Б.Сарантуяа:Амьдрал уран бүтээлийн дурсамж номоо редакторлохгүй, байгаагаараа илүү амттай байх
Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива хатагтай Б.Сарантуяа урлаг хэмээх их айлын тайзан дээр 30 жил амьдарч, гялалзжээ. Тэрбээр 30 жилийн уран бүтээлийн тайлангаа тавихаар шийдэж, тоглолтын бэлтгэл ажлаа хийгээд тун завгүй явна. Харин тэрбээр сэтгүүлчдэд цаг зав гаргаж, өглөөний цайгаа хамт ууж, халуун дулаан дотно яриа өрнүүлж, чөлөөтэй ярилцлага хийсэн юм. Энэ үеэр түүнтэй ярилцлаа. 

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан юу байна? 

-Сүүлийн хэдэн сар хуучин дуунуудаа сэргээн, шинээр дуулж байлаа. Энэ хугацаанд шинэ уран бүтээл хийхийг ямагт хүсэж байсан. Харамсалтай нь яг миний хүсэн хүлээсэн, гал цогтой бүтээл төрөхгүй байгааг хэлэх нь зөв байх. Хөгжмийн зохиолч, ая зохиогч, шүлэгч найрагч нартаа хандаж “Намайг хурцлаад өгөх сайхан бүтээл хийвэл би дуулахад бэлэн” гэдгээ хэлмээр байна. Яг үнэндээ мэргэжлийн, далайцтай дуу хүлээж байна. Сүүлийн үед залуу ая зохиогч Мөнх-Ертөнцтэй хамтран ажиллаж байна. Тун удахгүй нээлтээ хийх Өртөө киноны “Алсад ойрхон” гэх шинэ уран бүтээлийг дууллаа. Энэ дуу миний хувьд дурлаж дуулсан цөөхөн дууны нэг байсан. Одоогоос хэдэн жилийн өмнө “Тэр намайг дурсдаг болов уу” дууг үнэхээр хүсэж, дурлаж дуулсан. Харамсалтай нь сүүлийн үед яг үүн шиг мэргэжлийн далайцтай уран бүтээл төрөхгүй байна. Тиймээс л хуучин уран бүтээлүүдээ эргэн дуулж байна л даа. 

-Тун удахгүй таны төрсөн өдөр болно. Уламжлал ёсоор төрсөн өдрийн тоглолты тов гарсан байна. Хоёр өдөр тоглохоор болсон гэл үү?

-Шинэ бүтээл хэд хэдийг хийсэн нь төрсөн өдрийн тоглолтын маань бэлэг болж, фэнүүдэд хүрнэ. Миний хувьд энэ жил урлагийн тайзнаа дуулсны 30 жилийн ой тохиож байна. Мөн Өөжгий бид хоёрын хамтын бүтээл “Хайрын бурхан” дууны 20 жилийн ой тохиож байгаа. Тиймээс гитарчин Өөжгий /гоцлол гитарчин Д.Өлзий-Орших/-г урьж оролцуулна. Энэ мэтчилэн сюрприз олонтой тоглолт хүлээж байгааг дуулгая. Өнгөрсөн жил төрсөн өдрөөрөө “Сэхүүн салхи” концертыг тоглож, аав ээжийн сэдэвт дуугаа олон нийтийн хүртээл болгосон. Харин энэ жил Улсын филармонийн цөөхүүл оркестр, ардын хөгжимтэй дуулж, амьд тоглолт хийхээр төлөвлөж байна.Амьд хөгжимтэй дуулах нь миний мөрөөдөл байсан гэж хэлж болно. Гэхдээ поп тоглолтод амьд хөгжим оруулаад дуулахаар үзэгчдийг ядрааж мэднэ. Тийм учраас би цөөн хэдэн дууг амьд хөгжимтэй дуулахаар төлөвлөөд байна. 

-Тоглолт хаана болох вэ?

- Энэ сарын 19,20-ны өдрийн 19.00 цагт “Соёлын төв өргөө”-нд тоглоно. Хоёр өдрийн турш сонсогч, фенүүдтэйгээ уулзахаар бэлтгэж байгаа.
 
-Гадаад дахь Монголчууддаа зориулан уран бүтээлээ хүргэхээр нэлээд олон орныг зорьсон. Аяллын сонин сайхнаас хуваалцаач, Ер нь гадаадад байгаа Монголчууд уран бүтээлчдийгээ хэрхэн хүлээн авдаг вэ?

-Гадаад дахь аялан тоглолт маань  сонин түүхтэй эхэлсэн. Найздаа туслах гээд сураглаж явахдаа Польшт жил бүр “Хөх толботон” нийгэмлэг уран бүтээлчдийг урьж хандивын тоглолт хийдэг тухай олж мэдсэн юм.  Тоглолтоос хуримтлагдсан мөнгөөр Монголд байдаг асрамжийн газарт хандивладаг юм билээ.Тэнд намайг урихад нь би зөвшөөрсөн юм. Нэгэнт очсон юм чинь Берлинд очиж тоглолоо. Мөн Шведэд сүмд тоглоод дэлхийн найрал дууны нийгэмлэгт орлогынхоо 30 хувийг хандивласан.Бид тоглох хуваариудаа урьдчилаад гаргасан боловч 200-300-хан монгол хүнд тоглодог байсан. Өндөр түрээстэй том заал түрээсэлсэн ч төдийлөн олон хүн ирдэггүй учраас эдийн засгийн хувьд боломжгүй юм билээ.

2012 онд Солонгост том заал хөлслөөд тоглоход 700 гаруйхан хүн л цуглаж байсан. Ийм байдалтай цөөхөн монголчуудад том хэмжээний мэргэжлийн тайзнаа тоглох боломжгүй. Аялан тоглолтын гол бэрхшээл нь эндээ байдаг. Тонмейстер, үсчин, туслах дуучнаа дагуулаад явах нь хүнд шүү. Аялан тоглолтоо Швейцарийн Женев хотоос эхлээд Францын Ренн, Норвегийн Осло, Австрийн Вена, Бельгийн Антверпен, Туркийн Истанбул хотуудад тоглосон.

Истанбулд Монгол оёдолчид сарын 400 ам.долларын цалинтай ажиллаж, их хэмжээний өрөнд орчихсон, амьдрал нь хэцүү байна. Тиймээс тоглолтоо бид харьцангуй хямд үнээр хийсэн. Аль болох очиж байгаа газруудынхаа онцлогт тааруулж байлаа.Гэтэл биднийг мөнгө хураадаг хүмүүс явж байна. Европоор аялж монголчуудаа сэгсэрлээ гэж боддог. Бид тэгж ашиг олоод байж чаддаггүй. Гэхдээ эдийн засгийн хувьд мэдээж алдагдалтай тоглохгүй л дээ. Хамгийн гол нь өндөр хэмжээний тоглолт хийхийг зорьдог.Европын аялан тоглолтоороо охин, хүү хоёроо аваад явсан. Тоглолтын дундуур намайг хувцсаа сольж байхад охин маань дуулж бүжиглэлээ. Хүү маань тонмейстрээр ажилласан.  Хүүхдүүд маань урлагийн хүний амьдралыг ямар байдгийг зах зухаас нь үзлээ. Энэ нь тэдэнд амралт бөгөөд сургамж болсон байх.

-Нэгэнт тоглолтын ашиг орлогын талаар ярьсан юм чинь татварын талаар сонирхмоор байна. Та татвараа төлдөг үү?

-Манай татварын бодлого, орчин үнэхээр учир дутагдалтай. Би үргэлж татвараа үнэн зөвөөр цаг тухайд нь төлдөг. Гэтэл манай татварынхан өөрсдөө ямар ч мэдлэг, мэдээлэл өгөхгүй байж гэнэт л маш их хэмжээний акт тавьдаг. Адаглаад татвар төлөх асуудлаар бага хэмжээний сургалт ч зохион байгуулаад анхан шатны мэдээлэл өгөхгүй. Очоод асуухаар тодорхой зүйл хэлэхгүй. Тэгсэн хэрнээ гэнэт 10 саяар акт тавиад байдгийг би ойлгодоггүй: Ер нь манай урлагийнхан татвараа маш сайн төлдөг. 

 -Таныг тайзнаа гарсан 30 жилийн ойдоо зориулж ном гаргахаар болсон гэж сонслоо?

-Тийм ээ. Энэ номыг нэлээд хэдэн жилийн өмнө бүтээхээр эхлүүлсэн ч хэвлүүлэлгүй орхисон. Би урлагтай 16 настайгаасаа амьдралаа холбосон учраас миний амьдрал бол Монголын рок попын ертөнцийн түүх байх болно. Нөгөөтэйгүүр би хаалттай хүн биш. Миний туулсан алдааг өөр бусад нь тойроосой, тулаад ирсэн бол надаас эрч хүч аваасай гэдэг үүднээс өөрийн амьдралын алдаа, оноог бас оруулж байгаа.
 
