дэлхийн хэмжээний тэмцээнд анх удаа оролцохдоо гагнуур, токарь, мужаан зэрэг есөн төрлөөр ур чадвараа сорьж, тэндээс чамгүй арвин туршлага хуримтлуулж ирсэн билээ. Ирэх жил Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Дабид болох дэлхийн ур чадварын олимпод манайхан хоёр дахиа хүч үзнэ. Дэлхийн тэмцээнд оролцох  залуусыг “Монгол ур чадвар-2016” тэмцээнээс үе шаттайгаар тодруулах бөгөөд энэ долоо хоногт  Дархан МСҮТ-д хавтанцар наах, Улаанбаатарт Герман-Монголын хамтарсан МСҮТ-д гагнуурын төрлийн тэмцээнүүд болж, цаашид баруун бүст үргэлжлэх юм байна.

Тэмцээнийг орон нутгийг түшиглэн хийж байгаагаараа онцлогтой  бөгөөд Бразилийн ур чадварын тэмцээний оролцогчид өөрсдийн мэргэжлээр шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж байгаа юм.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.