“Шударга Ёс” эвслийн бүлгийн дарга, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Танаа
Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийн харьяа Богд уул сувиллын байрлаж байгаа байр нь социалист нийгмийн үед Ясны сүрьеэгийн эмнэлэг байсан гэдгийг та мэдэх буй заа. Нэг талаасаа сүрьеэ өвчин нь онц халдвартай тул эмнэлэг нь хотоос зайдуу байх ёстой, нөгөө талаасаа сүрьеэ өвчтэй хүмүүсийн эмчилгээнд эрүүл агаар чухал гэдэг утгаараа Ясны сүрьеэгийн эмнэлгийг Зайсангийн аманд байгуулсан гэдэг 1990-ээд оны нийгмийн задрал бужигнаанаар эмнэлэг нь өөр тийшээ шилжиж байшин барилга нь балгас болон үлдсэнийг 1998 онд байгуулагдсан Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвд харьяалуулан өгч, улмаар ихээхэн хэмжээний хөрөнгө хүч зарж, барилгын сэргээн засварлаж, сувилал болгосон нь өнөөдөр эмчлүүлэгч үйлчлүүлэгчдийн зорин очиж, эмчлүүлж сувилуулдаг газар болчихоод байгаа билээ. Харамсалтай нь, сувиллын хашаанд танай яамнаас олгочихсон баахан газрын зөвшөөрлөөс болоод сүүлийн жилүүдэд энэ сувиллын үйл ажиллагаа байнгын саадтай, дарамт, шахалтын дунд явж байна. Байсхийгээд л орц, гарцыг нь хаагаад хашаа барьчихна, байсхийгээд л танай яамны тамга тэмдэгтэй бичиг барьсан улс ирж, сувиллын эмч ажилтнууд, сувилуулагчдыг гарах хаалгагүй болгож түгжинэ. Зарим төрлийн үйл ажиллагаа тухайлбал, сэтгэл заслын эмчилгээгээ явуулж чадахгүй өдий хүрч байна. Энэ сувиллын хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгох ажлыг Байгаль орчны яам, сайд нь 2007 оноос хийсэн. Бүр тодруулбал, сувиллын эзэмшил газарт Байгаль орчны сайд 2007 онд иргэн А.Пүрэвнямд, 2008 онд дөрвөн удаагийн тушаалаараа “Бодь мөр интернэшл” ХХК, “Хар дун” ХХК, “Милстар трейвэл” ХХК, “Дун өргөө” ХХК-д болон иргэн Г.Ганхуяг, иргэн Д.Дэжидлхам нарт газар олгосон байдаг.

Сувиллын хашаанд ийм олон газарт олгосон зөвшөөрлөөр бол сувиллынхан нь орох гарах гарц байхгүй, бохирын хоолой, уурын зуух, худаг гээд дэд бүтцийн байгууламжуудаа ашиглах боломжгүй болж байгаа юм. Товчхондоо бол, орсон хүн гарахгүй, гарсан хүн эргэж орохгүй болгочихоор сувилал хэвийн ажиллаж чадна гэж үү.Тиймээс сувиллын захиргаа шүүхэд хандсан. Шүүхээс Байгаль орчны сайдын гаргасан шийдвэр нь Рашаан сувиллын тухай хууль болон эрүүл мэндийн салбарт мөрдөж байгаа стандарт дүрэм журмыг зөрчсөн байна гэдгийг тогтоосон гэдгийг дараахь шүүхийн шийдвэр баримтууд нотолно.
 
Баримт 1

 
Монгол Улсын нэрийн өмнөөс
 
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 130 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 185 дугаар магадлал, УДШ-ийн хяналтын шатны захиргаан хэргийн шүүх хуралдааны 2012 оны есдүгээр сарын 24-ний өдрийн 125 дугаар тогтоолоос
 
