“Панамын баримтууд”-ын талаарх багц мэдээлэл

Дэлхийн хамгийн том хээл хахуулийн шуугиан

“Файрфакс медиа”, “Хафингтон пост”.  Дэлхийн томоохон нэр хүнд бүхий компаниудын жагсаалтаас Манакогийн “Унаойл” гэх компанийг хайвал олохгүй. Гэтэл сүүлийн хорин жилийн турш энэхүү гэр бүлийн компани дэлхийн аж үйлдвэрийн “Самсунг”, “Ролс ройс”, “Халибартон”, “Лейтон холдинг” зэрэг томоохон компаниудын өмнөөс газрын тосны салбарт хэдэн саяар тоологдох хээл хахууль өгч байсныг илчилсэн байна. 

“Файрфакс медиа” болон “Хафингтон пост”-оос зургаан сарын турш үргэлжилсэн эрэн сурвалжлах ажиллагааны дүнд төрийн худалдан авах ажиллагаанд тэрбум тэрбумаар хэмжигдэх хээл хахууль өгч байсан талаарх мэдээ, материалыг олсон байна. Уг материалууд 2002-2012 онд Асанигийн гэр бүлийн Унаойл компани өрнөдийн компаниудыг тендерт ялуулах зорилгоор хээл хахууль өгч байжээ. Эдгээр материалууд Иракийн хоёр сайд, Сирийн дарангуйлагч Башар ал-Асад, Ливи Улсын Каддафигийн дэглэмийн үеийн томоохон албан тушаалтнууд, Ираны газрын тосны салбарынхан, Арабын Нэгдсэн Улс болон Кувейтын томоохон албан тушаалтнуудтай холбоотой аж. 

Эх сурвалж

Панамын баримтууд: Хэвлэл, мэдээллийн түүхэн дэх хамгийн том нууц мэдээллийг дэлгэсэн нь

Дэлхийн дахины хэвлэл, мэдээллийн хэрэгсэл. Орчин үеийн эрэн сурвалжлах түүхэнд хамгийн томоохон мэдээллийг ил болгох явдал 4 дүгээр сарын 3-ны өдөр “Панамын баримтууд” (Panama papers) нэртэйгээр дэлхий нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр цацагдав. Дэлхийн нэр бүхий хүмүүстэй холбоотой оффшор данснуудын талаарх мэдээлэл хэдэн зуун хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нэгэн зэрэг түгж байна. Эх сурвалж нь “Моссак Фонсека” буюу Панамд төвтэй оффшор бүртгэгч компани аж. Материал нь 2.6 терабайтын хэмжээтэй 11.5 сая файл агуулсан бөгөөд дэлхийн улсуудын өмнөх болон өнөө үеийн удирдагчид, томоохон албан тушаалтнууд, нэрд гарсан хүмүүс дурдагдаж буй юм. Эдгээр материалыг анх Германы “Зюддойче цайтунг” сонинд нэрээ нууцалсан эх сурвалжаас авсан байна. Улмаар тус сонин баримтуудыг Oлон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум болон Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигын судалгааны төвийнхөнд өгчээ. “Панамын баримтууд” нь:

  1. Моссак Фонсекагийн нууц мэдээлэл дэлгэсэн явдал нь хэвлэл, мэдээллийн түүхэнд томоохонд тооцогдоно.
  2. Баримтууд 11.5 сая файл болж байгаа ба 2.6 терабайтын хэмжээтэй юм.
  3. Баримтууд 1977 оноос 2015 оныг хамарч байна.
  4. Материалуудад 214.488 компани, траст, сангууд дурдагдаж буй аж.
  5. Баримтуудад 14.153 үйлчлүүлэгч нэрлэгдэж байна.
  6. Виржины арлууд, Панамаас эхлэн Сингапур, Мэн, Кипр, Ниуэ зэрэг 21 улс болон нутаг дэвсгэрийг хамарсан. 
  7. Баримтуудад 12 улсын тэргүүнүүдийг нэрлэсэн байна.
  8. Мөн өмнөх болон өнөөгийн 128 улс төрийн болон төрийн албан тушаалтныг дурдсан байна.
  9. Баримтуудад “Форбс” сэтгүүлийн 29 тэрбумтны нэрс багтжээ.
  10. Илчилсэн мэдээллүүд 202 улсыг хамарсан байна.
  11. Дэлхийн 400 гаруй сэтгүүлч оролцсон ажээ.
  12. Сэтгүүл зүйн эрэн сурвалжлах ажиллагаанд 76 орны 109 хэвлэл, мэдээллийн хэрэгсэл оролцсон байна.

Эх сурвалж

Путины нөхдүүд: Оросын удирдагчтай холбоотой мөнгөний сүлжээний нууц баримтууд 

Oлон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум. Банк болон далд компаниудыг ашиглан Путины хамсаатнууд 2 тэрбум ам.долларыг нууцаар шилжүүлснийг баримтуудаас харж болно. АНУ-ын тодорхойлсноор “Россия банк” нь Путины хувийн банк бөгөөд оффшор компаниудын сүлжээ бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Хэдэн зуун сая ам.доллар бүхий зээлийг эдгээр оффшор компаниудад 1 ам.доллараар үнэлэн заржээ. 

