Эх хэлээрээ оролдвол...
Эдээрээ оролдвол эвдэхийн цондон, эхнэрээрээ оролдвол салахын цондон гэж нэг мундаг зүйр цэцэн үг байдаг даа. Тэгвэл эх хэлээрээ оролдвол юуны цоңдон байх вэ. Яав ч сайны цондон лав биш. Сүүлийн үед эх хэрээлээ оролдож, өөр өөрсдийнхөөрөө зүтгэх эрдэмтэд ч их болж. Эх хэлний хууль гаргана, дүрэм журмыг нь өөрчилнө гэж ярих ч гишүүд ихэслээ. Хамгийн сүүлд М.Батчимэг тэргүүтэй дөрвөн гишүүн Монгол хэлний тухай хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барьсан. Хэлэлцүүлэг ч эхэлчихсэн байгаа. Гэхдээ энэ удаад монгол хэлний эгшигүүдийг алга болгоно, латин үсгээр бичдэг болно гэсэн завхарсан заалтууд байхгүй байгаад нь баярлаад байна. Гэхдээ нэг хэсэг дөрвөн үсэг хасна энэ тэр гэж дөвчигнөсөн. М.Батчимэг гишүүний ярьсанаар хэн дуртай нь үсэг хасч, нэмэхийг хазаарлахын төлөө энэ хуулийг гаргаж байгаа гэх.
 
Гэхдээ хасдаг дээрээ тулбал эрдэмтдээр хэлэлцүүлнэ гэсэн байна билээ. Бас л бүрхэг асуудал. Ер нь энэ хууль гараад манайд юу өөрчлөгдөх вэ. Хууль санаачлагчдын зүгээс бол монгол хэл, бичгийн нэгдмэл байдлыг хангана гэсэн ерөнхий юм яриад байгаа. Яах вэ, сайхан сайхан заалтууд, зорилт байна. Тухайлбал, зарим сургуулиуд гадаад хэл дээр сургалтаа явуулаад, монгол хэл заахгүй байгаа. Үүнийг хуулиар зохицуулах юм гэсэн. Мөн архивын тэмдэглэлийн заавал монгол хэлээр хөтлөх, зар суртатчилгаа, бараа бүтээгдэхүүний шошгийг монгол дээр бичиж, явуулах энэ тэр гээд тоочоод байвал шийдэхээр тусгасан асуудал олон байгаа юм билээ. Тэр болгоныг дурьдаад байвал бүтэхгүй. Дээрээс нь олон санаатай, бие биенээсээ зөрсөн, зүтгэсэн, эх хэлээр бизнес хийж байгаа эрдэмтдээр хэлэлцүүлвэл бүр ч бүтэхгүй. Угтаа эх хэлний хамгийн нэн түрүүнд засах, нэг мөр болгох шаардлагатай ажил бол элдэв янзын хэрэгтэй, хэрэггүй дүрмээ цэгцлэх шаардлагатай. Цэгцлэх гэж дээ, уг нь дүрэм өөрчлөгдөөгүй. Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон дүрмээр, түүний толь бичгийн дагуу л явж байгаа. Өөр дүрэм гаргаад, хуулиар батлаад, албан ёсны болгосон юм байхгүй. “Хэлний” гэж өөрсдийгөө өндөрт өргөөд, бие биетэйгээ уралцаж, хоорондоо уралдаж янз бүрийн толь гаргаж байгаа эрдэмтэд л эх хэлээ алж байна.
 
Өнөөдөр хэдэн зуун толь гарсан байлаа ч нэгийг нь ч албан ёсных гэж үзээгүй шүү дээ. Тиймээс төр засаг хуулиа гаргахдаа нэн түрүүнд энэ асуудлыг яаралтай зохицуулах шаардлагатай байгаа юм. Мэдээж шинэ гарах хуулинд энэ мэтийг зааж өгсөн. Түүнийг зохицуулна л гэж ярьж байна лээ. Үг үсгийн дүрмийг хэн өөрчлөх эрхтэй вэ гэдгийг ч хуульчлах юм байх. Чухам яаж хуульчлах, хэнд эрх өгөх вэ гэдэг дээр асуудал гарч ирнэ. Тэртээ тэргүй эрдэмтэд 2-3 хуваагдчихсан. Түүний хажуугаар хэвлэлийн компаниудын нөхдүүд ч гэсэн лобби хийж, оролцож байгаа.
 
Тэгэхээр 2-3 хуваагдчихаад байгаа нөхдүүдийн хэнд нь эрх олгох вэ. Нэг хэсэгт нь дүрэм өөрчлөх эрх олголоо гэж бодоход тэд дураараа дургина. Өнөөх Ц.Дамдинсүрэн гуайн дүрмийг нулимаад, үсэг хасна, нэмнэ гээд ханцуй шамлаад дайрвал яах вэ. Үлдсэн хэсэг нь боож үхэх дээрээ тулна, элдэв янзын юм ярина, ард түмний тархийг угаана. Бүгдэд нь зэрэг эрх олгоод, асуудлыг шийдвэрлэхийг нь харна гэвэл одоогийн завхарсан байдал дахиад хэчнээн ч жил үргэлжилж магадгүй. Ийм л эгзэгтэй цаг үед тулчихаад байна.
 
Хэлний асуудлыг хуульчилж, яаралтай шийдэх хэрэгтэй юу гэвэл тийм. Бүр зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ эх хэлээрээ аятайхан оролдох шаардлагатай гэдгийг хаана хаанаа санаж, сануулах нь зүйн хэрэг. Монгол хэлний соёлын хүрээлэнгийн захирал Г.Сүлд-Эрдэнэ энэ хуулийн төсөлтэй холбоотой шүүмж бичсэн. Тэнд зөв зүйтэй санаа зөндөө тусгасан байна билээ. Хуулийн төслөө сайжруулах хэрэгтэй гэвэл М.Батчимэг тэргүүтэй гишүүд тэр шүүмжийг нэг харчихад болохгүй юм байхгүй байх. Авах зүйлээ авахын тулд шүү дээ. Ер нь бол элдэв янзын холиоң бантан болсон дүрмээ л цэгцлээд, талцаад байгаа эрдэмтдээ нийчүүлчихвэл бусад зүйл аяндаа болно, юу ч гэж тусгаж өгсөн болох байх гэж мунхаглаад байна.

Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Erdemten 2014-06-26 04:22:19
    Bosoo Mongol bichigtee shiljij baij l asuudal shiidegdene.
    112.72.13.15
    Мэдэгдсэн Хариулах