Манай намд урвагчид байгаа нь бидний буруу биш, тэд замаа хөөнө, харин бид сургамж аваад л үлдэнэ
МАХН-ын дэд дарга, Хуульзүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъянтай МАХН-ын эргэн тойронд үүсээд буй асуудлаар ярилцлаа.

-МАХН-ыг тойрсон барив­чил­гаа үргэлжилсээр байна. Саяхан танай намын даргын хам­гаалагчийг АТГ-аас барив­чил­лаа. Мөн өмнө нь баривчлаад байсан санхүү хариуцсан дарга Д.Цогт­баатарыг батлан даалтад гар­га­сан сурагтай. Энэ бүх баривчилгаа зөвхөн Г.Шийлэг­дамба гэх хүний мэдэгдлээс болов уу. Ямар сэжмээр намын даргын хамгаалагч хол­богдчихов?

-Товчхоноор хэлвэл, намын эргэн тойронд хэлмэгдүүлэлт болж байна. МАХН-ыг онилж шалгадаг, шалгаад хэрэг үүсгэж чадахгүй болохоор ямар нэг байдлаар хэрэг зохиогоод хүмүүсийг барьж хорьдог хэлмэгдүүлэлтийг сүүлийн хэдэн жил манай нам туулж байгаа. Тэр хэлмэгдүүлэлт үргэлжилсээр л байгаа хэрэг. Зарим нь урваж, няцаж, намынхаа даргыг худалдах байдлаар өөрсдөө мултрах гэж оролдож эхэллээ.

Цаана нь Н.Энхбаяр гэдэг хүнийг сонгуульд оруулахгүй байх, УИХ-ын гишүүн болгохгүй байх гэсэн асар том улс төрийн бүлэглэлийн санаархал явж байгаа юм. Н.Мөнхөөг баривчилсан нь Г.Шийлэгдамбатай л холбоотой байлгүй. Миний л ойлгосноор бол өнгөрсөн оны арваннэгдүгээр сард намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба мөнгө төгрөгний асуудалд нэр холбогдсон. Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бүх санхүүг зохицуулж, хандив тусламжийг бүртгээд намын даргад тайлагнадаг. Тухайн үедээ санхүүгийн албаны даргад мөнгө өгөх гээд өглөө нам дээрээ ирсэн юм билээ. Харин тухайн үед нь санхүүгийн албаны дарга Д.Цогтбаатар байгаагүй гэсэн.

Тэгэхээр нь намын даргын хамгаалагч Н.Мөнхөөгөөр дамжуулаад үлдээчихсэн юм шиг байгаа юм. Үдээс хойш нь Г.Шийлэгдамба нь ямар учиртай мөнгийг хэнээс хаанаас авснаа тайлбарлаж амжилгүй баригдаад явчихсан. Д.Цогтбаатар дарга тэр мөнгийг яг хэн хэн гэдэг хүнээс авсан тухай, мэдэж амжаа ч үгүй байсан гэсэн үг  шүү дээ. Ерөнхий нарийн бичгийн дарга нь үйл ажиллагаандаа зарцуулаарай гэж өгсөн мөнгийг авсан төдий. Харин сая баривчлагдсан хамгаалагч бол учрыг нь ололгүй дамжуулж өгөөрэй гэсэн зүйлийг нь дунд нь дамжуулсан л хэрэг шүү дээ.

-Та хуульч хүн. Энэ бүх баривчилгаанд хуульзүйн талаас нь тайлбар хийгээч. Д.Цогтбаатар даргыг яагаад батлан даалтад гаргав?

-Хуулийн талаасаа бүх л хууль, хүний эрхийн зарчмуудыг зөрчиж байгаа хэдий ч энэ бол зөвхөн өнгөн хэлбэр төдий л асуудал. Гэтэл цаад агуулга, зорилго нь өөр улс төрийн зорилготой юм. АТГ-ын удаа дараа хийж байгаа мэдэгдлийг та бүхэн анзаарч харж байгаа байх. Хилээр гарах хориг нь хориотой байгаа гэж өмгөөлөгчид нь хэлээд хилийн хориг тавьчихсан юм шиг байна лээ. Тэгснээ гэнэтхэн нэг өдөр гарч ирээд та эмчлүүлж болно, бид хилийн хориг тавиагүй гээд мэдэгдчихэж байгаа юм.

