Улаанбаатар хотын гэрэлтүүлгийг сайжруулахыг үүрэг болголоо
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явуулав. Зөвлөлгөөнөөр өмнөх хурал дээр өгсөн үүргийн биелэлтийг танилцуулж, нийслэлийн Засаг дарга цаг үеийн асуудлаар холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өглөө. Мөн дүүргүүдийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлаа танилцуулав. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багахангай дүүрэгт гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл буурсан үзүүлэлттэй байгаа бол Баянзүрх, Багануур дүүрэгт өсчээ.

Энэ сарын 04-ний өдөр болсон нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөлгөөн дээр өгсөн үүргийн биелэлтийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав.
 
Хууль, эрх зүйн үйлчилгээг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулав

Шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах сургалтыг энэ сарын  8, 9-ний өдрүүдэд зохион байгуулав. Сургалтад 9 дүүрэг, нийслэлийн Засаг даргын харьяа хэрэгжүүлэгч  агентлаг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийт 68 эрх зүйн мэргэжилтэн, удирдах ажилтан, нийслэлийн харьяа нутгийн захиргааны байгууллагууд болон дүүргүүдийн худалдан авах ажиллагааны албадуудын үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд томилогдон ажиллаж байгаа нийт 95 албан хаагч хамрагдав.
 
“Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-д ажиллах албан хаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулав

“Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн Мишээл, Драгон салбаруудад ажиллах нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын нийт 91 албан хаагчид “ИНЭЭМСЭГЛЭЛТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ” сэдэвт сургалтыг энэ сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
 
Энэ онд барих сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын газар, авто замын трасс чөлөөлөлтийг хийж байна

Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийх Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд баригдах сургуулийн барилгын трасст орсон 8 нэгж талбарыг чөлөөлөхөөр мэдэгдэх хуудас хүргүүлээд байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй “Баянхошуу дэд төв”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу шинээр барихаар төлөвлөгдсөн авто зам, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, цэцэрлэг, дулааны цахилгаан станцын барилгын трасст өртсөн нийт 122 нэгж талбар, Сүхбаатар дүүргийн 12,13,14 дүгээр хороо “Сэлбэ дэд төв”-ийн хүрээнд хэрэгжиж буй авто зам болон барилгажих талбайн трасст орсон 71 нэгж талбар буюу нийт 203 нэгж талбарыг чөлөөлөхөөр тус тус  мэдэгдэх хуудас хүргүүлээд байна.

АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа Гандийн гудамж, Japan town  гудамж, Их Монгол Улсын гудамж, Хүннүгийн гудамжаас Баянмонгол хорооллыг холбосон гудамжуудад авто замын өргөтгөлийн ажлуудын газар чөлөөлөлт хийж байна.
 
 “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийслэл хотын ажил” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулав

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийслэл хотын ажил” сэдэвт зөвлөгөөнийг 04 сарын 06-ны өдөр зохион байгуулав. Зөвлөгөөнөөр “School police” хөтөлбөр, “Хөршийн хяналт” хөтөлбөр, “Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр”,  төлөвлөгөөг  идэвхжүүлэх,  гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах, бууруулахад хамтран ажиллах талаар “ЗӨВЛӨМЖ”-ийг гарган ажиллалаа.

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл холбогдох байгууллагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
  • Нийслэлд ил задгай авто машин угааж, орчин тойрныг бохирдуулж байгаа иргэдийн судалгааг гаргаж, журамлах ажлыг зохион байгуулж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Авто замын газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд
  • Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт иргэд зөвшөөрөлгүйгээр алт олборлох үйл ажиллагааг хориглох, зогсоох ажлуудыг зохион байгуулж, цаашид авах арга хэмжээний тухай саналаа нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газарт
  • Улаанбаатар хотын зам дагуу замын гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлэхийг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд, өөрсдийн нутаг дэвсгэртэх гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалт, тохижилтын ажлуудаа хийхийг дүүргүүдэд
  • АСЕМ-ын чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлуудад хяналт тавих, гүйцэтгэлийн чанарт анхаарч  ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-04-18 04:08:33
    Урт цагган огт гэрэлгүй болж балгас болсон в Гэрэлтүүлэг яаралтай хийх
    202.70.41.62
    Мэдэгдсэн Хариулах