Владимир Путин болон Сергей Ролдугин нар залуу цагаасаа нөхөрлөсөн. Путин төрийн эрхэнд гарч Ерөнхийлөгч болсон ч сонгодог урлагийн хийлч, удирдаач Ролдугинтэй нөхөрлөсөөр байв. Тэрээр Ерөнхийлөгч Путины гэрт нэртэй зочдын өмнө хөгжим тоглон, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгч Путины догшин дүрийг зөөлруулж байлаа. Харин энэ томоохон бичиг баримтыг дэлгэснээр энэ хоёрын нөхөрлөлийн нөгөө тал ил гарах шиг болов. Путины хамсаатнуудын нууц сүлжээний цаана Ролдугин байсан нь ил боллоо. Хэдэн арван сая ам.доллар бүхий мөнгөн шилжүүлэг авч байсан оффшор компаниудын эзэн нь Ролдугин байсан нь баримтуудаас харагдана. Ролдугины нэг оффшор компани гэхэд Оросын томоохон ачааны тэрэг үйлдвэрлэгч компанийн хяналтыг авсан байхад нөгөө нь Оросын телевизийн зар сурталчилгааны салбарын томоохон хэсгийн хяналтын багцыг эзэмшдэг аж. Бизнесмэн биш хэмээн олны өмнө мэдэгдэж байсан Ролдугин эдгээр компанийн бодит ашиг хүртэгч бус байж болно. Харин Путины хамтрагчдын сүлжээ, магадгүй Путины өөрийнх нь итгэлт хүн байж болзошгүй юм гэсэн дүгнэлтийг баримтуудаас хийж болно. Москвад болсон тоглолтынх нь дараа Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум болон Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигын судалгааны төвийн сэтгүүлчид түүнтэй уулзахад оффшор компаниудын тухай нарийвчилсан асуултад хариулаагүй байна. Түүний эзэмшдэг оффшор компани санхүүгийн 100 гаруй сэжигтэй гүйлгээтэй холбоотой аж. Эдгээр гүйлгээг төрөл бүрээр нууцалсан байжээ. Цаасан дээр компаниудын хувьцааны өдөр хоногийг өөрчилсөн, хугацаа нөхөж олгосон, сэжиг бүхий санхүүгийн торгууль ногдуулсан, хэдэн сая долларын зээл эзэмших эрхийг нэг ам.доллараар шилжүүлсэн гэх мэт асуудал баримтаас харагдаж байна. Тухайлбал, энэхүү нууц сүлжээ Оросын Засгийн газрын эрх мэдлийн банкнаас хэдэн сая долларын хөнгөлөлттэй зээл авах хэлбэрээр баяжиж байжээ. 

Баримтуудыг Панамын “Моссак Фонсека” компани ил болгосон ба Ролдугины хэд хэдэн оффшор компани Панам, Виржиний арлууд болон бусад татварын “диваажин” орнуудад бүртгэлтэй байна. 

Хэдэн жилийн турш л Путиныг нууцаар баяжсан талаар яриа гарч байсан. Түүнийг оффшор компани, орд харш, усан онгоцтой гэх мэтээр хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байснаас гадна түүний ойр дотныхны баяжсаныг ч тэмдэглэсэн байдаг. Хэдий тийм ч Путины санхүүгийн асуудал тодорхойгүй хэвээр байна. 

Путины хамсаатнууд, нууц туслах, итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь баялгийг нууцлах, шилжүүлэхийн тулд ямар бүтэц бий болгосон нь хуулийн компанийн дэлгэсэн баримтуудаас харагдаж байна. Цахим захидал, харилцаа, банкны дансны хэлбэрүүд, хувьцааны арилжааны хугацаа, үнэ өртөг, гэрээний нөхцөл зэргийн талаар дэлгэрэнгүй бүртгэгдсэн байгаа аж. 

Ил болсон баримтуудаас харахад эдгээр хүмүүсийн эрх ашиг, нөхөрлөл Орос Улс задраагүй байх үеийн Ленинградаас үүсэлтэй нь харагдаж байна. Ролдугин нь Путины том охины загалмайлсан эцэг аж. Банкны захирал Юрий Ковальчук нь Путиныг хотын захиргааны албан хаагч байх үеийн найз. Харин Аркадий Ротенберг бол хүүхэд ахуйн найз нь. Тэрээр барилга, газрын тосны хоолойн шугам болон бусад төсөл хөтөлбөр, тендерээс тэрбумтан болсон нэгэн. Эдгээр нь Санкт-Петербургд төвтэй “Россия банк”-аар холбогдоно. АНУ тус банкыг Путины хувийн халаасных хэмээн онцлоод байгаа юм. 

“Россия банк” томоохон сүлжээ бий болгосныг баримтууд харуулж байна. Банкны ажилтнууд оффшор компани байгуулан Ролдугинд болон хамтрагчдад Кипр, Щвейцар Улсаар дамжуулан хөрөнгө шилжүүлдэг байжээ. Путин болон түүний хамтрагчид ашиг орлого хуваах энэхүү сүлжээний эдийн засгийн загварыг Санкт-Петербургт бий болгосон байна. 1990-ээд онд Путин болон “Россия банк”-ны эзэмшигчид хувь нийлүүлсэн компани үүсгэн байгуулжээ. Тус компани нь “Россия банк”-д данстай байсан бөгөөд хэн ч дансанд мөнгө хийж болдог авч болдог аж.

“Моссак Фонсека”-гийн баримтуудад өмнө нь тагнуул хийж байсан Оросын Ерөнхийлөгчийн нэр хаана ч дурдагддаггүй аж. Тэгэхдээ аудио бичлэг болон гэрчийн мэдүүлгээс Путины хамсаатнууд санхүүгийн үйл ажиллагаагаа хэлэлцэхдээ түүний нэрийг хэрэглэхгүйгээр хочлох юм уу, эсвэл тэнгэр руу хуруугаараа заадаг байсан аж. 

“Энэ бүхнийг Путин мэдээгүй юм уу, эсхүл түүний зөвшөөрөлгүй хийнэ гэж хэзээ ч байхгүй. Тэр юу хүссэнээ авдаг. ОХУ-ын Ерөнхийлөгчид бичгээр үйлдсэн гэрээ хэрэггүй. Тэр өөрөө хууль гэсэн үг” хэмээн Путин болон түүний дэглэмийн талаар америкийн улс төр судлаач Капен Давиша онцлов. 

