
Монгол дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газраас малчдад хаягласан тусламжийг Онцгой байдлын ерөнхий газарт гардуулан өглөө. НҮБ-ын нэгдсэн сангаас 2.4 сая ам.доллар босгож, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулан хүнс, хоол тэжээл, ариун цэвэр, эрүүл ахуйн бараа зэргийг илгээсэн байна.
Өнгөрсөн арван хоёрдугаар сараас хойш улсын хэмжээнд нийт малчин өрхийн 41 хувь нь зудад өртөж, өвлийг зутруухан давсан билээ. Үүнээс 100-аас доош тооны малтай 11 800 өрхийн хаваржилтын байдал хүнд хэвээр байна. Тиймээс хаваржилт хүндэрсэн Увс, Баянхонгор, Архангай, Завхан, Дундговь, Сүхбаатар аймгийн 45 суманд амьдарч байгаа 1800 гаруй хүүхэд, 900 гаруй жирэмсэн болон хөхүүл эхэд НҮБ-ын дээрх тусламжийг хүргэх юм.
Г.Уянга
Olloo.mn