Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг  тус тус шинэчлэн баталжээ.

Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулахад

  • дуудлага худалдаанд оруулах газрыг аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн болон чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд дуудлага худалдаагаар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар заасан байх;
  • үнийн саналаа ээлж дараалан тодорхой алхамтайгаар өсгөх;
  • нээлттэй, ил тод байх;
  • тэгш, шударга оролцоог хангасан байх зарчмыг баримтлах ажээ.

Түүнээс гадна Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ямар тохиолдолд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг зохион байгуулах, дуудлага худалдаанд оролцогч ямар эрх эдлэх, үүрэг хүлээх, дуудлага худалдааны    хэлбэр, дуудлага  худалдаа явуулах дараалал, дуудлага худалдааны зард ямар мэдээллийг заавал тусгасан байх, дуудлага худалдаанд оролцогчдыг хэрхэн бүртгэх, дуудлага худалдаа явуулах, түүнийг ямар тохиолдолд дахин явуулах зэргийг тогтоож өгсөн байна.

Мөн дуудлага худалдааны анхны үнийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу тухайн шатны Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч тогтоох бөгөөд дэнчингийн хэмжээ нь дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байхаар тогтоолын хавсралтад  тусгагджээ.

Дуудлага худалдааны орлогоос газар зохион байгуулалтын болон бэлчээрийн менежмент хийх, газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар тогтоожээ.

Харин газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл шалгаруулалтыг аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын болон чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн тухайн шатны Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч зохион байгуулахаар дээрх тогтоолын хавсралтад тусгагдсан байна.

Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулахад  баримтлах зарчмыг тодорхойлсны зэрэгцээ

  • үйлдвэрийн болон дэд бүтцийн барилга байгууламж барих газар; 
  • хог хаягдал дахин боловсруулах, хүнд үйлдвэр барих газар;
  • үйлдвэрлэл технологийн парк байгуулах газар;
  • хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтын болон хөдөө аж ахуйн зориулалттай барилга байгууламж барих газар;
  • нийтийн зориулалттай орон сууцны хороолол барих газар;
  • хуульд заасан бусад газрыг

төсөл сонгон шалгаруултаар эзэмшүүлж, ашиглуулахаар журамлажээ.

Журмаар, төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн этгээд ямар шаардлагыг хангасан байх, төсөл сонгон шалгаруулалтыг  ямар дарааллын дагуу явуулах, төсөл сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлыг хэрхэн хангах зэрэг асуудлыг тогтоож өгсөн байна. Мөн төсөл сонгон шалгаруулалтыг зарлан мэдээлэх, зохион байгуулах,  ялагчтай гэрээ байгуулах зэргийг нарийвчлан тогтооожээ.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт  Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг бүрэн эхээр нь нийтэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.