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Oлон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум болон сэтгүүлчдээс асуултуудыг хүлээн аваад хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гарах гэж буй материалууд нь “дайралт”, “зохиомол” гэх зэргээр шүүмжлэлтэй хандсан хэмээн Оросын хэвлэлүүд мэдээлсэн. Тэрээр ирүүлсэн асуултуудын талаар “Оффшор компаниуд болон Ерөнхийлөгчийн уулзаж байгаагүй олон тооны бизнесмэнүүдийн талаарх асуултууд байна лээ. Бидэнд хамаагүй асуудалд олон дахин тайлбар өгөх, үгүйсгэх утгагүй” гэжээ. 

Ах, дүү Борис болон жудогийн дасгалжуулагч асан Аркадий Ротенберг нар нь Путины ачаар тэрбумтан болсон. Тэд Путинтай олон жилийн танил бөгөөд 1960-аад оноос хүүхэд байхдаа нөхөрлөсөн, улмаар бизнесийн хамтрагчид болжээ. Путиныг 2014 онд Украинд дайран ороход АНУ-ын Засгийн газар болон Европын холбооноос Аркадий Ротенбергт хориг тавьсан. АНУ-аас түүний дүүд хүртэл хориг тавиад байгаа. АНУ-ын Сангийн яам ах, дүү хоёрыг Путины засаглалын үед асар ихээр баяжсан гэж үздэг. Тухайлбал, Сочигийн олимпийн тоглолтыг бэлтгэх барилгын ажлын тендерээс гэхэд 7 тэрбум ам.доллар олсон гэж үзсэн. Хориг тавьсан албан бичигт шалтгааныг тайлбарлахдаа “ОХУ-ын томоохон албан тушаалтны тушаалаар, эсхүл ..нэрийн өмнөөс” хэмээн бичсэн байдаг. 

2013 онд Аркадий Ротенбергийн оффшор компаниудын нэг нь ОХУ болон Европын хооронд тавигдах байгалийн хий дамжуулах 40 тэрбум ам.долларын өртөг бүхий тендерт ялсан байдаг. Энэ үеэр Путины сүлжээний компаниудад гурван компаниас үлэмж хэмжээний мөнгө шилжин орж ирсэн байдаг. “Моссак Фонсека”-гийн баримтаар эдгээр гурван компани нь Аркадий Ротенбергийн эзэмшилд байдаг компаниуд аж. Эдгээр гурван компаниас 231 сая ам.доллар бүхий зээл “Россия банк”-ны ажилтны байгуулсан Виржиний арлуудад байрлалтай “Санбэрн” компанийн дансанд шилжсэн байна. Зээлийн эргэн төлөлтийн ямар нэгэн хуваарь байгаагүй. Аркадий Ротенберг энэ талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй юм. “Моссак Фонсека”-гийн баримтаар ах, дүү Ротенбергийн тохиолдолд Путин болон түүний хуучин найзуудын нууц хэлхээ, холбоо харагдавч Сергей Ролдугины хувьд түүний үүрэг бүдгэрч, ямар нэгэн улс төрийн хэлхээ, холбоо харагдахгүй байна. Тэгэхдээ энэ хоёр их ойрхон найзууд гэдэг нь эргэлзээгүй бөгөөд зарим хэвлэлд түүнийг Путины хамгийн сайн найз гэсэн байдаг. 

1980-аад оны эхээр Ролдугин танилцах үдэшлэг зохион байгуулахад нь Путин ирээдүйн эхнэр Людмилатайгаа танилцсан түүхтэй. Путин түүнийг анхны охин Мариягийнхаа загалмайлсан эцэг болгосон байна. Путин экс эхнэр, охины хамт Сергей Ролдугинтэй авахуулсан зургийг интернэтээс үзэж болно. “Моссак Фонсека” болон Щвейцарийн банкныхан тэр хоёрын холбоог хялбархан тогтоох боломжийг тоохгүй өнгөрөөсөн бололтой. Щвейцарийн банкны хуулиар дансан дахь мөнгийг зүй бусаар зарцуулахаас урьдчилан сэргийлж данс эзэмшигчийг ямар нэгэн улс төрийн нөлөө бүхий хүнтэй холбоо сүлбээтэйг тодруулах ёстой аж. “Моссак Фонсека”-гийн баримтад 2014 онд “Газпром” компани Щвейцарийн банкинд Ролдугины нэр дээр данс нээх хүсэлт бөглөсөн баримт олдсон аж. Хүсэлтэд “Улс төрийн нөлөө бүхий хүнтэй холбоотой юу?” гэсэн асуултад “Үгүй” хэмээн хариулжээ. Банк хүсэлтийг хуулийн дагуу шалгах үүрэгтэй, Ролдугин төрийн тэргүүн буюу улс төрийн нөлөө бүхий хүнтэй холбоотой хэмээн Щвейцарийн Хууль зүйн яамны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга асан Марк Пиет тэмдэглэсэн байна. “Газпром” энэ талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. 

Ролдугин Путинтэй нөхөрлөсөн нь түүнийг “Россия банк”-ны хувь нийлүүлэгчдийн клубт элсүүлсэн юм. Ролдугин тус банкны 3 хувийг эзэмшдэг хэмээн 2010 онд Оросын хэвлэлийнхэн зарлаж байсан байна. Тэрээр “Нью-Йорк таймс” сонинд 2014 онд өгсөн ярилцлагадаа “хэдэн жилийн өмнө” мөнгө хэрэгтэй болоод өөрийн хувиа авах гэрээ, хэлцэл хийсэн гэсэн байна. Гэтэл тэр хувийг хэрхсэн талаар тодорхой дурдаагүй. Хувь эзэмшигчид хэрхэн хамтран ажилладгийг “Россия банк”-ны түүх харуулж буй аж.