Гараад явангуут комиссарыг нь барьчихлаа. Тэгэхээр цаана нь Н.Энхбаяр гэж хүн оргон зугтах гэж байна, эргэн тойронд нь дандаа гэмт хэрэгтнүүд байгаа юм байна гэсэн ойлголт нийгэмд төрүүлэх гэж оролдож байна. Ер нь бол Д.Цогтбаатрыг анхнаасаа саатуулах ямар ч хууль зүйн үндэслэлгүй байсан шүү дээ. Тэр хүн гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэг хийгээгүй хүнийг зүв зүгээр байхад л нь хоёр гурван сар шоронд хорьчихдог нь ер нь ямар учиртай юм бэ. Цаашид саатуулах үндэслэл нь тогтоогдохгүй байгаа учраас батлан даалтад гаргасан байлгүй дээ. Гаргачихаар АТГ өөрсдөө улс төрийнхөө үүрэг даалгаврын хувьд сонин байдалд орох учраас оронд нь МАХН-аас, Н.Энхбаярын дэргэдээс хэн нэгнийг баривчилж жүжгээ үнэмшилтэй харагдуулах гэж оролдож байна. Тодорхой найруулагчтай, гүйцэтгэгчтэй, гол дүрүүдтэй жүжиг л яваад байгаа юм.

-Д.Цогтбаатар даргатай уулзсан уу. Мөрдөн байцаалт ямар байдлаар явсан бол?

-Манайхнаас уулзсан байх аа. Би утсаар ярьсан. Дөнгөж гарсан учраас эмнэлгээр явж шинжилгээ өгөх, гэр бүлийнхэнтэйгээ уулзах ажилтай байгаа юм билээ. Ах дүүс, аав ээжтэйгээ золгоод нам дээрээ ирнэ гэсэн.

-Н.Энхбаяр даргыг сонгуульд оролцох боломжгүй болсон гэх яриа яваад байна. Сонгуульд оролцох эрхзүйн орчин байгаа юу?

-Сонгуульд орох эрхтэй байлгүй яахав. Н.Энхбаяр дарга бүх л хүмүүсийн адил УИХ-д сонгох, сонгогдох эрх нь нээлттэй байгаа. Ардчилал гэдгийн чинь цаад утга нь Н.Энхбаяр гэж хүнийг сонгох уу, болих уу гэдгээ ард түмэн өөрсдөө шийдэх ёстой юм шүү дээ. Сайн байна гээд сонгох нь, эсвэл таалагдахгүй байна гээд сонгохгүй байх нь таны эрх биз дээ. Гэтэл энэ эрхийнх нь дундуур хуулийн байгууллага давхиж ороод л, хууль хүчний байгууллагаар нийт ард түмний сонгох, нэг хэсэг хүний сонгогдох эрхийг шийдээд байгааг ямар ардчилал гэх билээ.

Монголд хууль цаазат төр, жинхэнэ ардчилал байхгүй, хүний эрх дээд зэргээр зөрчигдөж байгааг л энэ үйл явдал харууллаа. Н.Энхбаярыг сонгох хүсэлтэй хүн байж болно шүү дээ. Тэр хүний эрхийг яагаад зөрчиж байгаа юм бэ. Ганцхан Н.Энхбаярыг л сонгуульд оруулахгүйн тулд УИХ, Засгийн газар, АТГ, хууль  шүүхтэйгээ төрийн бүх механизм үгсэн хуйвалдаж байгаад үнэхээр гайхаж байна.

-Хэлмэгдсэн иргэдийг МАХН-д хандахыг та бүхэн уриалж байгаа юм билээ. Гэхдээ энэ ажилдаа хүүхэд оруулж болдог юм уу. Бага ангийн хүүхдэд тийм судалгаа өгч явуулаад бөглөж ирэхгүй бол хичээлдээ битгий ир гэсэн утгатай зүйл ярьсан байна?

-Би харсан. “Эрхээ хамгаалъя” гэдэг Төрийн бус байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагаа. Намын гишүүд болон гишүүн бус хүмүүсийн байгуулсан ТББ юм. Ер нь бол эрхээ хамгаалъя, энэ эрхээ хамгаалахын тулд хүн бүхэн дуу хоолойгоо хүргэх ёстой юм байна гэж үзээд явуулж байгаа үйл ажиллагаа. Гэхдээ миний мэдэхээр бүх хуудас нь дугаартай байгаа. Нэгээс эхэлж дугаарлаад тамгалчихсан. Тэр яг манай явуулсан хуудас уу, эсвэл дуурайлгаж хийгээд намын нэр хүндэд халдах гэж оролдов уу гэдгийг шалгана.

Хэрвээ мөн байвал хэн түүнийг тараасныг олно. Ер нь хүүхэд тараасан байлаа гээд аав ээждээ дамжуулаад өгөөрэй гэсэн цаасыг дамжуулсан л асуудал биз дээ. Сүртэй хүүхэд намд элсүүлээд, батлах өгөөд явчихсан асуудал байхгүй болохоор хүүхэд оруулах гэж ярих хэрэггүй болов уу. Ер нь сонгууль дөхчихлөө, намын явуулж байгаа үйл ажиллагааг харлуулахын тулд хар пиар хийж байгаа болов уу гэж бодож байна. Ямар ч эрүүл ухаантай хүн хүүхдийг намд элсүүлээд явахгүй нь ойлгомжтой, ийм үйлдэл хийхгүй. Саналын хуудсыг олж авчихаад санаатай, санамсаргүй хорлох гэсэн хэрэг болов уу.

