УИХ-ын чуулганаар 4 асуулгад хариуг мэдэгдлээ
Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын зарим гишүүдээс Монгол Улсын Ерөнхий сайд болон салбарын сайд нарт тавьсан дөрвөн асуулгын хариуг сонслоо.

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын талаарх асуулгын хариуг сонсов

Эхлээд Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын 8 гишүүнээс Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Шийдлийн Засгийн газраас 2015 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний хэрэгжилт болон 2016 онд төлөвлөж буй арга хэмжээ, хүрэх үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг танилцуулсан юм.

Сайд танилцуулгадаа, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо анх 2012 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд байгуулагдаж, 2013 онд Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор Ерөнхий сайдын дэргэд ажлын алба нь шилжиж, 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Харин Ерөнхий сайдын 2014 оны 151 дүгээр захирамжаар Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журамд нэмэлт, өөрчлөлт оруулж, Үндэсний хорооны ажлын албыг татан буулгаж, хэрэгжүүлж байсан чиг үүргийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудалд хамааруулсны дагуу өмнөх Засгийн газрын үед шийдвэрлэн хэрэгжүүлж байгаа төслүүд болон Цэвэр агаар сангийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна.

Үндэсний хорооны 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хурлаас Үндэсний хорооны бүрэлдэхүүнд агаарын бохирдолтой Өвөрхангай, Баянхонгор, Орхон, Дархан- Уул, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймгуудын Засаг дарга нарыг нэмж оруулахаар шийдвэрлэсэн ба эдгээр аймгуудын Засаг дарга нарт орон нутгийн төсвийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой зардал мөнгийг тодорхой хэмжээгээр тусган, агаарын тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулж, хийсэн ажлын явц, үр дүнгийн талаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд сар, улирлаар танилцуулж, тайлагнаж байхыг үүрэг болгосон.

Цэвэр агаар сангийн үйл ажиллагааны тухайд тус сан нь 2011 онд байгуулагдсанаас хойш 5 жилийн хугацаанд сангийн төсөвт нийт 122,68 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс 93,01 тэрбум төгрөгийг нь зарцуулсан байна. Цэвэр агаарын сангаас хийж хэрэгжүүлсэн ажлын дийлэнх нь нийслэлийн гэр хорооллын утааг бууруулахад чиглэгдсэн бөгөөд 26.1 тэрбумыг сайжруулсан зуухаар, 4.2 тэрбумыг боловсруулсан түлшээр хангахад, 3 тэрбумыг хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэхэд зарцуулжээ. Цэвэр агаарын сангийн төсөв 2015 онд 16.16 тэрбумаар батлагдаж, эхний 10 сард 5.2 тэрбум төгрөг зарцуулахаас 4,8 тэрбумыг зарцуулаад байна.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах асуудлын хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар азотын ислүүд (МОх), хүхрийн исэл (302)-ийн хэмжилтийн төхөөрөмжүүдийг 2013 онд, тоосонцрын (РМ2.5, РМ10) хэмжилтийн төхөөрөмжүүдийг 2015 онд шинэчилсний үр дүнд суурин харуулуудын агаарын бохирдуулагч хорт бодисуудыг хэмжих тоног төхөөрөмжүүд тасралтгүй ажиллах нөхцөл бүрдсэн. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны шийдвэрээр гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан зуухаар хангахад Цэвэр агаарын сангаас татаас олгож ирсэн бөгөөд 2011-2015 онуудад 25.1 тэрбум төгрөгийг татааст, 1 тэрбум төгрөгийг борлуулалтын зардалд, нийт 26.1 тэрбум төгрөг зарцуулсан. Харин Олон улсын хамтын ажиллагааны төслүүдийн үнийн хөнгөлөлт, Цэвэр агаарын сангийн татаастай үнээр 168118, улсын төсвийн хөрөнгөөр 7500 буюу нийтдээ 175618 сайжруулсан зуух тараасан нь нийслэлийн гэр хорооллын нийт өрхийн 97,6 хувийг хамарч байна. Нийслэлд шилжин ирэгсдийн тоо 2008-2009 оны төвшнөөс 25 хувиар өссөн байхад сайжруулсан зуух хөтөлбөр хэрэгжүүлснээр агаар дахь РМ2.5 тоосонцор 63 хувиар буурсан үзүүлэлт гарсан.

