Сонгуулийн хуулийг өөрчлөх нь зөв, буруу
С.Оюун: Сонгуулийн хуулиа өөрчлөхгүйгээр ядаж 3-4 парламентийн нүүр үзэх хэрэгтэй
 /УИХ-ын гишүүн/

-Ямар заалтаас үл хамааран сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт өмнөх хуулиудад байсан. Харин сүүлд батлагдсан Сонгуулийн хуульд энэ заалт ороогүй байна лээ. Үүнийг би алдаа гэж харж байна. Цаашид дээрх заалтыг буцааж оруулах ёстой. Ер нь сонгууль ойртсон үед Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь маш буруу зүйл. Яагаад гэвэл УИХ-д байгаа гишүүд, улс төрийн хүчнүүд өөрсдөдөө ашигтайгаар Сонгуулийн хуулийг өөрчлөх аюултай. Энэ нь шударга өрсөлдөөнийг байхгүй болгодог. Зөвхөн сонгууль ойртоход бус ер нь бүрэн эрхийн хугацаа болгонд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөөд байгаа нь буруу юм. Сонгуулийн хуулиа өөрчлөхгүйгээр ядаж 3-4 парламентын нүүр үзэх хэрэгтэй. Дөрөвдүгээр сарын 30-наас өмнө намууд мөрийн хөтөлбөрөө батлуулна. Хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдлээ. Ийм богино хугацаанд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, тогтолцоогоо өөрчилнө гэдэг бол байж болохгүй асуудал.
 
С.Эрдэнэ: 76 жижиг тойрог болгон хуваачихвал захын тэрбумтан очоод мөнгөөр булах байлгүй

-Жижиг тойргууд дээр сонгогчдын тоо болоод хамрах хүрээ бага байна. Түүнээсээ болоод асар их мөнгө цацах боломж гарна. Товчхондоо мөнгөний сонголт, мөнгөний сонгууль болоод өнгөрнө гэсэн үг. Үнэхээр Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаад, олон түмний сонголтыг шударга, үнэн зөв байлгая гэж бодож байгаа бол ядаж томсгосон тойргоо хэвээр хадгалах ёстой. Тэгэхгүйгээр жалга, дов шиг 76 жижиг тойрог болгон хуваачихвал захын тэрбумтан очоод мөнгөөр булах байлгүй.
 
Д.Тэрбишдагва: Тогтолцоогоо өөрчилчихөөсэй гэж бодож байгаа
 /УИХ-ын гишүүн/

Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтыг хассан. Гэтэл УИХ-ын тогтоолд энэ заалт хүчинтэй хэвээрээ байгаа. Тогтоолоо дагах хэрэгтэй байх. Харин Үндсэн хуулийн тулгуур зарчим нь УИХ-ын гишүүн ард түмнээсээ шууд сонгогдоно гэсэн байдаг. Ингэхээр хуулиуд хоорондоо зөрчилтэй болоод байгаа юм. Миний хувьд ард түмнээсээ сонгогдоно гэсэн Үндсэн хуулийн тулгуур зарчмаа барих ёстой гэж маш олон удаа ярьдаг. Гэтэл олонхиороо шийдээд сонгуулийн тогголцоог хосолсон буюу 48:28 болгосон. Одоо дахиад өөрчилнө гэсэн асуудал яригдаж байна. Энэ бол бас л нэг замбараагүй байддын хэлбэр л дээ. Гэхдээ яг Үндсэн хуулийнхаа тулгуур зарчмыг барих юм бол тогтолцоогоо өөрчилчихөөсэй гэж бодож байгаа. Үндсэн хууль зөрчсөнөөс болоод тохирсон, мөн хандивласан гээд янз бүрийн хүмүүс УИХ-ын гишүүн болж байна. Энэ зарчмыг өөрчлөх л ёстой. Харамсалтай нь дөрвөн жил яриад болсонгүй. Нөгөө талаас аваад үзвэл сонгууль болгоны өмнө хуулиа өөрчлөөд байх нь маш буруу зүйл. Өөрчлөх боломжийг гаргаж өгсөн нь хариуцлагагүй зүйл болсон.
 