-Танай намаас албан тушаал авсан хүмүүс удаа дараа намын дарга мөнгө нэхсэн, мөнгө өг гэж шантаажилдаг гэсэн мэдэгдэл хийчихлээ. Үнэхээр тийм зүйл байдаг юм уу. Та тухайлбал албан тушаал авчихаад намдаа мөнгө өгч байв уу?

-Зарим нэг шантаажлагч нар нь мөнгө нэхдэг гээд ярьчихдаг юм. Би бол хандив босгох гэж нэрлэдэг. Бүх намууд л сонгуульд зарцуулах хандив босгож байгаа. Намынхаа анхан шатны нэгжүүдийг цалинжуулахын тулд гишүүдээсээ хандив татвар авч байгаа. Манайхаас бусад намууд хандив авдаг л байлгүй дээ. Эсвэл төрийн мөнгөөр туйлаад гишүүдээсээ мөнгө нэхдэггүй юм болов уу. Хэрвээ Хувьсгалт намд үнэ төлбөргүй байх ёстой гээд хуульчихдаг бол бидэнд хандив босгоод байх шаардлага ч байхгүй болно.

Аль ч намд их бага хэмжээгээр мөнгө хэрэгтэй болдог. Манай нам шиг бага төсөв, зардалтай хэвлэл мэдээлэл, бусад салбарт бага мөнгө зарцуулдаг нам ховор. АН, Ардын нам их мөнгө зарцуулдаг нь хэнд хараажаар ойлгомжтой байдаг биз дээ. Хэн ч тэднийг хэн нэгнээсээ мөнгө нэхсэн, шантаажилсан гэж харддаггүй биз дээ. Тэд хаа нэг газраас хулгайлаагүй л байх. Бас л гишүүдээсээ хандив босгож байгаа шүү дээ. Удирдах зөвлөл, УИХ, Засгийн газрын гишүүд нь л тэр хандив зардлаа босгож байгаа байлгүй дээ. Тэдний хандив мөнгөө босгох шаардлага, үйлдлийг “мөнгө нэхсэн” гэж харахгүй атлаа манай намын хандив, санхүүгийн асуудал болохоор л “нэхсэн, шантаажилсан” гэж хараад байгаа нь сонин байгаа юм.

Харин ч шантаажийн хувьд нэг ялгаа бидэнд бий. Намын дарга бидэнд манай намд хэзээ ч шантаажилсан улс төр байж болохгүй шүү гэж хэлдэг. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал бол намууд шантаажийн улс төрөөс хамааралтай байгаа учраас төрийн төлөө, улс орныхоо төлөө зөв зүйтэй сайн шийдвэр гаргах чадамжгүй байгаа гэж тайлбарладаг юм. Зарим нэг хүмүүс энэ байдлыг мэдэхгүй, тодорхой ажил албан тушаал нэхэн шантаажлах гэж оролддог. Гэвч энэ байдал нь амжилтад хүрэхгүй болмогц гомддог. Гомдонгуут түүнийгээ олон түмэнд дэлгээд явах жишээний. Ганцхан Л.Цог, Г.Шийлэгдамбаас л мөнгө нэхэв гэж. Э.Эрдэнэжамъянаас ч гэсэн хандив босго гэж хэлдэг. Би найз нөхдөөсөө аваад л хандив босгох гэж оролддог. Бусад намаас ямар ялгаа байна. Өөр өнцгөөс буруу тайлбарлаад л яваад байгаа юм.

-Та бүлгийн гишүүн О.Баасан­хүүд сануулга өгсөн гэсэн. О.Баасанхүү гишүүн энэ сануулгад тун ч бухимдсан сурагтай?

-О.Баасанхүү гишүүнийг бид УИХ-ын дэд дарга бол гэж хэлсэн. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр УИХ дахь бүлэг заавал дэд даргатай байна гээд хэлчихсэн. Л.Цог дарга бүлгээс гарсан учраас манайх дэд даргаа томилж таарна. Дан дээлтэй хоёр л гишүүн байгаа. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, О.Баасанхүү хоёр. Би тэр жиргээг ганцхан О.Баасанхүү гишүүнд зориулаагүй. Ер нь сонгууль дөхөөд олон янзын хүмүүс биднийг дарамталж шантажлах гэж оролдож байгаа.

МАХН байгуулагдсан цагаасаа, мөн байгуулагдахаасаа өмнө ч олон янзын шантаажийг давж гарсан байж сонгуулийн өмнө хоёрхон сарын хугацаанд шантаажид бууж өгнө гэж байхгүй. УИХ-ын гишүүн, эсвэл жирийн иргэн, өөр ямар нэг намын гишүүн манайхыг шантаажлаад амжилтад хүрэхгүй гэдгийг хэлчихмээр байна. Бид энэ мэт зүйлийг туулаад, хатуужчихсан. Даргыг нь баривчилж хоёр жил хорих зэрэг олон том давааг туулчихсан хүмүүсийг одоо нэг их сүрдүүлээд амжилтад хүрэхгүй л болов уу. 

