Цөмийн хаягдлыг Монголд булшилна, булшлахгүй

Э.Нямдаваа: Монгол Улс цөмийн хаягдал авахгүй байх бүрэн эрхтэй болно
 /Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн аюулгүй ажиллагааны албаны дарга/
 
-Цөмийн энергитэй холбоотой хэд хэдэн конвенцид Монгол Улс нэгдэн орсноор цөмийн хог, хаягдлыг авах гэж байна гэсэн зүйл байхгүй. Монгол Улсад цөмийн хог, хаягдлыг хориглох эрх зүйн зохицуулалтууд бий. Тухайлбал, Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль байгаа. Энэ хуулиар цөмийн материал, хог хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, хадгалахыг хориглоно. Мөн 2014 оны есдүгээр сарын 9-ний өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлиг бий. Энэ зарлигаар мөн цөмийн хог хаягдлыг нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, булшлахыг хориглож байгаа. Конвенцид нэгдэн орсноор Монгол Улс цөмийн хог хаягдал авахгүй байх эрх зүйн үндэслэл маань олон улсын хэмжээнд баталгаажина.
 
Одоогоор Монгол Улсын хуулиар бүхий л цөмийн материалыг импортлохгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх хууль эрх зүйн орчин, зохицуулалтууд бий. Та бүхэн мэдэж байгаа, Чернобилийн атомын дахилгаан станцын осол болж байсан. Мөн Фүкүшимагийн атомын цахилгаан станцын осол гарсан. Иймэрхүү ослуудад цөмийн байгууламжгүй улс орнууд өртөх эрсдэл бий.
 
Тийм учраас цөмийн станцгүй орнууд ч бас өөрийн хүн ам, нутаг дэвсгэрээ цацраг идэвхээс хамгаалах эрхтэй гэдгийг конвенцоор зохицуулж байна. Конвенцид нэгдэн орсноор бид цөмийн станцтай орнууд, ялангуяа хөрш, зэргэлдээ орнуудын цөмийн байгууламжийн талаарх мэдээллийг авах эрх нь нээгдэнэ. Тухайн байгууламж нь Монгол Улсын нутаг дэвсгэр, хилийн бүстэй ойр байвал Монгол Улс тэндээс аюулгүй ажиллагааны хувьд ямар төвшинд байна вэ гэдгийг нь шаардаж авах эрхтэй. Мөн илүү хамгаалалтаа сайжруулаад, “Та нар энэ нутаг дэвсгэр дээр цөмийн хог хаягдлаа хаях, эсвэл цөмийн байгууламж барьж болохгүй. Яагаад гэвэл энэ чинь манай энэ сумын энэ нутаг дэвсгэртэй ойрхон байна” гээд шаардах эрхтэй болох юм.
 
Конвенцид нэгдэн орсноороо харин ч бүр цөмийн хаягдлыг хүлээж авахаас өөр аргагүй болно гэж зарим судлаачид яриад байгаа. Уг нь бол яг эсрэгээрээ юм шүү дээ. Аливаа улс орон цөмийн хаягдлыг авахгүй байх эрхтэй гэдгийг энэ конвенцид зааж өгсөн. Тийм учраас бидний энэ эрх олон улсын төвшинд баталгаажина.
 
Ч.Сайханбилэг: Монголын нутагт ямар нэг хог, хаягдал булшлахгүй
/Монгол Улсын Ерөнхий сайд/
 
 -Шууд хэлье. Монгол улсын нутаг дэвсгэрт цөмийн ямар нэг хог, хаягдал болон элдэв зүйлийг булшлахгүй. Иргэд маш их эргэлзэж байгаа болохоор цөмийн хог, хаягдлыг булшлахгүй гэдэг хуулийг санаачилж, өргөн бариад байна. Энэхүү хууль тэр элдэв конвенциос өмнө батлагдана.
 
Ч.Мөнхбаяр: Цөмийн хаягдлыг аюулгүй хадгалж, тээвэрлэнэ гэдгээ баталгаажуулах нь
 /Цөмийн хог хаягдал, хадгалах булшлахын эсрэг олон жил тэтцэж буй Ногоон парламентын гишүүн/

-Цөмийн ашигласан түлшний менежмент гэдэгт цөмийн хог хаягдлыг яаж хадгалж хамгаалах вэ гэдгийг л хэлээд байгаа юм. Ээлжит бус чуулганаар цөмийн ашигласан түлшний менежментийн аюулгүй байдлын конвенцид нэгдэх асуудлыг хэлэлцэх гэж байна. Мөн цөмийн ашигласан түлш, бусад материалыг дамжуулан тээвэрлэхийн аюулгүй байдлын конвенцид нэгдэх гэж байгаа. Энэ бүхэн 2011 оноос идэвхтэй яригдсан. Энэ нь цөмийн хог хаягдлыг цогцоор шийдвэрлэх тохиромжтой олон улсын хууль эрхзүйг л бүрдүүлэх гэж байна. Цөмийн материалын аюулгүй байдлыг хангана гэдэг цаашид олон жил хадгалах процессыг л хэлээд байгаа. Дамжуулан тээвэрлэх гэдэгт Монголын болон бусад нутгаар дамжуулахдаа ямар аюулгүй байдлыг хангаж хамтарч ажиллах вэ гэдгийг хэлэлцэх нь тодорхой.
 