“Россия банк”-ны томоохон хувийг тухайн үеийн Коммунист нам эзэмшиж байсан бөгөөд Юрий Ковальчук, Путин нар 1991 онд анхаарлаа хандуулсан аж. Тухайн үед Путин хотын захирагчийн орлогч байсан бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хариуцаж байжээ. Зөвлөлт Холбоот Улс 1991 оны 12 дугаар сард задарснаар Ковальчук болон бусдын байгуулсан хамтарсан аж ахуйн нэгжид банк эзэмших эрхийг шилжүүлэх баримтад Путин гарын үсэг зурсан хэмээн “Путины дур зоргоор аашлах явдал буюу Орос орныг хэн эзэмшдэг вэ?” номын зохиолч, улс төр судлаач Капен Давиша үздэг. Тэрээр Путины үүрэг бол хууль бус зүйлийг хууль ёсных мэт болгох явдал гэсэн. Ковальчук шинэ “Россия банк”-ны хяналтын багцыг эзэмшихээс гадна захирлуудын зөвлөлийн дарга болсон юм. АНУ-ын Засгийн газар 2014 онд түүнд хориг тавихдаа Путины кассчин гэжээ.

1990-ээд оны дундуур Ковальчук болон тус банкны зарим хувьцаа эзэмшигчид хотоос хэдхэн цаг явах газар буюу Комсомольское нуурын эрэг хавьд зуслангийн байшингууд авчээ. Путинд тэнд үл хөдлөх хөрөнгө авах мөнгө олдсон байгаа юм. Найман айл нийлэн хоршоо байгуулсан ба “Озеро” гэж нэрлэдэг байна. “Озеро” хоршооны зарчмуудыг “Россия банк” үргэлжлүүлсэн ба тэдгээрийн оролцогчид арав гаруй жил дагасаар байгааг “Моссак Фонсека”-гийн баримтуудаас үзэж болно. 

“Озеро” хоршооноос цаг орчим явах газар “Игора” цанын бааз байдаг. Орон нутгийн хэвлэл, мэдээллийнхний мэдээлж байгаагаар Путины цанаар гулгах дуртай газар аж. “Россия банк” цанын баазыг шинэчлэн засварлах зардлыг санхүүжүүлсэн ба 2013 оны 2 дугаар сард Путины бага охин Екатерина Тихоновагийн хурим тус газар маш нууц хэмжээнд болсон хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлсэн. Тихонова нь Николай Шамаловын хүү Кирил Шамаловтой гэрлэсэн ба Николай Шамалов нь “Озеро” хоршоо болон “Россия банк” ны хувь эзэмшигч юм. Гэрлэснээс хойш жил хагасын дотор дөнгөж хорь гаруйхан настай Кирил Шамалов Газпромоос 1.3 тэрбум ам.доллар зээлж чадсан ба энэ мөнгөөрөө “Сибур” компанийн 21 хувийг худалдан авсан юм. “Сибур” нь Оросын томоохон газрын тос, химийн үйлдвэр бөгөөд энэхүү 21 хувь нь жилийн дараа гэхэд хамгийн доод тал нь гэхэд 2 тэрбум ам.долларын үнэ хүрэх байсан хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлсэн.

Оросын “Озон” гэдэг компани цанын спортын амралтын газрын өмчлөх эрхийг эзэмшдэг. “Россия банк” ны Ковальчук “Озон” компанийн эзэмшигчийн нэг. 2009 оны сүүлээс эхлэн тус компани Путины сүлжээний оффшор компаниудаас 11.3 сая ам.долларын зээлийг нэг хувийн хүүтэйгээр авсан гэж “Моссак Фонсека”-гийн баримтуудаас харж болно. Таван сая ам.долларын нэг зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэд хэдэн удаа сунгасан ба рубль рүү шилжүүлэх ханш болон гэрээнд шинээр хийсэн өөрчлөлтүүд нь үнэ цэнийг асар ихээр буулгасныг баримтууд харуулж байна. “Россия банк” ны талаарх мэдээллийг ил эх сурвалжаас авч болох байхад “Та эдгээрийг Ковальчукаас асуугаад байгааг бид ойлгохгүй байна” хэмээн Ковальчукийн өмгөөлөгч хэлжээ. “Россия банк” ямар нэгэн тайлбар хийгээгүй аж.
Оросын цэргүүд Гүрж Улсад нэвтэрсэн 2008 оны наймдугаар сарын эхээр тав хоногийн дайн гарсан. Путин Камаз ачааны машины үйлдвэрт зочилсон юм. Путин урьд нь тус үйлдвэрт зочилж байсан бөгөөд ачааны Камаз хүртэл бэлгэнд авч байсан удаатай. Үүнээс таван сарын өмнө хийлч Сергей Ролдугин 2007 оны байдлаар 3.51 тэрбум ам.долларын ашигтай ажилласан Камаз үйлдвэрийн хяналтын багцыг нууцаар худалдан авах оролдлого хийснийг баримтууд нотолдог. 2008 оны гуравдугаар сард Ролдугины компаниудын нэгд Автоинвест компаниар дамжуулан Камаз үйлдвэрийн хувьцаа авах опцион өгөгдсөн байдаг нь “Моссак Фонсека”-гийн баримтуудаас харагддаг. Путины зөвлөх Рубен Варданян Автоинвестийг эзэмшдэг банкны захирлуудын зөвлөлийн дарга, үндсэн хувь эзэмшигч нь ба Камаз үйлдвэрийн хувь эзэмшигч юм. Хэвлэлийнхний мэдээлж байснаар 2008 онд Варданян Камазын хяналтын хувьцааг худалдан авах хүсэлтэй байсан боловч түүнд тусламж хэрэгтэй болсон юм. Камаз үйлдвэрийн ихэнх хувийг Татарстаны Засгийн газар эзэмшиж байсан бөгөөд зарахыг ятгах шаардлага гарсант. Автоинвест компани ихэнх хувьцааг авах нөхцөлд Ролдугины компани Камаз үйлдвэрийн үйл ажиллагааны талаарх шийдвэр гаргахад, тухайлбал, “бизнесийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв батлах” шийдвэрлэх эрхийг олж авах хэлцэл хийгдэв. Ролдугин 1.5 сая ам.доллараар энэхүү опционыг худалдан авсан юм. 

