Б.Лхагвасүрэн: Яруу сайхнаас би нүдээ нууж чадахгүй, сэтгэлээ бол нууж чадна
-Би анх хэлсэн үгэндээ багтаж өтлөх юмсан даа л гэж хэлэх дуртай-
 
“Монголын мэдээ” сонин энэ удаагийн дугаараасаа эхлээд “Монголрадио”, Fm 102.1 радиогийн “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлгийн сонирхолтой ярилцлагуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр уншигчиддаа хүргэхээр боллоо. Гэхдээ хамгийн сонирхолтой асуултуудыг түүж хүргэх юм. 

-Таны сонирхол юу вэ?

-Би шүдэнз цуглуулах дуртай. Огт зураагүй, хайрцган дотроо “ам бүл”-ээрээ байгаа шүдэнз цуглуулдаг. Одоогоор 4000  орчим шүдэнзний цуглуулгатай. Дээр үеийн түүхийн, эртний, банзан шүдэнзнээс эхлээд төрөл бүрээр нь цуглуулдаг.  Ер нь миний хобби бол их мөнгө зарцуулах шаардлагагүй сонирхол. Гэхдээ буудлын шүдэнз түүгээд явдаггүй.  Заавал түүхэн, утга учиртай шүдэнз цуглуулдаг. Шүдэнз бол асдаг марк юм шүү дээ.

-Таны дуртай болон дургүй хоол?

-Миний хамгийн дуртай хоол бол ханийн минь хийж өгсөн бүх хоол. Ер нь ямар ч хоол хийсэн идчихдэг. Харин сэтгэл тавгүй байхдаа юм уу, уцаарлаж идсэн хоолонд дургүй.

-Та багадаа ямар мэр­гэ­жилтэй болохыг хүсдэг байсан бэ?

-Намайг бага байхад манай  сургуулийн ойролцоо хэдэн хү­мүүс булш малтаж байсан юм. Архелогичид байсан юм шиг байна лээ. Би тэднийг  хараад яг тийм хүн болох юмсан гэж их боддог байсан. Гэхдээ хүний хүссэнээр болдоггүй юм. Миний хүсэл төөрсөн.

-Согтууруулах ундааг та юу гэж боддог вэ?

-Би үүнийг жаргал шиг амттай, зовлон шиг гашуун гэж боддог.  Би өөрөө ерөөсөө архи уудаггүй. Залуу байхдаа ганц, хоёр хундага амсч үзэж байсан. Би ханьтайгаа гэрлээд 51 жил болж байна. Би тэр айлын босгоор согтуу орж үзээгүй. Намайг хүмүүс үсээ ургуулж, тамхи их татдаг болохоор архи уудаг  гэж боддог байх. Бас дээр нь “орон бүхний пролетарууд нэгдэгтүн” гэдэг шиг зохиолчид архи уудаг гэж нэг ойлголт байдаг. Тэгээд биднийг архи уудаг гэж боддог юм. Харин би архи уугаагүй. Далай шиг их архин дундуур завь шиг л хөвж өнгөрсөн дөө. Гэхдээ миний завины хэтэг нь хуурай байсан.

-Та өөрийгөө ямар зан чанартай хүн гэж боддог вэ?

-Би хүний ганц хүү юм. Ааштай, зөрүүд. Гэхдээ би аашаа хайртай, хүндэлдэг хүмүүстээ гаргаж чаддаггүй. Харин үзэн ядсан хүндээ бол чадлаараа гаргадаг.

-Тэгвэл бусад хүмүүс таныг ямар зан чанартай гэж дүгнээд байх шиг байна?

-Тэдний юу гэж хэлэх надад өчүүхэн ч хүртээл байхгүй. Намайг яаж харах, юу гэж дүгнэх огтхон ч хамаагүй.

-Таны хамгийн дуртай спорт?

-Би бокс тоглодог байсан. 1959-1963 он хүртэл  тоглосон. Тийм онцгой сайн байгаагүй. Гэхдээ би бокс гэдэг спортыг мэднэ. Олон улсууд мэднэ дээ,  боксын бага толь дээр миний тухай байдаг юм. Харин бусад хүмүүс шиг би бокс тоглодог байсан гээд зарлаад, яриад явах дургүй. Би харин зохиолчдоос Д.Маам ахыг тоглодог  байсныг мэдэх юм. Бага жинд, зохиол шигээ их уран тоглодог байсан даа.

-Та стрессээ хэрхэн тайлдаг вэ?

-Стрессээс хамгаалах, урь­дчилан сэргийлэх нэг арга бий.Энэ бол биеэ барих. Өөрөөр хэлбэл,  би бол зовлонгийн идэш биш, жаргалын ч идэш биш. Би  мөрөөрөө амьдрах хүний амьдралын идэш учраас аар саар юм бодож стресст орохгүй байхыг хичээдэг. Түүнээс бол зовлонгийн том нь амттай л даа. Хагацал  бол том стресс шүү дээ. Тэрнийг бол хамгийн хүндээр нь эдлэх юмсан гэж боддог.

-Та өөрөө өөртөө хэзээ хамгийн их таалагддаг вэ?

-Би өдөртөө нэг, хааяа хоёр өдөр өнжөөд ч юм уу шүлгийн хоёр мөр тэмдэглэж аваад эвсэл нэг жүжиг, зургийн санаа олох зэрэгт өөрийгөө их тоодог юм. Овоо шүү дээ би амьд байна, би сэтгэж байна гэж бодож тоодог.

-Хэрвээ цаг хугацааны машин байсан бол та хэдэн он руу явах вэ?

-Би ойрхон явна гэж  бодож байна.  Сургуульд сурч, ижий аавтайгаа бүтэн байсан жилүүд рүүгээ явчихаад л буцаад ирнэ. Дөнгөж уулзчихаад л буцаад ирмээр байна.

-Таны гар утасны дэлгэц дээр ямар зураг байдаг вэ?

-Миний хань, ач охин хоёрын зураг байдаг.

-Таныг одоогийн энэ мэргэжлээ соль гэвэл...?

-Үхлээр л сольдог юм уу даа.

-Та унтахынхаа өмнө юуны тухай бодвол илүү сайхан, тайван амарч чаддаг вэ?

-Ижий аавыг минь таньдаг нутгийн хөгшчүүд ирээд ярьж хоносон шөнө би их сайхан амардаг. Тэрэн шиг жаргалтай шөнө байдаггүй юм билээ. Хоёрдугаарт, ханьтайгаа амгалан тайван, үр хүүхдийнхээ талаар дандаа зөв амтай юм  ярьж сууж байгаад амрах их сайхан байдаг.

-Та нэг өдөр төлөвлөсөн бүх ажлаа хийж дуусгачихаад хамгийн түрүүнд юу хийхийг хүсдэг вэ?

-Би өдрийн ажлыг төлөвлө­дөггүй. Төлөвлөгөө над дээр ирдэг. Төлөвлөдөг бол хэзээ үхэхээ хүртэл төлөвлөх шаардлага гарна. Тиймээс би айгаад төлөвлөдөггүй юм.

-Хүн бүр баяр хөөртэй, тайван  үедээ өөрийн эрхгүй  амандаа дуу аялдаг. Тийм үед та  ямар дуу аялдаг вэ?

-Янз бүрийн ардын дуунууд л аманд ир орж ирдэг дээ. Залуу байхад бол найзуудтайгаа нийлээд дуулдаг байлаа.

-Та өөрийгөө толинд хараад юу гэж боддог вэ?

-Би нэг их олон тольддоггүй юм. Өөрөөсөө ичдэгтээ биш. Ямар ч муу муухай хүний зургийг бурхан зурдаг юм гэнэ лээ. Бурхан намайг их мэрийж зурсан байгаасай гэж боддог. Гэхдээ хааяа нэг толинд харахаар бурхан минь намайг жаахан хайнгадуухан, олон хүнтэй байх үед нь зурж таарсан юм уу, тааруухан л царай зүстэй  зурсан байна билээ.

-Таны хамгийн аз жаргалтай байсан үе?

-Ижий аавтайгаа бүтэн байсан үе.

-Та нэг сард зөвхөн өөртөө зориулаад хэдэг төгрөг зарцуулж байна вэ?