Угтаа 2012 онд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд цөмийн хог хаягдлыг булшлахгүй гэж мэдэгдэж байсан. Өөрөөр хэлбэл, хамтарсан мэдэгдэл гаргаж байсан ч энэ дагуу хууль, эрхзүйд огт тусгаагүй учир хуулийн чадамжгүй. Нэг удаагийн төлбөр аваад л хэрэгжүүлэх ажил шүү дээ. Гэтэл цаашдын хор хөнөөл гэж тааварлашгүй. Хог хаягдлыг хадгалах асуудлыг улс төрийн гурван том намаас эхлээд ИЗНН ч сонирхож ирсэн. Одоо бол АН эрх барьж байгаагийн хувьд гол үүрэг гүйцэтгэж байна. Ялангуяа С.Баярцогт үүнийг идэвхтэй ярьж ирсэн. Улмаар энэ конвенциудад нэгдээд эрхзүйн орчинг бүрдүүлье. Ээлжит бус чуулган зарлаж яаравчлуулья гэдэг санаачлага тавиад З.Энхболд дарга хийгээд УИХ-ын бүлгүүд дэмжээд санал нэгтэйгээр шийдэх гээд л байж байна. Хэрвээ цөмийн хаягдал булшилна гэвэл говьд л хадгална гэх яриа байгаа. Манай эрх баригчид говьд ус, уул нуруу байхгүй тиймээс тархахгүй гэж өөрсдийгөө хуурч байгаа. Гэвч нааш цааш зөөх асуудлаас эхлээд дэд бүтэц байх ёстой гэх зүйл яригдаж байгаа. Гэтэл дэд бүтэцтэй гэхээр нийслэл эсвэл хот тосгонтой ойр байх болчихоод байгаа юм.
 
Улаанбаатарын Алагтолгой, Дорноговийн Даланжаргал гэх газруудад цөмийн хог хаягдлаа булах асуудал яригдаж байсан. Тэр бүү хэл Дорноговь аймгийн ИТХ- ын ажлын албаны нэр бүхий хүн Даланжаргал гэх газар нууцлаг үйл ажиллагаа болж байсан. Энд туршилтын цөмийн хог хаягдлыг булах зүйл болж байсан байж магадгүй гэж ярьсан.

Сэтгүүлчийн дүгнэлт

 Цөмийн хаягдал булшлах ч юм бил үү, эрх баригчдад итгэх арга алга
УИХ-ын ээлжит бус чуулганаар цөмийн энергитэй холбоотой конвенциудыг хэлэлцэх байсан. Гэвч иргэний хөдөлгөөнийнхөн барилгын материал төрийн ордны үүдэнд цацаж. Гишүүд чуулгандаа суухгүй гүрийж байж ээлжит бусыг өнгөрөөсөн. Гэхдээ асуудал ингээд дуусчихгүй байх. Өнөөдөр УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ. Тэгвэл хаврын чуулганаар энэ асуудлыг дахин сөхөж, хэлэлцэх нь тодорхой байх. Магадгүй хэлэлцэх асуудлын тэргүүнд зоочихсон байж ч магадгүй юм. Ер нь бол бид сэрэмжлэх нь зүйтэй. Ураны хор хөнөөлийг хүн төрөлхтөн хангалттай амсч байгаа. Орост юу боллоо, Японд яав. Өнөөдрийг хуртэл хор хөнөөлийг нь гүйцэд арилгаж чадсан бил үү. Гэх мэтээр жишээ татаад яриад байвал цөмийн энерги, цацраг идэвхт бодистой холбоотой хор хөнөөлийг тоочоод барахгүй. Япон гэхэд манай улсын дэргэд хөгжлөөрөө хэр хол тасарсан билээ.
 
Гэтэл өнөөдөр ураныхаа аюулыг яаж ч чадахгүй л байна шүү дээ. Тийм байхад, манайд хэрвээ аюул тохиолдвол бид яах билээ. Ядаж л Монголд цацрагийг сайтар хэмжчих, тогтоочих багаж байгаа бил үү. Гэх мэтээр сэрэмжлэх зүйл их байна. Хэдийгээр эрх баригчид Монголд цөмийн хаягдал булшлахгүй. Эрх баригчид болохоор “Конвенцид нэгдэн орсноор бид цөмийн станцтай орнууд, ялангуяа хөрш, зэргэлдээ орнуудын цөмийн байгууламжийн талаарх мэдээллийг авах эрх нь нээгдэнэ. Тухайн байгууламж нь Монгол Улсын нутаг дэвсгэр, хилийн бүстэй ойр байвал Монгол Улс тэндээс аюулгуй ажиллагааны хувьд ямар төвшинд байна вэ гэдгийг нь шаардаж авах эрхгэй. Мөн илүү хамгаалалтаа сайжруулаад, "Та нар энэ нутаг дэвсгэр дээр цөмийн хог хаягдлаа хаях, эсвэл цөмийн байгууламж барьж болохгүй. Яагаад гэвэл энэ чинь манай энэ сумын энэ нутаг дэвсгэртэй ойрхон байна” гээд шаардах эрхтэй болох юм” гэж тайлбарлаад байгаа. Нэг талаараа итгэж болмоор ч юм шиг.

