Б.Амгаланбаатар: Улаанбаатарт “Ланд-200” унаж байхаар “Прусс” уна л даа
Монголын Либерал намын дарга Б.Амгаланбаатарыг “Өглөөний зочин”буландаа урьж ярилцсанаа хүргэж байна.

-Та “Өнөөгийн улстөр бол бантан” гэж хэлсэн нь олон хүний эгдүүцлийг төрүүлж байсан. Гэхдээ улстөр судлаачийн хувьд арай эртэдсэн дүгнэлт биш үү?

-Олон улсын түвшинд авч үзэхэд улстөрийн намуудын бодлого их тодорхой байдаг. Америк гэхэд хоёр намын тогтолцоотой. БНН, ардчилсан намых нь үзэл баримтлал маш тодорхой байдаг. Аль ч нам ялсан ард иргэдэд бодлого нь маш ойлгомжтой. Жишээ нь БНН ялвал “Энэ нам нь халамжийн бодлого хэрэгжүүлнэ” гэдэг ч юм уу.

Өөрөөр хэлбэл ард түмнийг сонголт хийхэд нь хялбар. Гэтэл Монголд өнөөдөр яагаад бантан болоод байна гэхээр Монголын улстөрийн намуудын үзэл баримтлал нь тодорхойгүй учраас л тэр.

-Тэгвэл МАН зүүний, Социал демократ нам, АН барууны үзэл баримтлалтай гэдэг ч тэр үзэл баримтлалаа барьж ажиллахгүй байна гэсэн үг үү?

-Тийм. Ардчилсан нам өөрсдийгөө барууны үзэл баримтлалтай гэдэг. Ийм үзэл баримтлалтай нам улстөрд шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог түлхүү оруулдаг. Өөрөөр хэлбэл ардчиллаа илүү баримталдаг. Гэтэл өнөөдөр улстөрийн намуудын гаргаж байгаа шийдвэрүүдийг харж байхад үзэл баримтлалдаа нийцүүлж үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа учраас сонгогчдод эргэлзээтэй зүйл олон болоод байгаа.

-Сонгууль болохоор янз бүрийн амлалт өгч гэдэс ходоодоор нь хэмждэг гэж ярьдаг. Сонгуулийг ингэж өгүүлэхгүйн тулд яах ёстой юм бэ. Улстөр судлаачийн хувьд нэг гаргалаа олж харсан болов уу?

-Нэгдүгээрт намууд үзэл баримтлал, хөтөлбөрөө маш тодорхой тусгах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр сонгогчдын боловсролыг дээшлүүлэх ёстой. Сонгогчдын боловсрол муу байгаа учраас ходоодоороо сонгууль өгсөөр ирсэн. Ард түмний амьдрал ядуу байгаа нь бас холбоотой. Гадаад орнуудын сонгуулийг харж байхад намуудын мөрийн хөтөлбөрийг хардаг. Тэр дундаа улс орноо яаж хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөг нь илүү анхаардаг. Гэтэл манайд бүх юм эсрэгээрээ. Мөнгөтэй нэг нөхөр орж ирээд Монголын улстөрд нөлөөтэй том хүн болчихож байна.

-Улстөр судлаачид л үүн дээр ажиллах ёстой болов уу?

-Яг тийм. Мөнгө, улстөр хоёрыг салгая гэдэг дээр л улстөр судлаачид сүүлийн үед нэгдэж байгаа. Тэгэхгүй бол бизнесийн бүлэглэлүүд нь бизнесээ хамгаалахын тулд улстөрд орж ард түмэн, улс орны эрх ашиг хойш тавигдаж байна. Хувийн бизнесээ хамгаалахын тулд улстөрд шургалагсад олширлоо. Жишээ нь Г.Батхүү гишүүнд ард түмэн түүнийг яаж доромжилж муулж байх нь хамаагүй. Зөвхөн “АПУ”-г яаж цааш нь авч явах нь л чухал. Монголын улстөрийг бизнесийнхэн эзэгнэчихсэн учраас улс орны хөгжил зүй ёсоороо явахгүй байна.

-Түрүүн та сонгогчдын боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй гэсэн. Ингэхийн тулд хаанаас юунаас эхлэх ёстой юм бэ. Миний санаж байгаагаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа Сонгогчдын боловсролын төвийн тэргүүнээр ажилладаг байсан. Тэр байгууллага юу хийдэг байсан, одоо байдаг үгүй нь мэдэгддэггүй?