...Байгаль орчин аялал жуулчлалын сайд нэр бүхий иргэн хуулийн этгээдэд газар ашиглуулахаар шийдвэрлэхдээ Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Рашаан сувиллын бүтэц үйл ажиллагааны Стандартын MNC-25232 2003-ын 16.1ийн 3-д заасан “...Сувиллын барилга байгууламж нь 8 га газраас багагүй эдэлбэр газартай байна...”, 16.1-ийн 2-т заасан “...эмнэлэг сувиллын газар нь орчны агаарын бохирдлыг багасгах уур амьсгалын сөрөг нөлөөллөөс хамгаалах, сувилуулагчдын сэтгэл зүйд таатай орчин бүрдүүлэх, экологийн нөхөн сэргээлтийг сайжруулах зорилгоор эдэлбэр газрын 60 хувиас багагүй талбай нь ногоон байгууламж байна...”, 16.1-ийн 6-д “...сувиллын орчинг сувилуулагчдын тав тухыг хангахаар тохижуулж тоглоомын талбай, амрах саравч, сүүдрэвч, сандал зэргийг зохих талбайд байршуулсан байх...” гэснийг нэхэмжлэгч хэрэгжүүлж ажиллах бодит нөхцөлийг алдагдуулсан байна.
 
Дээрх стандартыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр рашаан сувиллын үйл ажиллагаа явуулж байгаа Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв хэрэгжүүлэх төдийгүй эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа уг стандартад заасан нөхцөл шаардлагыг хангах боломж, нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийн эзэмшиж буй газрыг тойруулан нэр бүхий иргэн, хуулийн этгээдэд газар ашиглах шийдвэр гаргахдаа дээрх стандартыг хэрэгжүүлэх бодит боломжийг алдагдуулснаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.
 
...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 7, .2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр иргэн А.Пүрэвням, Г.Ганхуяг, Д.Дэжидлхам, “Бодь мөр интернэшл” ХХК, “Хар дун” ХХК, “Милстар трейвэл” ХХК, “Дун өргөө” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газар Зайсангийн аманд газар ашиглах эрх олгосон захиргааны актыг шинээр гаргах замаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Байгаль орчин аялал жуулчлалын сайдад мэдэгдсүгэй.
 
Баримт2
 
Дүүргийн иргэн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн захирамжаас /2014.11.19. Дугаар 19066/
 
...Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 130 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 185 дугаар магадлал, УЦШ-ийн хяналтын шатны захиргаан хэргийн шүүх хуралдааны 2012 оны есдүгээр сарын 24-ний өдрийн 125 дугаар тогтоол гээд гурван шатны шүүхийн шийдвэрээр,
 
“Богд хан уулын дархан цаазат газар ашиглалтын мэдээллийн сангийн кадастрын зургаар нэр бүхий иргэд аж ахуйн нэгжид ашиглуулах эрх олгосон нь Элэг судлалын клиник төвийн эмчилгээ сувилгааны төвийн зориулалтаар эзэмшиж байгаа газрын эргэн тойрны болон орчны газарт хамаарч байгаа ба орц гарц, давхардсан болох нь шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт нэр бүхий иргэд аж ахуйн нэгжид ашиглуулсан Төрийн захиргааны төв байгууллагын /БОЯ-ны/ шийдвэр нь Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийн үйл ажиллагаа явуулах боломжийг алдагдуулсан, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн” гэж дүгнэсэн байна. Энэ утгаараа шуүхийн эцсийн шийдвэр нь Элэг судлалын клиник төвийн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг хангасан байдлаар нэр бүхий иргэн хуулийн этгээдийн газар ашиглах болон Монгол Улсын рашаан сувиллын бүтэц үйл ажиллагааны стандарт MNS-25232:2003-т нийцүүлэн зохицуулсан шинэ акт гартал Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2007, 2008 оны дээрх тушаалуудын холбогдох хэсгийг түдгэлзүүлж, газар чөлөөлөх тухай гуравдагч этгээд болох 7 иргэн, хуулийн этгээдийн бие даасан шаардлагыг газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 57.5 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгожээ...
 
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117,1 дэх хэсэгт заасныг удирддага болгон Захирамжлах нь:
 
-Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нэхэмжлэлтэй Уламжлалт анагаах ухааны элэг суддалын клиник төвд холбогдох нийтийн эзэмшлийн зам, гарц чөлөөлүүлэхийг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай...   
 