-Бүлгээс  гардаг юм уу гэж бодох боллоо гээд жиргэчихсэн байна лээ?

-Тэгсэн байсан. Гэхдээ гарахгүй байх. Бүлгээс гарвал намаас гарах хэрэгтэй болно. УИХ-ын гишүүний хувьд бүлгээс гарвал уг нь өөр бүлэгт орох тухай л зохицуулсан байдаг юм. Яг бие даагч болох тухай зохицуулалт байхгүй. МАН, АН-ын бүлэг хүлээж авахгүй бол статус нь эргэлзээтэй болно. Нэгэнт улс төрд орж ирсэн том зорилготой хүн жижиг улс төр хийхгүй байх. Бүлгийн дарга болно гэсэн саналаа албан ёсоор тавьсан. Бид ч байж болох хувилбар гэж үзэж байгаа. Хоёр нам тал талаасаа ярилцана. Гүйцэтгэх товчоо хуралдаад саналаа гаргаж ярилцаад шийднэ. Уг нь бол бүлгийн гишүүдийн өөрсдийнх нь саналаар шийдэгдэх асуудал шүү дээ. Гэхдээ яахав намын удирдлагуудтайгаа ярилцах зөв гэж улс төрийн соёл гаргаад явж байгаа.

-Намын дарга эдгээр томилгоонд ямар хүмүүсийг санал болгов?

-Эмчилгээнд явахаас нь өмнө ярилцсан. О.Баасанхүү, Д.Тэрбишдагва нарыг байж болно гэсэн санал хэлсэн. Та мэдэж байгаа байх. Намын даргыг явахаас өмнө манайх Бага чуулганаа хийж гурван дэд даргатай болсон. Д.Тэрбишдагва дарга бол УИХ-ын төвшинд намын гишүүдийн үйл ажиллагаа, бодлогыг зангидах дэд дарга, миний хувьд намынхаа өдөр тутмын үйл ажиллагааг хариуцсан дэд даргаар томилогдсон. Ц.Оюун­баатар дэд даргын хувьд Зас­гийн газрын төвшинд хамтын ажил­лагааг үргэлжлүүлэх, хэрэг­жүүлээд явах юм. Тэр утгаараа намын бүлгийн даргаар Д.Тэрбиш­дагва гишүүн байх ёстой болоод байгаа юм. МҮАН бидэн­тэй хамтарч байгаа учраас тэр на­мынхаа саналыг хүндэтгэх ёстой. Тэгэхээр бүлгийн дарга манай­хаас тавигдвал, МҮАН-ын УИХ-ын дэд дарга. Манайх УИХ-ын дэд даргаа авчихвал, тэднийх бүл­гийн даргаа тавих тохироотой юм.

-Намын дотоод үйл ажил­лагааг та хариуцаж байгаа юм байна. Сонгууль угтсан үйл ажиллагаа хэр идэвх­жиж байна. Намуудтай нэгдэх асуудал шийдлээ олсон уу?

-Албан ёсоор намаас гурван ажлын хэсэг гаргасан. Нэгдүгээрх нь АН-тай дөрвөн жил ажилласан гэрээгээ дүгнэх ажлын хэсэг. Засгийн газрын гишүүд орсон. МАН-тай хамтрах асуудлаар мөн ажлын хэсэг гаргасан. УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Баасанхүү, МАХН-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулга болон миний бие байгаа. МНН-тай хамтарч ажиллах ажлын хэсгийг Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар ахлаад ажиллаж байгаа. Ардын намд тодорхой байр суурь илэрхийлж, хэд хэдэн удаа уулзсан.

Бидний зүгээс зарчмын санал тавьж байгаа. Та бүхэн хэлмэгдүүлэлтийг юу гэж бодож байна вэ. Улс төрийн хэлмэгдүүлэлт улс орны асуудал болчихлоо. Үүнийг зогсоохгүйгээр бид цаашаа цэвэр улс төр хийж, нэг нь ард түмний итгэл үнэмшлээр сонгогдож, нөгөөх нь сонгох зүйл алга боллоо. Үүний эсрэг мэдэгдэл хийе. 2012 оны сонгуулиар ч гэсэн Ардын намын гишүүдээс чамгүй олон хүнийг барьж хорьсон. Намынх нь байрыг дээрэмдэж авсан.