Ж.Мөнхбат: Ард иргэд намын жагсаалтын 28-ыг байхгүй болгохыг дэмжиж байгаа
 /МАН-ын генсек/

-Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, намын жагсаалтын 28-ыг байхгүй болгох тухай мэдээлэл хэвлэлээр гарч байна. Гэхдээ сонгуулийн тогтолцоог өөрчлөх уг асуудал улс төрийн намуудад хамаагүй зүйл. Үндсэн хуулийн цэцэд хамаатай. Цэц шийдвэр гаргана. Гэхдээ ард иргэд намын жагсаалтын 28-ыг байхгүй болгож, хуучин тогтолцоогоороо сонгуулиа явуулахыг дэмжиж байна шүү дээ.
 
Сэтгүүлчийн дүгнэлт
 
Жагсаалтын ард нуугдахгүй ээ, хөгшид өө
 
УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургадугаар сарын сүүлчээр болox ёстой. Сонгууль болдгоороо л болно. Харин ямар системээр болох нь тодорхой биш болчихоод байна. Уг нь одоогийн сонгуулийн хуулиар бол 28 гишүүн намын жагсаалтаас, үлдсэн 48 нь тойргоос сонгогдож байгаа. Хэрвээ энэ хууль өөрчлөгдөхгүй бол жагсаалтаас сонгогдох нь сонгогдоод, тойрогт өрсөлдөх нь өрсөлдөөд явчихна. Гэхдээ сонгуулиас өмнө энэ системээ өөрчилж магадгүй байна. Үндсэн хуулийн цэц сонгуулийн хуулийн энэ заалт Үндсэн хуультай зөрчилдөж байна гэсэн шийдвэр гаргах магадлал өндөр байгаа. Бараг л гаргачих болов уу. Тэгвэл намын жагсаалтын ард худалч, хуурамч, авлигач, олигархиуд нуугдаж, УИХ-ын гишүүний суудалд залардаг байдал үгүй болох учиртай.
 
Зарим гишүүд сонгуулийн хууль жаахан тогтвортой байх ёстой, байн байн өөрчлөөд байж болохгүй гэж ярьсан байсан. Бас ч гэж үнэний ортой. Эрх баригч намынхан нөхцөл байдлыг харж байгаад өөрсөддөө ашигтай байдлаар өөрчилж, сольдог байж таарахгүй. Сонгууль болохоос зургаан сарын өмнө хуулийг нь өөрчилж болохгүй гэх заалт уг нь байж л байх ёстой байсан. Гэвч санаатай юм уу, эсвэл санамсаргүйгээр, ямар ч байсан сонгуулийн хуульд бага сага өөрчлөлт оруулахдаа энэ заалтыг хасчихсан байгаа. Тэгэхээр хэзээ ч сонгуулийн хуулиар оролдож болно гэсэн үг л дээ. Нэгэнт нөхцөл байдал ийм болсон болохоор нэг мөсөн өөрчлөөд, намын жагсаалтаар сонгогддог байдлыг болиулсан дээр. Түүнээс гадна нэг хуулиа дор хаяж гурван сонгуульд хэрэглэнэ, түүний дараа шаардлагатай гэвэл өөрчилнө гэсэн заалт ч бас оруулаад өгчих хэрэгтэй. Уг нь парламентын тогтолцоотой оронд жижиг мажоратори зохихгүй гэж зарим судлаачид үздэг юм билээ. Учир нь тойрогт бүрт очиж, олонхийн санал авсан нөхдүүд намын удирдлага дор нэгдэхдээ муу байдаг юм байна л даа. Би эрийнхээ сайнд нэг суудал авч ирсэн гэх хандлага байнга гардаг. Үүнийг бид одоо ч харж л байгаа.
 
