Гөлгөр хавтан л биш шүү, замынхаан
Урин дулааны улирал ирж, зам барилгын ажил нийслэлийн ойр орчимд хэдийнэ өрнөөд эхэлжээ. Яг энэ цаг мөчид замын компаниудад ганц захиасыг дайх гэсэн юм. Жилдээ дөрвөн улирал ээлжлэн солигдож, өнгөө дөрвөнтөө өөрчлөх манай оронд сүүлийн жилүүдэд зам, барилгын бүтээн байгууллалтын ажил эрчимтэй өрнөж, янз бүрийн өнгө, хэлбэртэй байшин барилга сүндэрлэж, зам, талбай ч өөр өөрийн өвөрмөц өнгө хийцтэй болж байна. Энэ нь мэдээж сайн хэрэг. Гэхдээ манай орны цаг уурын нөхцөлд нийцэхгүй гөлгөр гадаргуутай хавтангаар байгууллагуудын гаднах шат, талбай, гудамж, явган хүний замыг хийх болжээ. Нэгэн хэвийн дулаан уур амьсгалтай бус, нэг үе цас орж, нөгөө үед нь дулаарч салхилах дөрвөн араншинтай Монгол оронд энэ хавтан яагаад ч тохирохгүй.
 
Үүнийг бид мэдсээр, харсаар, баталсаар байгаа ч, гудамж талбайгаа дахин дахин хучсаар л байна. Магадгүй замын ажлыг урин дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн хийдэг болохоор дахин хахир өвөл эргэн ирж, цас орно гэдгийг түр мартагнаж, хямд үнэ, өнгө үзэмжийг нь бодон уг хавтанг сонгодог ч байжболох юм. Тиймээс ч энэ удаа явган хүний зам, талбайд гөлгөр гадаргуутай хавтанг битгий ашиглаарай гэж зориуд захихыг хүслээ. Нийслэлийн арслантай гүүрний ойр орчмын хэсэг болон бидний нэрлэж заншсанаар Чингэлтэй дүүргийн шүүхийн буудал буюу Самбуугийн гудамж дагуух явган хүний замыг гөлгөр хавтангаар хийсэн байдаг юм билээ. Байгууллага, худалдааны төвүүдийн гаднах зам талбайд ч ийм хавтан тавьсныг харж л байсан. Гэвч ийм зам талбай цас ормогц мөсөн гулгуур болж, явган зорчигчид “уран гулгагчид” болж хувирдаг нь нууц биш.
 
Ер нь ийм хавтан хэрэглэдэг болсноос хойш унаж бэртсэн, хөл, гараа гэмтээсэн иргэдийн тоо хэд дахин нэмэгдсэнийг Гэмтлийн эмнэлгийн дүн бүртгэл бэлхнээ харуулна. Өвөлдөө оргил ачаалал авч ажиллах Гэмтлийн эмнэлэгт хальтирч унан, хөл гараа гэмтээсэн хүмүүс өдөртөө хэдэн зуугаараа тоологдож байгааг ч хэвлэлийнхэн цаг алдалгүй мэдээлсээр, дамжуулсаар байдаг. Хамгийн харамсалтай нь хальтирч унаж, гэмтсэн хүмүүсийн ихэнх нь өндөр настай хөгшчүүл, бага насны хүүхдүүд байдаг юм билээ. Залуучууд ч гэсэн хальтирч унаж л байгаа.
 
Гэсэн ч “өөрөө ойчсон хүн уйлалтай биш” гээд л гутлынхаа уланд бурууг өгч, тоолгүй алхах үе бидэнд бий. Хатуухан хэлэхэд, нийслэлдявган хүний зам, талбайн хавтанг тавихдаа иргэд хүний аюулгүй байдлыг огт бодолцож үзэлгүйгээр өмнөд хөршөөсөө хямдхан хуванцар хэв оруулж ирээд гөлгөр гадаргуутай хавтан цутгах эсвэл шууд импортолдог жишиг нэгэнт тогтчихжээ. Хотын менежер өмнө нь явган хүний зам, талбайн хавтангийн стандартыг гаргаж байсан удаатай. Ингэснээр тендерт шалгарсан компаниуд өндөр даралтан дор зөвхөн тэр стандартаар хийсэн хавтан нийлүүлэхээр болж байсан. Гэвч сүүлийн үед уг стандартын дагуу хавтан үйлдвэрлэх байгууллагууд хуруу дарам цөөн болсон байна. Удахгүй наадмын бэлтгэл ажил хийгдэнэ. Төрөөс санхүүжилттэй уг бэлтгэл ажлын дагуу зам, гудамж талбайд засвар шинэчлэлт хийгдэх л байх. Харин өнөөх гөлгөр хавтангаа битгий тавиарай. Өнгөө дөрөв өөрчилж, араншингаа дөрвөнтөө харуулах уур амьсгалтай манай оронд өвөл болдогоороо болж, цас ордогоороо орно шүү дээ.
 
Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Стандарт 2016-04-17 13:36:32
    Стандартыг нь гаргаад мөрдөөчээ
  • Зочин 2016-04-15 08:42:50
    улсын баатар даргатай улаанбаатар хотынхон гудамжиндаа хальтирч ойчоод үхвэл хохино болно гэнэ шүү, хүн алсан, сансарт ниссэн хүнд л улсын баатар өгдөг байсан
  •  2016-04-15 06:35:02
    нээх тэнэг жорлонгийн пялтаа шиг юмаар явган хүний зам тавьдаг, үнэн дүүфф