-Өөртөө зориулдаг нь тамхины мөнгө л байдаг даа. Бусад надад зориулж байгаа мөнгийг бол манай эхнэрээс асуусан нь дээр байх. Ер нь  би мөнгөө хүүхдүүдийнхээ аман дотор хоол болгож хадгалдаг.

-Та хамгийн анх уулзсан хүнээ хаанаас нь эхэлж хардаг вэ?

-Би нүд рүү нь хардаг. Ам нууцаа алддаг л гэнэ. Үгүй шүү дээ. Нүд юунаас түрүүнд нууцаа алддаг. Тийм  учраас нүд рүү нь хардаг.

-Хүн бүр л нүд гэх юм. Хүний нүд рүү нь харахад бүхнийг олж уншиж болдог гэдэг. Таны хувьд?

-Тэр бол худлаа. Эгшин зуур танигдах тийм ааш авир гэж байдаггүй юм. Хамгийн их тогтож харсан нөхцөлд,  хоёр харц бие биенийхээ ирийг мохтол ширтэлцсэн үед л хүн бие биенээ таньдаг. Түүнээс биш харангуутаа хүний тухай танина гэдэг хэтэрхий хийсвэр зүйл болно.

-Таны бүх зүйл бүтэмжтэй, санаа зовох зүйлгүй байх үед  гэртээ буйдан дээрээ суугаад, хэр удаан зурагт үзэж чадах вэ?

-Би зурагт их үздэггүй. Тодорхой хэдэн нэвтрүүлэг л сонгож үздэг. Харин нэг эхэлсэн зүйлээ тархин дотроо илүү хөгжөөгөөд бодох үедээ л их удаан суучихдаг юм.

-Та авлигал, хээл хахуулийн талаар юу гэж боддог вэ?

-Энэ үг намайг 1992-1996 оны хооронд УИХ-д сууж байх үед орос хэлнээс шууд орчуулагдаж буусан юм. Авлига гэж ярьдаг байсан, одоо авлигал болчихсон байна лээ. Хуучны хууль зүйд бичихдээ бол “хэргэм ташлуулан ашиг суйлах” гэж их сайхан өгүүлбэрээр хэлсэн байхыг хараад миний нүд аргаж байсан. Тэгэхээр энэ бол их сонин л ойлголт доо. Үүнийг дуусахыг би байтугай хүн төрөлхтөний төгсгөл ч үзэхгүй байх. Гэхдээ ямар хэмжээнд хохирол уч­руулж, гэм зэм хоёр хэрхэн тэмцэж шийдэгдэж байна вэ гэдгээрээ л хүнийг баярлуулж, гомдоогоод байгаа байх л даа.



-Та сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлдэг вэ?

-Хүүхдүүдээ их үнсмээр санагддаг. Түрийвчиндээ бай­гаа мөнгөө тараадаг. Тэгж л илэрхийлдэг дээ.

-Та хайртай хүндээ хэлж чаддаггүй ч, хэлэхийг хүсдэг ямар үг байдаг вэ?

-Анх хэлсэн үгэндээ багтаж өтлөх юмсан даа л гэж хэлдэг.

-Хүний амьдарч байгаа орон зайг залуу насгүйгээр төсөөлөхийг аргагүй. Харин залуу насыг хайр дурлалгүйгээр төсөөлж болшгүй. Та залуу насандаа дурлалдаа шаналж, уйлж байв уу?

-Мэдэхгүй юм. Ханиа, анх танилцсан охиноо санаад уйлахын даваан дээр очиж байсан тийм гунигтай үе бол байсан байх. Харин мэлмэртлээ уйлаад, мэгшээд шаналж байснаа бол мэдэхгүй юм байна.

-Та санаандгүй байдлаар сугалаанаас асар их мөнгө хожлоо гэж бодьё. Тэр мөнгөө юунд зарцуулах вэ?

-Тэр надад олдохгүй мөнгө болохоор, тэгж намайг аз дайрна гэж боддоггүй болохоор зарцуулах юмаа бодож үзээгүй байна. Бодвол хэд хоног хүнд хэлэхгүй явах байх. Хүн  муу санаатай юм чинь цагаан хэл ам хүрчихнэ гээд лав хэд хоног нуух болов уу. Их мөнгөтэй болсон хүмүүс  мөнгөө, өөрийгөө, дараа нь амиа нуух гээд гурван их ажил байдаг юм. Тэр жамаар л явах болов уу даа.

-Таны уншиж, кино зохиолоос харж байснаар хамгийн романтик дурлал гэж юуг хэлэх вэ?

-Дурлал өөрөө оргилдоо хүрсэн цагтаа их романтик юм биш үү. Хайр дурлалын оргилдоо хүрсэн хэсгийг романтик, эсвэл бүр хагацаад хайрлаж хүсэхийн туйлд хүрсэн туйлшралыг романтик гэдэг байх гэж би боддог. Хагацал, учрал хоёулаа романтик оргилтой, романтик төгсгөлтэй. Ер нь романтик гэхээр л хүн их зөв зүйтэй зүйлийг  бодоод байгаа юм. Хэрвээ чи  үхлийг хязгааргүй их хүсээд, түүнийгээ  романтик  гэвэл хүмүүс гайхна шүү дээ.  Энэ бол зүгээр л солиорлын туйл юм.

-Та гэр бүлийнхээ хуучин гэрэл зургийн цомгийг хамгийн сүүлд хэзээ үзсэн бэ?

-Би  хааяа үздэг юм. Зураг нь хуучин, цомог нь шинэ байдаг. Хуучны хар цагаан гэрэл зурануудыг хадгалья гэвэл одоо үе­ийн энэ хуурамч цомгуудыг хэ­д­ийг ч элээж болно. Тэгэхээр би зургийг сайн хадгалвал их урт настай гэж боддог. Зураг нь хуучин, цомог нь шинэ дурсгал надад бий.

-Хүн насан туршдаа суралцдаг гэдэг. Тэгвэл та одоо оройтсон ч гэсэн суралцахыг хүсч буй зүйл бий юу?

-Би ер нь өдөр тутам сурч байдаг гэж боддог. Миний су­рал­ц­аад бараагүй амьд ном бий. Энэ бол хүн. Би хүнийг  бүтэн танихыг насаараа суралцаад барагдахгүй ном гэж боддог. Ер нь хүн шиг танигдашгүй зүйл энэ хорвоод үгүй биз. Тэр л миний уншаад ойлгохгүй ном юм даа.

-Гэр бүлээс гадуурх харил­цааны талаар таны бодол?

-Би ертөнцийн хамгийн сайхан хүн, цаашдаа байхгүй яруу сайхан хүн чанарын туйлыг аваад ханилчихаагүй нь мэдээж. Бид хоёулаа л сүүдэртэй. Хүн тө­рөлхтөн угаас бүгд л сүүдэртэй. Гэхдээ би ханиа чамлаад арай илүү нь энэ юм уу даа гэж харж байсан нь санагдахгүй байна. Яагаад гэвэл би гоо сайхныг таньж, мэдэрдэггүй, эмэгтэй хүний гоо сайханд автдаггүйдээ биш.  Миний амьдрал сэтгэлээр дэндүү цатгалан байсандаа тэр гэж би боддог. Гэхдээ өлссөн хүн гоо сайхныг ярьдаг юм биш шүү дээ. Бас бялхсан хүн гоо сайхныг ярьж болдог. Яруу сайхнаас би нүдээ  нууж чадахгүй, сэтгэлээ бол нууж чадна.

-Таныг нэг өдөр эмэгтэй хүн бол гэвэл эмэгтэй хүнийх нь хувьд юу хийж үзэх вэ?

-Би хэрвээ эмэгтэй хүн байсан бол нэг л хүнд үхтлээ дурлаад,  бүтэхгүй бол үлдсэн насаа зовооход л зориулна гэж боддог.

-Таны бодлоор эрэгтэй хүний  давуу тал нь юу вэ. Эмэгтэйчүүдтэй харьцуулбал шүү дээ?

-Эрээсээ давуу эмэгтэй хүн олон байна шүү дээ. Ер нь давуу чанар гэдэг бол хэмжээд байх зүйл биш. Гэр бүлийн нөхцөлд бол хэн нь хэнээсээ давуу гэдэг бодлыг орхих хэрэгтэй. Хэн нь давамгай байх талаар бодох ч хэрэггүй. Түүнийг шалгаруулах гэж хоёр зүрхэндээ нууж, тарчлах ч хэрэггүй. Нэг нь байхгүй бол дутах амьдралд хоёрхон хүн нэг нэгнээ өөлж суух нь инээдтэй юм.