“Моссак Фонсека”-гийн баримтуудад Ролдугины компани Автоинвест компанийн ихэнх хувьцааг авах “төслийг” лоббидсон бичиг баримтууд олдсон. 2008 оны сүүлээр Татарстаны Засгийн газар хувьцааг зах зээлийн үнээс доогуур худалдсан талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тарсан байна. 

Дараагийн сард нь Санкт-Петербургт байхын танил, өөрийн итгэлт хүн болох Медведевтэй Путины албан тушаал солигдсон. Хэдийгээр албан тушаал өөрчлөгдсөн ч гэсэн тэрээр хяналт тавьж байсан нь ямар ч эргэлзээгүй юм. Түүний Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байх 2008-2012 онд “Россия банк”-ны санхүүгийн баланс дахь хөрөнгө нь 4 тэрбум ам.доллараас 8 тэрбум ам.доллар болтол өссөн. Путины нөхдүүдийн сүлжээ ид ажиллаж байлаа.

Путины албан тушаал өөрчлөгдсөний дараа Камаз үйлдвэрийн үйл ажиллагаа ашигтай ажиллаж том төлөвлөгөө хэрэгжүүлж байв. Тус үйлдвэр нь шинэчлэлд 1.5 тэрбум ам.доллар зарцуулж 2012 он гэхэд үйлдвэрлэлийг хоёр дахин өсгөнө хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн тухайн үеийн хэвлэл, мэдээллээр Камаз үйлдвэрийн 42 хувь хүртэлх хувьцааг гадаадын хөрөнгө оруулагчид борлуулна гэж байв. 

Дэлхийн санхүүгийн хямрал автомашины үйлдвэрлэлд хүндээр туссан юм. Камаз үйлдвэр ажлын өдрийг 4 өдөр болгож үйлдвэрлэлээ бууруулав. Ролдугины компани опционы дагуу мөнгө төлөх ёстой байсан ч төлөөгүй юм. 2008 оны 12 дугаар сард Германы “Даймлер” компани нь Камаз үйлдвэрийн хувьцаанаас худалдан авах хүсэлт гаргасан ба 42 хувийг бус зөвхөн 10 хувийг авна гэжээ. “Даймлер” нь Камаз үйлдвэрийн хэсэг хувьцааг авахад Автоинвестийн эзэмшиж байсан Варданяны хөрөнгө оруулалтын банкинд 250 сая ам.доллар төлөв. Варданян сэтгүүлчдийн асуултад хариулаагүй, Камаз үйлдвэр ч мөн ямар нэгэн тайлбар хийгээгүй юм.

2009 оны есдүгээр сард “Моссак Фонсека”-гийн ажилтанд 103 сая ам.долларын “Сандалвууд Континентал” компанийн хийсэн санхүүгийн гүйлгээ нь сэжигтэй санагдсан байна. Энэхүү гүйлгээг зохион байгуулж байсан “Россия банк” ны менежер “Сандалвууд Континентал”-ийн захирлуудын зөвлөлийг хуулийн компани төлөөлөхийг хүссэн юм. Гэвч хэмжээ нь сэжиг төрүүлж байв. “Сандалвууд” компани нь Путины сүлжээний гол чагт нь байсан юм. “Сандалвууд” компанийн нэг үүрэг бол Кипр дэх Оросын арилжааны банкнаас мөнгө зээлэх явдал юм. Харин Оросын арилжааны банкинд Москвагийн төрийн банк ВТБ (VTB) дэмжлэг үзүүлдэг байна. Ийнхүү Кипр дэх Оросын арилжааны банкнаас “Сандалвууд” компани 103 сая ам.долларын зээлийг авчээ. Цаасан дээр бол “Сандалвууд”-ын эзэмшигч нь хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан түүхтэй жижиг бизнес эрхлэгч Олег Гордин гэдэг нь Кипр дэх Оросын арилжааны банкинд данс нээлгэхэд бөглөж байсан хүсэлтээс нь харагддаг. Түүнчлэн Гордин Ролдугины компанийн зарим нэг дансыг ашиглах итгэмжлэлтэй нэгэн. Гордины энэ талаар тайлбар авах хүсэлтэд ямар нэгэн хариу өгөөгүй болно.

2009-2012 оны хооронд “Сандалвууд” Кипр дэх Оросын арилжааны банкнаас 800 сая ам.долларын зээл авсан байдаг. 2009 онд 600 сая ам.доллар, 2010 онд хамгийн бага нь гэхэд 350 сая ам.доллар зээлсэн нь баримтуудаас харагдаж байна. Эдгээр зээлүүд банкны хувьд хэвийн бус зээл юм. Зээлээ эргэн төлөх боломжгүй, ямар нэгэн бизнесийн тодорхой загваргүй зээлдэгчид мөнгө зээлсэн нь хачирхалтай. Зээлийн батлан даалтгүй, тодорхой хугацааны дараа эргэн төлөгдөх нөхцөлгүй зээл байв. 

Тус банкинд Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас хүргүүлсэн асуултуудад “Оросын арилжааны банкыг Оросын аль нэг томоохон албан тушаалтны “халаасны” гэж нэрлэж байгаа нь ямар ч үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй байна. Банк гуравдагч этгээдийн өмнөөс хариу өгөх эрх зүйн үндэс байхгүй бөгөөд ил тод үйл ажиллагаагаа явуулдаг. Банкны зүгээс асуултуудыг Киприйн хууль хяналтын байгууллагуудад хараат бусаар шалгуулахаар хүргүүлсэн” хэмээн цахим захиагаар мэдэгдсэн байна. 

“Сандалвууд континентал” компани нь бусад зээлийн сүлжээний далд компаниудын холбогч байв. Тухайлбал, тэрээр Ролдугины нэг компанид жилийн 8 сая ам.долларын зээлийн хүү авахаар 1 ам.доллар төлсөн гэрээтэй ажиллажээ. Банкны хоёр шинжээч “Сандалвууд” болон Кипр дэх Оросын арилжааны банкны зээлийн гэрээ, хэлцэлд шинжилгээ хийхээд эдийн засгийн ямар ч утга учиргүй, сэжигтэй гэсэн дүгнэлт гаргасан байна.

Мөнгө угаах зорилгоор татвараас зайлсхийсэн, хөрөнгө шамшигдуулсан болон бусад үйлдлүүд байж болох талтай хэмээн Мэриландын Их сургуулийн Хөрөнгө шамшигдуулах удирдлагын хөтөлбөрийн эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, АНУ-ын Мөнгөн тэмдэгтийн хяналтын газрын тусгай зөвлөх асан Давид Вебэр мэдэгдсэн байна.

Харин Кипр дэх Оросын Арилжааны банкнаас “Мөнгө угаахтай тэмцэх зохицуулалтыг бүрэн сахиж ажиллаж байсан” хэмээн мэдэгдсэн байна. “Моссак Фонсека”-гийн баримтуудад хийсэн шинжилгээний дагуу 2008-2013 онд 2 тэрбум гаруй ам.доллар сүлжээгээр дамжин шилжсэний ихэнх нь “Сандалвууд” компаниар дамжжээ. 

“Сандалвууд” компани бараг 20 гаруй компанид зээл олгож байсан. Үүнд “Игора” цанын баазаас эхлэн Финлянд Улсын хилийн ойролцох амралтын газарт мөнгө зээлүүлсэн. “Сандалвууд”-ын эдгээр оффшор компаниудтай хийсэн зээлийн гэрээ нь 20 жилийн хугацаатай аж. 

103 сая ам.долларын зээлийн хувьд Кипр дэх Оросын Арилжааны банкнаас “Сандалвууд” компани зээлээд шууд киприйн Хорвич трэйдинг гэдэг компанид шилжүүлсэн байна. “Россия банк”-ны менежер “Моссак Фонсека”-гийнхнийг зээлийн гэрээнд “Сандалвууд”-ыг төлөөлөн гарын үсэг зурахыг яаралтай хүссэн байна. Тэгвэл ямар нэгэн хохирлыг “Моссак Фонсека” хуулийн компани төлөхгүй гэсэн захидал явуул гэсэн шаардлага тавихыг нэг хувь нийлүүлэгч нь зөвлөсөн байна. Тус компанийн үндэслэгчийн нэг Юрген Моссак цахим захиандаа испаниар “Бид ямар нэгэн сэжигтэй эх үүсвэртэй, сэжигтэй зорилготой төлбөрийн гэрч болох юм” гэж бичжээ. 

Энэ зээл нь ОХУ-ын болон Кипр Улсын хоорондох татварын хэлцлийг зохицуулах зориулалтаар гарч буй зээл хэмээн “Россия банк”-ны менежер тайлбарлаад зээлийг батлан даах захиа болон бусад зохих бичиг баримтууд болон зээлийн төлбөрийн графикийг хүргүүлсэн байдаг. Тус зээл нь Кипр дэх Оросын Арилжааны банкнаас эргэн төлөлтийн графиктэй “Сандалвууд” компанийн зээлсэн цорын ганц зээл юм. Түүнчлэн “Моссак Фонсека”-гийн компанийн зүгээс эсэргүүцсэн ганцхан тохиолдол аж. Ирүүлсэн материалуудыг “Моссак Фонсека” компани хангалттай гэж үзсэн байна. Нөгөө талаас “Россия банк”-ны бичиг баримтыг бүрдүүлэх ажилд Швейцарийн хуулийн компани болох “Дитрих Баумгартнер болон хамтрагчид” туслалцаа үзүүлж байсан нь панамчуудыг тайвшруулсан байж болзошгүй юм.

“Моссак Фонсека”-гийн Лихтенштейн Улс дахь салбарын хуульч “Оросын нэртэй банкны тус үйлчлүүлэгчтэй хэдэн жилийн турш бид ажиллаж байгаа, нөгөө талаас манай Швейцарийн хуулийн компани мэднэ гэсэн тул бид тайлбарыг хүлээн авч цааш нь ажиллахад болно гэж үзсэн” хэмээн тайлбар захиа ирүүлсэн юм. Харин “Дитрих Баумгартнер болон хамтрагчид” компани ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан. “Моссак Фонсека” компани 103 сая ам.долларын тус зээлийн ажлыг хийсний хөлсөнд 2030 ам.доллар авсан байна.

Путин болон “Россия банк”-ны зүгээс Оросын хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд хяналт тавих үйл ажиллагаанд Михаил Лесин нягт холбогдсон байв. Тэрээр Путины хэвлэлийн анхны сайд байсан ба суртал ухуулгын ажлыг хариуцдаг байлаа. Лесиний төрийн хэвлэл, мэдээллийг хянах эрх өсөх хэрээр банкны хэвлэлийн эзэнт гүрэн өсч байв. Засгийн газрыг шүүмжилж буй хэвлэлүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ, хэлцэлд Лесин идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн. Үр дүнд нь Оросын дэглэмийг шүүмжлэх дуу хоолой багассан. Путины оронд Ерөнхийлөгчийн албан үүргийг Медведев гүйцэтгэх болсноор Лесин албан тушаалаа орхиж үндэсний хэмжээнд хамгийн томоохон хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “Россия банк”-ны удирддаг “Газпром-Медиа”-д очсон байна. 

“Газпром-Медиа” нь “Россия банк”-ны хэвлэл, мэдээллийн томоохон бүтцийн зөвхөн нэгээхэн хэсэг юм. Хэвлэл, мэдээллийн бүтцийг банкны захирал Юрий Ковальчук бий болгож чадсан юм. “Россия банк” 2005 онд телевизийн жижигхэн студи авсныг Путин цар хүрээ болон ашиг, орлогоор үндэсний хэмжээний томоохон телевиз болгосон. Түүнчлэн Рен-ТV телевизийн сувгийг худалдан авснаар Засгийн газрыг шүүмжлэх дуу хоолой, эрэн сурвалжлах явдлыг бууруулсан. 

“Моссак Фонсека”-гийн баримтуудаас Лесин болон “Россия банк”-ны хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн хооронд гэрээ, хэлцлүүдэд нууцлаг хэсэг байсан нь харагдаж байна. Глесин Виржини арлуудад байрлах “Глория маркет” гэдэг компанитай аж. Зар сурталчилгаанаас мөнгө олох зорилгоор тэрээр тус компанийг 2011 онд байгуулсан. 

1990-ээд оны сүүлээр Лесин “Видео интернэшнл” компанийг байгуулахад тусалж байжээ. Гэтэл энэ компани үндэсний телевизийн зар сурталчилгааны ажлын гуравны хоёрыг хийдэг байна. “Россия банк” нь “Видео интернэшнл” компанийн 16 хувийг эзэмшдэг ба олон нийт тэрийг мэддэг. Харин Ролдугины оффшор компаниудын нэг олон улсын Медиа компани “Видео интернэшнл” компанийн 12.5 хувийг нууцаар худалдан авсан байгааг баримтууд харуулж байна. 2014 оны банкны дансны хуулгаар олон улсын “Медиа” компани 10 сая ам.долларын жилийн орлоготой байна. “Видео интернэшнл” компанийг төлөөлж буй хуульч дэлгэрэнгүй асуултуудад хариулахаас татгалзсан байна. 

Ролдугины олон улсын “Медиа” компани зөвхөн хэвлэл, мэдээллийн компаниудын хувийг эзэмшдэггүй. 2011 онд тус компани Кайманы арлуудын нэгэн оффшор компанитай хувьцааны наймаа хийхдээ гэрээ, хэлцлийн өдрийг урагшлуулан хийж байжээ. Олсон орлогыг Швейцарь руу шилжүүлсэн нь тус улсын хуулиар энэ нь хууль бус биш ажээ. Хоёр тал ижил тооны хувьцаа солилцсон аж. Энэхүү санхүүгийн үйл ажиллагааны улмаас 2011 онд олон улсын “Медиа” компанийн олсон орлого 463800 ам доллар байна. “Сандалвууд” 2008-2011 оны хооронд иймэрхүү төрлийн үйл ажиллагаанаас 4 сая ам.долларын ашиг олжээ.

Путин болон түүний найз нөхдийн хүрээ ямар нэгэн эрсдэлд орохоос сэргийлдэг байна. “Сандалвууд континентал” компанийн ихэнх үйл ажиллагаагаа явуулж байсан Кипр Улсад 2011 оны 12 дугаар сард санхүүгийн хямрал нүүрлэсэн байна. Тус улс ОХУ-тай яаралтай зээл авахаар яригдаж эхэлжээ. Оны сүүл гэхэд Кипр дэх Оросын Арилжааны банкнаас авсан зээлээ “Сандалвууд” компани яаралтай Виржинийн арлууд дахь “Ов файнэншл” руу шилжүүлж эхэлжээ. 2012 онд “Сандалвууд” компани “Ов файнэншл” компанитай хэдэн зуун сая ам.долларын үнэ бүхий зээлийн гэрээ хийсэн байна. “Ов файнэншл” компани нь Михаил Лесины “Глория маркет” компани хувь эзэмшигч юм. “Ов файнэншл” компани нь ямар нэгэн санхүүгийн хямралд автахгүй Люксембург руу шилжсэн байна. 

“Ов файнэншл” компани өөр нэгэн Панамад байрладаг “Морган ба Морган” гэдэг оффшор компанийг ашигладаг байсан аж. “Моссак Фонсека” компанитай харьцуулахад “Морган ба Морган” компанийн үйлчилгээ арай удаан, бичиг баримт бэлтгэхдээ тэдний хүссэнээр хийгээгүй зүйл байсан бололтой бөгөөд энэ нь “Россия банк” ны менежерүүдийн албан захианаас харагддаг. Сүлжээ цааш нь “Сандалвууд”, “Моссак Фонсека” компанийг оролцуулалгүй ажиллаж эхэлсэн ба үр дүнд 2013 онд “Сандалвууд” компани татан буугдсан байна.

