Хэн юу хэлэв
Л.Эрхэмбаяр: Олгой хагаравч тогоондоо гэдэг үг орчин цагт хуучраад байна

-Монголчуудын өрийн дарамтад оруулсан зэргээр сүүлийн үед шүүмжлэлийн бай болж буй эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ бүх асуудалд тайлбар өгчээ. Тэрбээр, өнгөрөгч долоо хоногт ТВ9 телевизэд АН-ын зөрчил, Н.Алтанхуяг гишүүний зоригтой мэдэгдэл, Монгол Улсын өр, бүтээн байгуулалтын талаар ярилцлага өгсөн байна. Л.Эрхэмбаяр генсек Н.Алтанхуяг гишүүний мэдэгдлийн талаар “Өнөөдөр намын дүгнэлтийг хэлэхэд эрт байна. Сонсоод удаагүй байна. Ардчилсан нийгэм гэдэг хэнээс ч айхгүй, хэнд ямар таамаглал байна түүнийгээ ил гаргаж байдаг. Тэр талаасаа хувь хүний талаар таамаг дэвшүүлж, үг хэлэх нь байх ёстой хэм хэмжээний нэг гэж ойлгож байна. Харин тэр ярьж буй зүйл нь үнэн үү, худлаа юу гэдгийн хамгийн сүүлийн шалгуур нь цаг хугацаа. Шүүмжлэх ёстой асуудлууд ч ардчилсан нам дээр гардаг. Олгой хагаравч тогоон дотроо, толгой хагаравч малгайн дотроо гэдэг үг орчин үед хуучраад байна. Ялангуяа төрийн эрхэнд оролцож байгаа нам дотор байгаа болохгүй гэсэн зүйлээ ил гаргаж байх ёстой. Ер нь манай намын нийт гишүүд, дэмжигчид аль болохоор зөв бодлогоор яваасай, эвтэй байгаасай гэж хүсдэг. Болохгүй байгааг шүүмжлэх нь өөрөө ардчиллын хэм хэмжээ гэдэг талаас нь харж байна” хэмээжээ.
 
Харин Монгол Улсыг өрөнд оруулсан нам нь АН гэсэн хардлагад “Өрийн асуудлаар олон түмний тархийг хэт угааж болохгүй л дээ. Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын өр 2.4 тэрбум ам.доллар байна. МАН-ынхан 21 тэрбум ам.доллар гэж хэлж байгаа. Энэ бол хувийн хэвшлийнхний авсан зээлийг нийтэд нь оруулж тооцоод байгаа юм. Арилжааны банкуудын гадаадаас оруулж ирсэн зээл, толгой компаниасаа охин компанидаа өгсөн зээлийг хүртэл өр гэж тайлбарлаж байгаа нь үнэхээр мушгисан, гуйвуулсан үйлдэл юм.
 
Ер нь дэлхий дээр зээл авахгүйгээр хөгжсөн улсыг олоод ир гэвэл олдохгүй. Зээл бол санхүүгийн маш том боломжийг бий болгодог, хөгжлийг түргэсгэдэг санхүүгийн хэрэгсэл, арга механизм байдаг. Гэтэл одоо зээлээр ард иргэдийг дарамталдаг, айлгадаг байдал хэрээс хэтэрч байна. Өмнөх засгийн газар, одоогийн засгийн газрын авсан зээлийн үр дүнг харьцуулаад үзэхэд тэмээ, ямаа шиг ялгаатай байгаа” хэмээн ярьсан байна.
 
 
Ш.Мардаан: Тариаланч хүн сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой
 
Тариаланч, төр засаг, салбар яам гэсэн гурвалжин хэрүүл өнөө жил дахиад л өрнөлөө. 100 тэрбумын урамшууллыг маань хасч дөнгөж 25 тэрбум урамшуулал өглөө гэсэн эсэргүүцлийг зарим нэг улс төрийн хүчин улам дэвэргэж. улмаар өнгөрөгч долоо хоногт Төрийн ордонд ногоон тууз толгойдоо зангидсан тариаланчид хэлэлцүүлэг өрнүүлсэн.
 
Тэгвэл газар тариалангийн салбарт насаараа хөдөлмөрлөж Хөдөлмөрийн баатар болсон Ш.Мардаан энэ салбарт тулгамдаж буй асуудлын талаар санал боддоо хуваалцжээ. Тэрбээр, “Хаврын тариалангийн ажилтай зэрэгцэн олон асуудал төр засаг, тариаланчдын өмнө тулгарч байна. Эдгээрээс хамгийн их санаа зовоож буй асуудал бол улаан буудайн үрийн нөөц хомс байгаа явдал юм. Ихэнх тариалангийн нутагт, тариаланчид нэг га-гаас 34 центнерийг хураасан. Хамгийн их хэмжээгээр ургац авлаа гэхэд, техник, тоног төхөөрөмжөө бэлдээд, технологийн дагуу, хугацаандаа тариалалтаа эхлүүлээд, ажилласан тариалан эрхлэгчид л нэг га-гаас 8-9 центнер авсан байгаа юм. Дийлэнх нь ургац муу хурааснаас болж, улсын хэмжээнд хаврын тариалалтад үрийн хомсдол бий болж, асуудал болоод байна. Нэг га-гаас 3, 4 центнер ургац авсан тариаланчид юугаа нөөцлөх билээ дээ. Ургац алдаж, үрийн буудайгаа нөөцөлж чадахгүй хэмжээнд хурэхэд нөлөөлсөн олон хүчин зүйл бий. Энэ хүнд нөхцөлд улсын үрийн нөөц, буудайн санд үр нийлүүлсэн цөөхөн аж ахуй нэгжүүд байгаа” хэмээжээ.
 
Мөн Засгийн газраас олгож буй 50 тэрбумын урамшууллын талаар ярихдаа “Өнөөдөр төр засаг хэлсэн амандаа хүрээд, тариаланчдаа дэмжиж буйд талархалтай байна. 100 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгох асуудал анх яригдаж байсан. Төсөв, хөрөнгийн эх үүсвэрээсээ болоод 50 тэрбумыг Хөгжлийн банкнаас олгохоор болсон юм билээ. Энэ мөнгө хаврын тариалалтыг бүхэлд хийж хүрэхгүй ч, дотооддоо хөрөнгө мөнгөний нөөцтэй компаниудын хөрөнгөтэй нийлээд хаврын тариалалтыг эхлэх боломжтой хөрөнгө юм.Манай газар тариалангийн салбар бол их эрсдэлтэй. Хоёр жилд нь сайхан ургац авлаа гэхэд, гурван жил нь ургацаа алддаг байх жишээтэй. Ийм л тогтворгүй салбар. Тиймээс урд хормойгоороо, хойд хормойгоо нөхсөөр өдийг хүрсэн. Зарим тариалан эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүд мөнгө санхүүгийн байдал хүнд, техник тоног төхөөрөмжөө сэлбэж амжаагүй, үр нөөцлөөгүй зэрэг олон шалтгаанаас болж, тариалалт хойшлох нь гэдгийг урьдаас мэдэж хэлсэн байх. Гэхдээ тариаланч хүнд юун турүүнд сэтгэл, зүтгэл гэх зүйл байх ёстой. Тиймээс сэтгэлтэй, зүтгэлтэй байж, хаврын тариалалтдаа анхаарлаа хандуулж ажиллаасай гэж хүсэх байна даа” хэмээжээ.

Л.Эрдэнэчимэг: Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах ажлын 30 хувь нь хийгдлээ
 
-Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудал өнгөрөгч долоо хоногт олны анхаарлын төвд байлаа. Учир нь УИХ-ын хаврын чуулганы эхэнд уг асуудлыг хэлэлцүүлэхээр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар өргөн мэдүүлсэн. Улмаар чуулган нээлтээ хийсэн даруйдаа уг асуудлыг хэлэлцэж өчигдөр 91 хувийн саналаар дэмжсэн юм. Хуулийн төслийг санаачлан өргөн барьж батлуулсан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг энэ асуудлаар байр сууриа илэрхийлэв.
 
Тэрбээр, “Орон нутгийн удирдлагын зүгээс сүүлийн зургаан жилийн хугацаанд улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг хөөцөлдөж байгаа. Харамсалтай нь Байгаль орчны яамнаас хэд хэдэн удаа Засгийн газрын хуралдаанд оруулсан боловч буцаасан. Засгийн газар энэ асуудлыг оруулж ирэхгүй байсан учраас УИХ-ын есөн гишүүн нийлээд бүрэн эрхийнхээ хурээнд энэ тогтоолын төслийг өргөн барьсан. Гишүүдийн зүгээс хэд хэдэн асуудлыг хөндөж байна л даа.
 
Тухайлбал, уул уурхайн компаниуд тусгай хамгаалалтад авах гэж байгаа газар дээр хайгуулын болон ашиглалтын нийт 21 тусгай зөвшөөрөл авсан байдаг. Тусган хамгаалалттай газраар авчихаар энэ 21 компанид өгөх нөхөн төлбөрийг яах вэ гэдэг асуудлыг ярьж байна. Ер нь бол тухайн газрын лицензийг гадаадын компаниас худалдаж авсан төлбөрийг Засгийн газар төлөх ёстой эсэхийг босгож ирж ярих ёстой гэж бодож байгаа. Дээрх 21 компанид анх тусгай зөвшөөрөл олгоход үнэлгээ хийдэг компаниуд яагаад болно гэдэг үнэлгээ өгсөн бэ гэдэг нь бас л ярих ёстой асуудал гэж үзэж байна.
 
Тогтоолын төслийг батлуулсны дараа Засгийн газарт дээр дурьдсан асуудлуудыг үргэлжлүүлэн тавих шаардлагатай байгаа. Улсын тусгай хамгаалалттай газрыг дархан цаазат, байгалийн нөөц, цогцолборт газар гэж ангилдаг. Дархан цаазат газраар авахад УИХ-аас координатыг нь тогтоодог. Дархан цаазат газраар авсан нөхцөлд тухайн газар нутагт малын бэлчээр байж болохгүй, малчид нутаглаж болохгүй гэсэн заалттай. Гэтэл Тосонбумбын нуруунд 250 айлын бэлчээр, өвөлжөө, хаваржаа, худаг ус байдаг. Тэгэхээр энэ нутагт тухайн иргэд үргэлжлүүлэн амьдарч суухын тулд байгалийн нөөц газраар авах шаардлагатай байгаа. Байгалийн нөөц газраар авахад Засгийн газраас координатыг тогтоодог. Тэгэхээр энэ тогтоолын төсөл өргөн барьсан нь бид ажлынхаа 30 хувийг л хийж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тогтоолын төсөл батлагдсаны дараа координатыг тогтоох асуудал дээр Засгийн газартай хамтран ажиллана” хэмээлээ.
 
Монголын мэдээ
Б.Тогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.