“Улаанбаатар цэвэр агаар” төслийг 2012-2017 оны хооронд Дэлхийн банкны 15 сая ам. долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ төсөл нь гэр хорооллын нарийн ширхэгт тоосонцор /РМ2.5/-ыг бууруулах; дунд хугацаанд Улаанбаатар хотын том ширхэгт тоосонцор /РМ10/-ыг бууруулах бичиг баримт боловсруулах; агаарын чанарын хөтөлбөр, төслийн менежмент, хяналт үнэлгээ гэсэн гурван үндсэн чиглэлтэй юм. Мөн “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл-2” хүрээнд Улаанбаатар хотын агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хяналт тавих, багаж тоног төхөөрөмжөөр хангах, тэдгээрийг ашиглан хэмжилт хийх мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх, улмаар агаар бохирдуулах бодисын ялгарлыг бууруулахад чиглэсэн бодлогын хэрэгжилтийг сайжруулахаар ажиллаж байна.

Агаарын чанарын хяналтын системийн тухайд Улаанбаатар хотод 14 цэгт агаарын чанарыг хянаж байгаагийн 10 нь ЦУОШГ-ын Агаарын чанарын албанд, 4 нь Нийслэлийн агаарын чанарын албанд харьяалагдаж байна. Япон улсын Жайка олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа Агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслийн санхүүжилтээр 1 ширхэг суурин автомат харуулыг нэмж суурилуулах ажпыг эхлүүлээд байна. Харин Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын сүлжээг өргөтгөх зорилгоор Японы Олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллага, мөн БНСУ-ын Сөүл хоттой хамтран хил дамнасан агаарын бохирдлын найрлагыг тогтоох хамтарсан судалгааны ажлын хүрээнд агаарын бохирдлын төвшин өндөр гэр хорооллын бүсэд орчны агаарын чанар хэмжих иж бүрэн автомат 2 суурин харуул байрлуулах төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Үүний үр дүнд 2012 онд Улаанбаатар хотын агаарын чанарыг 10 автомат харуулаар хэмжиж байсан бол 2016 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл-2 болон Сөүл хотын хамтын ажиллагааны хүрээнд 2 суурин харуулыг шинээр нэмж байрлуулснаар 12 цэгт орчны агаарын чанарыг хэмжих боломжтой болж, хяналтын сүлжээний хүчин чадал нэмэгдэх юм байна.

Улаанбаатар хотын агаарын чанар 2015 оны байдлаар хүйтний улирлын (1-4,10-12 дугаар сар) Улаанбаатар хотын агаарын чанарын төлөвийг 2012-2015 оны байдлаар харуулахад 1 дүгээр сард бүх бохрдуулагчдын хэмжээ хамгийн их байгаа бөгөөд том, жижиг ширхэгт тоосонцрын хэмжээ жил ирэх тутам буурсан хандлага ажиглагдаж байгаа боловч стандартаар хүлцэх хэмжээнээс байнга их байна. Агаар дахь азотын давхар ислийн агууламж 1 дүгээр сард хамгийн их, 2013 онд бүх саруудад бусад онуудынхаас их байжээ. Хүхэрлэг хийн агууламж жил бүрийн галлагаа эхэлсэнтэй холбоотойгоор 11 дүгээр сараас 3 дугаар сарыг дуустал стандартаар хүлцэх хэмжээнээс их, 1 дүгээр сард 3-4 дахин их байсан байна гэдгийг сайд танилцуулгадаа дурдав.

Салбарын сайд цаашид агаарын бохирдлыг бууруулах асуудлыг шийдвэрлэхийн тулд:

-Сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс түүхий нүүрсний үнэтэй уялдуулан 1 тонн түлшинд олгох татаасыг шийдвэрлэх,

-Гэр хорооллын цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах, өргөтгөх

-Төвлөрсөн дулаан хангамжийн одоогийн хүчин чадал 2,282 Гкал/ц байгаа ба 2020 онд дулааны оргил хэрэгцээ 2,420 Гкал/ц байхаар тооцоологдож байгаатай холбогдуулан 5 ДЦС-ын бүтээн байгуулалтын ажпыг нэн даруй эхлүүлэх.

-Төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээг өргөтгөх

-Нийтийн орон сууцны хорооллын дулааны алдагдлыг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх, улмаар өсөн нэмэгдэж буй төвлөрсөн дулааны хэрэглээг сааруулах

-Нийтийн том оврын хуучин тээврийн хэрэгслүүдээс ялгарах агаар бохирдуулагч бодисыг бууруулах зорилгоор нарийн ширхэгт тоосонцрын шүүлтүүр суурилуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг санал болголоо. Түүнчлэн цаашид агаар бохирдуулагч бодисуудаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд хамгийн их сөрөг нөлөөтэй бодисыг сонгон авч, түүний ялгарлыг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх, агаарын бохирдол ихтэй аймгийн төвүүд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр цахилгаан халаагуурыг түлхүү нэвтрүүлэх, хэрэглэхэд анхаарч Улаанбаатар хотын адил тарифын зохих хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай байгааг хэллээ.