Энэ чинь эргээд Монгол Улсад хууль шүүх байдаггүй юм гэдгийг харуулж, хүний эрхийг үл тоосон үйлдэл боллоо. Сөрөг хүчнээ, Ерөнхийлөгч байсан хүнээ ингэж дээрэлхэж байгаа хүмүүс гадны хөрөнгө оруулагчдыг яаж ч чадах юм байна гэсэн дохио өгчихлөө. Тиймээс хэлмэгдүүлэлтээ болих, хэн нэг хүний захиалгаар хөдөлдөг байдлаа зогсооё гэсэн мэдэгдэл хамтарч гаргая гэсэн хүсэлт тавьсан. Ардын нам их удаан бодож, тунгааж байна. Хариугаа хэлэх байх. Миний хувьд хуулийг хуулиар нь хэрэгжүүлж, хэлмэгдүүлэлтийг зогсооё гэсэн саналыг дэмжихгүй бол тийм намтай цаашид хамтрах юм уу гэдэгт эргэлзэж байна.

-МАН-д ямар санал тавьсан юм бэ. Танайх 40 хувийг авна гэсэн юм биш үү?

-Эцэслэж тохироогүй учраас ил хэлж болохгүй л дээ. 2012 оны сонгуулиар намуудын санал авсан рейтингийг үндэслэх ёстой гэсэн зарчмын санал тавьсан.

-Ер нь бол хугацаа бага үлдлээ. Дангаараа хэрвээ орвол боловсон хүчний хувьд хэр боломжтой байна?

-Дажгүй шүү. Сүүлийн дөрвөн жилд нэлээд чадавхжиж, залуучуудаа ч дэмжиж ажилласан. Эрдэмтэн судлаачид манай удирдах бүрэлдэхүүнд олноор орж ирлээ. Эрдэмтдийн зөвлөл сайн ажиллаж байна. Төрийг эрдэм номтой хүмүүсээр удирдуулах нь зөв гэсэн намын бодлого байдаг учраас энэ талаар илүүтэй анхаардаг. 76 хүн нэр дэвшүүлэх шиг амар зүйл алга. Харин тэр хүмүүс маань бусад намын бизнесмэнүүд шиг мөнгө хаяж сонгуульд оролцож чадах уу гэдэгт л ялгаа гарах байх. Хувь хүнийх нь чадвар, улс орноо авч явах тал дээр бол аль ч намаас дутахгүй нэр дэвшигчидтэй болсон.

-Таны хувьд тойрогт өрсөл­дөх үү, эсвэл жагсаалтад уу. Нөгөө төрийн албан тушаал эрхлэхгүй байх ялын асуудал юу болсон бэ?

-Өршөөлийн хуулиар өршөөгд­чихсөн. Хоёр янзын ял өгсөн. Торгох ялынхаа торгуулийг бүрэн төлчихсөн. Албан тушаал эрхлэхийг хассан нь өнгөрсөн онд батлагдсан хуулиар өршөөгдчихсөн. Би дэвших бодолтой байгаа. Хан-Уул дүүрэгт нэр дэвшдэг юм уу гэсэн бодол байгаа. Гэхдээ нам ямар шийдвэр гаргахыг хэлж мэдэхгүй юм. Ер нь манай нам гайгүй лидер улстөрчдөө тойрогт өрсөлдүүлэх бодолтой байгаа.

-АН-ын тухайд гэвэл нэр хүндтэй улстөрчдөө жагсаалтад оруулж байна шүү дээ. МАН харин удирдлагуудаа тойрогт явуулна. Харин танайх?

-Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн хариу өөрчлөгдөхгүй гэгчээр хаа ч дэвшүүлсэн тухайн намын гишүүн л бол ижилхэн шүү дээ. Намынх нь бодлого нь хэвээрээ, эрх мэдэл авахаараа засаглаж чаддаггүй гэдэг нь хэвээр л байна шүү дээ. Тойрогт эсвэл жагсаалтад урд хойно нь орууллаа гээд мөн чанар нь өөрчлөгдөх нь юу л бол. Ер нь улс төр шинэ хүмүүс цус сэлбэгдэж байх ёстой гэж боддог. Намаас нэр дэвшигчдийн 30 хувь нь хуучин туршлагатай хүмүүсээс, 70 хувь нь шинэ хүмүүсээс бүрдэж байвал зохимжтой болов уу гэж бодож байгаа.

Хоёрдугаарт, хэн хаана нэр дэвшихээс илүүтэйгээр тэр хүмүүс нь ялсныхаа дараа юу хийх гээд байгаа вэ гэдэг нь чухал. Дөрвөн жилээр л өмнөх ажлаа төлөвлөж яваад, бараг тэр дөрвөн жилдээ ч гэсэн нэг хоёр жилээр бодлого нь солигдоод байхаар улс орон сохор хүн шиг яваад байгаа юм. Манай намын хувьд Н.Энхбаяр даргын санаачилсан 60-30-10=100 гэсэн бодлогыг илүү зүлгэж явна. Тэр нь хүмүүст их хүрсэн байна лээ. Зарим намууд дуурайчихаад 21=100 гэж яриад явж байгаа. 

