БНЭУ-ын парламентын Доод танхимын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан 2016 оны 04 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Улаанбаатар хотноо 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын зарим арга хэмжээнд оролцоно.
 

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Мөн хатагтай Сумитра Махажанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бараалхах юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан нар Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийнхэнд товч ярилцлага өгнө. Түүнчлэн Парламентын дарга нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас Хавдар судлалын үндэсний төвд хандивласан зайн туяа эмчилгээний “Bhabhatron II” аппарат, туяа эмчилгээний төлөвлөлтийн симулятор аппаратыг ашиглалтад хүлээлгэн өгөх нээлтийн ёслолд оролцоно.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ануул Мишра нар Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим (Лок Сабха)-ын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурах юм.

Хатагтай спикер Сумитра Махажан тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Энэтхэг Улсын парламентын Дээд танхим /Ражяа Сабха/, Доод танхим /Лок Сабха/-ын зарим гишүүд, парламентын Доод танхим /Лок Сабха/-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, албаны бусад хүмүүс орсон байна.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.