Салбарын сайдын танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, С.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, С.Оюун нарын асуултад Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон ажлын хэсгийн бусад гишүүд хариулт өгөв.

Эцэст нь асуулга тавьсан гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн С.Оюун хэлсэн үгэндээ, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас 2015 онд чухам юу хийв, 2016 онд дорвитой ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэж байгаа талаар Ерөнхий сайдад хандаж асуулга тавьсан. Салбарын сайдын хариулт дутуу байна. Агаарын бохирдлыг бууруулах асуудалд Засгийн газар олигтой анхаарал тавихгүй байна. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг зохион байгуулах үүрэгтэй Үндэсний хорооны ажлын алба, Цэвэр агаар санг татан буулгасан, 2016 оны улсын төсөвт хөрөнгө мөнгө тусгаагүй. Ийм ухралт гарсанд анхаарч нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас тодорхой хөтөлбөр гаргах шаардлагатай, түүнчлэн салбарын сайд нар хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд салбар салбартаа тодорхой ажил зохион байгуулж бага ч гэсэн ахиц гаргах хэрэгтэй байна. Түүнчлэн шөнийн тарифын хөнгөлөлтийг 50 хувь биш гол цэгт цахилгаан халаагуур хэрэглэж байгаа 4000 гаруй айл өрхөд 80-90 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй байгааг хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва агаарын бохирдлыг бууруулах асуудлыг зуух тараах, цахилгааны үнийг хөнгөлөх зэргээс гадна цогцоор нь авч үзэж шийдвэрлэх арга замаа тодорхойлох шаардлагатай, мөн Засгийн газрын гишүүд хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу салбар салбарынхаа чиглэлээр энэ асуудалд анхаарч ажиллах хэрэгтэй байгааг хэлсэн юм.

Д.Сумъяабазар гишүүний хоёр асуулгад Шадар сайд хариулт өгөв

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Монгол Улсын Ерөнхий сайд болон Эрүүл мэнд, спортын сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд нарт хандаж тавьсан асуулгын хариуг сонссон юм. ГишүүнээсЦэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа болон иргэдийг орчны бохирдлоос хамгаалахтай холбоотой авч буй арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдад тавьсан асуулгын хариугЭрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Монгол Улсын шадар сайд Ц.Оюунбаатар танилцуулав. Мөн тэрээр Д.Сумъяабазар гишүүнээсНийслэлийн иргэдийг агаар, хөрс, усны бохирдлоос хамгаалах, бий болсон хор хөнөөлийг бууруулах талаар авч буй арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг хамтад нь танилцуулсан юм.

Монгол Улсын Шадар сайд танилцуулгадаа, Төв цэвэрлэх байгууламжаас ялгарч байгаа үнэр хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар тус яамны зүгээс тусгайлан хийгдсэн судалгаа одоогоор байхгүй. Гэхдээ шинжлэх ухааны онолын үүднээс цэвэрлэх байгууламжаас ялгарч байгаа үнэр хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн тухайд иргэдээс судалгаа авч үнэлэлт дүгнэлт өгсөн байдаг. Биологийн цэвэрлэгээний үйл явцын үр дүнд үүсдэг лагийн найрлагад агуулагдаж буй органик бохирдуулагч болох умбуур бодис, азотын нэгдэл, фосфатын нэгдэл, хлорын нэгдэл, гадаргуугийн идэвхт бодис, гэдэсний бүлгийн бактери, эгэл биет, вирус, шимэгч хорхойн өндөг гэх мэт бичил биетийн исэлдэлт явагдсанаар хүхэрт устөрөгч, аммиак, индол, скатол, меркаптан, нүүрсхүчлийн хий, метан зэрэг ялзралын хийнүүд ялгарч эвгүй үнэрийг бий болгодог байна. Лагийн өмхий үнэр дэх бодис нь төв мэдрэлийн системийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулж судас нарийссанаас толгой өвдөх, нойргүйдэх, ядрах шинж тэмдгүүд илэрдэг.