Энэ үеэр “Озеро” хоршооны гишүүд өөрсдийн цуглуулсан хөрөнгөө хүүхдүүдийнхээ нэр дээр шилжүүлж эхэлсэн. “Моссак Фонсека” компанийн баримтуудаас үзэхэд Аркадий Ротенберг оффшор компаниудаа өөрийн хүү Игорийн өмчлөлд өгсөн байна. Путины хамгаалалтад байсан Ротенберг гэх мэт бусад тэрбумтнууд Оросын эдийн засагт нөлөөтэй юм. Кредит Свис байгууллагын 2014 оны судалгаагаар оросын баян хүн амын арван хувийн хуримтлуулсан баялаг нь тус улс дахь бүх өрхийн баялгийн 85 хувьтай тэнцүү байна. Гэтэл нийт хүн амын 83 хувь нь 10000 ам.доллараас доогуур орлоготой байна. Оросын орлогын тэгш бус байдал дээд цэгтээ хүрснээс тусдаа салгаж авч үзэх шаардлагатай хэмээн судалгааны тайланд дурдагдсан байна.

2014 онд Лесин “Газпром-Медиа”-гаас гарсан байна. Түүнийг “Россия банк” ны Ковальчуктай асуудалд орсны улмаас гарсан хэмээн Оросын хэвлэл, мэдээллүүдэд бичсэн ажээ. Лесин АНУ руу нүүсэн ба сая саяар тоологдох үл хөдлөх хөрөнгөтэй нь АНУ-ын хууль хяналтын байгууллагуудын анхаарлыг татаж буй юм.

2015 оны 11 дүгээр сард Лесинийг зүрхний шигдээсийн улмаас Вашингтон хотын нэгэн зочид буудалд нас барсан хэмээн Оросын хэвлэлүүдээр бичсэн. Дөрвөн сарын дараа Вашингтоны шүүх эмнэлгийн ерөнхий эмч үхлийн шалтгааныг зарласан бөгөөд түүнийг толгойдоо мохоо зүйлээс шарх авсны улмаас нас барсан гэжээ. Түүний хүзүү, бие, мөчинд хөхөрсөн, няцарсан шинж тэмдэг илэрсэн гэжээ. Цагдаагийн байгууллага түүний үхлийн шалтгааныг шалгаж буй юм. Путины сүлжээний талаарх хэдий хэмжээний нууцыг тэрээр аваад одсоныг хэн ч таашгүй юм.

Эх сурвалж

Өрнөдийнхөн Путиныг 2 тэрбум гаруй ам.доллар нуусныг мэджээ

ОХУ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээс ихэнх хэсэг нь Панамд оффшор компаниудад бүртгэлтэй гэнэ. Энэ талаар Oлон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын тайланд дурдагдсан байна. Сэтгүүлчид судалгааг жил гаруйн хугацаанд хийжээ. 380 сэтгүүлч оролцсон ба тус ажлыг дэлхийн 80 гаруй оронд хийсэн байна. Ерөнхийлөгчийн нэр хаана ч дурдагдаагүй боловч Ерөнхийлөгчийн “найзууд” түүний ивээлгүйгээр гүйцэтгэж чадахааргүй үйл ажиллагаанаас сая саяыг олж авсан байна.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков гуравдугаар сарын 28-нд Путины эсрэг мэдээллийн давалгаа бэлтгэгдэж байгаа хэмээн мэдэгдсэн байна. Сэтгүүлчдийн ирүүлж буй асуултуудаас гаргах гэж буй нийтлэлүүдийн талаар мэдсэн гэдгээ тэрээр хэлсэн юм. Түүний хэлж буйгаар Ерөнхийлөгчийн хувийн мэдээлэл, гэр бүл, хүүхэд насны найзууд, бизнес эрхлэгч (Ковальчук, Ротенберг), ямар ч юм бүү мэд оффшор компаниуд, түүний уулзаж ч байгаагүй бизнес эрхлэгчдийн талаар асуултууд ирсэн. Түүнчлэн өөр нэг байгууллагаас асуултууд ирсэн ба “Таны цуглуулсан хөрөнгө 40 гаруй тэрбум ам.доллар гэдэг нь үнэн үү? Та орд харштай юу? Усан онгоц болон бусад хөрөнгөтэй юу?” гэжээ.

Гуравдугаар сарын 31-ний өдөр Песков “мэдээллийн давалгаа”-ны асуудлыг дахин хөндсөн ба “Иймэрхүү мэдээллүүд цаашид ч үргэлжилнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна. Тус улсын нөхцөл байдлыг хөдөлгөх, тус улсын удирдлагыг, эхний ээлжинд Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаах, ингэснээр тус улсын нөхцөл байдалд болон сонгуулийн үр дүнд нөлөөлөх явдал” гэсэн байна. Тухайн өдөр Ройтерс мэдээллийн агентлаг Аркадий Ротенбергийн хамтрагч Григорий Баевскийг “Путинтэй холбоотой” эмэгтэйчүүдэд үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн, эсхүл борлуулсан тухай материал нийтэлсэн байна. 

Уг материалд Аркадий Ротенбергийн хамтрагч асан Санкт-Петербургийн нэрд гараагүй бизнес эрхлэгч Григорий Баевский өөрийн үл хөдлөх хөрөнгийг Катерина Тихонова (тус агентлаг урьд нь Путины охин гэж зарласан), Төрийн Думын депутат асан Алина Кабаевагийн хоёр хамаатан болон оюутан Алиса Харчева нарт шилжүүлсэн гэжээ. Алиса Харчева нь Ерөнхийлөгч Путины төрсөн өдөрт зориулан гаргасан хуанлид зургаа авахуулсан аж. 

“Бид энэ хүнийг хэн гэдгийг мэдэхгүй. Ерөнхийлөгч түүнийг танихгүй” хэмээн Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ройтерс” агентлагт мэдэгдсэн байна.

Авлигатай тэмцэх газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.