Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Х.Баттулгын компаниудын санхүүд шалгалт хийв
 
“УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж байна” гэх сенсааци өнгөрсөн долоо хоногийн гол сэдэв байлаа. Баянгол зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн" гэх хоёр компанид санхүүгийн шалгалт хийхээр Цагдаагийн тусгай хүчний бие бүрэлдэхүүн Цагдаагийн даргын тушаалаар ирсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга болон Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг нарын гишүүд хамт байсан бөгөөд тэд мөн дотор "хоригдсон" юм.Энэхүү мэдээлэл зарим мэдээллийн сувгаар гарсан даруйд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн М.Зоригт, Г.Уянга, Ж.Батзандан, хотын дарга Э.Бат-Үүл, Монголын Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид, иргэд дэмжигчид нь ирцгээв.



Энэ асуудалтай холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл хийж “Энэ шалгалт Х.Баттулгатай холбоогүй. Ямар нэгэн баривчилгаа байхгүй. Шинэ төмөр зам төсөл, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой хэргийг шалгах явцад “Баялгийн хувь” ХХК, “Түмэн хишигтэн” ХХК-ийн санхүүгийн бичиг баримтад шалгалт хийх шаардлага гарсан” гэсэн хариулт өгснөөр олон нийтийн анхаарлын төвөд ороод байсан  уг үйл явдал өндөрлөсөн юм. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөр АН-ынхан Их тэнгэрийн аманд уулзаж, намын дотоод зөрчлийн асуудлаа шийдвэрлэсэн хэмээн мэдэгдсэн ч даваа гарагийн үдээс хойш ийм хэрэг гарсан нь тус намын дотоод зөрчлийн асуудал  шийдэгдээгүй гэдгийг нотолж байна хэмээн үзэх хүн цөөнгүй байсан билээ. 

АТГ-ын дарга Н.Ганболдыг чөлөөллөө
 
УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцээд гишүүдийн 74.4 хувийн саналаар дэмжлээ. Тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн мягмар гаригт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн барьсаны дагуу ийнхүү хэлэлцсэн юм.
 


УИХ-ын дарга З.Энхболд хуралдааны төгсгөлд "Н.Ганболд дарга АТГ-ын даргаар очсоноос хойш тодорхой үр дүн гарсан. Манай улс авлигын индексээрээ дэлхийн орнуудын 124-т жагсдаг байсан одоо 79-т байгаа.  Энэ бол дэлхийд алдартай хэнээс ч хараат бус байгууллагын гаргадаг судалгаа. Тэгэхээр УИХ-ын даргын эсвэл АН-ын даргын үзэмжээр хэлж буй зүйл биш юм. Таны цаашдын ажилт амжилт хүсье" гэлээ.

УИХ-ын гишүүд Д.Булгантай уулзахаар очсон гишүүд эсэргүүцэл зарлав
 
УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Төв аймгийн Цагдан хорих газарт очиж С.Зориг агсны эхнэр Б.Булгантай уулзахаар очсон нь олны анхаарлын төвөд байлаа. Тэнд хүний эрх ноцтой зөрчигдөж, Б.Булганыг залхаан цээрлүүлж байгааг гишүүд хэлсэн. Түүнчлэн Д.Булганы хоригдож буй хэсэгт гишүүдийг нэвтрүүлэхгүй хэмээн ТЕГ-ын ажилтнууд саад учруулсанд  дургүйцсэн Ц.Оюунгэрэл гишүүн хоёр хөлөө жийн, шалан дээр сууж буй зураг цахим ертөнцөөр тархсан. Энэ зургийг харсан иргэд сэжигтэнд бөөн бөөнөөрөө анхаарал хандуулж байхаар улаан бурхан туссан хүүхдүүдийн нөхцөл байдалтай танилцаасай хэмээн сэтгэгдлээ бичиж байлаа
.

Д.Булганы хувьд 1998 онд болсон аймшигт аллагын цорын ганц гэрч, хохирогч эмэгтэй. Гэтэл Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиар түүний эдэлж болох эрхүүдийг тайлбарлаж өгөөгүй байсан аж. Түүнийг маш нууц объект болгож, хэнтэй ч уулзуулахгүй тод гэрэлтэй өрөөнд таван сар гаруй хугацаанд хорьжээ.

ОХУ-ын гадаад хэргийн сайд айлчлав


 
Баасан гарагт манай улсад айлчилсан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын айлчлал өндөрлөж, 17.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлаас Япон улсыг зорилоо.   Тэрбээр эдийн засгийн хүрээнд хамтран ажиллах, Зүүн хойд Ази болон Зүүн Азийн орнуудын асуудалд хамтрах, АСЕМ-ын үеэр Монгол Улсын аюулгүй байдлыг хангах чиглэлээр туслалцаа үзүүлэх талаар Л.Пүрэвсүрэн сайдтай санал солилцсон. Айлчлалын хүрээнд хоёр улсын Гадаад хэргийн сайд нар Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зоригт 2016-04-17 15:55:52
    Хурцын тасгийнхан долоо хоногоо арай чүү давжээдээ. Оллоо сайтынхан жиргэнндээ дандаа Зоригт сайдын жиргээг тавихаа болилдоо, бусдынхыг нь уншмаар байнаштэ