Бохир агаараар амьсгалснаар үнэрлэх, амтлах эрхтний үйл ажиллагаа муудах, хоолой загатнах, хорсох, ханиалгах, цээж давчдахаас гадна нүд загатнах, улайх, үрэвсэх, арьс улайж загатнах зэрэг харшлын шинж тэмдэг илрэхээс гадна хүний тархи, мэдрэлийн тогтолцоонд нөлөөлөх зэрэг эрүүл мэндийн эрсдэлүүд тулгарна. Лагийн талбайд лагийг ил задгай хаяснаас доош нэвчиж хөрсний бохирдол ихээр үүсгэх аюултай бөгөөд улмаар халдварт өвчний нян үржиж тарах нөхцөлийг бүрдүүлдэг гэдгийг хэллээ.

“Нийслэлийн иргэдийг орчны бохирдлоос /агаар, ус, хөрс болон бусад/ хамгаалах талаар зохион байгуулж байгаа ажлын тухайд нийслэлд Монгол Улсын нийт хүн амын 46 хувь буюу 1.3 сая иргэн амьдарч, эдэлбэр газар нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.03 хувийг эзэлж байна. Анх 1956 онд 600-700 мянган хүн амьдрахаар төлөвлөгдсөн хэдий ч хүн амын тоо төлөвлөсөн хэмжээнээс хэт их өссөнөөс төлөвлөлтгүй суурьшил үүсэх, агаар, ус, хөрс бохирдох, эрүүл ахуйн нөхцөл дордох, байгалийн тэнцэл алдагдах зэрэг сөрөг үр дагаврууд үүсч байна. Иймд БХБЯ-аас санаачлан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн эрх зүйн үндсийг тодорхойлох, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг хуулийн төслийн хамт боловсруулаад байна. Энэхүү хууль батлагдснаар хотжилт, барилгажилт, газар ашиглалтанд гарч байгаа эрүүл ахуйн хэм хэмжээний зөрчил арилж, Нийслэл хотын хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахад ихээхэн ач холбогдол болох юм гэдгийг онцлов.

Хүн амыг агаарын бохирдлоос хамгаалах чиглэлээр гадаад, дотоод орчны агаар дахь хими, физикийн гаралтай түгээмэл бохирдуулагчийн зөвшөөрөгдөх хэмжээг тогтоох стандарт мөрдөгдөж байгаа ч энэ стандартаар зөвхөн агаарын түгээмэл бохирдуулагчийн хүлцэх агууламж, физикийн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх түвшинг тогтоосон байдаг. Уг стандартад агаар дахь хар тугалганы хүлцэх агууламж 1 мкг/м3 байгаа нь олон улсын агаарын чанарын стандартад зааснаас 4-6 дахин өндөр байгаа бөгөөд үүнд гадаад орчинд ялгарах асбест, хүнцэл, никель, кадми, бензол, толуол гэх мэт химийн хорт бодисын хүлцэх агууламж тогтоогдоогүй болно. Иймд орчны агаар дахь түгээмэл бохирдуулагчийн хүлцэх агууламжийг шинэчилж, химийн хорт бодисын хүлцэх агууламжийг тусгах үүднээс уг стандартад нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг 2013 оноос эхлэн боловсруулж хэлэлцүүлэн холбогдох яам, төрийн захиргааны байгууллагуудын саналыг авч тусган Стандартчлалын техникийн хороогоор хэлэлцүүлэхэд бэлэн болоод байгаа. ДЭМБ-ын дэмжпэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, бодит мэдээллээр хангах, салбарын болон салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор 2014 оны 10 дугаар сарын 1-ээс эхлэн Шуурхай удирдлагын төв (ШУТ)-ийг байгуулан ажиллаж байгаа. Тус төв нь салбарын 7 байгууллага, салбар хоорондын 4 байгууллагаас 24 цаг, 7 хоногийн давтамжтайгаар цахим хэлбэрээр мэдээлэл хүлээн авч, өдөр тутмын шуурхай хурлыг тогтмол зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээг төлөвлөн мэдээллийг 57 байгууллага, 129 ажилтанд цахим хэлбэрээр түгээж байгааг дурдлаа.