-Сонгогчдод эхлээд “Та яагаад санал өгөх ёстой юм” гэдгийг ойлгуулж, таны өгсөн санал нэгдүгээрт Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байгаа, хоёрдугаарт таны санал энэ улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлно гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

Монголчуудын нэг нийтлэг зан байдаг. “Хүний юм авчихаад буцааж хариуг нь барих ёстой” гэдэг. Энэ хүн юм өгсөн, би үүнд саналаа өгөх ёстой гээд дугуйлчихдаг. Ер нь сонгууль гэсэн бие даасан зүйл байдаг гэдгийг системтэйгээр ЕБС-д нийгмийн ухааны хичээлээр оруул д даа. Магадгүй тэгвэл ирээдүйд маш сайн сонгогчид бий болно.

-Манайх шиг улсад олон намын тогтолцоо хэрэгтэй юү?

-Олон намын тогтолцоо байх ёстой гэдэг. Гэхдээ байлгахыг, гараад ирэхийг хүсэхгүй байна. Өнөөдөр Монголд Дээд шүүхэд бүртгэлтэй 23 орчим нам бий. Эндээс харж байхад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гарын таван хуруунд багтах нам байгаа. МАН, АН, ИЗНН, МАХН, МҮАН гэсэн. Бусад нь захиалгаар юм хийдэг.

-Намуудын гар хөл болдог гэж үү?

-Тийм. Жишээ нь АН-ын захиалгаар намууд дундаа юм хийдэг. Нийгэмд гарч ирж юм хийдэг. МАН-ын захиалгаар олон нийтэд сөрөг ухуулга сурталчилгаа хийдэг нам олон байгаа. Тэгэхээр энэ намуудын үйл ажилагааг жигшүүлэх, эсвэл татан буулгах ёстой. Ер нь өөрсдийнхөө үзэл баримтлалыг нийгэмд танилцуулахын оронд намын захиалгаар юм хийнэ гэдэг байж боломгүй зүйл. Намуудын тоог багасгах, үйл ажиллагааг нь маш тодорхой болгох ёстой гэдэг дээр парламентад суудалгүй улстөрийн намуудын дарга нар санал нийлдэг юм.

-Хэдийгээр “Монгол 20 жилийн дараа Хятадын муж улс болно” гэж хойд хөршийн улстөр судлаач хэлсэн ч Либерал намын дарга Б.Амгаланбаатар хэлчихсэн юм шиг нийгэм их эмзэг хүлээж авсан байсан?

-Геополитек гэдэг бол улстөрийн газар зүй. Сүүлийн үед “Иргэншил хоорондын мөргөлдөөн” номыг бичсэн Самуэль Хангтингтон гэж улс төр судлаачийн бичсэн зүйл онлайнаар сайн явж байна л даа. Бас тэр хүн “Монгол Улс 20 жилийн дараа Хятадын муж улс болох нь” гэсэн гарчигтай нийтлэл бичсэн. Тэр нь гадаадын сайтуудаар маш хүчтэй явж байгааг уншаад би их эмзэглэсэн.

Өнөөдөр Монголын улстөрд байгаа энэ хоёр нам ийм бодлогоор явбал Монгол төрийн жолоо улам л алдуурна. Төр жолоогүй болохоор бид яах юм. Энэ улсыг удирдах, залж чиглүүлэх хүнгүй болчихоор өөр улс орны улстөр, эдийн засгийн бодлогууд нь Монголд хүчтэй түрж орж ирж байгаа. Тэхээр бид өнөөдөр Монгол Улсыг төрийн жолоотой болгох нь хамгийн түрүүнд тулгарч байгаа асуудал. Үүнийг шийдэх ёстой. Намууд нам, хувийнхаа эрх ашгийг бодохоосоо өмнө улс орныхоо эрх ашгийг нэг удаа ч гэсэн түрүүнд нь тавиасай гэж ард түмэн хүсч байгаа.

-Улстөрийн хүрээнийхэнтэй ойр дотно байдаг байлгүй. Тэгэхээр “Монгол маань 20 жилийн дараа ийм болох нь гээд ярив уу?

-Ярилгүй яах вэ.Тэд нэгийн эсрэг нэг байхдаа ямар мундаг эх оронч хүн байдаг гээч. Даанч намын хатуу гишүүнчлэл нь хаагаад байдаг юм. Тухайлбал намын дэмжиж байгаа зүйл заавал дээр кноп дарах ёстой. Гэхдээ энэ 76 дотор сайн хүн байгааг үгүйсгэхгүй.

-Дээр доргүй л шүүмжлэгч бол сөрөг хүчин гэж ойлгоод байх юм. Таныхаар бол?

-Сөрөг хүчин шүүмжлэхийн зэрэгцээ буруу яваад байгаад нь чиглэл өгдөг. Тэгж байж жинхэнэ утгаараа сөрөг хүчин болно. Гарах гарцгүй, харанхуй шүүмжлэл бол улстөрийн соёлгүй байгаагийн илрэл шүү дээ.

-Өнөөдөр Монголчууд газ­раа ухахгүйгээр амьдрах боломжийн талаар та юу гэж боддог вэ?

-Газраа ухахгүйгээр амьдрах боломж маш их бий. Үүнийг парламентад суудалтай намууд олж харж чадахгүй байгаа нь тун харамсалтай. Энэ Монгол Улсад чинь маш олон хүн ирээдүйд төрнө, амьдарна. Тэр хүмүүст энэ баялгийг үлдээе. Бидний өвөг дээдэс биднээс энэ баялгийг харамлаагүй. Бид ч харамлахгүй, байгаагаар нь үлдээх хэрэгтэй. Монгол хүн газраа ухаж биш оюуны нөөц потенциалаа ухаж амьдарвал бидэнд маш олон боломж бий.

-Та парламентын гишүүн болох уу?

-Би Монголын парламентад суудалгүй намуудыг яаж сайн сөрөг хүчин болгох вэ гэдэг тал дээр залуу улстөр судлаачидтай хамтран ажиллаж байна. Би парламентын гишүүн болохгүй, УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй. Манай намын баримталж байгаа зарчим бол үнэхээр улс орныхоо төлөө юм хийе гэж яваа ч дэмжлэг авч чаддаггүй хүмүүсийг гаргаж төрийн жолоог атгалцуулахад оршиж буй юм.

-Эдийн засаг хямраад байгаа үед янз бүрийн үрэлгэн зардлууд гаргаж иргэдийг бухимдуулаад байна. НИТХ-ын 18 хүний тухай, наадмын гурав хоногт 2.2, хогны ногоон уутанд 5.4 тэрбум гээд эмзэглэхгүй, уурлахгүй байхын аргагүй л дээ?

-Мэдээлэл технологийн эрин зуунд цахим хурал хийгээд болоод байгаа юм чинь явахгүйгээр судалчих арга бас байж л таарна даа. Үнэхээр төрийн үйл ажиллагааны зардал маш данхгар. Ер нь Улаанбаатарт бензин их иддэг “Ланд-200” унаж байхаар 100 км-т 5-7 литр бензин зарцуулдаг “Прусс” уна л даа. Тэд нарыг “Прусс” унаад явж байхад хэн ч муу хэлэхгүй. Өдөр болгон сая төгрөг шатахуунд зарцуулж байна. Тэгэхээр иргэд эмзэглэх нь мэдээж.

Эцэст нь намынхаа хатуу гишүүнчлэлийг хойш тавьж, сонгогчдынхоо хүсч байгаа зүйлийн төлөө кнопоо дараасай гэдгийг л даймаар байна. Төмөр замын өргөн, нарийн цариг гэж яриад байна.

Ард иргэд, улс орноо хохироохгүй шийдвэр гаргах хэрэгтэй. Нийгмээрээ хямарч байгаа энэ үед болсон болоогүй бүх зүйлийг дэлгээд байлгүй “Төрийн хар хайрцагны бодлого”-ыг маш сайн баримтлах нь чухал байна. Түүхэн буруу шийдвэр гаргавал бидний хойч ирээдүй алхам тутамдаа хор хөнөөлийг нь амсана гэдгийг сайн бодох хэрэгтэй.
Өглөөний сонин
С.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2015-03-11 09:20:25
    AMNII SALIA N ARILAAGUI MUU MANGAR BATSAAN BNADDAA
  • nadmid 2015-03-11 07:34:22
    san idej salhi zalgidag nohor bnaa.....
  • монгол иргэн 2014-06-26 14:54:03
    Монголд хүмүүс богино хугацаанд,луйвраар маш их баяжих гэж улс төрд орж ирдэг.Энд өөр тайлбар одоо байхгүй.Хамгийн сүүлийн жишээ Түвдэндорж ,женко гэгч Баттулга нар.Тэд нар олон түмэндээ тийм их хайртайдаа улс төр лүү ороорд байна гэвэл дэндүү үнэмшилгүй