Н.Гансүх: Монгол улсад бүртгэлгүй 82 нэрийн 4098 ширхэг эм зарагдаж байна
 “Эмийн зохистой хэрэглээ” аяны хүрээнд Монгол Улсад үйлдвэрлэж байгаа эмийн чанар, улсын буртгэлд бүртгэгдээгуй болон хугацаа нь дууссан эмэнд хийсэн хяналт шалгалтын дүнг өчигдөр МХЕГ-аас танилцуулсан. Энэ үеэр Боловсрол соёлын хяналтын газрын дарга Н.Гансүхээс зарим зүйлийг тодрууллаа.
 

-Судалгааныхаа талаар товч мэдээлэл өгөхгүй юу. Нийт хэдэн эмийн үйлдвэрт шалгалт хийсэн бэ?
 
-Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан иргэдийг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эмээр хангах, эмчийн зааврын дагуу эм хэрэглэх, эмчийн жор бичилт, эмийг жороор олгох байдлыг төлөвшүүлэх зорилгоор “Эмийн зохистой хэрэглээ” сарын аяныг зохион байгуулсан. Энэхүү сарын аяныг МХЕГ- ын даргын баталсан зургаан бүлэгт хамаарах 24 ажил бүхий нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд энэ оны гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл улсын хэмжээнд зохион байгуулсан юм. Сарын аяны хүрээнд хяналт шинжилгээ, тандалт судалгаа, урьдчилсан сэргийлэх хяналт, шалгалтын бүхий л төрлөөр эмийн чанар, аюулгүй байдлыг хангуулах ажлыг зохион байгуулсан. Монгол Улсын хэмжээнд нийт 35 эмийн үйлдвэр байдаг. Шалгалтад 20 эмийн үйлдвэр хамрагдсан.
 
-Ер нь манай улсад хичнээн нэр төрлийн эм худалдаалагдаж байна вэ. Эмийн чанар хэр байна вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын эмийн бүртгэлд 4000 орчим эм бүртгэгдсэн байдаг. Үүнээс нянгийн эсрэг үйлчилгээтэй эм буюу антибиотик 597 байна.Тухайлбал, нянгийн эсрэг үйлчилгээтэй эмүүдээс Амоксициллин 95, Ципрофлоксацин 52, Ампициллин 40 зэрэг нэр төрөл байсан. Ер нь антибиотикийн идэвхи тодорхойлох шинжилгээнд нийт 35 улсын 82 нэр төрлийн эмээс дээж авч, СХЕГ-ын ХАБҮЛЛ-ийн эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторид шинжилсэн. Шинжилгээнд хамрагдсан эмүүд фармакопейн шаардлага хангаж байгаа боловч үйлдвэрлэгчдийн эмийн идэвх нь зөвшөөрөгдсөн интервалийн хүрээнд харилцан адилгүй байсан.
 
-Дотоодын эмийн үйлдвэрүүдийн эмэнд хяналт, шалгалт хийсэн гэсэн. Тухайлбал, ямар эм чанарын шаардлага хангахгүй байна вэ?
 
-Энэ оны гуравдугаар сарын байдааар үйл ажиллагаа явуулж байсан 15 үйлдвэрийг төлөвлөгөөт хяналт, шалгалт, шинжилгээнд хамруулан зах зээлд худалдаалагдаж байсан 20 нэрийн эмнээс дээж авч ХАБҮЛЛ-ийн эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторид пшнжлүүлэхэд 15 хувь нь чанарын шаардлага хангаагүй. Тиймээс бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татаж, хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажилласан. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгахын тулд есөн байгууллагад нийт 94 төрлийн заалт бүхий албан шаардлагаар даалгавар өгсөн. 2014 онд хийсэн шалгалтаар 27 эмийн үйлдвэрийн 1176 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний 28 хувь буюу 329 нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байсан бол 2016 оны эхний гурван сарын байдлаар 76 хувь буюу 893 нэрийн эм улсын бүртгэлд бүртгэгдсэн. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 48 хувиар өссөн үр дүнтэй байгаа юм. Гэвч нийт эмийн 24 хувь нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй ноцтой зөрчил илэрсэн.
 
-Эмийн сангуудад хугацаа нь дууссан хичнээн эм зарагдаж байна вэ. Энэ талаар судалсан гэсэн. Судалгааныхаа дүнгээс танилцуулахгүй юу?
 
Хуурамч, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, лабораторийн шинжилгээний үзүүлэлтээс бусад үзүүлэлтээр чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлэх, эрт сэрэмжлүүлэх арга хэмжээ авах зорилгоор урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг ЭЦГ-тай хамтран улсын хэмжээнд ажлын таван өдөрт багтаан хийж гүйцэтгэсэн. Урьдчилан сэргийлэх хяналтад нийт 194 эмийн сан, 50 эм ханган нийлүүлэх байгууллага, 40 эмнэлэг, худалдааны төвийг хамрууллаа. Хяналтаар хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 198 нэрийн 1030 ширхэг, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 82 нэрийн 4098 ширхэг, хаяг шошгын зөрчилтэй 160 нэрийн 5254 ширхэг эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлсэн. Энэ бол маш аюултай. Иргэдэд хаяг шошгын зөрчилтэй, хаана үйлдвэрлэгдсэн нь мэдэгдэхгүй тийм л эм очиж байна гэсэн үг.
 
-Эмийн сангаас хүмүүс хүссэн үедээ эм авч уудаг. Эмчийн жороор эм олгох гэсэн асуудал байдаггүй. Энэ асуудалд ямар үр дүн гарсан бэ?
 
-Эм дотроо эмчийн жороор олгох, эмчийн жоргүй олгох гэсэн хоёр янз байдаг. Тэгэхээр эмийн сангуудын 65 хувь нь жороор олгох эмийг жоргүйгээр олгож байна. Эмийн санд хүлээн авсан жорын 92 хувь нь “Эмийн жорын маягт, жор бичилт MNS 5376:2014 стандарт-ын шаардлага хангаагүй байна. Харин найман хувь нь стандартын шаардлага хангаж байгаа бөгөөд энэ нь эрүүл мэндийн даатгалаар авдаг эмийн болон мансууруулах, сэтгэц нөлөөт эмийн жорууд байна. Эмийн санд хүлээн авсан стандартын шаардлага хангаагүй 15210 эмийн жоронд судалгаа хийхэд 60 хувь нь эмийн хэрэглэх аргыг бүрэн бичээгүй, 46 хувь нь эмийн тун буруу бичсэн, 48 хувь нь стандартын бус маягт, өвчтөний карт болон цаасан дээр эмийн жор бичсэн зэрэг зөрчил илэрсэн.
 
Монголын мэдээ
Н.Батзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МОНГОЛ ЭМНЭЛЭГ ДАМПУУРВАЛ ТААРНА 2016-04-16 01:37:54
    ЭМЧ НЭРТЭЙ ЯРВАЙСАН НОМНЫ ГОЛЫГ ГУЙЖ БАЙХААР ӨӨРСДӨӨ ОЙР ЗУУРЫН ЭМЭЭ АВЧ УУССАН ЗӨВ.
  • х 2016-04-15 04:52:32
    эм гэдэг талх биш талх ч гэсэн хугацаа нь дуусахаад хөгцөрдөг,