Монгол, БНХАУ, Япон улсуудаар албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт Монгол Улсад хийсэн нэг өдрийн айлчлал олон улсын анхаарлын төвд байлаа. 10 жилийн дараа Монгол Улсад айлчилж буй түүний байр суурь ОХУ-ын албан ёсны байр суурь гэж үзэж байгаа учраас манайд ирээд шийдэх шийдэл, ярилцах асуудал нь ч чухал байсан юм. Нөгөө талаар тэр өөрөө дэлхийн лидер улстөрчдийн нэг. Тиймдээ ч манай талаас тун ч ач холбогдол өгч хүндэт харуулаа жагсаан хүлээж авлаа. Чухал зочдын нэгд зүй ёсоор орсон түүнийг хүндэт харуултай угтаж авна гэж төсөөлөөгүй юу, эсвэл эртний анд нөхрийн хувиар ирж байгаа гэдгээ харуулахыг хүссэн үү онгоцноос жийнсэн өмдтэй энгийн хувцастай бууж ирсэн нь сошиал ертөнцийг хоёр хуваагдан талцахад хүргэв. Монгол Улсын талаас Гадаад хэргийн сайдын айлчлалд хэт ач холбогдол өгч, хүндэт харуул жагсааж өөрийг нь эвгүй байдалд орууллаа гэх яриа гарсан ч, СЛавров бол лидер улстөрч.
 
Тэр ч утгаараа энэ удаад албан уулзалтаар биш андын хувиар зочлоод гарч байна шүү гэдгээ өгүүлэхийг хүссэн хэрэг гэж харах хүмүүс ч байлаа. Юутай ч эртний андын хувиар айлчилсан түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч өргөө цагаан гэрт монгол дээл хувцастайгаа угтсан нь таагүй эхэлсэн айлчлалын уур амьсгалыг эерүүлж, найзтайгаа анд нөхрийн хувиар хөөрөг зөрүүлэн мэндчилсэн таатай уулзалтаар өндөрлөсөн юм. Түүний хувьд Монголд газардахын өмнө Япон, Монгол, БНХАУ-ын сэтгүүлчидтэй уулзаж ямар зорилгоор айлчлал хийж байгаа вэ гэдгээ тайлбарласан билээ. Тэрбээр, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, ирээдүйн хөгжлийн боломж, ‘Торгоны замын” хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдийг хөндөж ярина гэдгээ хэлсэн. Мөн Монгол, Орос улсын өмнө геополитикийн ямар сорилтууд тулгарч байна вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Найрсаг харилцаатай Монгол улсын дотоод хэрэг явдалд гадны сөрөг нөлөөг тусгахгүйн тулд хоёр том хөрш болох ОХУ, БНХАУ (хятад нөхдийнхөө өмнөөс хэлэхэд болох байх) улсууд бүгдийг хийх болно” хэмээсэн нь хамгийн сонирхолтой, тэр хэрээрээ дуулиантай хариулт байсан гэхэд хэтийдэхгүй. Хойд хөршийн чухал зочны нэг өдрийн айлчлалын үр дүнд ямар чухал шийдвэрүүд гарсан талаар
тоймлон хүргэе.
 
Монголын бараа бүтээгдэхүүн ОХУ-ын зах зээлд гарна
С.Лавровын айлчлалын хүрээнд яригдсан хамгийн чухал шийдвэр бол “Хоёр улсын хоорондын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөр”-ийг эцэслэн баталсан явдал. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2014 оны есдүгээр сард Монголд айлчлахдаа энэхүү хөтөлбөрийг эхлүүлэхээр ярилцсан ч тодорхой шийдэл гаргалгүй буцсан. Тэгвэл хоёр жил яриа хэлцэл төдий явж ирсэн хөтөлбөрийг баталснаар улс төрийн найрсаг харилцаанаас илүүтэй нийгэм, эдийн засгийн төвшинд шинэ харилцаа үүсэх нөхцөл боломж бий боллоо. Тэр тусмаа хоёр улсын хувьд харилцан визгүй зорчих болсноор эдийн засгийн шинэ, шинэ боломж гарч ирэх учиртай ч улс төрийн харилцаа нь эдийн засгийн харилцаанаасаа өндөр, шинэ торгоны замын тухай яриа цаасан дээр явсаар иржээ. Дунд хугацааны хөтөлбөрт хоёр улсын Гадаад хэргийн сайд гарын үсэг зурснаар хил дамнасан худалдаа, Монгол Улсын бүтээгдэхүүн ОХУ-ын зах зээлд гарах, мах махан бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн асуудалд хоёр тал харилцан анхаарах боломж бүрдэж байгаа юм. Мөн Монголын бараа бутээгдэхүүний үзэсгэлэн худалдааг ОХУ-ын нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулах боломж бүрддээ. Хоёр улсын иргэд харилдан визгүй зорчдог болсноос хойш Бүгд Найрамдах Буриад Улс жижиглэнгийн худалдаагаар ОХУ-д тэргүүлэх байр эзэлсэн талаар С.Лавров Ерөнхий сайдтай уулзах үедээ онцлов. Цаашдаа Эрхүү, Улаан-Үд, Кызыл, Чит, Горно-Алтайск зэрэг хотод Монголын бараа бүтээгдэхүүнийг сурталчлах яармаг худалдааг зохион байгуулах, энэ төрлийн арга хэмжээг хийхэд дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх боломжтой эсэхийг тодруулсан Ерөнхий сайдын хүсэлтэд “боломжтой” гэсэн хариу өгч, энэ талаар тодорхой шийдвэр гаргахыг холбогдох хүмүүстээ уламжлахаа амлав.
 