Гэхдээ нөгөө талаас нь бодоод үзвэл энэ мэтээр мунхруулж байгаад конвенцид нэгдсэн орнуудын хүлээх үүрэг гэдгээрээ цөмийн хаягдал булшлахаас өөр аргагүй болчихвол яах вэ. Эрх баригчдад итгэх арга үнэндээ алга. Ямар ч тохиолдолд бид эргэлзэж, болгоомжилж, ард түмэн вирусийнхээ үүргийг гүйцэтгэж л байхгүй бол болохгүй. Иргэний хөдөлгөөнийнхөн болохоор тэрбумаар тоологдох ам.долларын төлөө л цөмийн хаягдал булшлах гээд байна гээд л дуугараад байгаа. Эдийн засаг хямарсан болохоор энэ их өргөн уудам нутгийн нэг өнцөгт нь жаахан цөмийн хаягдал булаад, тэрбум тэрбумаар тоологдох ам.доллартай болчихъё гэж эрх баригчид, төрийн толгойд байгаа нөхдүүд бодож байхыг үгүйсгэх арга байна уу. Тийм болохоор хэн хүнгүй л хардах эрхтэй, болгоомжлох нь ч зөв. Ер нь бол манайд цөмийн эсрэг хууль гэж байгаа юм билээ. Энэ хуулиар цөмийн материал, хог хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, хадгалахыг хориглоно.
 
Мөн 2014 оны есдүгээр сарын 9-ний өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлиг бий. Энэ зарлигаар мөн цөмийн хог хаягдлыг нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, булшлахыг хориглож байгаа. Дээрээс нь цөмийн хог хаягдал булшлахыг хориглох утга бүхий хуулийг ч батлахаар өргөн мэдүүлсэн. Тэгэхээр нэг талаасаа санаа амарч болмоор ч юм шиг. Гэхдээ л бид сэрэмжлэх эрхтэй. Францийн “Арева” групп Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуул хийснээс болоод мал хордсон асуудал нэг тийшээ болоогүй л байгаа. Монголын Засгийн газар иргэдийнхээ талд биш “баавгайн” талд ороод, шийдвэр гаргаад байдаг. Гэтэл Дорноговийн Улаанбадрах сумынхан мал гаргахад одоо ч гэдэс дотор нь өөрчлөлт орсон байдалтай байгаа талаар ярьж л байна. Энэ мэтээр жижигхэн л асуудлыг бид шийдчихэж чадаагүй л байгаа шүү дээ. Тийм байж цөмийн хог хаягдал булшилна гэвэл юу болох билээ. Тиймээс Монголд цөмийн хог хаягдал булшлахгүй байх бүхий л хууль, тогтоомжийг гаргах хэрэгтэй. Дээрээс нь хяналт. Хэн нэгэн хэлээд, мэдэгдээд, хууль гаргалаа гээд болчихдог ч юм биш. Нууцаар ч хамаагүй булчихаж мэдэх л юм. Тиймээс цаг үргэлж сэрэмжилье.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

                                                      
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2016-04-06 00:36:55
    Эрхмүүдийн Ихэнх нь гадаадад тухайлбал Баяр АНУ-д 7 хаустай монгол оронд цөмийн хаягдал булдаг газар болгоод эрхмүүд гадаадад гарчих байхаа
  • Irgen 2016-04-05 08:50:13
    Bulna geed bga humuusiin gert ni bolood tursun gazar ni bulaad uursdiig ni tend ni hashaad hul horio togtooy.busad irgediig ayulgui gazar awaachay
  • Энхээ 2016-04-05 08:16:04
    МАН-ын Их хурлын бүх гишүүд ИХ ОРОНДОО БУЛУУЛАХЫГ зөвшөөрөөд байгаа шүү дээ. Одоо ч ОУК-д нэгдэхийг эсэргүүцээд байгаа хүмүүс эх орноосоо урвагчид мөн.
  • ккк 2016-04-05 04:50:53
    Булна гээд байгаа гишүүдийн нэрийг зарлаач
  • odoo NOW  2016-04-05 04:43:07
    ene hed hezee unen helj yarij bailaa ? neg l odor tooruulj bgaad huulia batlaad knopoo anduursan gej helee gargaad suuj bna shuu!!!odoo l bondgoriig ni onhruul...
  • end hariult baina  2016-04-05 01:38:58
    Цөмийн материалын аюулгүй байдлыг хангана гэдэг цаашид олон жил хадгалах процессыг л хэлээд байгаа. Дамжуулан тээвэрлэх гэдэгт Монголын болон бусад нутгаар дамж...