-Хэрвээ та ерөнхийлөгч байсан бол...?

-Би аль нэг намын ерөнхийлөгч байхгүй. Монголын ард түмний Ерөнхийлөгч л байна.

-Таны хамгийн дурсамжтай өдөр?

-Москвагийн Кино урлагийн дээд сургуулийн кино найруулагчийн гуравдугаар ангид суралцаж байхдаа Зөвлөлтийн үзэл санааны эсрэг курсын ажил хийсэн хэргээр сургуулиасаа ”туугдаж” байсан юм. Хувь заяагаа хүн яаж тэгж цавчуулж чаддаг гэдгийг ухаарч, тархины цусаа гоожуулж байсан тэр л өдрийг би өөрийнхөө хамгийн дурсгалт мөч гэж боддог доо.

-Та юунаас хамгийн их айдаг вэ?

-Би санагдахаас айдаг, мартагдахаас айдаггүй.

-Та болзсон цагтаа ирээгүй найзыгаа хэр удаан хүлээдэг вэ?

-Би хүлээж чадахгүй, хүлээхгүй байх. Би өөрөө цаг барихыг хичээдэг. Үхлээс бусдад л цаг барья гэж боддог.

-Та амласандаа хүрдэг үү?

-Их чармайдаг. Бүтээл дээрээ бол хүрч чаддаг. Би хүүхдүүддээ амласан зүйлдээ заавал хүрнэ гэж боддог. Хэрвээ  хэлсэндээ хүрэхгүй бол хожим миний хүүхдүүд бас үрдээ хэлсэн үгэндээ хүрдэггүй хүмүүс болно. Хүүхдээ хуурах шиг муухай юм байхгүй.

-Таныг тодорхойлох ганцхан үг?

-Бавуугийн Лхагвасүрэн

-Үнэн худал хоёрын хооронд дөрвөн хуруу зайтай гэдэг. Яг энэ зай таныхаар хэр хол вэ?

-Энэ бол ярих, сонсох хоёрын хоорондох зайг хэлж байгаа юм л даа. Ярих, сонсох хоёрын хоорондох зай хэчнээн богинохон билээ. Их богинохон хутганы ир шиг зай шүү гэж бодож,  тэр ангалаас эмээж явдаг.

-Таны өөдөөс хараад ярилцаж суугаа хүн илэрхий худлаа яриад байвал та яах вэ?

-Яриад сууж байгаа хүнийг боль гэлтэй биш, ямар ч байсан “би бодох юмтай боллоо, орчлон чинь үзэхээсээ ярих нь их юм байна” гэсэн бодолтой болох байх. Бас “хөөрхий дөө, ингэж худлаа ярихдаа жаргадаг байх даа” гэж бодно доо.

-Дэлхийн ирээдүйн хөгжил таныхаар ямар байх бол?

-Би  дэлхийн үүслээс их хол төрж, амьдарчээ. Ний нуугүй,  хатуу хэлэхэд,  би өөрийгөө төгсгөлд нь ойрхон амьдарч байгаа гэж боддог. Дэлхий бол хөгжинө л дөө. Хэчнээн хөгжлөө ч эхийн умайд тархи бүрэлддэг шиг тийм тархи бүтээх хөгжлийг би үзэхгүй, хүн төрөлхтөн тэгж хөгжихгүй гэж боддог.

-Таныг хүмүүс шүүмжлэхэд  хэрхэн хүлээж авдаг вэ?

-Анхны минь ном гарсны дараагаар би уран зохиолд их ам сайтай гарч ирсэн. Их түрэмгий орж ирсэн гэж намайг дүгнэдэг. Яагаад гэвэл би хоёрхон ном бичээд төрийн шагнал хүртсэн.Тийм болохоор би муу юм их бага сонссон. Гэхдээ үнэхээр миний буруутай газрыг олж хатгасан бол би тэр шархыг хүнээр биш өөрөө долоож эдгээнэ гэж  боддог.

-Таныг эзгүй арал дээр амьдруулахаар болж өөрт хэрэгтэй гурван зүйлээ авч яв гэвэл та юу авч явах вэ?

