Хүнсчдийн тулгамдсан асуудлыг төрийн бодлогоор дэмжин шийдэхийг хүслээ
УИХ дахь МАН-ын бүлэг, Монголын хүнсчдийн  холбоо хамтран "Төрөөс хүнсний талаар баримталж буй бодлого-тулгамдсан асуудал" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар болон АПУ, “Талх чихэр”, “Сүү”, “Мах маркет”, “Хүнс комплекс”, “Дархан хүнс” зэрэг 50 гаруй хүнс үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчдийн төлөөлөл оролцсон юм. 

Хүний хамгийн анхдагч хэрэглээ болох хүнсийг үйлдвэрлэж буй компани, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд тулгамдаж буй асуудлаа УИХ-ын гишүүдэд танилцуулж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах стратегийн гол салбараа төрийн бодлогоор хамгаалж, хэрхэн дэмжих талаар харилцан санал солилцсон нь энэ удаагийн хэлэлцүүлгийн онцлог байлаа. 

Монгол Улсад үйлдвэрлэл хөгжүүлэхтэй холбогдуулан 1999 оноос хойш УИХ, Засгийн газраас батлан гаргасан 50 гаруй бодлогын баримт бичиг байдаг ажээ. Хэдий олон хууль, бодлогын баримт бичиг хэрэгждэг ч хүнсний салбарынханд тулгамдаж байгаа олон асуудал байна. Импортын хүнсний хараат байдлаас ангижрах чиглэлээр төрөөс дорвитой бодлого үгүйлэгдэж буйг хэлэлцүүлэгт оролцогсод хөндөж байсан. Импортын бараанаас дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах, экспортод бараагаа гаргахын тулд гадаад зах зээлийн судалгаа хийх, экспортын татварыг бууруулах шаардлагатай. Нөгөө талаар татварын хөнгөлөлт, зээлээр дэмжүүлж, импортын бараатай өрсөлдөж, хөл дээрээ тогтохыг хүнс үйлдвэрлэгчид хүсч байна. 



“Салбарын боловсон хүчнийг сургаж бэлтгэхэд салбарын яамд бодлогоо уялдуулах шаардлагатай байгаа. Одоо бидэнд үйлдвэржилтийн нарийвчилсан зураглал, сайн тооцоо судалгаа, төлөвлөлт хэрэгтэй байна. Үйлдвэрлэгчид маань хүч нөөц боломжоо хоршиж, олон хэлбэрээр хамтарч, илүү чадавхтай, стандарттай, далайцтай үйлдвэрлэл хөгжүүлэхийг тууштай дэмжинэ. Үйлдвэр технологийн паркийн хууль эрх зүйн орчин ч боловсронгуй болж байна” гээд энэхүү нөхцөл боломж дээр үндэслэн “21:100” хөнгөн үйлдвэржилтийн хөтөлбөр санаачилж, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж байгаагаа С.Бямбацогт гишүүн танилцуулсан юм. 

Б.Гантулга: “Үдийн цай”-нд чанартай, эрүүл хүнс хэрэглэх ёстой

Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар “Сүү” ХК-ийн захирал Б.Гантулга мэдээлэл хийхдээ “Үдийн цай” хөтөлбөрийг онцоллоо. Тэрээр хүүхдийн ходоодыг дүүргэхийг л урьтал болгодгоос биш чанартай, эрүүл аюулгүй хүнсийг “Үдийн цай” хөтөлбөрт хэрэглэх талаар төрийн бодлого учир дутагдалтай байгааг шүүмжлэв. Хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндэд тустай байлгах үүднээс цаашид “Үдийн сүү” хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатайг ч онцлов.



Жишээ нь, манай урд хөршид сургуулийн насны хүүхдүүдийн дунд тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, үйлдвэрийн чанартай сүүг тогтмол хэрэглэснээр хүн амын нь дундаж өндөр зургаан см-ээр өссөн, мөн шүдний өвчлөл найм дахин буурсан зэрэг сайн үзүүлэлт гарч байгаа аж. Тиймээс хүүхдийг бага наснаас нь эхлэн эрүүл, органик бүтээгдэхүүнээр хангахад анхаарах цаг болсныг тэрбээр сануулсан юм. 

Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг төлөөлж “Хүнс комплекс” ХХК-ийн захирал, Хүнсчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Оюунтуяа үг хэлэхдээ махны үйлдвэрүүд олноор хаалгаа барьсан нь төрийн бодлого зохицуулалтгүй явснаас үүдэлтэй гэв. Учир нь малчдын гар дээрээс ченжүүд хямдхан үнээр мах авч дамлан борлуулснаас үйлдвэрүүд махны үнийг тогтоож чадахгүйд хүрчээ. Мөн тэдэнд эргэлтийн хөрөнгө дутмаг, НӨАТ-ын дарамт маш их байгааг хэлэв. Иймд НӨАТ-ыг нааштайгаар шийдэж өгөхийг төр засгаас хүсдэг ч биеллээ олдоггүй гэлээ.

Хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр “Талх чихэр” ХК-ийн маркетингийн албаны дарга А.Мөнхбаяр, хүнсний бүтээгдэхүүн экспортын талаар “Рояал Ресиурс” ХК-ийн захирал С.Ариунболд нар саналаа хэлсэн. Тухайлбал, гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд үнэ тогтоох боломжгүй, импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадваргүй байгааг ярилаа. Жишээ дурдахад, ОХУ-аас жигнэмгийг 600 төгрөгөөр оруулж ирж худалддаг атал манай улсын үйлдвэрүүд хамгийн багадаа 800-900 төгрөгийн жигнэмэг үйлдвэрлэх боломжтой байдаг аж. Дотоодын жигнэмэг импортынхоос илүү үнэтэй болоход НӨАТ-ын дарамт нөлөөлдөг гэнэ. Тэдэнд ийм дарамттай байдаг тул НӨАТ-ыг “Нэмж өрөнд оруулдаг албан татвар” гэж нэрийддэг байна. 

1,5 тэрбумаас бага орлоготой жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлдөг. Гэвч бодит байдал дээр үүнээс дээш орлоготой аж ахуйн нэгж хөрөнгө оруулалт хийж, тоног төхөөрөмж технологи оруулж ирэх боломж чадамж илүү байдаг. Иймээс энэ хязгаарыг өөрчлөх, нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн санал ч гарч байв. 
Ийнхүү хүнс үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг анхааралдаа авч төрийн бодлого болгон хэрэгжүүлэх чиглэлээр анхаарч ажиллах юм байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gaag 2016-04-12 05:43:15
    ardiin nam yu hiigeed bnaaa
    93.115.95.207
    Мэдэгдсэн Хариулах