Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд санаанд хүртэл ажиллаж чадсан уу
“Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт үндэсний чуулган боллоо. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Ялангуяа УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа эмэгтэйчүүдийн эзлэх хувь 14.5 хувь болж өссөн. 2008 онд эмэгтэйчүүдийн оролцоо 3.9 хувь байсан үзүүлэлт 14 хувь болтлоо өссөн нь том амжилт байв. Үүний үр дүнд парламентад 11 эмэгтэй гишүүд орж, албан бус бүлгийг байгуулан дөрвөн жилийн хугацаанд ажиллалаа.

Эрх барих дээд байгууллага дахь эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн нь аймаг, нийслэл, орон нутгийн удирдах байгууллагад ажиллах эмэгтэйчүүдэд ч том нөлөө үзүүлсэн юм. Эмэгтэйчүүдийг нийгэмд идэвхийлэн оролцох, улс орны, эмэгтэйчүүдийн, хүүхдийн өмнө тулгамдаад байгаа асуудалд гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэхэд буруудахгүй. Өнгөрсөн оны үзүүлэлтээр эмэгтэйчүүдийн оролцоог авч үзвэл дэлхийн дундаж 22.6 хувь, Ази бүсийн дундаж 18.8 хувиас доогуур байсан аж.

Үүнийг харгалзан улс төрийн намууд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгож нэмэгдүүлэхээр тусгасан. Энэ зорилгодоо хүрэхийн тулд эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжиж, тэдний оролцоог нэмэгдүүлэх талаар анхаарах шаардлага байгааг үндэсний чуулганы үеэр онцлон хэлж байлаа.

Манай улсад 82 мянган эх өрх толгойлж байна. Энэ нь Монголын нийт өрхийн 12 хувийг эзэлж байгаа юм. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэнээр дээрх эхчүүд болон хүүхэд, ахмад настан, боловсрол гээд нийгмийн салбарын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. УИХ-д 11 эмэгтэй гишүүн төлөөлөхөөс гадна бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 27.3 хувь байна. Засаг захиргааны түвшин ахих тусам эмэгтэйчүүдийн төлөөлөл багасдаг байдлыг өөрчилж, тэдний оролцоог нэмэгдүүлэх шаардлага байгааг үндэсний чуулганы үеэр онцлон ярьцгааж байлаа.                

Мэдээж хэрэг шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо байх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ өнөөгийн эрх барих дээд байгууллагад суугаа эмэгтэйчүүд үнэхээр өнгөрсөн дөрвөн жил хангалттай ажиллаж чадсан уу гэдэг асуудал  үүнтэй холбогдон яригдах учиртай. 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад ердөө хоёр сар гаруйн хугацаа үлдсэн.

Харин энэ үед сонгогч олон гишүүдэд дүн тавьж буй. Тэгвэл эмэгтэй гишүүдээс өндөр үнэлгээ авах хүн өнөөдөр бий юу. Урлаг уран сайхны үзүүлбэр үзүүлж, энд тэнд гүйж харагдахаас өөр гавьтай зүйл хийгээгүй тэд өнөөдөр эмэгтэйчүүдийн нэрийг барьж, төрийн эрхэнд гарсан ч амалсандаа хүрсэнгүй. 

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ хэн оролцож, шийдвэр гаргах вэ гэдэг нь өнөөдөр хамгийн чухал болоод байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine