Тариаланчид, гурил үйлдвэрлэгчид тунимхай зангаасаа салахсан даа
Монгол Улсад гурилын 32 үйлдвэр байдгийн 30 нь үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. Өнөөдрийн байдааар “Алтан тариа”, “Мил хаус”, “Улаанбаатар гурил” гурав л ажиллаж байгаа аж. Улаан буудайн нөөц ерөнхийдөө шавхагдаж байгаа учраас “Алтан тариа”, “Улаанбаатар гурил” хоёр хэзээ мөдгүй зогсч мэдэх гэнэ. Тэгэхээр монголчууд импортын үнэтэй гурил иднэ гэсэн үг. Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбоо хэчнээн тонн улаан буудай импортолбол үйлдвэрүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж болох эдийн засгийн нэгдсэн тооцоогоо өнөөдрийн байдлаар гараагүй атлаа “Гурилын үйлдвэрүүд зогслоо шүү, та нар цаг алдалгүй арга хэмжээ авч чадвал чад чадахгүй бол импортын үнэтэй гурилаа идэцгээхгүй юу” гэх утга бүхий мэдэгдэл хийн хэвлэлийн бага хурал зарлан төрд унирхав. Эхэл ухлыг нь хөөх аваас гурил үйлдвэрдэгчид сул зогсох учиргүй аж.
 
Тодруулбал, 2014 онд 50 мянган тонн улаан буудай, өнгөрсөн намар 47.3 мянган тонн гурил,150 мянган тонн улаан буудай. Үүн дээр 2014 оны үлдэгдэл 100 мянган тонн, өнгөрсөн намрын хураасан 230 мянган тонн улаан буудайг нэмэхэд 600 мянган тонн болж байгаа юм. Монгол Улсын жилийн хэрэглээ 280 мянган тонн улаан буудай гэж тооцохоор яав ч гурилын үйлдвэрүүд нь сул зогсч, гаднаас гурил эсвэл улаан буудай гуйж бадар барих дээрээ тулаагүй байлтай. Гурил үйлдвэрлэгчдийн холбоо тэгтэл гурил үйлдвэрлэх буудай алга. Гаднаас оруулж ирэх гэхээр татвар дээр нь аж ахуйн нэгжүүд өнхрөх гээд гээд байдаг. Хүнсний бөөний төвүүд болох хар захуудаар явж гурил байгаа эсэхийг шалгахад үүд хаалгаа барьчихсан нэг л чингэлэг харагдаагүй. Харин үндэсннй үйлдвэрлэгчдийн гурилаас илүүтэй ОХУ-аас оруулж ирсэн импортын гурил төрөл төрлөөрөө өрөөстэй байна лээ. Үнийн хувьд кг нь 100-150 төгрөгөөр нэмэгдсэн гэж байсан.
 
Энэ тухай Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодруулахад, тариаланчид болон Гурил үйлдвэрлэгчид буруу ойлголттой яваа бололтой. Өнгөрсөн жил 180 мянган тонн улаан буудай импортлох шийдвэрийг яам гаргасан. Улаан буудай болон гурил импортлох квотыг аж ахуйн нэгжүүдэд олгосон. Монгол Улс шинэ ургацын улаан буудайтай золготол гурилаар тасрах үндэсгүй. Гурил үйлдвэрлэгч томоохон аж ахуйн нэгжүүд ч хүнсний зориулалтын улаанбуудайгаа хангалттай нөөцөлсөн байгаа. Тэгээд ч тариаланчид 24 мянган тонн үрийн буудай нөөцөлсөн. Тариалан эрхлэлтийг дэмжих сан 6500 тонн үрийн буудайг өөрийнхөө эх үүсвэрээр буюу зээлээр худалдаж авсан. Мөн улсын нөөцийн 5000 орчим тонн үрийн улаан буудай бий. Үрийн буудай дутагдалтай байгааг харгалзан дөрвөн аж ахуйн нэгжид дамжуулан зээлдэх гэрээ байгуулан нэмж 8000 тонн үрийн буудайг импортоор оруулж ирэн 10-30 хувийн урьдчилгаатайгаар олгохоор шийдвэрлэсэн. Мөн импортын найман мянган тонн буудайг оролцуулахгүйгээр 20.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг хөнгөлттэй нөхцлөөр олгохоор болсон гэх хариултыг өгсөн юм.
 
Эл мэдээллээс хойш хэдхэн хоногийн өмнө цаг үргэлж төрд эрхэлж байдаг, угжны хургаас өөрцгүй тариаланчид тариалах үрийн буудайн нөөц алга. Бидэнд 20 мянган тонн улаан буудай ОХУ-аас импортлох зөвшөөрөл өг. Тэгээд зогсохгүй гаалийн татвараас чөлөөл хэмээн Р.Бурмаа сайдыг шахаанд оруулж байж Хөгжлийн банкаас 50 тэрбум төгрөгийн зээл авахаар болсон юм. Тэгтэл даварсан тариаланчид чинь “Ийм хэмжээний мөнгөөр 80 мянгахан га талбайд л үр тариалах боломжтой” гэж чамлацгаах нь тэр.
 
Үнэндээ тэд Хүнс, хөдөө аж ахуйн яамыг бужигнуулж хаячихаад МАН дээр гомдол мэдүүлэн харайлгаж очсон билээ. Ингэж элдэв ааш гаргасныхаа шанд зээл төлөх хугацаагаа хоёр жил болгож чадсаны дээр эхний найман cap үндсэн зээлээсээ чөлөөлүүлээд амжсан. Яг үнэн байдлыг нь өгүүлэх аваас хэн ч байсан ичмээр.
 