-Номын зохиолчоор хэн ажиллаж байгаа вэ? Таны хувьд номоо редакторлох уу?

-Зохиолчоо олох гэж нэлээн будилсан. Тэгээд намайг хамгийн сайн мэдэх найз Р.Эмүжин маань бичихээр болсон. Гэхдээ одоо болтол би нэг ч уншаагүй. Эмүжин ч надтай биш найз нөхөд, ах дүү, хамаатан садан, шавь нартай маань уулзаад яваад байгаа. Сайхан ном гарна гэж хүлээж байна.Уншигчдын гар дээр очихоос өмнө редакторлодог. Гэхдээ би бүх юмыг тийм энгийн байлгахыг хүсэхгүй байна. Би редакторлоод магадгүй муухай харагдах зүйлээ устгаж болно шүү дээ. Тэгвэл энэ ном маань өөрөө маш амтгүй болно. Тиймээс ер нь номоо редакторлохгүй. Намайг сайн мэддэг хүн өөрийнхөөрөө бичихэд л хангалттай. 

-Дуучин Сараагийн хувьд гарын ганц шавиа бэлдсэн. Ахин шавь бэлдэх бодол байна уу? 

-Миний байгуулсан “Рэндом" хамтлагийн дуучин Болор-Уянга гардаж авсан шавь минь биш л дээ. Гэхдээ Болор-Уянга “Рэндом” хамтлагтай дуулаад “Сараа эгчийн хажууд байхаар энерги нь цацраад байдаг” гэж хэлдэг. Магадгүй юм. Болор-Уянгыг миний хоёр дахь шавь болоосой гэж бодож байна.

Гэхдээ би ер нь тогтмол дуулж байх үедээ шавь нартаа тэр бүр заагаад байж чаддаггүй.  Насанбуянгийн амжилтынх нь 70 хувь нь өөрийнх нь хичээл зүтгэл. Их хөдөлмөрч хүн. Магадгүй Сарантуяагийн шавь гэдэг нэр нөлөөлсөн байх. Гэхдээ залхуу шавьд тэр нэр ямар ч нөлөө байхгүй. Хүн ажилсаг л байх хэрэгтэй. Одоо цагт авьяасгүй хүн хүртэл хөдөлмөрлөөд амжилтанд хүрч байна. Хов хоосон юмыг үрээд л байхад оч бутарч байдаг.

Зөвхөн би төрөлхийн авьяастай гээд тэрэндээ найдаж яваа замхарсан одууд байна. Хувь заяандаа найдаж яваа уран бүтээлчдэд хандаж хэлэхэд хийж байгаа юмандаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Маш их хөдөлмөр, сэтгэл зүрхээрээ хариуцлагатай хандахгүй бол хов хоосон бөмбөлөг болоод алга болно.  Би хэзээ ч шавьдаа юм заасан гэж мөнгө  авч байгаагүй. Продюсерлэсэн гэж хувь хүртэж үзээгүй хүн.  Залуу дуучид уран бүтээлийн замаа олохгүй байвал би өөрийгөө олох итгэлийг өгчих юмсан гэж боддог. Залуу дуучдад тусламжийн гараа сунгах хэрэгтэй гэж боддог. Эдийн засгийн тусламж дуусдаг бол сэтгэлийн тусламж үргэлж байдаг.

-Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-07-14 10:09:50
    Арай эрт авгай харагдаж байна даа
  • NARAA 2016-04-20 08:23:06
    ТОГЛОЛТЫГ ЧИНЬ ҮЗСЭН. САЙХАН БАЙЛАА. НАСАНДАА САЙХАН БАЙНАА , Хүмүүс юу гэх хамаагүй ээ өөрсдөө байгаагаасаа хөгшин харагдах хүмүүс л дэмий юм ярьдаг шүү дээ. ...
  • irgen 2016-04-15 07:34:39
    targalaad hogshirch .
  • Tseegii 2016-04-11 09:50:15
    Uneheer goy duuchin, hairtai shuu :*
  • Зочин 2016-04-11 04:20:22
    Амжилт хүсье. Хөх тэнгэрт байхдаа дуулсан дуунууд чинь хамгийн гоё!!!!!
  • buruu 2016-04-07 06:51:01
    buruu l yum hiijiindaa. hai saigu aldaa haidag humuus baihad
    202.21.112.34
    Мэдэгдсэн Хариулах
  • g 2016-04-07 03:12:20
    Mundag duuchin!