Сонгуулийн солиорлыг
Сонгууль дөхөж буй энэ цаг үед улстөржилт гэдэг зүйл хэрээс хэтэрч байна. Энэ жил Сонгуулийн хууль улам чангарсан. Тиймээс ч бие биеэ тандаж, тагнуулдсан л “бүлэглэлүуд” байдаг болжээ. Энэ их улстөржилтийн хоморгонд нь өртөгсөд нь өнөөх л хөдөөний болон жирийн иргэд болдог нь харамсалтай. Сонгуулийн албан ёсны үйл ажиллагаа эхлээгүй байгаа энэ цаг үед хөдөө, орон нутагт аль хэдийнэ сонгуулийн уур амьсгал орчихсон байна. Хэн хаана, ямар алдаа гаргах бол хэмээн отож, хүн олноор цугларсан газарт нам эвслийн “тагнуулууд” гар утсаараа бичлэг хийж, бие бие рүүгээ эвгүй харц чулууддаг болчихжээ.
 
Өөрөөр хэлбэл, “сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, өөрөө болон бусдаар дамжуулан, эсвэл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан хийж буй элдэв үйлдлийг нэр дэвшигчид гаргавал бушуухан баримтжуулаад авах хэрэгтэй юм байх. Энэ бүхнийг л баримтжуулаад авбал хэдэн “бор юм” олох боломж байна гэсэн үг.
 
Нэг талдаа хуулийн энэ заалтыг нэр дэвшигчид ягштал баримтлуулж чадвал сайн хэрэг. Сонгууль шударга болох тал руу нэг алхам дөхнө. Гэхдээ л нөгөө талдаа цаг хугацаатай сонгууль дуусдагаараа дуусна. Нөгөө 60 чавганц уралдвал нэг нь түрүүлдэг гэлээ гэгчээр нэр дэвшигчид худал, үнэн ярьсаар аль нэг нь сонгогдоод л УИХ- ын гишүүний зөөлөн суудалд тухлах нь тодорхой. Зөөлөн суудалд заларсан эрхэм эргээд өөрийнх нь төлөө үхэн хатан ажилласан, төрсөн ахтайгаа тангараг тасарсан, хамаатан садантайгаа дайсагналцсан хөөрхий ухуулагчдаа мартдаг нь гэм биш зан, гэнэт биш хууч болсон зүйл.
 
Тиймээс ах дүүгээрээ нам, улс төр ярин талцаж, улс төрийн том, том хэрэг шүүцгээж байсан иргэдийн хагарал цуурсан аяга шиг хэвээр үлддэг. Саяхан миний бие ажлын шугамаар хөдөө томилолтоор явж ажиллав. Гэтэл иргэдээс яриа авч буй намайг ёстой л эвэртэй туулай үзсэн мэт болж, зарим нь ирээд “муу, сайн юмнууд сонгуулийн сурталчилгаа хийгээд байна уу, хэний талд ажиллаад байна” гээд л загнах юм билээ. Бүр зарим халамцуухан эрчүүд нь “хэнийг дэмжиж байгаа нь гээд л чанга дуугараад л, зурагчинг маань цохих гэж дайрах нь ч энүүхэнд. Гар утсаар энд, тэндээс бичлэг хийх бол энгийн л асуудал юм билээ. Хэдхэн цагийн хугацаанд томилолттой ажилласан миний хувьд ийм байгаа юм чинь тэнд ажиллаж, амьдарч байгаа хүмүүст сонгууль гэх “хадны мангаа” ямар их хар энерги авч ирдэг бол гэсэн бодол тээж ирснээ нуугаад яах вэ. Нөгөө явуулын хүнийг өөлдөггүй, ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биетэйгээ мэндэлдэг монгол ёс хаачлаа.
 
Ер нь энэ их улстөржилт сайн зүйл дагуулдаггүй. Тухайлбал, засаг солигдох болгонд төрийн байгууллагууд ёстой л үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймэлддэг болсон нь нууц биш. “Улс төрийн намын харьяаллаар ажлаасаа халагдлаа” гэсэн гомдол тасардаггүй гээд сайн зүйл авч ирэхгүй нь тодорхой. Тиймээс иргэд хэтэрсэн утга учиргүй улстөржилтөө болиод олон нийтэд таалагдах гэж элдэв ажил санаачилж, хандив, дэмжлэг өгөх нэр дэвшигчдийн мөнгийг нь авчихаад, өөрийнхөө сонголтыг хийж яагаад болохгүй гэж. Түүнээс мөнгө авсан л бол тухайн хүнийг муулуулахгуй байх, аль нэг намын гишүүн л бол намаа сонгох ёстой гэсэн хууль байхгүй шүү дээ. Үүнийг л нэг санаж, сэрэх цаг нь болсон байлтай.
 
Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ы 2016-04-07 03:36:36
    Улс төр, ордны хэрүүлээс үнэхээр залхаж байна, сонгууль хурдан дуусаасай... Ард түмэн рүүгээ хэрүүлийн алим шидэхээ болиосой
  • Батаа 2016-04-07 02:05:12
    Сонгуулийн хууль МАН мөн АН л гарах тийм хууль гаргасан Одоо ард түмэн минь ухаарч намчирхалгүй ХҮН намыг сонгоод үзеэ