Хөнгөн үйлдвэрээ хөлд оруулъя

Эдийн засгийн хямрал хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар салбарынхан хэлэлцүүлэг өр­нүүллээ. Энэ удаагийн хэлэлцүүлгийг  МАН-ын бүлэг, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн хол­бооноос хамтран зохион байгуулсан бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн  дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар оролцсон юм.

Энэхүү хэлэлцүүлэг нь мэргэжлийн холбоодод бодитой ямар хүндрэл учирч байгааг сонсож, улмаар төрийн бод­логод  тэднийн санаа бодлыг тусгуулах зорилготой аж. Ажил олгогч эздийн нэгдсэн хол­боонд  өнөөдрийн байдлаар 31 мэргэжлийн холбоо харь­яалагддаг бөгөөд уулзалтад 20 гаруй нь хүрэлцэн ирсэн юм.

Хэлэлцүүлгийг эхлүүлж хэлсэн үгэндээ МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Эдийн засгийн хүндрэлээс гарахад ямар гарц гаргалгаа, шийдэл байгааг та бүхний амнаас сонсох нь чухал байна” гэдгийг тодотгосон. Мөн МАН-ын бүлгийн зүгээс хэд хэдэн асуудалд шийдэл хэрэгтэй гэж харж байгаагаа танилцуулсан. Тухайлбал, “Импортын бараа­наас дотоодын үйлдвэрлэлээ хамгаалж,  импортын гаалийн татварыг нэмэгдүүлэх. Өнөө­дөр ОХУ, БНХАУ-ын импортын бараа нь маш өндөр татвартай байдаг. Тухайлбал, багадаа 20, дээд тал нь 50 хүртэлх хувийн татвар тавьж,  үндэсний үйлд­вэрлэл, баялаг бүтээгчдээ хам­гаалдаг. Ингэж өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлдэг юм байна. Хоёрдугаарт, өнөөдөр бидний үйлдвэрлэж байгаа эцсийн бүтээгдэхүүн  дэлхийн зах  зээл дээр гарах ямар бололцоо байна вэ. Тухайлбал, 2004 оноос хойш 7200  нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын холбооны улс руу ямар ч татваргүй гаргах бо­лол­цоотой болсон ч үүнийг бид бүрэн дүүрэн ашиглаж ча­дахгүй байна. Нөгөөтэйгүүр өнгөрсөн жилээс Японы Зас­гийн газартай чөлөөлт ху­дал­дааны хэлэлцээр байгуул­сан. Цаашлаад 5700 нэр төр­лийн бүтээгдэхүүнийг эх­ний ээлжид хөнгөлөлтэй буюу бага татвартай, бүр цааш­лаад татварыг нь тэглэх байд­лаар Японы зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ гар­гах бололцоо бий. Өөрөөр хэлбэл, европын зах зээл дээр Монголын бараа бүтээг­дэхүүнийг  хөнгөлөлттэй  үнээр гаргах бололцоо байна. Гэвч бид үүнийг ашиглаж чадахгүй байна. Үүний тулд бид ямар алхам хийх ёстой вэ?” зэрэг асуудлыг С.Бямбацогт гишүүн хөндсөн. Мөн тэрээр хөнгөн үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх 21:100 үйлдвэржилтийн бодлогыг санаачилснаа танилцуулсан юм.  Өмнө цаасан дээр салангид байсан аж үйлдвэрийг хөгжүүлэх төрийн бодлогын баримт бичгүүдийг Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлого, Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, Үйлдвэржилтийн тухай хууль зэрэгт зангидаж, тодорхой бодлоготой болсон. Тиймээс эдгээр баримт бичгүүдэд үндэслэж, "21:100" хөнгөн үйлдвэржилтийн бодлогыг гаргасан байна.
 
Үүний дараагаар  мэргэжлийн холбоодын төлөөлөл байр сууриа илэрхийлсэн. Тэдний хэлж буйгаас харахад төр  мэргэжлийн холбоодоо бодло­гоор дэмжихээ больсонд ихээ­хэн шүүмжлэлтэй байгаа нь харагдаж байлаа.

Мэргэжлийн холбоодын удирдлагуудын ярьж байгаагаар нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал нь өндөр хүүтэй зээл гэлээ. Үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар нийт бизнес эрхлэгчдийн 90 орчим хувь нь жилийн 18-20 хувийн хүүтэй зээл авч бизнес эрхэлдэг болохоо мэдүүлжээ. Ийм өндөр хүүтэй зээлээр үйлдвэрлэл эрхлэх боломж хязгаарлагдмал ч нэгэнтээ авсан зээлээ цаг хугацаандаа багтаан төлөхөөс эхлүүлээд асар их бэрхшээлтэй тулдаг байна. Иймд Монгол Улс үйлдвэрлэл хөгжүүлье гэвэл бага хүүтэй, урт хугацаат зээлийг бий болгох шаардлагатай гэнэ.

Түүнчлэн тат­варын бодлогоо уян хатан болгох. Өөрөөр хэлбэл, жи­жиг дунд үйлдвэрлэл эрх­лэгч­дэд тавих татвараа бус­даас  ялгаатай байлгах, зээл олгохдоо ганц хоёр биш олон жилээр  өгөх. Ингэснээр ту­хайн үйлдвэрлэгч бизнесээ амжилттай өргөжүүлэх бо­ломж бүрдэнэ гэдгийг хэлж байлаа. Ингэхгүй болохоор жижиг дунд бизнес эрхлэгчид зээл аваад дөнгөж бизнесээ эхлүүлж байтал үндсэн төл­бөрөө төлөх болдог нь  үйлд­вэрлэлээ өргөжүүлэхэд садаа болдог байна.    

Дараагийн нэг асуудал нь боловсон хүчнээ бэлтгэх  чухал байна. 1990-ээд оноос өмнө Монгол Улс мэргэжилтнүүдээ бэлтгэдэг байсан бол энэ байдал сүүлийн үед алдагдсан нь хөнгөн үйлдвэрийн хөгжилд чөдөр тушаа болж байгааг ч хэлсэн.
           

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.