-Хамгийн түрүүнд би гал авч явах байх. Бас ижий аавынхаа зургийг авч явна. Гуравдугаарт, их сайхан хурц хутга авч явна. Намайг зохиолч болохоор хүмүүс ном зохиол эсвэл үзэг цаас авч явна гэж бодож байгаа байх. Гэхдээ би тийм зүйл авч явахгүй.

-Хайртай, уучлаарай, салья гэдэг гурван үгний алийг нь хэлэхэд хамгийн амархан бэ?

-Одоо бол хайртай гэдэг үг нь амархан болж. Энэ гурван үгийг хэлэхэд аль аль нь хэцүү санагддаг. Хамгийн хэцүү, хүнд үгс юм. Нэг нь төгсгөл хагацлыг төлөөлнө, хайртай гэдэг нь хязгааргүй үнэнийг төлөөлнө. Ер нь энэ гурван үгэнд монголчууд бид их болгоомжтой хандах хэрэгтэй. Тийм болохоор надаас асууж байгаа байх.

-Та амьдралдаа тохиолдсон хэцүү зүйлээ хэрхэн даван туулсан бэ?

-Амьдралд хэцүү зүйлс олон тохиолдож байлаа. Би хүнтэй илбэж л туулсан даа. Хүүхдүүдтэйгээ, ханьтайгаа, найз нөхөдтэй тулдаа л  туулж чадсан.  Хүн үргэлж нүдэнд харагдаж байсан тохиолдолд юуг ч гаталж чаддаг юм.

-Улс төр гэж таныхаар юу вэ?

-Улс төр гэдэг бол хүнд тохсон их том эмээл юм. Тэр эмээл дээр тэнэг, цэцэн ямар ч хүн мордчихож мэднэ. Тэр хүн улс төрийг хэрхэн унаж, эдлэх нь бүх нийтэд харагддаг болохоор их хичээж,  зүтгэж явах ёстой. Гэтэл улс төрд орсон хүн өөрийгөө хэт их үнэлж тасардаг. Тэр  нэг их сайн зүйл биш. Гэхдээ улс төр хүн бүхэн тоглож болох тоглоом мөртлөө хэн ч тоглож чаддаггүй хатуу тоглоом юм. Хэцүү тоглоом ч  гэж болно. Манайхан их зоригтой юм даа.

-Та зүйрмэглээд байвал яаж нойроо сэргээдэг вэ?

-Зүйрмэглэх гэдэг бол нойрны урьтал. Сэрж чадахгүй, унтаж чадахгүй байна гэдэг зүйрмэглэхээс арай өөр. Тэрнээс салах их хэцүү. Тийм үедээ би бас л хүнээ  хүсэх болдог. Хань минь ирээд нэг угзраадхаасай, эсвэл хүүхэд хажууд ирээд дуудаад, уйлаадхаасай гэж боддог. Бас л бусдын хүчээр сална. Яг тэр эгшнийг өөрийн хүчээр давна гэдэг хэцүү зүйл юм.

-Хэрвээ та үл үзэгдэгч хүн байсан бол юу харахыг хүсч байна?

-Би ер нь үл үзэгдэгч болж,  хүний ил далд нуудаг зүйлийг харах юмсан гэж бодож байгаагүй юм байна. Би хэрвээ далдыг үздэгсэн бол хүний бодлыг л олж үзэх юмсан гэж бодож байна. Бодол гэж ер нь юу юм бэ, тархин дотор байгаа тэр агуу бодлыг олж хардаг бол энэ ертөнц их сайхан байна.

-Та хэр шударга хүн бэ?

-Би ямагт шударга байх юмсан гэж боддог хүн. Байж чаддаггүй байж мэднэ.

-Таны хамгийн дургүй үг?

-Би хөөрхий гэдэг үгэнд их дургүй. Худалч хүний нээрээ олон, хуурамч хүний хөөрхий олон гэж ардын зүйр үг байдаг. Худлаа нялуун санагддаг юм. Нутгийн хөгшчүүд  айлын хүүхэд болгоныг хөөрхий гээд байдаггүй юм. Их шударга байдаг. Ер нь багаасаа их сонсож өсөөгүй болохоор сонин санагддаг.
Монголын мэдээ
Б.Мөнхзул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.