Хүн амыг хөрсний бохирдлоос хамгаалах чиглэлээр хүн амын амьдрах аюулгүй орчин бүрдүүлэх, байгаль орчныг бохирдлоос хамгаалах, халдварт өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор БХБЯ, НМХГ-тай хамтран “Нүхэн жорлон, угаадсны нүх. Техникийн шаардлага” ММЗ 5924:2008” стандартыг шинэчилж, уг стандартын хавсралтаар “Зөөврийн болон үйлдвэрийн хийц бүхий биожорлон", “Бага хэмжээний усаар зайлуулах жорлон”, “Хуурайшуулах жорлон” зэрэг сайжруулсан ариун цэврийн байгууламжийн төрлийг барих, ашиглах эрх зүйн орчинг стандартчилж, төслийг Стандартчлалын техникийн хорооны хурлаар хэлэлцүүлж дэмжигдээд байгаа. Нийслэлийн мэргэжпийн хяналтын газар, Газарзүйн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газар, Азийн сантай хамтран Улаанбаатар хотын хүн амын суурьшлын бүсийн хөрснөөс дээж авах цэгийг “Нийслэл хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-тэй уялдуулан 74 хяналтын цэг, 1 фон (эталон) цэг байхаар солбилцлын байршлыг тогтоож, тогтоосон цэгүүдийг байр зүйн зурагт оруулж тэмдэгжүүлснээр нийслэлийн хүн амын суурьшлын бүсийн хөрсний бохирдолтын түвшинд эрүүл ахуйн үнэлгээ өгч, дүгнэлт гаргах эрх зүйн орчинг бүрдүүлээд байна гэлээ.

Харин хүн амыг ундны усны бохирдлоос хамгаалах чиглэлээр ундны усны аюулгүй байдлыг хангахын тулд усны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх бүх үе шатанд усыг бохирдуулагч хүчин зүйлийг тогтоож, эрсдэлийг үнэлэх, бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор ДЭМБ-ын дэмжпэгтэйгээр ус хангамжийн тогтолцоонд “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” (УАБТ) хөтөлбөрийг Номхон далайн баруун эргийн бүсийн 9 оронд нэвтрүүлж байгаагийн нэг нь манай орон юм. Уг хөтөлбөрийг 2012 оноос эхлэн Ус сувгийн удирдах газрыг түшиглэн Улаанбаатар хотод амжилттай хэрэгжүүлж, улмаар уг хөтөлбөрийг дэмжин Нийслэлийн ИТХ-аас 2014 онд 19/22 дугаар тогтоол баталсан нь Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангахад ихээхэн ач холбогдолтой шийдвэр болсон. Уг хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн төсвөөс 3 жилийн хугацаанд 22 тэрбумын хөрөнгө оруулалтыг Ус сувгийн удирдах газарт хуваарилаад байгааг танилцуулав.

Харин гишүүнээс Нийслэлийн иргэдийг агаар, хөрс, усны бохирдлоос хамгаалах, бий болсон хор хөнөөлийг бууруулах талаар авч буй арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын тухайд агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг зөвхөн гадаад орчны агаарын нөлөөллийг тандан судлахаас гадна дотоод орчны агаарын нөлөөллийг судлах судалгааны ажлыг эхлүүлээд байна.

Манай оронд агаарын бохирдол нь ургийн өсөлтөд хэрхэн нөлөөлж байгаа талаар нотлох судалгаа нь эхлэл төдий байгаа бөгөөд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн судлаач Д.Энхмаа нарын судалгааны дүнгээс харахад Улаанбаатар хотын хэмжээнд 2011 оны 5 дугаар сард 20 жирэмсэнд, 2011 оны 12 дугаар сард 73 жирэмсэнд хэт авиан шинжилгээгээр ураг өсөлтгүй болсон нь оношлогдсон бөгөөд улирлын байдалтай холбоотой буюу өвлийн улиралд 3.6 дахин их байгаа нь ажиглагджээ. 2014 онд ЭХЭМҮТ нь АНУ-ын Лос Анжелесийн Хүүхдийн эмнэлэг, Сабан судалгааны төвтэй хамтран “Агаарын бохирдол ба ургийн өсөлт хөгжилт хоорондын хамаарал” сэдэвт судалгааг 2015-2017 онд хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэл ажлыг хангуулж ажиллаж байна. Энэ судалгааны зорилго нь хэт авиан оношилгоогоор ургийн өсөлтийг үнэлж, агаар дахь нарийн ширхэглэг тоосонцор (РМ2.5)-ын агууламжтай хамааралтай эсэхийг судлах юм. Судалгаанд 5000 гаруй жирэмсэн эхийг хамруулах бөгөөд асуумж судалгаа, хэт авиан оношилгоогоор мэдээлэл цуглуулах юм.

Эрүүл мэндийн статистикийн мэдээллээс харахад 1999-2016 онуудад дунджаар амьсгалын тогтолцооны өвчин 26.8, хоол боловсруулах тогтолцооны өвчин 23.9, шээс бэлгийн тогголцоооны өвчин 19.8, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1, гэмтэл хордлого болон бусад эмгэг 11.5 хувийг эзэлж байна. 2014 онд амьсгалын тогтолцооны өвчнөөр эмнэлэгт эмчлүүлэгсдийн тоог 2008 оны өвчлөлтэй харьцуулахад 1.4 дахин ихэссэн байхад нас баралт төдийлөн буураагүй байна. Сүүлийн 16 жилд (1999-2014 он) амьсгалын тогтолцооны өвчин 10000 хүн амд харьцуулахад байнга өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд 1999 оны өвчлөлийг 2014 онтой харьцуулахад 10 000 хүн тутамд 750 хүнээр өссөн үзүүлэлттэй байгааг Шадар сайд танилцуулгадаа дурдав.

Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд “агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал”-аар 2014 онд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс харьяа байгууллага, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, захирал нарт 2014 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 1 а/4156 дугаар албан бичгээр Эрүүл мэндийн сайдын албан даалгавар хүргүүлж, мэрэгжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна. Цаашид хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахад эрүүл мэндийн салбарын оролцоог дэмжих, ард иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр:

-Эрүүл ахуйн тухай хуулийг дагаж гарах бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, хэрэпжүүлэх;

-“Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” болон “Ариун цэврийн байгууламж ба орчны эрүүл мэнд” сэдэвт олон улсын зөвлөгөөн болон бага хурлыг 2016 оны 1-2 дугаар улиралд зохион байгуулах;

-“Ундны ус эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт ММ5 0900:2005” болон “Агаарын чанарын стандарт ММ5 4585:2007” стандартыг шинэчлэх;

-Цэвэр агаарын эрүүл мэндийн ач холбогдол болон агаарын бохирдолтоос эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаарх хүн амын мэдлэг, дадал, хандлагыг сайжруулах ажлыг холбогдох байгууллага, олон нийтийн болон төрийн бус байгууллагууд, иргэдтэй хамтран зохион байгуулах;

-Агаарын чанарын индексийн хэрэглээг нэмэгдүүлэх, хүн ам эрүүл мэндээ хамгаалах, агаарыг бохирдуулахгүй байхад чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажлын цар хүрээг нэмэгдүүлэх;

-Агаарын бохирдол эх ураг, нөхөн үржихүйн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судлах зэрэг судалгаа шинжилгээ, ухуулга нөлөөллийн ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Шадар сайд танилцуулгадаа дурдлаа.

Гишүүний асуулгын хариуд өгсөн Шадар сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Гарамгайбаатар, Ө.Энхтүвшин, Ц.Оюунгэрэл, Б.Бат-Эрдэнэ, С.Оюун, Д.Сумъяабазар, Д.Сарангэрэл, Л.Эрдэнэчимэг, С.Дэмбэрэл, Ж.Батзандан нар Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгийн холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулсан юм. Гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон ажлын хэсгийн бусад гишүүд хариулт өгөв.

Эцэст нь асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар Улаанбаатар хотын утаа, агаар, хөрсний бохирдлын асуудал нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа тул энэ асуудлыг хоёр жилийн өмнө Улсын Их Хурлаар авч хэлэлцэн Засгийн газар, салбарын яам, нийслэлийн удирдлагууд, холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг чиглэл өгсөн боловч өнөөдөр үр дүн нь хангалттай биш байна. Засгийн газар ирээдүйд гарах эрсдэлийг бууруулах чиглэлээр тухайн үед нь би үг хэлж байр сууриа илэрхийлж байсан. Иймээс хоёр жилийн дараа энэ асуудлыг дахин хөндөж, үр дүн нь хэр байгаа талаар сонсохоор асуулга тавьсан. Төр, засгийн зүгээс утааг багасгах арга хэмжээнд зориулан төсвөөс татаас өгч ирсэн ч үр дүн хангалтгүй хэвээр байна. Цаашид юуны өмнө иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарах, Засгийн газар, салбарын яам, нийслэлийн удирдлагууд, энэ ажлыг хариуцсан чиг үүрэгтэй байгууллага, албан тушаалтнууд ажилдаа эзэн болж, сэтгэл гаргаж ажиллах шаардлагатай байна гэдгийг хэллээ.

Туул голоо хамгаалахад иргэдийн оролцоо чухлыг сануулав

Чуулганы нэгдсэн хуралдааны эцэст Улсын Их Хурлын гишүүн Д.СумъяабазараасНийслэлийн агаарын болон Туул голын бохирдол, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож байгаатай холбоотойгоор иргэдийг орчны болон агаарын бохирдлоос хамгаалах талаар Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдад тавьсан асуулгын хариуг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг танилцуулсан юм.

