Пак Гын Хе
Өмнөд Солонгос улсад парламентийн сонгууль болж өндөрлөлөө. Сонгуулийн санал тооллого албан ёсоор дуусаагүй байгаа ч, шинэ парламентын төлөв байдал хэдийнэ тодорхой болов. Учир нь Ерөнхийлөгч Пак Гын Хегийн тэргүүлдэг Сэнүри нам парламентад олонхийн суудлаа алдаж, тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч “доголон нугас” болж үлдлээ. Парламентын бүх нийтийн сонгууль тус улсад энэ сарын 13-ны өдөр явагдсан юм. Энэ сонгуульд Сэнүри нам ялагдаж, 16 жилийн дараа анх удаа парламентын олонхийн суудлаа алдав. Ёнхап агентлагын мэдээлснээр санал тооллогын ажиллагаа 90 хувьтай байхад, Пак Гын Хегийн Сэнүри нам парламентын 300 суудлын 124 суудлыг нь авсан байжээ. Гэвч эцсийн дүнд парламентын суудлын 60 хувьд ялалт байгуулж чадаагүй юм.
 
Сэнүри намын хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Сэнүри нам сонгуулийн үр дүн болон сонгогчдынхоо сонголтыг дээдлэх болно. Ард түмэн бидэнд итгэл алдарсан байна. Тэдний сэтгэлийг уншиж чадаагүйгээсээ болоод бид ялагдал хүлээлээ” гэжээ.
 
Харин хамгийн том сөрөг хүчин Минжу нам 121 суудал авсан бол тус намаас өрх тусгаарласан “Үндэсний нам” 39 суудал авсан бол Шударга ёс нам зургаан суудал авсан байна. Энэ мэтээр сөрөг хүчний гурван нам нийлээд, Үндэсний ассамблейн олонхи буюу нийт 165 суудлыг авснаар Сэнүри нам 16 жилийн түүхэнд анх удаагаа олонх болж чадсангүй. “Сэнүри” нам урьд нь парламентад 146 суудалтай байсан юм. Харин одоо сөрөг хүчин парламентад олонх болсон нь эрх баригч намын дэмжлэгийг хулээж байсан тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн хувьд хүндрэлтэй асуудал үүсгэж болзошгүй юм. Нам дэмжигчдээ ийнхүү алдсаныг ажиглагчид янз бүрээр тайлбарлаж байна. Тухайлбал, Өмнөд Солонгос улсын эдийн засгийн хямралтай холбоотойгоор сонгогчид одоогийн төр засагтаа итгэх итгэл нь буурсан гэж зарим улстөрч судааачид үзэж байгаа юм.
 
Энэ удаагийн Үндэсний ассамблейн сонгуулийн дүн ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд ч гэсэн тодорхой нөлөөллийг үзүүлж магадгүй. Ингэж тооцвол дараа жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд Сэнүри намаа төлөөлөх Пак Гын Хе дахин сонгогдох нь эргэлзээтэй байгааг эх сурвалж онцолж байна. Улс орных нь эдийн засаг хямарч, ажилгүйдэл ялангуяа залуучуудын дунд нэмэгдэж, экспорт буурч, өрхийн өрийн хэмжээ нэмэгдсэн зэргээс шалтгаалан Пакын засаглалыг эсэргүүцэгчид сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай болжээ. Өрхийн өрийн хэмжээ эрс нэмэгдэж, ажилгүйчүүдийн тоо сүүлий жилд байгаагүйгээр өссөн байх юм.
 
“Би Би Си” агентлагийн сэтгүүлчийн бичсэнээр эдийн засгийн асуудал л энэ удаагийн сонгуулийн дүнд хүчтэй нөлөө үзүүлсэн байна. Харин Хойд Солонгостой холбоотой асуудалд сонгогчид төдийлөн ач холбогдол өгөөгүй гэнэ. Сонгуулийн үеэр намууд парламентын 300 суудлын 253-д нь өрсөлдөх бол үлдсэн 47 суудал нь намуудын нийт авсан саналын тоонд үндэслэгдэн пропорциональ байдлаар хуваагдах юм байна. Сонгуулийн ирц 58 хувьтай байсан бөгөөд энэ нь 2012 оныхоос 3.8 хувиар өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн 14 мянган санал хураах байр ажиллажээ.
 
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.