“Богд Ар”-ынхан 15 жил сургууль цэцэрлэгийн асуудлаа шийдээгүй  байна
Нийслэлийн БГД-ийн нэгдүгээр хороонд байрлалтай “Богд Ар” хороолол ашиглалтад ороод 10 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа. Гэвч тус хорооллыг барьж байгуулсан “Богда Холдинг” компанийнхан өдийг хүртэл сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэж өгөөгүй байна. Анх   захиалга авахдаа сургууль цэцэрлэг барьж байгуулах 3515 м2 газрыг зураг  төсөлдөө  суулгаж өгсөн байж. Ингээд хороолол ашиглалтад орохтой зэрэгцэн сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэж, хүн амьдрах таатай орчныг бий болгоно хэмээн амлаж байжээ. Гэвч 15 жил өнгөрчихөөд байхад уг асуудлаа шийдээгүй, оршин суугчдыг хохироосон байна. Тус хорооллын ойр орчимд сургууль, цэцэрлэг байдаггүй  байна.  Тус хорооллын анхны ерөнхий төлөвлөгөөгөөр 1088 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 250 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн байр, ногоон байгууламж тохижилт, автомашины зогсоол зэргийн хамт 2000 онд зураг төсөл батлагдсан байна.

Гэвч 2008 оноос эхлэн зураг төслөө илтэд өөрчлөн өнөөх сургууль цэцэрлэг байгуулах газартаа барилга барьж эхэлжээ. Тодруулбал сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, тохижилтыг үндсэндээ орхигдуулан, нийтийн эзэмшлийн зам талбайг хамруулан орон сууцны барилга барьж, айл өрхийн тоог хоёр дахин нэмэгдүүлж 1500 гаруй болгосон байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас оршин суугчдын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан тус хорооллын анхны ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдах байсан сургууль цэцэрлэгийн зураг төслийг эргэн харж, тус хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 930 хүүхдийн сургууль, 160 хүүхдийн цэцэрлэг, сургалтын төв, ногоон байгууламж, тохижилтыг 2008 онд дахин баталсан байна.

Гэвч “Богда Холдинг” ХХК-иас 2011 онд 18,19-р барилгын зураг төслийг боловсруулж үүнийгээ НЕТГ-ын дарга асан н.Хүрэлбаатартай хамтран ашиг сонирхлын зөрчлөөр уг хууль бус зураг төслийг батлуулж, сургууль цэцэрлэг, сургалтын төв, ногоон байгууламж, тохижилтын зураг төслийг хууль бусаар хүчингүй болгожээ.

Тухайн үеийн Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2013 онд “Богда Холдинг” ХХК-тай мөн адил ашиг сонирхлын сургууль цэцэрлэгийн зориулалттай 3515 m2 газрын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг өөрчлөн орон сууцны зориулалтаар төлөвлөж иргэд оршин суугчдаас санал асуулга авалгүй Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын хурлаар оруулан баталгаажуулсан байна.
 
Иймээс оршин суугчид эрхээ хамгаалахаар ийн нэгдэж, мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр тэд “Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч та хятадын 100% хөрөнгө оруулалттай компанийн эрх ашигт нийцүүлэн 2011, 2013 оны хууль бус үйлдлийг дэмжиж тус хорооллын сургууль, цэцэрлэг,сургалтын төв, ногоон байгууламж тохижилтын зориулалттайгаар байсан газрын захирамжийг хүчингүй болгож, оронд нь 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжаар орон сууцны зориулалтаар газрын захирамж гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг захирамжаа эргүүлэн татаж, хүчингүй болгохыг шаардаж байна” гэлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.