Түүнээс гадна өөрийнхөө тойрогт бүтээн байгуулалт өрнүүлнэ, ажил хийнэ гэх нэрийдлээр улсын төсвийг хагарсан шил шиг жижиглэдэг сөрөг үр дагавартай.  Хэдэн жилийн өмнөөс хагас дутуу төсөвтэйгээр эхэлж, “царцсан” гэх ангилал руу орсон барилга, байшингууд үүний гор. Тийм болохоор жижиг мажоратори тийм ч сайн тогтолцоо биш. Гэтэл холимог систем ч манайд тэгтлээ тохирч байгаа гэж хэлэхэд хэцүү байна. Жагсаалтын цаана намын хамгийн хөгшин, элдэв асуудалд орооцолдсон, ард түмнээс дэмжлэг авахгүй байх гэсэн улстөрчид нь “нуугдаад” байгаа юм. Тэр дундаа намдаа хамгийн их хандив өргөсөн мөнгөтэй нөхдүүд парламентад орж ирж байна. Өөрийн гэсэн үзэл бодол гээд байх юмгүй, баримталдаг зарчим, дээдэлдэг үнэт зүйлгүй. Зөвхөн намын даргын үгээр явдаг, суудал бөглөгчид ч энэ дунд давхиж яваа гээд хэлчихвэд буруудах юм байхгүй. Уг нь манай намууд жагсаалтдаа жинхэнэ эх оронч сэтгэлгээтэй хат суусан улстөрч, эдийн засагчид, эрдэмтэн мэргэдийг багтаасан бол сайн байх байлаа. Нэгэнт улсаа гэсэн сэтгэд суусан, энд л ясаа тавих, аль нэг комнаниас орон сууц авч, үзэл бодол, үнэт зүйлсээ худалдаад байхааргүй хат суусан, хашир хөгшид манайд зөндөө л байгаа. Нэг удаа парламентад суухад ажлаа хийж чадахгүй гэх биш. Харин ч зөв шийдвэрүүдийг гаргах байсан болов уу.
 
Гэтэл тэгсэнгүй. Хамгийн туршлагатай, чадвартай улстөрчдөө жагсаалтад багтаах гэхээс илүү нөлөө ихтэй, баян, мөнгөтэй нөхдүүдийг оруулсан шүү дээ. Тийм л учраас намын жагсаалтаар сонгогдсон хүмүүст ард түмэн дургүйцээд байгаа юм. Тэгэхээр сонгуулийн хуулиа өөрчлөөд явсан нь л дээр болов уу даа.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-04-20 01:49:17
    Санал авах найдваргүй болсон гишүүдэд аль болохоор жагсаалтанд орох ганц боломж л байгаа, түүнийг ашиглахыг бодох тул жагсаалтаар сонгогдохыг дэмжиж таарна.
    202.179.31.17
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-04-19 13:55:35
    Тусгаар тогтнол эв нэгдлийн нам гэгчийн дарга БАЯНБИЛЭГ гэгч эмэгтэй гэмт хэргийн улмаас зугтсан УЯНГА гэгч луйварчин бөгс долоогч намыг нь дээрэмдпэж тэгээд өч...
    45.117.34.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Aagii 2016-04-19 06:11:33
    Jagsaalt heregtei delhiin chig handlaga iim b. Lalaruudaa
    202.179.31.89
    Мэдэгдсэн Хариулах
  • Жигшээлт 2016-04-19 01:37:57
    С.Эрдэнэ жагсаалтад орох санаатай байнаа
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-04-19 01:13:32
    Jagsaalt hereggui bas har mashin hereggui.bid luiwarduulahaas aij bn.garaar toolood irgediin tuluulliig bailtsuul l da.
    103.57.94.175
    Мэдэгдсэн Хариулах
  • Ц.Мягмар 2016-04-19 00:58:15
    Жагсаалтын 28-ыг байхгүй болгох ёстой. УИХ Үндсэн хууль зөрчсөн хууль баталдгаа зогсоох хэрэгтэй.Жагсаалтын 28-ыг хэн сонгосон юм бэ? Тэд гишүүн биш.
    103.57.95.23
    Мэдэгдсэн Хариулах