Сонгуулийн хандивын талаар та юу мэдэх вэ
УИХ-ын чуулганы 2015 оны нэгдүгээр сарын 25-ны нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, баталсан. Сонгуулийн хууль нь 18 бүлэг 166 зүйлтэй маш том хууль юм. УИХ болоод Ерөнхийлөгч, орон нутгийн сонгууль энэ жилийн зургаадугаар сард болох тул сонгох, сонгогдох эрхтэй бүх хүмүүст зориулан уг хуулийн таницуулгыг манай сайт цувралаар хүргэж байна. Сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 29-өөр тогтоосон бөгөөд эл өдрийг хүртэл танилцуулгаа хүргэнэ.  

Энэ удаа хуулийн Долдугаар бүлгийн Гуравдугаар дэд бүлгийн хандивтай холбоотой танилцуулгыг хүргэж байна.


Сонгуулийн хандивыг мөнгөөр болон мөнгөн бусаар өгч болно. Хандивлагч нь энэ хуульд заасан шаардлага хангасан, Монгол Улсын иргэн байх ба хуулиар хориглоогүй, түүнчлэн тухайн хуулийн этгээдийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд хандивлагч байж болно.

Мөнгөн хандивын хэмжээг тус хуульд тодорхой заажээ. Иргэний хувьд гурван сая төгрөг хүртэл байх бол хуулийн этгээдийн хувьд арван таван сая төгрөг хүртэл байна.

Мөнгө хандивлагчдын анхаарах зүйлс:
-Иргэн, хуулийн этгээд нь нэг нам, эвсэл болон нэр дэвшигчид жилд зөвхөн нэг удаа хандив өгч болно.
-Эвсэлд нэгдсэн намд сонгуульд зориулж хандив өгсөн бол тухайн намын нэгдсэн эвсэлд давхардуулан сонгуулийн хандив өгөхийг хориглоно.
-Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь регистрийн дугаараа банкны гүйлгээний баримтад заавал тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ.
-Буцах хаяг нь тодорхойгүй хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ.   
-Хуулийн этгээд мөнгөн хандив өгсөн бол уг хандивыг санхүү, татварын тайландаа тусгана.
-Хуулийн этгээд бэлэн мөнгөөр хандив өгөх, хуулийн этгээдээс бэлэн мөнгөөр хандив авахыг нам, эвсэл, нэр дэвшигч, эдгээрийн сонгуулийн штабт хориглоно.
-Иргэнээс бэлэн мөнгөөр хандив хүлээн авч  болох бөгөөд энэ тохиолдолд хандив өгч байгаа иргэний овог нэр, регистрийн дугаарыг хандив цуглуулах эрх бүхий этгээд нь тэмдэглэн, түүний нэрийн өмнөөс сонгуулийн зардлын дансанд оруулна.

Хэрэв хандивлагч хандивын тоо хэмжээг зөрчвөл иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн, хуулийн этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулна.
Харин дээрх хандив өргөхдөө дансанд бус гараас гарт дамжуулбал, нам, эвсэлд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн, иргэн, нам эвслийн сонгуулийн менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагч, сонгуулийн штабын удирдлагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ноогдуулна.

Мөн хууль зөрчиж авсан хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлэх ажээ.

Мөнгөн бус хандив гэж юу вэ
Үүнд үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулах, эзэмшүүлэх болон бусад үнэ төлбөргүй үйлчилгээ орох юм.
-Мөнгөн бус хандивыг сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш дуусах хүртэл хугацаанд зөвхөн нэр дэвшигчид өгнө.
-Мөнгөн бус хандив өгч байгаа тохиолдолд хандивлагч нь нэр дэвшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй бичгээр хандивын гэрээ байгуулна.
-Мөнгөн бус хандивын үнэлгээг хандивын гэрээгээр харилцан тогтоох бөгөөд уг үнэлгээ нь иргэн болон хуулийн этгээдээс өгөх хандивын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна.
-Энэ хуульд заасны дагуу нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд тусалж байгаа аливаа этгээд нь хөлсгүйгээр ажиллаж байгаа бол уг ажлыг хандивт буюу нэр дэвшигчийн сонгуулийн зардалд тооцохгүй.
-Хэрэв мөнгөн бус хандивын хуулийн дагуу зарцуулаагүй бол иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн, хуулийн этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулна.
-Мөн нэр дэвшигч, хандивлагч гэрээ байгуулаагүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Дээрх заалтуудыг зөрчиж авсан хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу  улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ.

Хандив өгөх, хүлээн авахыг ямар нөхцөлд хориглох вэ
-Гадаад улс буюу гадаадын байгууллага /хамтарсан байгууллагын гадаадын оролцогч/;
-Олон улсын байгууллага;
-Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;
-Гадаад улсын иргэн;
-Харьяалалгүй хүн;
-Арван найман нас хүрээгүй хүн;
 -Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;
-Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан, банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй хуулийн этгээд;
-Yйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн бус байгууллага;
-Байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд.
Хандив өгөхийг хориглосон этгээд сонгуулийн хандив өгсөн бол мөн эрх зүйн байдал нь тодорхойгүй бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ. Хандив өгөхийг хориглосон этгээдээс хандив хүлээн авсан бол тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасаж, хүлээн авсан хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ хэмээн уг хуульд заажээ.

Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.