Д.Болд: Гэрээнд зөвшилцөлд хүрчихвэл зардлын санхүүжилт олгоход асуудалгүй
Өнгөрсөн бямба гарагаас эхлэн том оврын автобуснууд урдаа “Нийслэлийн Засаг дарга аа, нэгдүгээр улирлын зардлын санхүүжилтийг өгөөч ээ. Цалингаа тавья, Өрөө төлье” гэсэн үг бүхий лоозонтойгоор хөдөлгөөнд оролцож, зардлын санхүүжилтээ нэхэх болсон. Тэгвэл чухам ямар шалтгааны улмаас санхүүжилт нь олгогдоогүй байгаа талаар Нийслэлийн тээврийн газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Болдоос тодрууллаа.
 
-Өнгөрсөн бямба гарагаас эхлэн том оврын автобуснууд урдаа “Нийслэлийн Засаг дарга аа, нэгдүгээр улирлын зардлын санхүүжилтийг өгөөч ээ. Цалингаа тавья, Өрөө төлье” гэсэн үг бүхий лоозонтойгоор хөдөлгөөнд оролцох болсон. Энэ асуудалд тайлбар өгөөч. Ямар шалтгааны улмаас нэгдүгээр улирлын зардлаа нэхэх болов?

-Энэ асуудалд нийслэлийн Тээврийн газрын байр суурийг илэрхийлэхэд,  зардлын гүйцэтгэлийн тайлан гэх мэт бүх баримт бичиг бэлэн болсон. Юун дээр гацаад байна вэ гэвэл зардлын санхүүжилтийг хийхэд гэрээ шаарддагатай. Манайх аж ахуй нэгж болон “Улаанбаатар смарт карт” компанитай, харин “Улаанбаатар смарт карт” компани аж ахуй нэгжтэй гэрээ хийсэн байх ёстой. Төрийн сангаас тус гэрээг шаарддаг юм. Гэтэл оролцогч талууд гэрээнд санал зөрөлдөөнтэй байгаагийн улмаас зөвшилцөлд хүрч чадаагүй байна.

Гэрээний ямар заалтад талууд тохиролцоонд хүрч чадахгүй байна вэ?
 
-Аж ахуй нэгжүүдийн хувьд төсөл хэрэгжүүлж буй гэдэг утгаараа “Улаанбаатар смарт карт” компани орлого, зарлагаа дангаараа хариуцах ёстой. Ингэвэл аж ахуй нэгжүүд орлогод санаа зовохгүйгээр үйлчилгээгээ сайжруулья гэсэн саналыг тавьж байгаа. Мөн дээр нь шалгагч нар ажиллаж байгаа шүү дээ. Тэдгээр ажилчдыг “Улаанбаатар смарт карт” компани өөр дээрээ авч хариуцан ажиллах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Гэтэл “Улаанбаатар смарт карт” компанийн хувьд арай өөр саналтай. Тэдний хувьд орлого төвлөрүүлэхэд зөвхөн тус компани бус нийслэлийн тээврийн газар, аж ахуй нэгж гэсэн гурван талын оролцоо байх хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлээд буй. Энэ мэтээр гэрээний заалтад санал нэгдэхгүй байсаар нилээд хугацаа зарцуулчихлаа. Гэхдээ одоо энэ тал дээр зөвшилцөлд хүрэхээр талууд ажиллаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
 
Ерөнхийдөө гэрээний заалт дээр талууд зөвшилцөлд хүрчихвэл автобус компаниудын зардлын санхүүжилтийг олгоход асуудалгүй гэж ойлгоход болох нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Талууд гэрээний тал дээр тохиролцоонд хүрчих юм бол зардлын санхүүжилтийг олгоход асуудалгүй.

-Өнгөрсөн жилээс эхлэн нийтийн тээврийн салбарт шинэчлэлт хийгдсэн шүү дээ. Гэтэл үүнээс хойш нийтийн тээвэр урьд жилүүдээс илүү их алдагдал хүлээх боллоо гэх мэтээр “ухаалаг систем”-д буруу өгөх хүн олон байх шиг байна?
 
Ерөнхийдөө орлого буурах нь буурсан. Энэ бол иргэдийн өөрсдийнх нь ухамсар, үйл ажиллагаатай холбоотой. Хүн бүр цахим карт аваад түүгээрээ нийтийн тээврээр үйлчлүүлчихдэг байсан бол ийм асуудал гарахгүй. Бэлэн мөнгөө хийдэг хайрцаг автобусны урд талд бий. Энэ хайрцагт иргэд дутуу мөнгө хийж байна. Үүгээр зогсохгүй скайнердсан цаас, эсвэл тасархай мөнгө, гүйлгээнээс хасагдсан мөнгийг хийж үйлчлүүлэх явдал нэлээд байна. “Улаанбаатар смарт карт” компанийн ухаалаг төлбөрийн картыг бүх хүн аваад бүгд зориулалтын төхөөрөмжид нь уншуулаад нийтийн тээврээр зорчдог бол энэ салбарт хийгдсэн шинэчлэлд ямар нэг буруу өгөөд байх шаардлагагүй шүү дээ.
 
-Хянагч нар ажиллаж байгаа шүү дээ. Тэдгээр хүмүүс ямар үүрэг гүйцэтгэж байгаа юм бэ. Иргэдийн бэлэн мөнгөнд хяналт тавьдаггүй юмуу?

-Мэдээж хянагч нарын гол үүрэг нь тэр шүү дээ. Манайд ч гэсэн хяналтын байцаагч нар бий. Тэд автобус компаниудын үйлчилгээнд явж буй хянагч нарт хяналт тавин ажилладаг. Хянагч нар тухайн автобусны карт унших төхөөрөмж нь ажиллаж байгаа эсэх, буудал зарлагч лед дэлгэц, камерууд ажиллаж байгаа эсэхийг шалгахаас гадна иргэн цахим картаа уншуулж байна уу, бэлэн мөнгөө хайрцагт хийж байна уу гэх мэтээр бүх зүйлд л хяналт тавьж ажиллах ёстой. Гэхдээ үнэнийг хэлэхэд шалгагч нар бүх автобусанд хүрэлцэхгүй байгаа. Манай байцаагч нарын хувьд бүх автобусанд хүрч хяналт тавихын тулд бололцоогоороо ажиллаж л байна.

Монголын мэдээ
Б.Даваа

                                                                                                                                        
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-04-12 04:18:24
    смарт картыг бүх хүмүүст үнэгүй олгох хэрэгтэй ш дэ. Тэгвэл хүмүүс мөнгөө байршуулаад яваад байна ш дэ.
  • buuvei  2016-04-12 02:52:13
    yadaj ajilaa hiij bgaa humuusiin tsalin mungiig tsag hugaysaand ni tavij ugch bmaa yumaa
  • зочин 2016-04-12 01:55:09
    ЖОЛООЧ НАР ЦАЛИНГҮЙ ХЭЦҮҮДЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