Сүүлийн жилүүдэд Туул голын бохирдол эрс нэмэгдэж, хотоос 160 км газарт ч бохирдлын хэмжээ их байна. Бохирдол ингэж хэт ихсэж байгаагийн үндсэн шалтгаан нь юу болох, үүний эсрэг ямар арга хэмжээ авч байгаа талаар салбарын сайд танилцуулахдаа, 2014-2015 онд БОНХАЖЯ-ны улсын хөрөнгө оруулалтын санхүүжилтээр Улаанбаатар хотын газрын доорх усыг дахин үнэлэх, гидрогеологийн сэдэвчилсэн судалгаа явуулах, эх үүсвэрүүдийн ашиглалтын зохистой горимыг тогтоох ажлыг хийсэн. Энэ ажлын хүрээнд Туул голын хөндий дэх ус хангамжийн төвдөрсөн болон төвлөрсөн бус эх үүсвэрүүдийн газрын доорх усны нөөцийг үнэлэхээс гадна Туул голын бохирдлын эх үүсвэрийг тогтоох ажлын хүрээнд судалгаа шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгсөн байдаг.

Тэрэлж тосгон, Харзтай, Баруун, Зүүн шохойн горхи, Баяндаваа, Уу булан орчимд бий болж байгаа суурьшил, амралт, аялал жуулчлалын томоохон цогцолборууд, Баруун шохойн горхины хайрганы карьер, Уу булан, Зуунмодны амны элсний карьераас бохирдол үүсэж байна. Мөн Өвөр горхи, Дээндий, Хуандай, Могойн дэнж, Гачуурт тосгоны суурьшлын бүс, гэр хороолол, болон Налайх, Городокын цэвэрлэх байгууламжийн бохир ус Налайх голоор дамжиж Туул голд цутгах зэргээр гол бохирдуулах нөлөөллийг үзүүлж байна. Цагаанхуаран, Амгалан, Хөлийн гол, Улиастай, Гачуурт, Залаат, Хүрхрээ, Чулуут зэрэг амуудад суурьшсан гэр хороолол, Улиастай, Гачууртын голын хөндийн суурьшил, Баянзүрх дүүргийн Амгалан, Хужирбулан зэрэг суурьшлын бүс, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь энэ эх үүсвэрийн тэжээгдлийн дотоод мужид байрладаг. Гачуурт орчмын аялал жуулчлалын газрууд, Монгол шилтгээн, түүний орчмын хаус хороолол, БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Органик Монгол” хөтөлбөрийн хүнсний ногооны хүлэмж, Амгалангийн ногооны талбай зэрэг газрууд нь уг ордын дэвсгэр талбай дээр байрлаж, газрын доорх усны тэжээмжийг бууруулж, бохирдох эрсдэлийг нэмэгдүүлж байна. Түүнчлэн засварын газар, машины зогсоол, нефть бүтээгдэхүүний агуулах, ШТС-ууд, дэд цахилгаан станцуудын трансформатор, конденсатор зэргээс бохирдол үүсэж болзошгүй. Үйлдвэрийн эх үүсвэрт суурьшлын бүс, гэр хороолол, ДЦС-ууд, барилгын материал, арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр байрладаг бөгөөд ялангуяа түүний урсгалын дээд талд ДЦС-З-ын үнсэн сан, мөн арьс ширний үйлдвэрийн Харгиа цэвэрлэх байгууламж, түүний лагийн талбайг байршуулсан нь гол бохирдуулах нөлөөллийг үүсгэж байна гэлээ.

Иймээс ойрын жилүүдэд зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд:

-Суурьшлыг хязгаарлах, талбайн хэмжээг өргөжүүлэхгүй байх, бохир усыг 100 хувь эргүүлэх ашиглах, хог хаягдлыг цуглуулж зайлуулах, аж ахуйн үйл ажиллагааг хориглох,

-Баруун шохойн горхины хайрганы карьер, Уу булан, Зуунмодны амны элсний карьерийн үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөө багатай, бохирдолгүй байдлаар, тодорхой хязгаарын дотор олборлох хатуу шаардлагыг тавьж мөрдүүлэх,

-Шинээр суурьшил бий болгох, нүхэн жорлон ашиглах, шатах тослох материалын агуулах бий болгох, ус, хөрсийг бохирдуулах аливаа бохирдлын эх үүсвэрийг хязгаарлах,

-Мод огтлох, хөрсөн бүрхэвчийг гэмтээх, ургамлан нөмрөгийг талхлах бүхий л үйл ажиллагааг хязгаарлаж, ус хангамжийн дэвсгэр талбай, түүний тэжээгдлийн мужийг Хан Хэнтийн ДЦГ-ын хамгаалалтын бүсэд хамруулах арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай.

-Гэр хороолол, бохир ус цэвэршүүлэх системгүй хаус хороолол, амралтын газруудыг ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужид баримтлах ёстой дүрмийг хатуу мөрдүүлэх, цаашид суурьшлын талбайг нэмэхгүй байх,

-Налайх, Городокын ахуйн бохир ус Налайх голоор дамжиж Туул голд нийлж байгааг нэн даруй таслан зогсоож, түүнийг төвлөрсөн бохирын шугамтай холбох техникийн арга хэмжээ авах, бохир ус урсаж байсан голдрилыг цэвэршүүлэх,

-Тус бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа амралт, аялал жуулчлалын томоохон бүсүүд, тухайлбал, Гачуурт ресорт, хаус хорооллуудыг бохир усны төвлөрсөн сүлжээнд холбох,

-Ус хангамжийн эх үүсвэрийн дэвсгэр талбайд мод огтлох, ургамал гэмтээх, аливаа аж ахуйн үйл ажиллагааг эрс хориглох,

-Энэ эх үүсвэрийн дэвсгэр талбайн хилийг нарийвчлан тогтоож, тэмдэгжүүлэх, нийслэлийн тусгай хэрэгцээний газарт хамааруулах арга хэмжээ авах,

-Цахилгааны дэд станц, ШТМ, ШТС, химийн бодисын агуулах, МАА-н фермер, мөн хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө бүхий барилга, объектуудыг байгуулахгүй байх.

Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн одоогийн эзэмшлийн талбайг нэмэгдүүлэхгүй байх, үйлчилгээний том цогцолборыг бий болгохгүй байх, мөн Туул голын татам, голдрил орчмоор бургасан төглүүдийн талбайг нэмэгдүүлэх замаар мод тарих, ойжуулах ажлыг хийх шаардлагатай байгааг салбарын сайд санал болголоо.

Салбарын сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл саналаа хэлсэн юм. Тэрээр Туул голоо хамгаалахад иргэдийн оролцоог хангах үүднээс Туул голоо хамгаалах өдөртэй болох, мөн Туул голын усны индексийг тогтмол гаргаж олон нийтэд мэдээлж байх, түүнчлэн Туул голын асуудал бол нийтийн өмчийн асуудал учраас “Туул гол” сан байгуулах, төр анхны эх үүсвэрийг нь бүрдүүлж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дэмжлэг туслалцааг авахыг санал болголоо.

Эцэст нь асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар Туул голоо хамгаалахад төр засаг, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүрийн идэвхтэй оролцоо, хамтын хүчин чармайлт чухал. Төр, засгийн зүгээс ч тодорхой арга хэмжээ авах эхлэл тавигдаж байгаад талархаж байна гээд нийслэлийн иргэдийн амьдралын амин судас болох Туул голын усыг бохирдуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад хугацаатай үүрэг өгөөд хэрэгжүүлэхгүй бол эрх зөвшөөрлийг нь цуцлах хүртэл шийдвэртэй арга хэмжээ авдаг байх, мөн энэ ажилд төрийн бус байгууллагууд, олон нийтийн хяналт, сайн дурын оролцоог хангах нь чухал байгааг дурдав. Мөн тэрээр Засгийн газар, нийслэлийн удирдлагуудыг ажлаа хийхийг иргэдийн эрүүл мэнд хүлээхгүй гэдгийг дахин сануулж буйгаа хэллээ.

Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан хэлэлцэх асуудлаа дуусгаж, 19 цаг 06 минутад өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • a 2016-04-10 09:12:28
    agaariin bohirdliig yaj buuruulsan talaar yarih bish, mungu l yariad bh yumaa
  • аш 2016-04-09 07:57:14
    мөн арьс ширний үйлдвэрийн Харгиа цэвэрлэх байгууламж, түүний лагийн талбайг байршуулсан нь гол бохирдуулах нөлөөллийг үүсгэж байна гэлээ.-------!!!!!!-ЦЭВЭРЛЭХ...
  • Арвин 2016-04-09 03:36:30
    Хулангийн шамшигдуулж идсэн 5 тэрбум төгрөгийг төлүүдсэн үү