-Намын байрны асуудал шийдэгдсэн үү. Намын даргад өмгөөлөгч олдохгүй байгаа гэсэн тэр асуудал хэрхэн шийдэгдэв?

-Түрээсэлж байгаа байрны асуудлыг товч тайлбарлая. Тухайн үед гэрээ хийгээд гэрээнийхээ дагуу мөнгөө төлөөд, тэр мөнгө нь ч бүрэн төлөгдөөд дуусчихсан. Жирийн нэг худалдах худалдан авах тухай иргэний гэрээ шүү дээ. Гэтэл бүх асуудал шийдэгдсэний дараа нөгөө хүмүүс нь ирээд өндөр үнээр буцааж авъя гэсэн байна. Учир нь Улс төр, бизнесийн хүмүүс танай байрыг авах тухай сонирхоод илүү өндөр үнэ амлаад байна, буцаагаад бидэнд өгчихөөч гэсэн юм билээ. Нэгэнт төлбөр мөнгөө төлчихсөн байхад ийм зүйл яриад ирсэн учраас татгалзсан. Гэтэл дундаас нь АТГ-ынхан татаж аваад л эрүүгийн хэрэг үүсгээд оролцож эхэлсэн.

Одоо сүүлдээ МАХН-тай холбоотой юу л байна АТГ шийддэг болсон. Иргэний хэрэг байсан ч АТГ, цагдаа шалгах байсан ч АТГ шалгадаг болчихлоо. Хуулиар АТГ, цагдаа, тагнуул ямар хэрэг шалгахыг маш тодорхой зааглаад, заагаад өгчихсөн шүү дээ. Харин өмгөөлөгчийн хувьд Хуульчдын холбооноос албан ёсоор бичиг ирээгүй байна. Ганц нэг өмгөөлөгч ирж уулзсан. Албан ёсоор хүсэлтээ гаргана гээд явсан. Ер нь өмгөөлөгч удаан тогтдоггүй. Н.Энхбаярыг өмгөөлөөд явахаар дарамталдаг, бусад хэргийг чинь ч гэсэн унагана шүү, ажилтай ажилгүйг чинь шийднэ шүү гэсэн дарамт ирдэг юм гэнэ билээ.

-Намын даргын хамгаалаг­чийн талаар хамгийн сүүлд авсан мэдээлэл юу байна вэ?

-Н.Мөнхөө гэж залуу бий. Өмгөөлөгчтэй болсон гэсэн. Би гэр бүлийнх нь хүмүүстэй уулзсан. Тусалж дэмжинэ. Зоригтой байгаарай гэж хэлэхээс өөр үг олдсонгүй. Гэмт хэрэг хийгээгүй хүнд өөр юу ч гэж хэлэх билээ. Зүв зүгээр ажлаа хийгээд явж байсан залуу улс төрийн хоморгонд орж баривчлагдлаа. Өмнө нь бол гэрчээр байцааж байсан. Тэгээд цагаан сарын үеэр зааланд тоглож байгаад хөлөө гэмтээчихсэн, суга таягтай явж байсан юм. Гэрчээр ирж мэдүүлэг өг гэж ярихад нь хөл муу, хэвтрийн дэглэмтэй байна гэж хэлсэн гэсэн.

Түүгээр нь шалтаглаад барьчихлаа. Хүн бүхэн бэртэж гэмтдэг нь жам шүү дээ. МАХН-аас хэн нэгэн хүнийг заавал шоронд байлгаж байх ёстой юм шиг байгаа юм. Б.Тулгыг АНУ-аас дөнгөж ирээд байхад нь туслахаар нь ажиллаж байсан гээд 30 хоног барьж хорьсон. З.Баянсэлэнгэ сайдыг жагсаал цуглаан хийж гарын үсэг цуглуулсан гэж 14 хоног хорьж байлаа. Намайг захиа бичсэн гээд хоёр жилийн ял өгсөн. Бидний хийсэн гэмт хэрэг гэж юу байгаа юм бэ. Жагсч болдоггүй, хүн бүхний бичиж болдог захидал бичиж болохгүй, гэмтэж бэртэж болохгүй, гэрээ хийж мөнгийг нь төлж болохгүй гэсэн хууль бидэнд үйлчилдэг боллоо. МАХН-д зориулсан тусдаа хууль үйлчилж байгаа мэт л санагддаг болчихсон шүү дээ.

-Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг Интерполоор эрэн сурвалжлах хугацаа гэж байдаггүй юм уу?

-Эрэн сурвалжилж байгаа улс нь татахгүй л бол байлгаж л байдаг. Аль аль хүмүүсийнх нь хувьд шалгагдаж байсан хэрэг нь өршөөлийн хуульд хамрагдчихсан юм билээ. Н.Энхбаяр даргыг яллаж байсан 250 дугаар зүйл 2016 оны Өршөөлийн хуулиар, 263 дугаар зүйл анги 2009 оны Өршөөлийн хуулиар өршөөлд хамрагдчихсан юм шүү дээ. Өршөөлийн хууль нэгэнт гарсан учраас мөрдөн байцаалтаа зогсоож эрэн сурвалжлахаа болилоо гэж хэлж болно доо. Тэгэхэд болихгүй байгаа биз. Ирэнгүүт нь ямар нэг байдлаар барьж  хорьж, баахан сүржигнэж хилсээр ял өгөх гээд байгаа юм уу.

-Ер нь хатуухан хэлэхэд МАХН-ыг урвагчдаар дүүрсэн нам гэж хэлдэг. Энд тэндхийн намдаа гомдож ирсэн, эсвэл урваж ирсэн хүмүүс энэ намыг удирдаж байна гэсэн дүгнэлттэй та санал нэгдэх үү?

-Сайнаар яривал ардчилалтай, муугаар хэлвэл цэгцэрч байгаа л нам. Би хувьдаа ачаа даахад бэлтгэгдэж байна гэж хардаг. Янз янзаар л үзүүлж байна. Нам гэдэг чинь улсаа хөгжүүлэх зорилготой хүмүүсийн нэгдэл. Сайн муугаар нэг нэгнээ таньж байна. Нэг зорилгын төлөө болж нягтрахын тулд олон сорилт давна. Тэр сорилтоо л давж байгаа хэрэг. Бүх хүний нүүрийг хараад энэ хэдэн сарын дараа намыг шантаажилна, гурван жилийн дараа биднээс урвана гэж хэлж мэдэхгүй шүү дээ. Ерөнхийдөө ойлгох зүйлээ ойлгож, алдаа болгоноосоо сургамж авч байна. Энэ бүхнийг би Монголын нууц товчоотой жиших, тэндээс өгч байгаа сургамжийг авах дуртай.

Монголын нууц товчоо бас л өнөөгийнх шиг ороо бусгаа үеэс эхэлдэг. Хүмүүс Жамухыг урвагч гэдэг. Жамуха урвагч биш. Тэр зүгээр л хамтарч байсан хүн. Дараа нь зам салсан. Жинхэнэ урвагч дандаа хамаатан садан дотор нь байсан шүү дээ. Аавыг нь бурхан болоход ээж дүү нартай нь үлдээж хаяж нүүсэн хүмүүс урвагч. Хаанаар өргөмжилчихөөд дайны цагт олзонд битгий шунаарай гэж хэлээд байхад ах дүү нар нь болох Алтан, Хучир, Таргудай нар дайнаа мартчихсан олзонд шунаж явж байгаад Чингист зэмлүүлдэг.

Хатуу үг хэлэхэд нь бид чамайг дагахгүй, гээд л нийлээд урваад явчихдаг биз дээ. Чингис хаан энэ бүхнийг даваад гараад ирсэн учраас л Их монгол Улсыг байгуулж чадсан байлгүй. Чингис хааны хажууд урвагчид байгаа нь түүний муугийнх биш биз дээ. Урваж байгаа, олзонд шунасан, хүмүүсийн л буруу биш үү. Манай намд урвагчид байгаа нь бидний буруу биш. Тэдгээр урвагчдын буруу. Урваж байгаа, урвана гэж шантаажилж байгаа хүмүүс замаа хөөгөөд явна. Бид сургамж аваад, урвагчаасаа салаад илүү хүчтэй болоод л үлдэнэ.

-Шадар сайдын өрөөнд Н.Энхбаяр даргыг яг баривчлах гэж байсан юм уу. Та дэргэд нь байсан уу. Барих нь тодорхой болсон учраас намын дарга зугтсан гэдэг?

- Баривчлахаас болгоомжилж л байгаа шүү дээ. Бүхэл бүтэн хоёр сонгуулийн жил дамнан найман жил мөрдөж мөшгилөө. Хүчээр хууль бусаар баривчиллаа. Хаа хамаагүй хэргээр ял оноолоо. Гараад ирэхээр нь бас л хачин хачин зүйл дээр эрүүгийн хэрэг үүсгэлээ гэж байцаалтад дуудаж байнгын сүрдүүлгэнд байлгаж байгаа. Сүүлд бол баривчиллаа шүү гэж хэлээд хөөгөөд гаргачихлаа. Янз янзын байдлаар, шууд болон дам байдлаар занаж, заналхийлж байгааг хажууд нь байгаа бид мэдэлгүй дээ . Тэр өдөр яг ч баривчлах гээгүй, бичиг танилцуулсан. Би яг энэ коридорт /Шадар сайдын үүд/ ярилцлага өгөөд сууж байсан.

