.jpg)
Гурван сарын дотор 59 хүүхэд эндэж, 22 хүүхэд сэхээнд байна
Улсын хэмжээнд он гарсаар нийт 16270 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдолоос 3347 нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, 39734 хүүхэд өвчилснөөс 39675 хүүхэд буюу 99.8 хувь нь эдгэрсэн. ХӨСҮТ-д уг өвчний улмаас 13515 өвчтөн хэвтэн эмчлүүлснээс эрчимт эмчилгээний тасагт нийт 1431 хүүхэд эмчлэгдэн эдгэрсэн. Эхний гурван сарын байдлаар 59 хүүхэд эндэж, нас баралтын түвшин 0.3 хувь байгаа талаар ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах тасгийн эрхлэгч н. Чинбаяр мэдээллээ.
(1).jpg)
ДЭМБ-ын тооцоогоор улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарч байгаа үед нийт өвчлөлийн 5-10 хувь нь энддэг гэсэн судалгаа байдаг. Манай орны хувьд энэ онд улаанбурхан өвчний эндэгдлийн хувь 0.3 хувь байна.Эндсэн хүүхдүүдийн 76.2 хувь нь 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдүүд, эдгээр хүүхдүүдийн 50.8% нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан.Нийт эндсэн хүүхдүүдийн 70% нь архаг, суурь хавсарсан өвчтэй тухайлбал тураал, цус багадалт, рахит, диатез, төрөлхийн дархлаа дутагдал, уруул тагнай сэтэрхий, эвэрхий, уналт таталт, төрөлхийн гаж хөгжил, цусны хорт хавдар зэрэг архаг суурь өвчтэй байна. Эдгээрийн 96.8% нь уушигны хатгалгаа, 3.2% нь ларингитаар хүндэрсэн байна хэмээн албаныхан мэдээллээ. Тэгвэл нэг л өдөр эрүүл саруул гүйж явсан хүүхэд бусдын адил улаан бурхан туссан ч эцэстээ амиа алдсан нэлээд хэдэн тохиолдол бүртгэгджээ. Тэд чухам юунаас болж ийн эндэх болов.
ХӨСҮТ дээр байдал маш хүнд байна

Улсын хэмжээнд халдварт өвчний ганц эмнэлэг ХӨСҮТ дээр байдал үнэхээр маш хүнд байгааг эмч мэргэжилтнүүд, өвчтөний ар гэрийнхэн нэгэн дуугаар хэлж байна. Алив цаашаа алив наашаа, миний хүү охин яаж байгаа бол, сэхээнд ороод удаж байна гэх мэтчилэн тал бүрээс орлилдох чимээ, эмч, сувилагчдын зогсоо зайгүй гүйлдэх нь энэ өвчний аюул ямар байгааг харуулж байна. ХӨСҮТ дээр үр хүүхэд, ач зээгээ сахин суугаа ар гэрийнхнийх нь хувьд ч тохь тухгүй түгшүүрийн байдалтай байгаа нь мэдээж хэрэг. Тэд долоо хоногт хамгийн багаар бодоход нэгээс хоёр нярай эндэж байгааг яг дэргэдээс нь харж суугаа тул өөрийн үрээ яах бол гэсэн айдастай залбирч суудаг болжээ. Тэд “сахиурт байгаа эцэг, эхчүүд өнгөрсөн шөнө, орой, үүрээр гээд гурван хүүхэд өнгөрлөө, эцэг эхчүүд нь уйлаад яваад өглөө, одоо бидний хүүхдүүд яах бол гэсэн эцэг эхчүүд залбираад сууж байна лээ. Улаан бурхан буюу корь хэмээх энэхүү өвчин нялх үрсийг минь нэг нэгээр нь тэнгэрийн орон руу авч одсоор байна” хэмээн хэлж сууна.
Эндсэн хүүхдийн тоог дарж байна гэв

Түүнчлэн зарим эх сурвалжуудын хэлж буйгаар 59 хүүхэд эндсэн гэх мэдээлэл нь худал бөгөөд бодит байдал дээр 100 давсан хүүхэд эндсэн гэх мэдээллийг өгч байна. Ямартай ч ХӨСҮТ, яам, тамгын газрын удирдлагууд энэ бүхнийг нуун дарагдуулж байна гэсэн юм. Энэ мэдээлэл үнэн ортой ч байж мэднэ. Учир нь ЕБС-ийн 40 хүүхэдтэй нэг ангийн 10 сурагч, 45 хүүхэдтэй цэцэрлэгийн дунд ангийн 20 орчим хүүхэд улаан бурхнаар өвдчихөөд байхад тэнд хорио цээр тогтоосонгүй. Дэлхийн дээр, олон улсад халдварт өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн даруйд анхааруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухай бүрт нь авдаг. Гэтэл манайд 59 хүүхэд эндчихээд байхад, 59 бяцхан зүрх зогсож, цаана нь 22 нярай амь тэмцэн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байхад хорио цээр тогтоох нь байтугай улаан бурхан бидний хяналтад байгаа, вакцин хангалттай хүрэлцээтэй байгаа, нас барсан хүүхдүүд суурь өвчтэй байсан нь харамсалтай байдалд хүргэлээ хэмээн салбар яамны удирдлагууд хэлж сууна.

Байдал энэ чигээрээ үргэлжилсээр байвал хоёрхон жилийн өмнө бүрэн устсан гэх өнөөх улаан бурхан өвчнөөр дахиад хэчнээн хүүхэд эндэхийг хэлж мэдэхгүй байна. Иймд албаныхан өөрсдийгөө хаацайлж суух биш үүсээд буй нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, шаардлагатай арга хэмжээ авахыг эцэг эхчүүд хүсэж байгаагаа биднээр дамжуулан уламжиллаа.
Б.Сансар
olloo.mn