Хариуцлагын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр /2016-04-15/-ийн үдээс өмнөх хуралдааны эхэнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар тавьж, Төсвийн Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулав.

Гадаад улсын төрийн болон төрийн бус байгууллагаас Монгол Улсын эмнэлэг, их, дээд сургуулиудад хандив, тусламжаар шаардлагатай техник, тоног төхөөрөмж, бараа материалуудыг өгдөг боловч тэдгээр нь  татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдаж чаддаггүй байна. 

 Энэ хуулийн төсөл батлагдсанаар төсвийн байгууллагуудын зардлыг хэмнэх, татварын зарим зардлыг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэх шаардлагагүй болох бөгөөд эмнэлгийн, бүх шатны боловсролын, соёлын, биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллагууд хандив, тусламжаа хугацаанд нь авах боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзсэн байна.
 

Дээрх илтгэл болон санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа илэрхийлэхдээ, тухайлбал, гадаадын төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас гадна гадаадын хувийн их, дээд сургууль,  хүмүүнлэгийн байгууллагын хандив, тусламжийг энэ хуулийн үйлчлэлд хамруулах, татвараас хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг алагчлалгүйгээр, хавтгайруулахгүйгээр бодлогоор нэг мөр шийдвэрлэх, гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг салбар салбараар тусад нь бус нэгтгэж иж бүрнээр, багцаар нь  хэлэлцэх зэрэг санал хэлж байв.

Гишүүдийн 83.3 хувь нь хэлэлцэхийг дэмжсэнээр энэ хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд  шилжүүллээ.

Чуулганы хуралдаан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Хуулийн төслөөр, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлжээ.

Уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтан гэдэг хэллэгийг хуулинд оруулах нь зохимжгүй, хуулийн төслийн агуулгыг дэмжиж байгаа боловч томилогддог албан тушаалтны хариуцлагын асуудлыг төрийн албаны хуулиар, сонгогддог буюу улс төрийн албан тушаалтны хариуцлагын асуудлыг тухайлсан хуулиар нь зохицуулах нь зүйтэй тул хууль санаачлагч төслөө дахин боловсруулж оруулж ирэх, мөн төрийн албан тушаалтанд хариуцлага тооцоход импичмент чухал гэдгийг анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд хариуцлагын тогтолцоог сайжруулах нь зүйтэй, гэхдээ асуудлыг өргөн хүрээгээр авч үзэх шаардлагатай бөгөөд ийм байдлаар хуулийг баталвал төрийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй тул хууль санаачлагч төслөө татан авч дахин боловсруулах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан төрийн дээд албандаа ч биш бүх шатанд хариуцлагын асуудал чухал болсон өнөө үед хуулийн төслийг дэмжиж байгаа, хариуцлага тооцох хуультай болсноор төр тогтворгүй болохгүй, энэ хуулийн төслийг Төрийн албаны тухай болон Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдуулах, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хариуцлагыг хэн, хаана, хэрхэн хүлээх гэсэн зарчмыг баримтлан хуулийн төслийг боловсронгуй болгох хэрэгтэй, Үндсэн хуулийн цэц, Авлигатай тэмцэх газар, Улсын дээд шүүх, Монголбанкны ерөнхийлөгч гэх зэрэг томилогддог албан тушаалтанд хариуцлага тооцох тогтолцоог тодорхой болгох хэрэгтэй, төрийн албан хаагчийн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгож, нарийвчлан зааж өгөх, хэлэлцэх эсэхийг дэмжээд ажлын томоохон хэсэг гаргаж өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэх замаар асуудлыг шийдвэрлэх, хариуцлагын импичментийн тогтолцоог хэрэглэх талаар саналаа хэлсэн болно. Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг хариуцлагын тогтолцоог сайжруулах нь зүйтэй гэхдээ тойргоор болон намын жагсаалтаар сонгогдсон Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах нь төрийн тогтворгүй байдал үүсгэж болзошгүй талаар тус тус саналаа илэрхийлсэн байна. Энэ тухай Улсын Их Хурлын гишүүн А.Бакей чуулганд танилцуулаад Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг  чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжээгүй болохыг илтгэлээ.
 

Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтантай хэн хариуцлага тооцох, хариуцлага тооцох үндэслэл нь юу байх, үүнийг улс төрийн зорилгоор буруу, урвуулан ашиглах эрсдэлийг хэрхэн тооцсон, олон улсын туршлага, судалгаанд үндэслэсэн эсэх, хэрэгжих боломж, цаг үе нь мөн үгүйг, хариуцлагын төрөл, хэлбэр түүний дотор улс төрийн, ёс зүйн хариуцлага гэхийг хэрхэн ойлгох, хариуцлагын босгыг яагаад янз бүрээр тогтоосон  зэрэгтэй холбоотой асуултыг  гишүүд тавьж, хууль санаачлагчийн төлөөллөөс хариулт авав.

 Мөн Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотой саналаа илэрхийлэхдээ, бүх шатанд  түүний дотор төрийн өндөр түвшинд хариуцлага төлөвшүүлэхийг ард түмэн хүсэж байгаа бөгөөд хариуцлагыг төлөвшүүлэхгүйгээр ардчилал төлөвшихгүй гэдгийг тэмдэглэхийн сацуу сайн төр, парламентын сайн засаглалыг бий болгох үйл явцыг хурдасгахад энэ хуулийн төслийн зорилго оршиж байгааг гишүүд  онцоллоо.
 

 Хариуцлага тооцох асуудлыг Төрийн албаны, Улс төрийн намын  тухай, Эрүүгийн хуультай болон Үндсэн хуулийн өөрчлөлттэй, улс төрийн систем, төрийн тогтолцоотой уялдуулж цогцоор, иж бүрнээр нь оруулж ирүүлэх, хариуцлага тооцож болохгүй хаалтуудыг арилгах, хариуцлага тооцох хязгаарыг тогтоож өгөх, хариуцлагын асуудлыг юуны өмнө төрийн хуулийг хэрэгжүүлэхгүй байгаатай холбож үзэх, сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтны хуулиар хүлээсэн үүрэг, ажлыг дүгнэх  шалгуур, тогтолцоог тодорхой болгох, төрийн дархлааг  хамгаалсан заалтыг, хөндлөнгийн мониторинг хийх аргачлалыг хуулийн төсөлд тусгах зэрэг талаар  гишүүд саналаа илэрхийллээ.

Хэлэлцэж буй асуудлаар хууль санаачлагч Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж байр сууриа илэрхийлж товч үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ, хариуцлагын тогтолцоотой болох талаар их ярьсан. Бид яриад байсан, хариуцлагаасаа болгоомжлоод байдаг байсан. Үүнээс болж нийгэмдээ хариуцлагын тогтолцоог оруулж ирж чадаагүй. Шинэ хууль, шинэ харилцаа учраас Ерөнхийлөгчийн хувьд энэ бүхнийг нэгтгэж, бүрэн гүйцэд,  иж бүрэн томьёолно гэдэг хэцүү байлаа. Хамгийн гол нь  хариуцлагын хуультай болох ажлыг эхлэх ёстой гэж үзсэн тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч дурдаад төр хариуцлагатай  байх юм бол засаглах ёс зүйн эрхтэй болно. Бусдаас  хариуцлага шаардах ёс зүйн эрхтэй болно. Ардчилсан нийгэм бол эрх, үүрэг, хариуцлагын зохистой нэгдэл юм. Хуулийн хэм хэмжээгээр хариуцлага тооцдог болох нь чухал юм гэдгийг  тэрээр онцлон хэллээ.

Энэ хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй гэсэн Байнгын хорооны саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх / 51 гишүүн буюу 87.9 хувь/ дэмжээгүй тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын Байнгын хороонд шилжүүллээ. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.