Гэтэл АТГ-ын таних, танихгүй хүмүүс үнэмлэхээ ч үзүүлэхгүй шууд Шадар сайдын өрөөнд дайрч орсон. Уг нь Монгол Улсын Шадар сайдын өрөө гэдэг чинь зөвшөөрөл авч орж гардаг хууль дүрэмтэй газар. Гэтэл төрд ажиллаж байгаа нэрийдлээр Засгийн газрын хоёрдахь тэргүүний өрөөнд давхиж ороод байх нь зохимжгүй л дээ. Н.Энхбаяр дарга мэдүүлэг өгөөч гэж дуудахад нь “Би Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг болон ах дүү, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн эрх байдаг юм. Тиймээс би та нарт мэдүүлэг өгөхгүй” гэж хэлсэн. Тэд ч гэсэн та тийм эрхтэй гээд бичиг өгөөд явсан. Бид тал талаас нь бичлэг хийсэн. Одоо тэр хүмүүс баримтжуулсан гэж үзэж байгаа бол шүүхэд хандахад л болно.

Шүүх дээр мэдүүлэг өгөөд, тайлбар хийгээд явж болно. Гэтэл заавал өөрийг нь барьж хорьж өлсгөж тамлаж, ах дүү, амраг садан ойр дотны хүмүүсийг нь барьцаалах юм. Кинонд л тэр барьцаалах чинь гардаг биз дээ. Хамгаалагч, туслах, зөвлөх, дор нь ажиллаж байгаа хүмүүсийг нь хүртэл барьцааллаа. Энэ бүхэн бүгдээрээ хууль бус. Би хуульч хүн баталгаатай хэлж чадна. Бичиг авчрах үед нь би “Та нар чинь АТГ-ынхан байна шүү дээ. Би та бүхэнд бичиг явуулсан. Н.Энхбаярын ялтай, ялгүйг ямар хуулиар тодорхойлсон гэдгээ надад хэлээд өгөөч” гэсэн. Гэтэл бид өөр ажлаар ирсэн гэсэн хариулт өгсөн. Тэгэхээр нь та бүхэн Н.Энхбаяртай хамаатай хэргээр ирсэн бол энэ асуултад хариулт өгөх байх гэхэд бүгд зугтаад явчихсан. Монгол Улсад ялтай ялгүйн тухай тодорхойлолтыг ЦЕГ-ын Мэдээлэл технологийн хэлтэс бичдэг. Гэтэл тэр тодорхойлолтыг АТГ бичиж ч байх шиг. Тэгээд бичихдээ одоо байгаа бүх л хуулийг буруугаар тайлбарлаад албаар хууль зөрчөөд явж байх нь үнэхээр ойлгомжгүй.
 
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • haraa 2016-04-12 05:36:23
    vgvi yuma aliwa zvvld setgel gargana gedeg bol amjiltiin vndes yum
  • Yo 2016-04-11 22:21:26
    Энэнээс еереер амьдрах аргаа олж чадахгуй байгаа юм байхдаа энэ залуу. Ямар арчаагуй еревделтэй харагдаж байна вэ?
  • Зочин 2016-04-11 16:47:15
    Бурханд унэнч байж болно, харин нам бол зугээр л бэлгэвчтэй адилхан хэрэглсэн бол хаях хэрэгтэй. Нам гэдгийг юун ч ондор тувшинд боддог бацаан бэ
  • үнэнийг хайгч 2016-04-11 08:19:44
    ҮНЭХЭЭР Л МАНАЙ ХУУЛИЙНХАН ГАНЦ Н.ЭНХБАЯР ГЭДЭГ ХҮНТЭЙ НОЦОЛДСООР Л ХЭДЭН ЖИЛИЙН НҮҮРИЙГ ҮЗЛЭЭ ШҮҮ... ОДОО БОЛИОЧ ЭЭ. ӨӨР ЭНЭ УЛС ОРОНД ЧИНЬ ХИЙХ АЖИЛ АЛГА УУ. ...
  • инээдтэй :) 2016-04-11 06:20:07
    махн компанийн эзэн энхбаяртаа хөөгдөхөөрөө юу гэж донгодох юм бол , энэ хөөрхий амьтан ... бас манай нам гэчихжээ :))))) Хувийн компаний зарц байж , хэ хэ...
  • ard 2016-04-11 05:04:36
    Мэхт мэхэндээ орж дээ.энэ мэт хэлмэгдүүлдэг аргыг энхбаяр авчирсан биз дээ.
  • МАХН 2016-04-11 04:06:32
    НУС НУЛИМСАА АРЧИЖ ҮЗ. МУУ АРЧААГҮЙ ГӨЛӨГ.
  • zochin 2016-04-11 02:15:10
    pee nuguu uilj duulj alban tushaald ochdog adgiin lalar mun uu
  • Батаа 2016-04-11 01:47:27
    Нөгөө бидний ярих дуртай 1937 онодоо давхцаад байгаа юм биш үү
  • нусгайд 2016-04-11 01:28:55
    энэ нусгай биеэ үнэлэгчээс дор гэдгээ улс даяр харуулаа биз дээ ха ха .. бөгс долоогч жинхэнэ утгаараа энэ нус байх шүү