Төв цэвэрлэх байгууламжийн засвар хэзээ эхлэх вэ
Нийслэл хотын анхилам үнэр хотын баруун хэсгийнхний бухимдлыг аль хэдийн хүргээд эхэлжээ. Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам ойртсон энэ үед хотын баруун хэсгийнхэнд төв цэвэрлэх байгууламжаас гардаг үнэр нь уламжлал ёсоор үнэртээд эхэлжээ.

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн ачаалал өнгөрсөн он жилүүдэд эрс нэмэгдэж гурван газартаа эвдрэл үүсэж, яаралтай засвар хийх шаардлага өнгөрсөн зургадугаар сард тулгарсан. Ингээд 24 цагийн зогсолт хийж нийслэлчүүд бүтэн нэг хоногийн  турш бохироо ундны усны эх үүсвэр болсон Туул голдоо  цутгасан юм. Ингэхдээ албаныхан хагас цэвэрлэсэн бохирыг Туул гол руу асгасан гэж байгаа ч  иргэд үүнд итгээгүй. Учир нь нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Туул голын бохирдол хэрээс хэтэрч, үнэр танар нь дийлдэхээ больсныг тэр хавийн оршин суугчид хэлдэг. 

Тухайн үед засварын ажлыг аль болох богино хугацаанд хийж дуусгахаар төлөвлөж, энэ хэрээр гурав хоног хийнэ гэж байсан засварыг ердөө ганцхан хоногийн дотор хийж дуусгасан билээ. Харин ингэж яаруу сандруу хийсэн засвар нь сайн болсон гэдэгт олон хүн эргэлзэж хоцорсон юм. Энэ нь ч  өдөр өнгөрөх тусам түр зуурын аргацаасан  ажил болох нь батлагдаж өдгөө нийслэл хотын баруун хэсэг тэр чигтээ бохирын үнэрт дарагджээ. Энэ үнэр өдөр өдрөөр хотын төв рүү ирж байгааг  иргэд хэлж байна. Тухайлбал өмнө нь Хан-Уул дүүргийн Био комбинат, Яармаг, Сонгинохайрхан дүүргийн Яармаг, Сонсголон орчимд үнэртдэг байсан бол өдгөө 10 дугаар хороолол орчимд хүртэл үнэртдэг болсон байна. Зарим дулаахан өдөр хотын төв талбай орчимд ч үнэртэж байсан юм.

Төв цэвэрлэх байгууламжид завсар  хийх шаардлага тулгарсан үед хотын удирдлагууд холбогдох албан тушаалтнууд шинэ цэвэрлэх байгууламжийг яаралтай барьж ашиглалтад оруулах шаардлагатай хэмээн дуу дуугаа авалцан хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байсан ч  өнөөдөр энэ асуудлыг ярих хүн олдохгүй байна.Тухайн үед дарга нар Франц улсын тусламжтайгаар шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулах боломжтой хэмээж байсан ч өнөөдөр энэ ажил ямар шатандаа явж байгаа талаар хэлэх хүн алга. 

Засгийн газрын тэргүүн төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай өөрийн биеэр очиж, танилцсаны дараа шинэ цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийг яаралтай шийдвэрлэж, ажлыг эрчимжүүлнэ хэмээн мэдэгдсэн. Ингээд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар концессоор шинэ цэвэрлэх байгууламж барих шийдвэр гарсан. Харин бидний өнгөрсөн он жилүүдэд харсан туршлагаар концессын гэрээгээр хийгддэг ажлуудад цаг хугацаа маш их ордог нь ажиглагдсан. Ганц, хоёр жил гацах нь энүүхэнд асуудал болоод байна. Тэгвэл төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн төрх ингэж удаан хийгдэхийг тэсвэрлэх болов уу. 

Гэхдээ энэ зун цэвэрлэх байгууламжийн үнэр багасаж мэдэх юм. Учир нь ирэх долоодугаар сард АСЕМ-ын  дээд хэмжээний уулзалт манай эх орны нийслэлд болно. Энэ хүрээнд лагийн талбайгаас гарах өмхий үнэрийг зургаадугаар сарын 15 гэхэд арилгах ёстой хэмээн Засгийн газрын тэргүүн үүрэгдэж, шаардлагатай төсөв мөнгийг шийдвэрлэж өгсөн. Ингэхдээ зөвхөн үнэр дараад зогсохгүй цэвэрлэх байгууламжийн хуучирч муудсан зарим техник, төхөөрөмжийг засварлахад зориулж 8.1 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болсон юм. 

Гэвч энэ ажил хэзээ эхлэх нь одоогоор тодорхойгүй байна. Албаныхан ч өөрсдөө тодорхой хариу хэлж чадахгүй сууна. Ямартай ч долоодугаар сараас өмнө нийслэлчүүд өмхий үнэрээсээ салах нь тодорхой байна. Гэхдээ энэ нь түр зуурын аргацаасан ажил гэдэг нь ойлгомжтой байна. Харин шинэ цэвэрлэх байгууламжийн сураг хэдийн алдарчээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Darui nuulegee 2016-04-04 12:40:25
    za za naad zewerleh baiguulamjaa l bushuu nuulegee. Ta nar odoo hiihgui bol hezee hiihiin be
  • 111 2016-04-04 02:12:23
    цэвэрлэх байгууламжаасаа дор үмхийрсэн улс төрчид
  • зочин 2016-04-04 01:15:01
    Хот тэр чигээрээ үмхийрч. Хүүхдээ салхинд гаргаж чадахаа блаа. Энэ төрийн эмгэнэл хэзээ дуусах болоо. Бүх юм нь үмхий төр