Хаврын салхины ая даахгүй барилгуудаа яая даа
Хаврын сар гарч, салхины хурд нэмэгдэхтэй зэрэгцээд Улаанбаатар хотод олон барилгын хана нурж, дулаалга нь ховхорч унасан билээ. Тансаг зэрэглэлийн үнэтэй хотхоны хана хүртэл нурж, Монголд барилгын чанар шороотой хутгалдсаныг гэрчилж байгаа юм. Жил бүрийн хавар, зун энэ мэт асуудал гардагч нэг хэсэгтээ л шуугиад өнгөрдөг. Тиймээс энэ удаагийн “Онцлох хуудас” буландаа барилгын хана нурж, дулаалга нь ховхорч унаж байгаа асуудлыг хөндлөө.
 
“Цагаан хуаран” хотхоны гадна фасад нуржээ
 
2016.04.11: 2016 оны дөрөвдүгээр cap гаpcaap барилгын ханын өнгөлгөө тоосго, фасад нурж унасан тохиолдол гурав дахь удаагаа гарсан нь “Цагаан хуаран” хэмээн хотхоных байлаа. Тус хотхоны барилгын фасад нурж, зогсоол дээр байсан машин дээр унасан юм. Энэ талаар цахим сайтууд “Цагаан Хуаран Консалтинг” ХХК-ийн Цагаан хуаран хотхоны нэг байрны гадна фасад нурж, зогсоолд байсан машин дээр унасан хэрэг гарчээ.Үүнийг харсан иргэд барилгын чанаргүй байдлаас болж нурсан гэв. Баригдаад хоёр жил болж байгаа ч оршин суугчид барилгын чанарт сэтгэл дундуур байдаг гэнэ. Харин энэ талаар “Цагаан Хуаран Консалтинг” компанийн зүгээс хариу мэдэгдэхдээ “Гадна фасад хийсэн байгууллагын буруу. Засуулна” гэсэн байна. Уг хотхон нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрладаг бөгөөд гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендэрээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тодруулсан компани юм. Сүүлийн үед улсаас тендэр авсан барилгын компаниудын барилга ийнхүү чанаргүй байх тохиолдол их гарч байгаа” хэмээн мэдээлсэн юм.

Москва хорооллын барилгын хана нурлаа
 
2016.04.08: Москва хорооллыг оросууд барьсан, чанартай, тэр хэрээрээ үнэтэй гэх ойлголт иргэдэд байсан. Тэгвэл ямар       чанаргүй барилга болох нь саяхан батлагдлаа. Энэ талаар цахим сайтууд “Энэ барилгын өнгөлгөөний тоосго гурван жилийн өмнөөс нурж эхэлжээ. Өмнө нь ганц нэг тоосго унадаг   байх үед СӨХ нь засдаг байж. Сүүлдээ хэсэг хэсгээрээ нурж эхлэхэд Онцгой байдлын болон Мэргэжлийн хяналтын газраас тус СӨХ-нд “Бүүр их хохирол учруулах эрсдэлтэйт тул СӨХ засаж болохгүй” гэдэг анхааруулга өгчээ. Саяхан арав хоногийн өмнө есдүгээр барилгынх нь гадна хана дахин нуржээ. Энэ үеэр "уламжлал” ёсоороо цагдаа, онцгойгийнхон нь ирээд туузаа татан хэсэг харж байгаад л явцгаасан байна. Нурах болгонд нь албан бичиг илгээсээр, авч, өгч байгаа талууд нь залхаж эхэлсэн юм байх. Хорооны Засаг дарга нь албан бичиг хүргүүлснийхээ дараа “Мэдэж байхад юун их цаас явуулдаг юм бэ” гэсэн үг ч сонссон удаатай гэнэ. Энэ хорооллын 10 байрны есийг нь “Зарубежстрой в Монголии” компани 2009-2011 онд барьж ашиглалтад оруулжээ. Гэхдээ барилгын зураг төсөл, ашиглалтад оруулсан Улсын комиссын акт зэрэг техникийн баримт бичиг нь ашиглагч байгууллагад байгаагүй аж. Барилгын 1-12 дугаар давхрыг дуустал хучилтан дээр өрөх ёстой өнгөлгөөний тоосгыг хучилтын ирмэгийн гадна талаар тасралтгүй үргэлжлүүлэн өрсөн байх магадлалтай байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, 12 давхар барилгын хананд тогтоох суурь хийлгүйгээр тоосгоо зүгээр л наагаад явчихсан. “Москва” хороолол газар хөдлөлийн найман баллын бүсэд оршдог. Хүчтэйхэн салхинд тоосгууд нь нурж унаад байхад юун найман балл. Газар нэг шилгээхэд үлдсэн тоосго нь хуураад унах дамжиггүй. Зөвхөн ес биш долоо, наймдугаар байрны гаднах тоосго ч бас нурж эхэлжээ” хэмээн мэдээлсэн байна.
 
“Нархан” хотхоны барилгын хана нуржээ


2015.06.05: Өнгөрсөн жилийн зун, зургадугаар сард “Нархан” хэмээх хотхоны хана хүчтэй борооны дараа нурсан явдал гарсан. Яг ч хана нь тэр чигээрээ нурчихсан юм биш. Гаднах өнгөлгөө, дулаалга нь хуурсан хэрэг. Энэ талаар цахим сайтууд “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шаардлага хангаагүй барилгыг Мэргэжлийн хяналтынхан хүлээж авлаа гээд л гардаг, яригддаг. Эсвэл хэн нэг нь чанаргүй барилгыг Улсын комисс хүлээж авснаас болж асуудал үүссэн гэсэн зарга үүсгээд л явж байдаг. Тэгвэл зарим барилга байгууламж нэгэн өдрийн хүчтэй салхи, хэсэгхэн зуурын борооноор нурах нь холгүй байх болжээ. Үүний нэг тод жишээ гэхэд л өчигдөр орсон хүчтэй борооноор Алтай констракшны барьсан “Нархан” хотхоны барилгын хана нурж хүн бэртээх шахсан явдал юм. Тодруулбал Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 65 дугаар байрны 13 давхрын гадна фасадны хөөсөнцөр, шавардлага хуурч унасан байна.

Энэ мэт шаардлага хангаагүй ганцхан өдрийн хүчтэй салхи борооноор ийн хуурч унах барилга Нийслэл хотод хэр олон байгаа бол. “Нархан” хотхоны 13 давхрын хананаас ховхрох энэ хөөсөнцөр шавардлага эд зүйлс дээр унаж бүр цаашлаад хүний амь нас хохироож ч болох байлаа. Энэ мэт хариуцлаггүй нүд хуурсан барилга хотын үзэмж болоод иргэдийг эд хөрөнгөөр хохироож байна. Ийм шаардлага хангаагүй оршин суутч нартаа аюул заналхийлж байгаа барилга байгууламжинд холбогдох мэргэжлийн байгууллага анхааралдаа авах цаг болжээ” хэмээн бичиж байж.
 
Шөнийн захын барилгын гаднах өнгөлгөө хуурч, уналаа
 
2016.04.06:
“Нарантуул" захын ойролцоо байрлах “Шөнийн зах”-ын ханын өнгөлгөө салхинд хуурч, шавар нь машин дээр унасан тохиолдол гарсан. Энэ талаар цахим сайтууд “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Шөнийн зах”-ын үүдэнд автомашин дээрээс байшингийн хана нурж цонх хагалсан байна” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, тус худалдааны төвийн гадна ханын шавар нурж, тус дуүргийн VIII дугаар хороонд суух 52 настай эрэгтэй Д-гийн “Nissan Elgrand” автомашины урд болон хойд салхины шил хагарч, толь хугарсан хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Хавар болж барилгын ажил, засвар үйлчилгээ эхэлсэнтэй холбоотойгоор авто машины жолоодогч хэн бүхэн барилга байшинтай машинаа тавихдаа анхаарал сэрэмжтэй байж тэмдэг тэмдэглэгээ, анхааруулгыг анхаарч байх зашшгүй шаардлагатай юм” хэмээн мэдээлжээ.
 
Сэтгүүлчийн өнцөг
 
Чанаргүй барилгууд газар хөдлөлт битгий хэл салхины ая даахгүй нь

Энэ cap гарсаар гурван барилгын ханын өнгөлгөөний тоосго, фасад нурж, машин дээр унасан хэрэг гарлаа. Азаар хүний амь эрсэдсэнгүй. Ер нь бид хүний амь эрсдээгүй нь л азны юм гээд, барилгын ханын фасад, өнгөлгөөний тоосго нурж унаж байгааг тоохоо ч больж. Байх л ёстой юм гэж бодоод байгаа хэрэг шүү дээ. Зарим нь бүр өнгөлгөөний фасад, дулаалгын хөөс хуурч унасаны төлөө юун суртэй юм гэдэг байдлаас ч хандах тохиолдол байгаа.
 
Яг үнэндээ Монголд барилгын чанар гэж алга. Тийм ч хүчтэй биш салхинд дулаалгын материал нь хуурч унаад, цаанаас нь сийрэгхэн өрсөн блок цухуйдаг нь үнэн. Яах вэ, бүрэн цутгамал орон сууц багагүй баригдаж байгаа нь үнэн. Гэхдээ ихэнх орон сууцны ханыг хөнгөн блокоор сийрэгхэн өрөөд, дээрээс нь хөөсөөр дараад л өнгөлчихөж байгаа нь үнэн шүү дээ. Арай дээр нь тоосгон хана өрж байгаа байх. Хана нь нимгэн, хажуу айлын яриа сонстох энэ тэр бол ердийн л үзэгдэл. Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын комисс нь ч чанар гээчийг мартчихсан. Нэгэнт барьчихсан барилга болохоор нураалтай биш гэдэг юм уу. Эсвэл хахуулийн хэдэн төгрөг аваад л хүлээгээд авчихдаг байх. Барилгын компани ч яах вэ дээ, чанартай, өнгө үзэмжтэйг нь гайхаж, сурталчлаад, иргэдэд өндөр үнээр зарчихна. Ашгийг бол цөм олж байгаа шүү дээ.
 
Москва хороолол гэхэд ямар үнэтэй билээ дээ. Гэтэл гурван жилийн өмнөөс хананы тоосго нь нураад эхэлчихсэн байгаа юм. Үе үе тоосго унаж, хүн амьтныг сандаргадаг. Харин азаар өнөөдрийг хүртэл хүний амь эрсэдсэнгүй. Хүний амь эрсдээгүй болохоор хуулийн байгууллага нь ч тоодоггүй бололтой юм. Буцааж тоосгоо өрөөд, аргалаад л яваад байх жишээтэй. Сүүлдээ бүр цагаандаа гарчихсан, “Дээрээс тоосго унаж магадгүй, аюултай” гэх утгатай бичиг ханан дээр нь хадчихсан байх жишээтэй. Ийм л байдалтай байна шүү дээ.
 
Хотын А зэрэглэлийн бүсэд байрлах тансаг хотхон гээд л сурталчилна. Ам.метр нь 2-3 саяын үнэтэй байх жишээтэй. Гэтэл хаврын жаахан салхинд хананы фасад нь хуурч унаад л байж байна. Бүр цаашлаад хана нь цуураад, хэзээ мөдгүй нурах дөхчихсөн орон сууцнууд байж л байгаа. Москва хорооллын зарим орон сууцны хана тэр чигтээ цуурчихсан, иргэд нь айдастай амьдарч байгаа талаар зөндөө л ярьсан байна билээ. Энэ бүхэнд одоо мэргэжлийн байгууллага нь анхаарах цаг болсон юм биш үү. Жаахан чанартай барилга бариулж байхгүй бол нэг л өдөр Улаанбаатарын байшингууд тэр чигээрээ нурахыг ч үгүйсгэх аргагүй юм. Муу ёрлож байгаа ч юм биш. Улаанбаатар хот газар хөдлөлтийн онцгой бүсэд байрладаг талаар мэргэжилтнүүд хэлээд байгаа.
 
Газар хөдлөлтийн давтамж өдрөөс өдөрт л нэмэгдэж байгаа талаар ярьж байна. Ийм үед бидэнд барилгын чанарын талаар ярихаас өөр сонголт байгаа бил үү. Чанаржуулах шаардлага ч зайлшгүй гарч ирж байна. Гадаад оронд 7-8 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо л гэдэг. Асар их гарз хохирол учруулж байгаа. Манайд бол 3-4 баллын хүчтэй газар хөдлөлт болоход л олон барилга нурж унах байлгүй. Тэртэй тэргүй бороо, салхинд фасад нь хуурч унаад, өнгөлгөөний тоосго нь толгой хагалчих гээд байгаа юм чинь газар хөдөлбөл яаж тэсэх билээ дээ. Ийм чанар муутай орон сууцанд монголчууд бид амьдарч байна шүү дээ.
 
Ядаж байхад Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын тал нь шавчихсан. Дээрээс нь хэдэн зуун мянган хүн орон сууцанд амьдарч байгаа. Тэдний амьд явах баталгааг хэн өгч, амлаж чадах юм. Нэг л шөнө газар хөдлөөд, баахан орон сууц нурвал яана. Ердөө гуравхан сая хүн амтай Монгол Улс энэ мэт аюулд өртвөл юу болох билээ. Ядаж хүн амынх нь дийлэнх нь нийслэлд шавчихсан. Тиймээс бид чанарт анхаарах цаг болсон. Түүнээс биш блокоор сийрэгхэн өрсөн ханатай, хөөсөөр давхарласан дулаалгатай, байшинцарын төлөө хэдэн арван саяар нь мөнгө үрж худалдаж аваад, дараа нь нурсан фасадад нь даруулж үхэх дээрээ тулж байвал хэтэрхий дэндсэн хэрэг болоод байна. Ердөө ашиглалтад ороод 4-5 жилийн дотор л ингэж нурж байгаа барилгууд дахиад 2-3 жилийн дараа бороо, салхигүй байсан ч өөрөө нурах вий дээ.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2016-04-19 03:48:00
    6.5 баллд япон барилгууд нураад л, харин монголд 8 баллд тэсдэг барилгууд сундэрлээд л, мундаг тээ
  • Зар 2016-04-18 12:13:54
    "Барилгын хөөсөн фасад түргэн шуурхай хийнэ"
  • mgl 2016-04-18 11:36:11
    ymar ch ih ym bichidiin neeh emch tsegtsegui
  • Батаа 2016-04-18 01:55:19
    Салхинд унаж байгаа хана газар хөдөлвөл яахав хот орчимд газар хөдлөх магадлал өндөрслөө гэж орсын эрдэмтэд судалгаа танилцуулсан
  • ХОТ 2016-04-18 01:27:09
    НЭЭРЭЭ МАНАЙХААН ИХЭНХ НЬ ХӨДӨӨ РУУГАА БУЦАЦГАА. ХОТЫНХОН НЬ ҮЛДЭГ
  • irgen 2016-04-18 01:18:08
    Moskva horoololiin bair chini avaltgui balai bair um bna