Харшлын эсрэг вакцин тарьж эхэллээ
Шарилжны харшлын эсрэг урьдчилан сэргийлэх вакцин цацлагыг Арьсны өвчин судлалын үндэсний төв болон эмнэлгүүдээр өчигдрөөс хийж эхэлжээ.Долдугаар сарын 15-наас шарилжны тоос дэгддэг. Үүнээс 2-2.5 сарын өмнө урьдчилан сэргийлэх вакцин эмчилгээг хийдэг аж. 
 
Эмчилгээ хийлгэхийн тулд юуны түрүүнд сорил тавиулах бөгөөд шарилжны харшилтай хүмүүс төлбөртэйгөөр дархлаажуулалтад орно. Арьсны өвчин судлалын үндэсний төвд тарилга, цацлага, эмийн гэсэн дархлаажуулалтыг хийдэг. Төрлөөсөө хамаараад үнэ нь өөр байх бөгөөд 5-66 насныхан хэрэглэх боломжтой.
 
Ургамлын тоосжилтын үед дархлаа суларвал харшилтай болох эрсдэлтэй байдаг учир хаврын улиралд дархлаагаа дэмжих хэрэгтэй байдаг аж. Энэ үед харшилтай болохоос, харшилтай тохиолдолд хүндрүүлэхгүй байх талаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, профессор С.Мөнхбаярлах ийнхүү зөвлөжээ. 
 
Ямар ургамлаас харшилтайг мэдсэний дараа тэр ургамал өөр ямар хүнсний бүтээгдэхүүнтэй холбогддогийг мэдэх хэрэгтэй болно. Түүнийг мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Жишээлбэл, шарилжийн тоосны харшилтай хүн багваахай, балжингарам цэцгийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхэд тохиромжгүй. Мөн айраг уух, түүхий лууван, улаан лооль идэхэд харшил нь сэдэрдэг учир зайлсхийх хэрэгтэй.
 
Амны хаалт зүүж болно. Гэхдээ ердийн даавуун маск үр дүнгүй. Харьцангуй нимгэн хэр нь шүүх чадвар сайтай хамрын угалзын хажуу хэсгээр агаар орохооргүй, тусгай маскыг хэрэглэдэг.
 
Нүдний шил зүүвэл агаар дахь тоос шууд нүдний салст дээр буухаас хамгаална.
 
Гадуур яваад орж ирмэгц хувцсаа сольж байх хэрэгтэй. Ялангуяа урт, буржгар үстэй бол үсээ угааж үсэнд наалдсан ургамлын тоосыг арилгаж байх нь зөв.
 
Ургамлын тоос өглөө нар гарахаас эхлэн үд дунд хүртэл агаарт тархдаг. Үдээс хойш ургамлаас тоос ялгарахаа больдог. Тиймээс өглөөнөөс үдшийн бүрий хүртэл салхивчаа нээхгүй бол гэрт тоос орж ирэх нь бага байх юм.
 
Хүмүүс зуны дэлгэр цагт хөдөө орон нутагт амарч байгальтайгаа аль болох ойр байх хэрэгтэй. Байгал орчиндоо ойр байж байгальд тархсан төрөл бүрийн хоруу чанар багатай бактери халдварын зүйлстэй өөрийн биеэр учирч байх тусам харшлаас сэргийлдэг.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.