Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулах нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа

Улаанбаатар хот орчимд хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн зоорь, агуулах, худалдааны төв шинээр байгуулахаар 2013 оноос “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулах нэмэгдүүлэх” хөтөлбөрийг Засгийн газар Монгол банктай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрт 116 аж ахуйн нэгж төслийн санал ирүүлснээс шаардлага хангасан 33 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулжээ. 23 аж ахуйн нэгжид харилцагч банкуудаар дамжуулан 74,9 тэрбум төгрөгийн зээл олгож, зоорийн багтаамжийг 40 мянган тн-оор нэмэгдүүлж, 35 орчим мянган тн-ын механикжсан зоорь ашиглалтад оруулжээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг 9 тэрбум төгрөгийн зээл авч, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн “Тэнгэр” худалдааны төвтэй танилцлаа.    

Тус төв энэ хөтөлбөрт хамрагдсанаар өдөрт 20-30 тн мах бэлтгэн ангилж савлах хүчин чадалтай махны цех, 10 тн хүнсний ногоо, жимс жимсгэнийг хүлээн авч угааж цэвэрлэн савлах хүнсний ногооны цех, хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон нарийн боовны үйлдвэрийн цехтэй болжээ. Мах, махан бүтээгдэхүүн, гурил гурилан бүтээгдэхүүнийг ченжүүдийн дамжлагагүйгээр хэрэглэгчдэд шууд хүргэх боломжтой болсон гэж тус төвийнхөн танилцуулж байлаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Улаанбаатар орчимд ганц “Хүчит шонхор” биш дүүрэг бүрт, ялангуяа захын дүүргүүдэд ийм төв байгуулахаар Засгийн газар дэмжин ажиллаж байна. Эрүүл ахуйн шаардлага хангасан, хямд үнэ бүхий бүтээгдэхүүнийг иргэддээ хүргэх нь чухал юм. Энэ хөтөлбөрийн үр дүнд намар хурааж авсан төмс, хүнсний ногооныхоо 80 хувийг зооринд хадгалдаг болохоор зорьж байна” гэж хэллээ.

“Тэнгэр” худалдааны төв шиг зоорь бүхий худалдааны төв ойрын хугацаанд Улаанбаатар орчимд 4-5 байгуулагдана гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан хэллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.