Хүнс, хөдөө аж ахуйн яам 50 тэрбум төгрөгийн зээл олгох болсон тухай дуулгахад Газар тариалангийн холбооны тэргүүн Л.Цандэлэг “Төр биднийг дандаа ингэж эрхлүүлэхгүй шүү. Ээ дээ та нар минь хичээж үзээрэй. Элдэв ургамал тариалж болохгүй зөвхөн улаан буудайгаа” хэмээн алга хавсарсан атлаа МАН руу гүйж очоод “Монголын тариаланчид дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах хэмжээний ургац хураадаг атал гаднаас импортоор улаан буудай оруулж ирэх шийдвэрийг Р.Бурмаа сайд гаргасан нь газар тариалангийн салбар дахь хар шийдвэр байлаа. Өнгөрсөн жилийн ганд тариалан бүхэлдээ нэрвэгдсэн. Үүнийг салбарын яам хүлэээн зөвшөөрөхгүй,үнэнийг мушгин гуйвуулж байна. Үнэндээ энэ бол гамшиг. Одоо ч хүндрэл үргэлжилсэн хэвээр. Тариаланчид өнөөдөр тариалалтдаа гарахад бэлэн. Гэтэл ОХУ-аас өнөөдрийн байдлаар Монгол Улсын жилийн хэрэгцээг хангахуйц хэмжээний импортын буудай оруулж ирэх зөвшөөрлийг салбарын яам олгосон байх юм. Бидний өнгөрсөн жил хураасан буудайг нэмэхэд Монголын тариаланчид хоёр жил тарих тарих шаардлагагүй боллоо. Энэ мэтээр импортын квотыг хавтгайруулан олгосноор Монголын ард түмэн Оросын тариаланчдыг 150 сая ам. доллароор дэмжиж байна. Нөгөөтэйгүүр, тариаланчдад олгохоор болсон зээлийг арилжааны банкаар дамжуулахаар болсон нь буруу. Тариаланчдаас банкны шалгуурыг давж зээл авах нэг ч аж ахуйн нэгж байхгүй” гэхчилэн баахан гомдол тавьсан.
 
Угтаа газар тариалан бол хувийн хэвшлийнхний эрхэлдэг бизнес. Тэгэхээр алив эрсдлээ өөрсдөө даадаг баймаар. Хаврын хаварт тэд л гоншигнож, намрын намарт “ургац алдаж, шатсан” эсвэл урамшуулал өг, бидний тариалсан буудайг өндөр үнээр ав” хэмээн хэл үг таталдаг. Жишээ нь өнгөрсөн намрын ургацаас үйлдвэрлэлд хүнсний буудай нийлүүлсэн 608 аж ахуйн нэгж, иргэдэд тонн тутамд нь 50 мянган төгрөгөөр тооцож, 5.6 тэрбум төгрөг олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн байх юм.
 
Монгол Улс өнгөрсөн жил 389 мянган га талбайд үр тариа тариалсан авч гангийн улмаас ургад алдан 203 мянган тонн улаан буудай хураан авсан. Энэ хэмжээний улаан буудай бидний жилийн хэрэгцээг хангахгүй нь ойлгомжтой учраас 125 мянган тонн улаан буудай, 40 мянган тонн гурилыг гаднаас импортлосон. Гэсэн хэдий ч авдрынхаа ёроолыг харлуулж орхиж. Дахиад л улаан буудай эсвэл гурилын эрэлд мордохгүй бол болохгүй юм байх. Бэлэн гурил, гурил хийх буудай ч нэг ч юм олдох шинжтэй. Харин үрийн буудайны асуудал хүндхэн байгаа бололтой. Тэгээд ч хил залгаа хоёр улс маань манайхны адил хаврын тариалалтдаа гарах гэж байгаа тул бидний хүссэн хэмжээгээр улаан буудай нийлүүлэх нь юу л бол. Эсвэл их олон жил дарсан, чанар стандартын шаардлага хангахгүй тал руугаа хандсан буудайгаа эдийн засгнйн эргэлтэд оруулж ч мэднэ. Гуйна гэдэг гутампшг, гуйлгана гэдэг гайхамшиг юм хойно авахгүй гээд ч яалтай билээ.
 
Гурил үйлдвэрлэгчдийн тухайд ирэх намар 60-70 мянган тонн цавуулаг өндөртэй улаан буудай хэрэгцээтэй байгаа аж Энэ бол гаднаас заавал импортлох учиртай буудайн хэмжээ. Учир нь гурилын цавуулгаас талх, нарийн боовны чанар шууд хамаардаг тул гурил үйлдвэрлэлийн норм нормативын дагуу цавуулаг өндөртэй буудайг дотоодын цавуулаг бага буудайтай жорын дагуу хольж үйлдвэрлэх зайлшгүй шаардлага тулгардаг аж. Ийм хэмжээний улаанбуудай импортлоход гааль болон НӨАТ-ын татварт 4.3-5.0 тэрбум төгрөг төлдөг байна. Харин үүнийг нь тариалан эрхлэгчид эрс эсэргүүцдэг гэнэ. Тэгэхээр тариаланчид хийгээд Гурил үйлдвэрлэгчдийн гаргаж буй араншинг төрд эрхэлж туньсан улс гэхээр өөрөөр хэлэх үг олдохгүй нь.

Монголын мэдээ
Ч.Чулуун
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine