Хэдийгээр Монгол Улсын гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, хэрэгжилтийг уялдуулан зохицуулах зарчим, зорилт, арга хэмжээ бодлогын үндсэн баримт бичгүүдэд ийнхүү туссан боловч “уг асуудлыг зохицуулж байгаа эрх зүйн орчин нь хангалтгүй байгаагаас тэдгээрийн хэрэгжилт хангалтгүй байна” гэсэн дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2014 оны 60 дугаар тогтоолоор байгуулсан Ажлын хэсэг гаргасан байна. Энэхүү дүгнэлтийг үндэслэн гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангахад шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор ийнхүү хуулийг төсөл боловсруулсан болохоо Улсын Их Хурлын даргад танилцуулав.
Энэхүү хуулийн төсөлд Монгол Улсын гадаад харилцааны үндсэн зарчмуудыг тодорхойлж, бодлогын нэгдмэл байдлыг хангах, бодлогын хэрэгжилтийг уялдаатайгаар төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих болон тайлагнах үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах талаар зарим өөрчлөлтийг хийсэн байна. Ингэхдээ өндөр дээд түвшний айлчлал, олон улсын арга хэмжээнд оролцох, зохион байгуулах, олон талт гэрээнд нэгдэн орох, улс хоорондын хамтын ажиллагаатай холбоотой уулзалт, хэлэлцээрийг нэгдсэн журмаар төрийн гадаад арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөнд тусган боловсруулж, Засгийн газраар батлуулах, холбогдох байгууллагууд жил бүр гадаад арга хэмжээнийхээ төлөвлөгөөг боловсруулан, гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулан батлуулж, мөрдөж, тайлагнаж байх зохицуулалтуудыг тус тус тусгасан гэдгээ хуулийн төсөл санаачлагчид онцоллоо.
Түүнчлэн хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд АНУ, Канад, Словени, Итали, ОХУ, ХБНГУ, Болгар, Казахстан зэрэг орны туршлагыг авч үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.