Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
“Бичил бизнесийг дэмжих” зорилтот хөтөлбөрийг баталлаа

  Төрөөс бичил бизнесийн үйл ажиллагааг санхүүгийн үйлчилгээгээр дэмжин, иргэдийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж, бэлэн мөнгөний урсгалыг сайжруулснаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэх боломж бүрдэх юм. Энэхүү нөхцөл байдлыг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд “Бичил бизнесийг дэмжих” зорилтот хөтөлбөрийн төслийг боловсруулсан байна.

Хөтөлбөр нь НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хүрээнд 5 аймгийн 50 суманд байгуулагдсан эмэгтэйчүүд зонхилсон 454 бизнесийн бүлгийн туршлагыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж, орон нутгийн онцлог бүхий бичил бизнесийг зээл, зээлийн батлан даалтын үйлчилгээгээр дэмжих замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, аж ахуйн зохион байгуулалтад шилжих угтвар нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэх юм. Хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд нийт 6600 бүлгийг иргэдийн хамтын оролцоо, хариуцлага, хяналтад тулгуурлан 8-10 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, хөтөлбөрийн хугацаанд тэдгээрийн 50-иас доошгүй хувийг нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгжид шилжүүлэхээр төлөвлөж байна. Бүлгийн гишүүдийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зонхилохоор тооцож байгаа бөгөөд сумын бүлгүүдийн нэмүү өртгийн сүлжээнд хамрагдсан газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч гишүүдэд ногдох зээлийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлэх юм.

    Сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийг импортын татвараас чөлөөллөө

Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэгийн жагсаалтыг баталлаа.  

  Өнөөдрийн байдлаар манай улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 967 МВт байгаа бөгөөд нийт үйлдвэрлэсэн цахилгааны 4 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр эзэлж байна. Эрчим хүчний зохицуулах хороо салхины эрчим хүчний  таван төсөл, нарны эрчим хүчний зургаан төсөлд  барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгоод байна. Ойрын жилүүдэд эрчим хүчний системд шинээр ашиглалтад орох ус, нар, салхины эх үүсвэрийн хүчин чадлын хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын дүн нэг тэрбум ам.долларт хүрэх боломжтой байна.

 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нарны зайн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдийг дотооддоо үйлдвэрлэсэн, чанартай, хямд бүтээгдэхүүнээр хангах үүднээс сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийг импортын татвараас чөлөөлөх шаардлагатай гэж үзэж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймагт ажилласны мөрөөр дараах арга хэмжээг авахаар боллоо

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймагт ажилласан тухай Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан Дорноговь аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Сайншанд сумын Хамрын хийдийн дөрвөн замын уулзвараас Хан Баянзүрх хайрхан хүртэлх 6.5 км хатуу хучилттай авто зам барих зураг, төсвийг боловсруулан шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж, шийдвэрлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригт, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.

Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн барилгыг шинээр барих хөрөнгийг 2016 оны Төсвийн тодотголд тусгах асуудлыг судалж, шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Болор, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт даалгалаа. 

Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгыг шинээр барихад шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж, шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.

Дорнод аймгийн Хэрлэн суманд байрладаг долдугаар цэцэрлэгт  шаардлагатай тоног төхөөрөмж, хүүхдийн тоглоомын асуудлыг судалж, шийдвэрлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгалаа. 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ашиглалтад орсон “Боловсрол” хорооллын орон сууцыг Ипотекийн таван хувийн зээлд хамруулах арга хэмжээ авахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.

Дорнод аймгийн “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн дулааны цахилгаан станцыг 100МВт-аар өргөтгөх болон Сүхбаатар аймгийн Боловсрол хороололд 960 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг барих асуудлыг “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-д тусгах замаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. 

Товч мэдээ:

-  “Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай” хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нарт уг хуулийн үзэл баримтлалыг хамтран батлахыг даалгалаа.
-  Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэцэн дэмжээд, батлахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.
-  “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам”, “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хүрээнд олгогдох дэмжлэгт хамрагдах үйлдвэрлэлийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, тооцох, дэмжлэгийг олгох, хяналт тавих журам”-ыг тус тус баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.