Баримт 3
 
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаас /2015.12.18. Дугаар 102/ШЗ2015/35342/
         
...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 03/5532 дутаартай албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж, Милстар трэйвэл ХХК-д олгосон газар эзэмших эрхийг 2015 оны 7 сарын 23-ны өдрөөс 5 жилийн хугацаагаар сунгасан гэх мэдэгдэл нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн явдал биш байна. Захиргааны хэргийн шүүх элэг судлалын төвийн үйл ажиллагаа явуулах боломжийг ханган хууль, Монгол Улсын Рашаан сувиллын бүтэц, үйл ажиллагааны стандартад нийцүүлэн шинэ акт гаргах замаар Милстар ХХК болон бусад этгээдүүдийн газар эзэмших асуудлыг шийдвэрлэхийг Байгаль орчин аялал жуулчлалын сайдад үүрэг болгосон байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны албан бичигт сайдын хэдний өдрийн тушаалаар газар эзэмших эрхийг сунгасан тухай дурьдаагүй, Захиргааны хэргийн анхан шатны шийдвэрт заасан Монгол Улсын рашаан сувиллын бүтэц үйл ажиллагааны стандарт MNS- 25232:2003-т нийцүүлэн шийдвэр гаргасан эсэх тодорхойгүй учраас захиргааны шинэ акт гаргаж, асуудлыг шийдвэрлэсэн гэж дүгнэх боломжгүй байна...
 
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Захирамжлах нь:
 
-Милстар трэйвэл ХХК-ийн нэхэмжлэлтэй Элэг судлалын клиник төвд холбогдох, өөрийн эзэмшлийн газарт орж гарах, гарц чөлөөлүүлэх, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг хариуцагчид даалгуулах, эзэмшил газар дээрээсээ хариуцагчийн 5 ханатай гэрийг нүүлгүүлж, газар чөлөөлүүлэхийг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
 
Баримт 4

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоол/2016.01.13. Дугаар 102/ШТ2016/000070/

 
...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 03/5532 дугаартай бичгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд өгч, Милстар трэйвэл ХХК-ийн газар эзэмших эрхийг таван жилийн хугацаатай сунгасан гэх мэдэгдэл нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлсэн явдал биш гэж дүгнэсэн шүүхийн захирамж хууль зүйн үндэстэй байна. Иймд Милстар трэйвэл ХХК-нйн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв... гэжээ.
 
Эдгээр баримтуудаас харахад сувиллын газрын хашаанд газар олгосон чинь буруу байна, үүнийгээ засаж залруул, газар олгосон хүмүүстээ өөр газар дахин газар олгосон шийдвэр гаргах байдлаар шийд гэдгийг зааж өгч. Харин шүүхийн энэ шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам хэрэгжүүлэхгүй явж ирж. Үүнд ганцхан одоо яамыг толгойлж байгаа таны буруу дангаараа байхгүй нь мэдээж. Гэхдээ таныг энэ яамыг толгойлох болсон цагаас эхлээд шүүхийн шийдвэрийг биелүүлж, хуулийг хэрэгжүүлэхийн бүр эсрэгээрээ үйлдэл танай яамнаас гарч ирээд байгаа нь “Шударга ёс” эвсэл УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлдэгчлэн “Шударга бус” эвсэл болчихсон нь гэдгийг баталгаа болж харагдаад байгааг нуулгүй хэлчихье.
 
Сайд та Баримт 3 болон Баримт 4 дээр гарч ирээд байгаа “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2015 оны 9 дугээр сарын 10-ны өдрийн 03/5532 дугаартай бичиг” гэдгийг анхааралдаа онцгойлон аваад бүр танай яамны архивт байгаа эсэхийг нь шалгаад үзчихээрэй. “...Богдхан уулын дархан цаазат газар Зайсангийн аманд газар ашиглах эрх олгосон захиргааны актыг шинээр гаргах замаар...” шийд гэж шүүхийн шат шатны шийдвэр гарчихаад байхад “Милстар трэйвэл ХХК”-ийн эзэмшиж байгаа газрыг таван жилээр сунгасан гэж бичиг бичээд байгаа төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Цэнгэлд ямар ашиг сонирхол байна вэ. Яагаад Байгаль орчин аялал жуулчлал, ногоон хөгжлийн яамыг төлөөлөөд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах мэргэжилтэн Д.Шижирболд гэгч Богд уулын амны газрыг шийдээд энэ тэр солбилцоор орж гарч бай гэдэг шийдвэрийг гаргаад байгаа юм бэ.
 
Элэг судлалын клиник төвийн эмчилгээ сувилгааны төвийн зориулалтаар ашиглаж байгаа газартай булаалцалдаад байгаа нэр бүхий 7 иргэн хуулийн этгээдийн нэг нь “Дун-Өргөө” ХХК гэж байгаа. “Дун-Өргөө” болон “Хар дун” ХХК гэдэг нь Шударга ёс эвслийн тэргүүн МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүсэн шүүх хурлын үеэр гарч ирж байсан. Чухамхүү ийм учир шалтгааны улмаас Н.Батцэрэг сайд та удирдлага дор тань ажиллаж байгаа хүмүүсийн хийж байгаа хууль бус үйлдлийг харахгүй байна уу?. Та МАХН-ын дарга Н.Энхбаярт Зайсангийн аманд сувиллын хашааны газраас авч өгөх үүрэг хүлээж энэ албан тушаалд очоогүй биз дээ.
 
 
Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах мэргэжилтэн Д.Шижирболд гэгч нь “Дун-Өргөө” болон “Хар дун” ХХК гэгчтэй холбоотой, өдгөө гадаадад гарсан, интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа этгээдтэй ямар холбоо сүлбээтэй вэ гэхчлэн ухвал асуудал олон гарч ирж байна.
 
Хэрвээ Н.Батцэрэг сайд та, танай яам Элэг судлалын клиник төвийн эмчилгээ сувилгааны төвийн зориулалтаар ашиглаж байгаа газартай булаалцалдаад байгаа нэр бүхий 7 иргэн хуулийн этгээдэд заавал Зайсанд газар олгох үүрэгтэй юм бол өөр газар шийдээд өгчих. Угаасаа ийм эрхийг шүүхээс танд олгочихсон байгаа. Богд хан уул маань баян хангай шүү дээ. Аялал жуулчлал нэрээр Танай яам Зайсангийн ам, Богд хан уул хоёрыг орон сууцны хороолол болгочихож чадсан. Тэгэхээр энэ хэдэн газрынхаа асуудлыг элэгний сувилалтай, ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө ажиллаж байгаа эрүүл мэндийн  байгууллагатай, эмчлүүлж сувилуулдаг эгэл жирийн иргэдтэй нь булаалцалдахгүйгээр шийдчих. Монгол Улс төрийн хөрөнгө оруулалтаар эмнэлэг барьж байгуулах боломж тун хомс байгааг хоёр сонгууль дараалан ярьж байгаа гуравдугаар төрөхийн жишээгээр бид бүгд харж байна. Тэгвэл ажиллаж байгааг хаалгыг нь бариулах гээд хавчаад байгааг төрийн яам толгойлоод дэмжээд байгаа нь харьд биш эх орондоо эмчлүүлэхээс өөр сонголтгүй олон мянган монгол хүний эрх ашгийг хөндөж байгаатай утга нэгэн билээ.
 
Шүүхийн шийдвэрийг биелүүлж, хуулийг хэрэгжүүлж, Шударга ёсыг сахиулна уу эрхэм сайд аа.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Gg 2016-04-10 06:04:34
    Oyunhoroliin hiisen ajil shd
  • Андуурал 2016-04-07 10:50:42
    Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах мэргэжилтэн Д.Шижирболд- энэ хүн мэргэжилтэн
  • зочин 2016-04-07 09:41:09
    тэгээд жижиг намууд төр барих юмуу хэн
  • зочин 2016-04-07 06:30:19
    батцэрэг гэж сонин нөхөр яг л бонхажя шиг хэлбэрдсэн амьтан
  • зочин 2016-04-07 02:11:22
    БОНХАЖЯ Монгол улсад Богд ууланд газар олгосон, Туул голыг нүдэн дээр нь ширгэхэд мэдээгүй энэ хоёр нүглээс өөр гийгүүлсэн юм байхгүй татан буулгавал таарна
  • 12 2016-04-07 01:49:09
    Гена маатар маань наадхыг чинь анхаарах боловуу
  • зочин 2016-04-07 01:46:01
    Мангас Хатанбаатарын шунал яасан барагддаггүй юм бэ?Төриин өмчиин элэгнии эмнэлэгииг хулгаилаад хувиин болгоод авсан,бас төриин сувилалыг хувиин болгоод дээрэмд...