Жэймс Андерсон: Дахиад зээл авах асуудалд Монгол Улс хянамгай хандах ёстой

Дэлхийн банкнаас жилдээ хоёр удаа гаргадаг Зүүн Ази Номхон Далайн бүсийн эдийн засгийн тоймыг танилцуулах арга хэмжээ боллоо. Энэ үеэр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсонтой ярилцлаа.

-Манай улс Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоо­той­гоор эдийн засаг хүндэрлээс гарах байх гэсэн таамаг тавиад байгаа. Энэ асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Оюутолгойн хувьд хоёр­дугаар үе шат нь эхлээд явж байна. Одоо нэлээд хөрөнгө зарцуулалт хийгдэх болно. Өмнөх эдийн засгийн томоохон сэргэлтийг ажиглаж байхад түүхий эдийн үнэ ханш, гадаадын шууд хөрөнгө оруулалт их хэмжээгээр орж ирсэнтэй холбоотой байдаг. Тиймээс энэ удаад ч Оюутолгойн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт эерэг нөлөө үзүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа.

-Манай улс хөрөнгө оруулалт татахын тулд гадаад орчинд ямар асуудалд илүү анхаарах шаардлагатай юм бол?

-Ганцхан Монгол Улс ч биш Зүүн Ази Номхон Далайн бүсийн улс орнуудын хувьд анхаарах ёстой асуудал олон байна гэдгийг энэ удаагийн Дэлхийн банкны тайланд заагаад өгчихсөн байгаа. Тухайлбал, макро эдийн засгийн бодлогын орон зай хязгаарлагдмал байна. Бүс нутгийн орнууд глобал болон бүс нутгийн эрсдэлийг бууруулахуйц төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй бөгөөд бүтээмжийг нэмэгдүүлж, хүртээмжтэй өсөлтийг дэмжих бүтцийн өөрчлөлтийн бодлогоо үргэлжлүүлэх шаардлагатай. Түүнчлэн эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийх асуудал дээр голчлон анхаарах хэрэгтэй. Эдгээрийг сайжруулж байж, эдийн засаг тогтвортой болно. Саяхан болсон Монголын эдийн засгийн форум дээр ч энэ асуудал яригдаж байсан. Бодлогын тогтвортой байдлын залгамж чанарыг хэрхэн бүрдүүлэх эсэх асуудлыг олон талаас нь нэлээд сайн хэлэлцсэн. Хэрвээ бодлогын тогтвортой байдлыг хангаж чадвал үр ашиг, өртөг зардлын асуудлууд бүгд эерэгжих юм. Гэхдээ зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчид бодлогын тогтвортой нөхцөл байдлыг нэхээд байгаа юм биш. Дотоодын хөрөнгө оруулагчид ч тогтвортой байдлыг хүсч байгаа. Хууль эрхзүйн орчин тогтвортой буюу хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, урьдчилан таамаглаж болохуйц байгаа тохиолдолд Монгол Улсыг сонирхох хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх болно.

-Монгол Улсын эдийн засгийн өсөлт одоо ямар байгаа вэ. Дэлхийн банкны тайланг танилцуулахдаа Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг хариуцсан Ерөнхий эдийн засагч Судир Шетти “Монголын хувьд нэлээд амаргүй цаг хугацаа ирж байна” гэдгийг сануулж байна?

-Эдийн засгийн өсөлтийн прогнозын хувьд өнгөрсөн оныхоос өөрчлөгдөөгүй байгаа. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард дэвшүүлсэн таамгаар эдийн засаг 0.7-0.8  хувиар өснө гэсэн таамаг хэвээр байгаа. Энэхүү хувь хэмжээ бараг өөрчлөгдөөгүй.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал ямар байгаа юм бол?

-Өнгөрсөн зургаан сарыг харахад, биднийг тойрсон эдийн засгийн гадаад орчин төдийлөн өөрчлөгдөөгүй байна. Тиймээс энэ оны долдугаар сар хүртэл огцом өөрчлөлт гарахгүй байх гэж тооцоолж байгаа. Гэхдээ Оюутолгойн хоёрдугаар үе шат нэлээд эрчимтэй хэрэгжиж эхэлснээр оны хоёрдугаар хагаст өөрчлөлт мэдрэгдэж эхлэх болов уу гэж харж байгаа. Тэгэхээр өсөлтийн моментыг зөв зүйтэй барьж авах нь чухал. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн хоёрдугаар үе шат болон хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг үр нөлөөг хэлээд байгаа юм. Олон улсын зах зээлд металл, газрын тосны болон зэсийн зах зээлд жаахан эерэг сигнал гарч ирж байна. Гэхдээ түүхийн эдийн зах бол түүхийн эдийн л зах шүү дээ. Маш их савлагаатай байдаг. Монгол Улсын хувьд түүхийн эдийн олон улсын зах зээлээс эерэг гэхээсээ сөрөг нөлөөллийг л амсах магадлалтай гэдэг төсөөллөөр цааш явах нь зөв юм. Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал ч Монгол Улсад сөрөг нөлөө үзүүлж байгаа. Тиймээс ойрын хоёр жилдээ энэ төсөөлөл өөрчлөгдөхгүй.

-Манай улс ирэх жилээс зарим зээлийн эргэн төлөлтийг хийж эхэлнэ. Энэ асуудалтай холбоотойгоор Засгийн газарт Дэлхийн банкнаас зөвлөгөө өгч байгаа юу?

-Өр бол төсвийн бодлогын үр дагавар юм гэдгийг ойлгох ёстой. Тиймээс ч өр нь цэвэр төсвийн бодлогын чанараас хамаардаг гэсэн үг. Монгол Улсын хувьд төсвийн сахилга батыг хангуулах, маш бат бэх хууль эрхзүйн орчин нь байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль нь байна. Харин энэ сайн хуулиа мөрдөх, сахиулах л асуудал байгаа юм. Дахиад өр нэмэх эсэх асуудалд нэлээд хянамгай хандах шаардлагатай гэж бодож байна. Аливаа улс гадаадын зах зээлээс их хамааралтай болох нь эдийн засгийг маш эмзэг болгодог. Өр, зээлийн хүү, ханшийн нөлөөлөл хамтдаа яригддаг гэдгийг анхаарах нь хэрэгтэй. Засгийн газрын өмнөөс хариулах хэцүү байна. Гэхдээ эхний эргэн төлөлтийг 2017-2018 онд орлогоосоо төлнө гэвэл төсөв тэр чигээрээ явахаар байгаа. Тиймээс амаргүй байх нь ойлгомжтой. Засгийн газар эргэн төлөлтөд ихээхэн анхаарч, хуулийн дагуу зүй ёсоор нь төлнө л гэж байгаа бол хөрөнгө санхүүгээ одооноос бэлтгэх хэрэгтэй. Гэхдээ өр төлөх хугацаа хойшлуулж, дахин санхүүжилт хийх буюу тохиролцоо хийгээд явах боломжтой юм. Тиймээс хэдийг нь төлөх, хэдийг нь дахин санхүүжилтийн асуудлаар шийдэх нь Засгийн газрын шийдэх асуудал. Ер нь энэ бүх асуудлыг хөрөнгө оруулагчид ихээхэн анхаарч хардаг. Өөрөөр хэлбэл, тухайн улс орон хэр хянамгай бодлого явуулж байгаа эсэх ,эдийн засаг нь хэр чадвартай байна вэ гэдгийг анхаардаг. Тиймээс төсвийн бодлого нь зөв байж чадвал эргэн төлөлт болоод бусад асуудалд эерэг мессеж өгнө. Энэ талаар Засгийн газар нэлээд тууштай ажиллаж байгаа. Гэхдээ одоо сонгууль явагдаад, Засгийн газар бүрэлдэн тогтох болно. Тиймээс шинэ Засгийн газар зөв болж байгаа буюу явуулж байгаа зүйлээ цааш нь үргэлжлүүлэн авч явах нь туйлын чухал юм.

-Монголын эдийн засагт төрийн оролцоо их байгаа учир эдийн засаг явах ёстой жамаараа явахгүй байна гэдэг. Ер нь Засгийн газар нь эдийн засагтаа давуу оролцох нь хэр үр дүнтэй байдаг юм бэ?

-Зарим улс оронд төр нь их идэвхтэй байдаг. Гэтэл зарим төр эдийн засагтаа тэр бүр оролцоод байдаггүй. Хамгийн гол нь засаглалын асуудал зөв зүйтэй шийдэгдсэн байх нь туйлын чухал. Эдийн засагт төр зохицуулагчийн үүрэг оролцоотой оролцох үүрэгтэй. Харин зохицуулалт нь өөрөө тоглоомын ижил тэгш дүрмийг бий болгох ёстой. Өөрөөр хэлбэл, эрх тэгш өрсөлдөх талбарыг бий болгох хэрэгтэй юм. 

-Дэлхийн банкны тайланд ажилгүйдэл, ядуурлын асуудлыг онцолсон байна. Уул уурхай, барилга, замын ажил саарч буй энэ үед хотжилтыг дагасан ажилгүйдэл их болж байгаа?

-Бид статистикийн газартай хамтран ажиллаж байгаа. Өнгөрсөн 2010-2014 оны хувьд ядуурал нэлээд буурч ирсэн. Харин 2014 оноос хойш ядуурлын шугамтай маш ойр байгаа хүмүүсийн тоо их байгаа учраас маш эмзэг нөхцөл байдал үүслээ. Нөхцөл байдал эмзэг байгаа тохиолдолд төсвийн бодлогыг улам чамбайруулах шаардлага гарна. Гэхдээ чангаруулахдаа хавтгайруулан чангаруулж болохгүй гэдэг зөвлөмжийг өгч байгаа юм. Мэдээж бодлогын хувьд их амаргүй. Ялангуяа улирлын шинжтэй хөдөлмөр эрхлэлт бага, зарим бүлэгт ажилгүйдлийн төвшин маш их өндөр байгааг бодолцож мэргэн бодлого явуулах хэрэгтэй. Зөв бодлого хэрэгжүүлж, ур чадвар олгох, хөрвөх чадвартай иргэдийг бий болгосноор өөрчлөгдөх хувьсаж байгаа зах зээлийн нөхцөл байдалд дасан зохицоход бэлтгэх талаар төр сайн анхаарах шаардлагатай. Монгол орны хувьд илүү төрөлжсөн эдийн засагтай бол гадаад шокноос илүү хамгаалагдсан байж чадна. Мэдээж үүнийг хэлэхэд амархан ч хийхэд амаргүй зүйл юм. Гэхдээ уг асуудалд анхаарлаа сулруулахгүй тууштай ажиллаж чадвал үр дүн гарах ёстой.

-Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй гэдэг зөвлөгөөг өмнөх жилүүдэд ч өгч байсан. Энэ талаар Монгол Улсын Засгийн газраас ямар нэгэн оролдлого хийж байгаа юу?

-Эдийн засгийн төрөлжилтийн асуудалтай зүйл нь байгалийн баялгаа төрөлжүүлээгүй байсан нь нэлээд асуудал дагуулсан. Хамгийн давуу тал болох байгалийн баялгаа хэт давуу ашиглах нь эрсдэлтэй. Түүхий эдийн үнэ савлахад буюу гадаад орчин эвгүйтэхэд их эрсдэлтэй юм байна гэдгийг Монгол Улс маш сайн ойлголоо. Тэр цаг үеэ ч туулж байна. Тиймээс ч хөдөө аж ахуйн салбартаа илүү анхаарч эхэлж байгаа. Хөгжлийг боймлоод байгаа гол хүчин зүйлс нь юу юм бэ гэдгийг олж тогтоох талаар илүү дорвитой зүйл хийгдэж байна. Экспортод чиглэсэн илүү хүртээмжтэй салбар бий болгохын тулд юу хийх ёстой гэдгийг илүү бодитойгоор харж эхэлж байгаа. Ер нь эдийн засгийг төрөлжүүлэх нь нэг өдөр шийдвэр гаргаад дараа өдөр нь хэрэгжээд явдаг зүйл биш. Бодлогын шийдвэрээ зөв гаргаад, дүрэм журмаа боловсруулах, хэрэгжүүлэх байгууллагууд нь бий болгох зэрэг урт удаан хугацаанд хэрэгжих зүйл. Тиймээс ч Засгийн газрын зүгээс эдийн засгаа төрөлжүүлэх үүднээс махны экспортыг өөрийн хөрш орон ОХУ, БНХАУ руу хийх зэрэг ажил өрнүүлж байгаа.

Монголын мэдээ
Ж.Отгон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өб 2016-04-12 23:25:37
    Өмнөх зээлээр зам, барилга барьсан гэжугаа.. Хэнч зээл аваад зам барьж чадышд.. Новшнуудыг суудлаас нь буулгамаар байна
  • зочин 2016-04-12 10:09:57
    Наад зээлий чинь лалрууд авсан болхоос биш монгол улс аваагүй.
  • zochin  2016-04-12 07:59:07
    taalagdlaa