
Хэмнэлтийн 131 тэрбум төгрөг бол УИХ-ын гишүүн, урлаг, соёлын оддын компанийн чуулдаг байсан тэр шахааны бизнесээс олсон хөрөнгө юм шүү. Үйлдвэрийн шахааны бизнесийг үгүй болгож, 90 хувийн ашиг олсноосоо 10 хувийг нь ажилчиддаа шагнал болгож өгсөн юм. Энэ бол бидний бий болгосон баялаг. Цалингийн хувьд манай нарийн мэргэжлийн инженерүүдийн цалин бусад жишиг үйлдвэрээс харьцангуй бага. Оюутолгойгоос 10 мянган ам.долларын цалинтай геологийн инженерийг би гуйж авчирчихаад, 2 мянган ам.доллар хүрэхгүй цалин өгч байна. Иймд онцгой, гоц авьяасыг худалдан авах хуулийн дагуу гэрээ контракт хийж ажиллаж байна. Урдны удирдлага өөрийн багтаа 36 хүнтэй гэрээ байгуулаад ажиллаж байсан бол би 12 хүнтэй гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Би үйлдвэрийнхээ технологийн бодлогыг нуруундаа үүрч яваа гол инженерүүдтэйгээ, гол хүмүүстэйгээ гэрээ байгуулаад, өгөх зүйлээ ч, цалингаа ч өгнө. Би энэ бодлогоосоо ичихгүй, айхгүй. Яагаад гэвэл энэ үйлдвэрийн технологийн бодлого монгол инженерүүдийн оюуны бодлого дээр явж ирсэн. Хэдхэн жилийн өмнө гол бодлогыг орос мэргэжилтнүүд хариуцдаг байсан юм. Өнөөдөр монголчууд бодлогоо авч явж чадаж байгаа. Би үүгээр бахархаж, гол хүмүүсээ дэмжих болно.
Нийгмийн хариуцлагын асуудал дээр “Эрдэнэт үйлдвэр” боломжтой бодлого барьж байгаа. З.Энхболд даргын ярьсан моргейжийн зээлийн дагуу 1450 ажилчинд 8 сая төгрөгийн хөнгөлөлт өгч, орон сууцтай болгосон. Харин төр засгийн зүгээс моргейжийн зээлийг нь таван хувь болгож байгаад талархалтай байгаа, ажилчдынхаа өмнөөс. Үүний зэрэгцээ ажилчдаа орон сууцтай болгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр боловсруулсан. “Эко-400” хорооллын зураг төслийг хийгээд, Зөвлөлийн хурлаар батлуулчихсан. Санхүүгийн боломжтой үед 400 айлын орон сууцыг барьж ажилчиддаа өгнө. Гэхдээ энэ хөтөлбөрийг газар төлөвлөлтийн бодлоготой уялдуулж, өөрийн өмчийн газартай, орон сууцтай болох нөхцлийг бүрдүүлсэн зураг төслийг хийгээд Зөвлөлийн хурлаар батлуулсан. Мөн “Залуус-600”, “Москва-300” орон сууцны зураг төслийг хийгээд Зөвлөлийн хурлаар батлуулсан. Эрүүл мэндийн 5,6 км замыг бид ашиглалтанд орууллаа. Манай ажилчид дугуйгаар, явган замаар алхаж ажилдаа ирж очиж байна. Энэ бол ажилчдынхаа эрүүл мэндийн төлөө хийсэн томоохон хөрөнгө оруулалт гэж бодож байгаа. Өр барагдуулах ажлын дагуу бид 64 орон сууцыг хураан авч, ажилчиддаа өгсөн. Хэдийгээр бага тоо ч банкны хүүгүйгээр 64 айлыг орон сууцанд оруулсан. Одоо бид гэр хороололд амьдардаг ажилчиддаа эко нөхцөлөө сайжруулахад нь 8 сая төгрөг олгох эрхийг нээгээд өгчихсөн. Утаагүй байх, ус, дулаанаа өөрсдөө шийдэх боломжийг нь ажилчиддаа олгож байгаа. Цаашдаа бид “Эрдэнэт үйлдвэр”-ийн төлөө инновацийн бодлого гаргасан, сайн үр дүн авчирсан хүмүүсийг үр дүнгээр нь шагнана. Цалингаа аваад бий болгож байгаа нийтийн баялгаас биш, өнөөдрийн өгч байгаа үр дүнгийн шагнал бол өөрсдийнх нь бий болгосон баялаг юм. Инновацийн бодлогоор таны оюуны өмчийг эргэлтэнд оруулна. “Эрдэнэт үйлдвэр” инновацийн бодлогыг боловсруулж ажилласнаар сайн үр дүнг авчирсан. Инновацийн хөгжлийг бид үр дүн болгоно. Үүний үр дүнд “Эрдэнэт үйлдвэр” хөгжиж, ажлын байр аюулгүй болох ёстой, цалин, үр дүн нь харагдах ёстой. Үүнийг хязгаарлаж болохгүй. Сая яригдаад байгаа орон сууцнуудыг ил тодоор Санхүүгийн бүх тайланд тусгасан. Татварыг нь төлүүлсэн. Хөрөнгө орлогын мэдүүлэгт нь тусгуулаад Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байгаа. Тийм учраас далд идэж байсан үйлдвэрийн далд эдийн засгийг байхгүй болгохын төлөө зүтгэсэн хүмүүсээ бодитой урамшуулсан. Би үүнийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
olloo.mn