С.Лавров ба үйлдвэр

Хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын хүрээнд ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлэх тухай асуудал яригддаа. Нөгөө талаар дээр хэлсэнчлэн эдийн засгийн хувьд төдийлөн харилцан ашигтай явж ирээгүй хоёр орны харилцааг шинэ төвшинд гаргахын тулд хоёр улсын хамтарсан үйлдвэрүүдийн асуудал, төмөр зам, хоёр хөрштэйгээ ярилцаж буй Эдийн засгийн коридор байгуулах, Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг Ерөнхийлөгчтэй, Ерөнхий сайдтай ярилцаж нэгдсэн шийдэлд хүрч чадлаа. ОХУ-ын зүгээс Эгийн голын цахилгаан станцыг барих асуудалд шүүмжлэлтэй хандаж, Байгаль нуурын усны түвшин нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдалд алдагдаж магадгүй гэх болгоомжлол үүсээд байгаа. Тэгвэл Ерөнхий сайдтай уулзах үеэр энэ талаар нэлээд шинжлэх ухааны үндэслэлтэй ярилцаж ойлголцолд хүрснийг Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайд Б.Дэлгэрмаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон юм.
 
Мөн хамтарсан үйлдвэрүүдийг үр ашигтай ажиллуулах талаар харилцан санал солилцов. Сэтгүүлчид цаашид хамтарсан том төсөл явуулах сонирхол байгаа эсэхийг тодруулахад “Зах зээлийн нөхцөл байдлаа харгалзан үзэж шинэ төсөл хэрэгжүүлэх шаардлагатай. Эдгээрийн нэг болох Эрдэнэт үйлдвэрийн гол бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалын үнэ дэлхийн зах зээл дээр унаад байгаа. Энэ нөхцөл байдал үйлдвэрийн үзүүлэлтэд нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ миний санаж байгаагаар Эрдэнэт үйлдвэрээс Монгол Улсад оруулж байгаа орлого төсвийн 20 орчим хувийг бүрдүүлж байгаа байх. Цаашид энэ төрлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байгаа. Харилцан ашигтай шинэ төслүүд эхлүүлэхээс гадна, одоо хэрэгжиж байгаа төслүүдийнхээ үр ашгийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна” гэв. Монгол Улс өөрсдөө нефтийн үйлдвэр барих тухай эрчимтэй ярьж байгаа энэ үед хойд хөршийн Гадаад хэргийн сайд айлчилж байгааг судлаачид анхааралтай ажиглаж байв. Гэвч С.Лавров энэ талаар нааштай байр суурь илэрхийлж, улмаар ОХУ Монголд сповоор шатахуун өгөх боломжтой талаар үг унагажээ. Зээлээр шатахуун авах боломж ОХУ-д өрөө бүрэн төлж дууссанаар нээгдсэн гэсэн үг.
 
Түүнчлэн, Монгол улсын хувьд хойд хөршөөсөө рублийн зээл авах сонирхолтой гэдгээ ч энэ үеэр илэрхийлсэн юм. Энэ талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Худалдааны дисбалансыг сайжруулахад рублийн зээл тодорхой үүрэг гүйцэттэнэ гэж үзэж байгаа. Зээл авах улс төрийн сонирхол байгаа. Тийм учраас Сангийн яам бусад холбогдох байгууллагууд энэ асуудлаар яриа хэлэлцээ үргэлжлүүлж хийх болно” гэв. Хоёр орны Төв банк хооронд үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп-хэлцэл хийх, хоёр орны худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгт ашиглах сонирхолтой гэдгээ ч манай талаас илэрхийлэв.
 
“Стратегийн чухал түнш”
С.Лавров Гадаад хэргийн сайдаас гадна Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзахдаа мөн ОХУ-ын гадаад бодлогын талаар лекц уншихдаа ч Монгол Улс бол эртний анд нөхрөөс гадна “стратегийн чухал түнш” гэсэн үгийг олонтаа унагав. ОХУ болон БНХАУ-ын зүгээс Монгол Улсын дотоод бодлогод гадны сөрөг нөлөөг тусгахгүйн тулд бүгдийг хийх болно хэмээн ам алдсан нь ч бид олон улсад нэг байр суурьтай явна шүү гэдгийг сануулж байлаа. Улс төр, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн салбарт хоёр орны харилцаа шинэ төвшинд гарснаар стратегийн харилцааг илүү хөгжүүлнэ гэдгээ тэрбээр илэрхийлэв.
 
Мөн С.ВЛавровтой хоёр талын олон талын хамтын ажиллагааны талаар санал солилцон, Зүүн хойд ази, Зүүн азийн бүс нутгийн аюулгүй байдалд хамтран ажиллах талаар ярилцжээ. Энэ талаар С.Лавров “Өнөөдөр хэлэлцээ хийх явцад манай хоёр орны олон улсын бүс нутгийн асуудалд хандах хандлага адил буюу ойролцоо байгааг нотоллоо. Түүнчлэн хамтын ажиллагаагаа олон талт байгууллагууд тухайлбал НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Ази номхон далайн бүс нутгийн, Зүүн хойд азын олон талт байгууллагуудын шугамаар зохицуулан уялдуулах болон аюулгүй байддын асуудлаар хамтран ажиллахаар тогтлоо” хэмээн онцолж АСЕМ- ыг зохион байгуулахад бүх талаар туслалцаа үзүүлнэ гэдгээ мэдэгдэв.
 
Төрийн тэргүүний санаачилсан Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалт ирэх зургадугаар сард Ташкент хотноо болно. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын хүрээнд эдийн засгийн коридор байгуулах асуудалд гурван тал гарын үсэг зурна гэсэн хүлээлт бий болжээ. Мөн ОХУ- ын нутаг дэвсгэрээр хөнгөлөлттэй нөхцлөөр төмөр замаар ачаа тээвэрлэх хэлэлцээрийг ч ирэх зургадугаар сард байгуулах тухай яриа хэлцэл айлчлалын хүрээнд өрнөсөн байна. Гадаад хэргийн сайдын айлчлал богинохон байсан ч хойд хөрштэйгээ эдийн засгийн, нийгэм, хүмүүнлэгийн харилцаагаа шинэ шатанд гаргах том хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлсэн ач холбогдол өндөр болж өнгөрөв.
 
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • davaa 2016-04-22 15:33:21
    Li gees hamaagui deer shuu dee
    103.229.121.88
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-04-18 17:35:11
    манайх шиг замбараагуй хариуцлаггуй улс тортэй оронд гэрийн халаадтай ирсэн ч яахав дээ. Лавровыг харьж амжаагуй байхад нь монголын тор яриагаа мартна
    103.57.94.208
    Мэдэгдсэн Хариулах
  • Төгсөгч 2016-04-18 15:31:28
    Орос ах л найз. Америк бол хутган үймүүлэгч.
    150.129.142.40
    Мэдэгдсэн Хариулах
  • цацагт хяруул 2016-04-18 12:00:06
    төвийг сахина гэж хошигрдог нөхөр Лаврыг хараад шууд нам болж хяруул толгойгоо газар руу шаадог нь хөөрхийлөлтэй
    202.9.42.5
    Мэдэгдсэн Хариулах
  •  2016-04-18 09:54:03
    Egiin Goliin Tsahilgaa Stanciig yahaar bolson yum be?
    202.9.40.187
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2016-04-18 07:23:12
    ОРос одоо л нэг манайд гайгүй хандах нь дээ, манайх эвгүй зан гаргаж байсан гэлүү жижиг улс томыг дагахгүй хаачих вэ оросын хүчээр тусгаар улс үлдсэн гэсэн
    202.72.245.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Өвгөн 2016-04-18 05:48:53
    Ашгүй дээ, оростойгоо ойр дотно нөхөрлөвөл буруудахгүй. Харин манай бөндгөргүй, хүзүүгүй юмнуудыг яаж тоож ярьсан юм бэ.
    103.26.195.219
    Мэдэгдсэн Хариулах
  • 7 2016-04-18 01:45:14
    Лавров бол их гүрний гадаад харилцааны сайд учраас манай пигмейчүүдийг зажилахгүй залгиж дүлихгүй баана л даа!!!!
    150.129.141.93
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол хүн 2016-04-18 01:35:06
    Сергей бол мужик,
    150.129.142.18
    Мэдэгдсэн Хариулах