Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна

Отгон чуулган нээлтээ хийв
 
Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн ээлжит чуулган болох Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулган өнгөрсөн мягмар гарагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр үйл ажиллагаагаа эхэллээ.Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Засгийн газрын гишүүд, Улсын Их Хурлаас томилогддог болон ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын удирдлагууд, мөн улс төрийн намуудын төлөөлөл, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн байгууллагын тэргүүн нар оролцов.

Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулган нь энэ УИХ-ын бүрэн эрхийн сүүлчийн чуулган гэдгээрээ онцлогтойг тэмдэглээд хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар дурдав.
 
Ерөнхий сайд Хонконгт  айлчлав

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт өнгөрсөн долоо хоногт айлчиллаа. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд албаны олон хүмүүстэй уулзаж, хамтран ажиллах талаар ярилцжээ. Түүнчлэн СИИ телевизэд ярилцлага өгчээ. Энэ айлчлалын гол зорилго “Credit Suisse” банкнаас  зохион байгуулдаг Азийн хөрөнгө оруулагчдын 19 дэх чуулга уулзалтад оролцох байлаа. Чуулга уулзалтад Япон, Малайз, Шриланк зэрэг улсын Ерөнхий сайд, улс төрийн зүтгэлтнүүд гол илтгэгчээр оролцож, тухайн улсын эдийн засгийн бодлогын талаар тайлбарлаж байсан.

Азийн хөрөнгө оруулагчдын 19 дэх чуулга уулзалтад 600-аад төлөөлөгч оролцлоо. Зарим хуралдаанд төлөөлөгчид нь багталцахгүй, танхимын гаднах телевизээр үзэж байсан. Нэлээн сонирхол татсан чуулган боллоо. Бид энэ арга хэмжээнд оролцож, улс орныхоо эдийн засаг, мөнгө санхүүгийн байдал, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаар сүүлийн үеийн  мэдээллүүдийг өгч, хөрөнгө оруулагчдын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгөх боломж гарлаа.
Чуулга уулзалтад оролцож, илтгэл тавьснаас гадна ажлын олон уулзалт хийлээ. Азийн дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтын шинэ банкны анхны ерөнхийлөгчтэй уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцсон.

Шинэ байгууллагын хувьд хэрэгжүүлэхэд бэлэн ТЭЗҮ-тэй том төсөлд орох боломжтой гэдгээ илэрхийллээ. Бид төмөр замын төслүүдээ сайн танилцуулсан. Энэ чиглэлээр хоёр тал үргэлжлүүлэн ажиллаж, богино хугацаанд шийдвэр гаргахаар тохиролцож чадлаа. Хонконгийн Худалдааны хөгжлийн зөвлөл дэлхийд алдаршсан 30 орчим үзэсгэлэн, яармагийг Хонгконгт зохион байгуулдаг. Монголын үзэсгэлэн яармаг зохион байгуулах, оролцох талаар ярилцсан.
 
Тост тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ

 “Ирвэс хамгаалах сан”-гийн байгаль хамгаалагч залуу амиа алдсаны дараа Тост, тосон бумын нурууг Засгийн газар “улсын нөөц”-д авсан тогтоол гаргасан  ч нөөцийн ангилалд авах нь байгаль хамгаалах дорвитой шийдвэр болж чадахгүйн дээр  тодорхой хугацааны дараа дахин уул уурхайд ашиглах боломжтой болох учир тусгай хамгаалалтад тэр дундаа байгалийн нөөц газрын ангилалд авах ёстой гэж үзсэний үндсэн дээр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нарын нэр бүхий долоон гишүүн тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн билээ. УИХ-ын Байгаль орчин, хүнс,хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар 100 хувь дэмжигдсэн уг тогтоолын төслийг УИХ-ын чуулган 91.9 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, тосон бумын нурууны нийт газар нутгийн 60 гаруй хувьд уул уурхайн хайгуул, ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Өнөөдрийн байдлаар таван тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж, хайгуулын13, ашиглалтын гурван тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж  үйл ажиллагаа явуулж байна. Гурвантэс суманд ийнхүү эрчимтэй хөгжиж буй уул уурхайн нөлөөнд Тостын нуруу хүчтэй өртөж байгаа тул цоохор ирвэс амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн хийдэг гол нутгийг хамгаалах шаардлага зүй ёсоор тулгараад байсан юм. Тус бүс нутагт зөвшөөрөл авсан уул уурхайн лицензүүдийг цуцалсанаар 30 гаруй тэрбум төгрөгийн нөхөн олговор төлөх урьдчилсан тооцоо байна.
​Н.Алтанхуягийн мэдэгдэл шуугиан тарив

“Авлигатай тэмцэх амаргүй ажил хэмээн Ерөнхиийлөгч байнга жүжиг тоглодог. Төрөөс төрсөн тэрбумтнуудын бүлэглэлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдан чиглүүлдэг. Өөртэй нь үгсэн хуйвалдаагүй тул өнгөрсөн хугацаанд маш их гүтгэлэг, доромжлолыг над руу чиглүүлсэн. Өнөөдөр би ийнхүү нэр цохон мэдэгдэл хийснээр өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулж байгаагаа маш сайн мэдэж байна. Гэвч ардчиллыг хамгаалах цаг болсон тул би энэ мэдэгдлийг хийж байна. Иргэд Монгол Улсыг чухам ямар хүн удирдаж байгааг мэдэх эрхтэй.Хуйвалдааны төр улам бүр хүчирхэгжсээр байна гэсэн мэдэгдлийг УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдэгдэл хийлээ.

Ерөнхийлөгч Н.Алтанхуягийн мэдэгдэлд хариу барив

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийн мэдэгдэлд тэр дор нь хариуг нь барьсан юм.Тэрбээр "Алтанхуягийн мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая" гэж twitter хуудсандаа бичсэн билээ. 

Сонгуулийн зардлын хэмжээг тогтоов

УИХ-ын пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлд Хүн амын тоог сонгуулийн нутаг дэвсгэртэй харьцуулан зардлыг тухай бүр тогтооно гэж заажээ. Энэ дагуу Сонгуулийн ерөнхий хороо 16.4 тэрбум төгрөгөөр зардлыг тооцож, УИХ-аар хэлэлцэж баталлаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.