Монголын Үндэсний музейн урд талбайг шинэчлэн, тохижуулна
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, “Монголын Үндэсний музей”-н урд талын талбайн тохижилт болон тухайн хэсэгт жагсаал, цуглаан зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанд асуудлыг Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар танилцууллаа.

Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монголын иргэн бүр жагсаал, цуглаан зохион байгуулж, дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Бид Их эзэн Чингисийн талбайд жагсаал цуглаан зохион байгуулж буй иргэдэд үйлчлэх ёстой. Үүнийхээ дагуу ч үйлчилж байгаа. Харин тэдгээр хүмүүс бусдын эрх, аюулгүй байдалд халдаж болохгүй” гэдгийг онцлоод зарим тохиолдолд иргэд жагсаж, дуу хоолойгоо илэрхийлдэг Монголын Үндэсний музейн урд хэсэгт хашаа татсан нь ямар зорилготой арга хэмжээ болохыг тодрууллаа.

Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар “Монголын Үндэсний музей нь 55 мянга гаруй үзмэр, жилд 80 гаруй мянган үзэгчтэй. Сүүлийн жилүүдэд манай музейн урд талбайд иргэд жагсаал, цуглаан зохион байгуулж гэр барьж олон  хонох тохиолдол эрс нэмэгдсэн. Жагсагчид тухайн орчны эд хогшил, хөшөөг эвдэж, бие засах, гал түлэх, хоол хийх, хог хаях зэргээр бохирдуулдаг. Музейгээр үйлчлүүлж буй иргэд, ялангуяа бага ангийн сурагчдын багш, эцэг эхчүүд музей үзэх боломжоор хангах, аюулгүй байдлыг хангаж өгөх гомдол, хүсэлтийг удаа дараа ирүүлж байна. Мөн жилийн дөрвөн улиралд манайхыг зорьдог гадаадын жуулчдын тав тух, аюулгүй байдал ч хөндөгдөж байгаа юм. Үйлчлүүлэгчдийн энэ мэт олон гомдлын дагуу жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа иргэдтэй уулзахаар “Бид зөвшөөрөлтэй. Та нарт хамаагүй” гээд хүлээж авдаггүй. Тиймээс бид манай байгууллагын урд талын хэсэгт жагсаал, цуглаан зохион байгуулах зөвшөөрлийг зохих байгууллагуудаас өгөхгүй байх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Улаанбаатар хотын Цагдаагийн газарт нийт есөн удаа хүргүүлсэн. Монголын Үндэсний музейд хадгалагдаж буй олон мянган түүхийн олдвор, өв соёлын бүтээлээ хамгаалж хүүхэд багачууд, иргэд, жуулчдад тав тухтай орчинд үзүүлэх нөхцөлөөр хангах зорилгоор бид урд талбайгаа шинэчлэн, тохижуулах зорилгоор одоогийн байдлаар хашаа хатгасан байгаа. Хэрхэн тохижуулах талаар зураг төслийг гаргаж салбарын яаманд хүргүүлсэн. Нийтийн эзэмшилд байдаг газрыг музейн эзэмшилд шилжүүлэх хүсэлтийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа тул та бүхэн хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү. Жагсаал цуглаан зохион байгуулах өөр олон газар байхад заавал түүх соёлын үнэт олдворууд хадгалагдаж буй музейн гадаа жагсаал хийх нь олон сөрөг үр дагавартай гэж үзэж байна” гэж танилцууллаа.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн дараахь шийдвэрийг гаргахаар боллоо.
  • Монголын Үндэсний музейн үзмэрийг хамгаалах, үйлчлүүлж буй иргэд, хүүхэд багачууд, эцэг эхчүүд, гадаадын жуулчдын аюулгүй байдал, тав тухтай үйлчлүүлэх нөхцөлөөр хангах зорилгоор тус музейн урд хэсэгт \Хэлмэгдэгсдийн хөшөөний орчим\ жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх
  • Тухайн хэсэгт жагсаал, цуглаан ямар нэгэн хэлбэрээр зохион байгуулах хүсэлтэй иргэдийн эрхийг хангаж, Их Чингис хааны талбайн хэсэгт зохион байгуулах зөвшөөрөл өгөх
Уг шийдвэрээр нийслэлийн Засаг даргын захирамж гаргахыг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-04-07 08:09:55
    Бат үүл чи тэгвэл жагсагчдын тарьсан хог, шээс, баасыг хэнээр цэвэрлүүлэх гээд байна, өөрсдөөр нь цэвэрлүүл, чадахгүй бол өөрөө цэвэрлэ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах