Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалт болно
Монгол Улсын Их Хурал Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтын үндсэн арга хэмжээг ирэх долоо хоног буюу 2016 оны 04 дүгээр сарын 21-22-нд Төрийн ордонд зохион байгуулна.

Энэхүү уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр уулзалтын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаарх ээлжит хуралдааныг зохион байгууллаа.

Хуралдааны эхэнд тус уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар зохион байгуулалтын бэлтгэл ажлын байдлын талаар Ажлын хэсгийн гишүүн бүрээс мэдээлэл сонсч, Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг зохион байгуулж буй байгууллагууд хамтын ажиллагаандаа нягт холбоотой ажиллахыг анхааруулав.

Түүнчлэн, өнөөдрийн байдлаар 32 улс болон Европын парламентаас нийт 150 гаруй төлөөлөгч бүртгүүлснээс Энэтхэг, Итали, Тайланд, Пакистаны парламентын дарга нар мөн Австрали, Итали, Индонези, Финланд, Унгар, Польш, Вьетнам, Испаниас 11 дэд дарга нар оролцохоор мэдэгдээд байна гэж танилцуулсан юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж буй УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Төрийн ёслолын алба, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон холбогдох бусад газрын албаны хүмүүс мэдээлэл, зөвлөмж солилцсоноор өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм.

Хуралдааны төгсгөлд Ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг ирэх Даваа гарагт /2016.04.18/ Ажлын хэсгийн сүүлийн хуралдааныг товлов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.