Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Ээлжит бус чуулган дэмжлэг авч чадаагүй

УИХ-ындарга З.Энхболд нэнэ яаралтай хэлэлцэх асуудал байгаа тул ээлжит бус чуулганыг зарласан. Ингээд өнгөрөгч долоо хоногт гуравдугаар сарын 29-ны өдөр нээлтж хийж, хуралдах чётой байсан. Гэвч дөрвөн өдөр дарааллан зарласан чуулганы хуралдаанд ирц бүрдээгүй тул анхаарал татсан энэ удаагийн ээлжит бус чуулганы хуралдааныг цуцалсан юм.  

УИХ-ын дарга З.Энхболд энэ талаар хэлсэн үгэндээ “Энэ гурав хоногт зургаан удаа чуулганы хуралдааныг нээх гэж оролдлоо. Улс орны чухал асуудал, цөмийн хог хаягдлыг Монгол Улс руу нэвтрүүлэхийг хориглох тухай хуулийг хэлэлцэх гэж ээлжит бус чуулган зарласан. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн 21 нь ирж, ирц 60 хувь, МАН-ын бүлгийн гишүүдийн ирц 0 хувь, “Шударга ёс” эвслийн бүлгийн 4 гишүүн ирж, ирц 40 хувь, ИЗНН-ын 2 гишүүн хуралдаа ирж, 100 хувийн ирцтэй байна. Бие даагч 3 гишүүн ирсэнгүй. Хуралдаанд ирсэн гишүүдийн ирц 35.5 хувьтай байна. Гурван өдөр үдээс өмнө, хойно хуралдаан зарласантай нийлээд 6 удаа ээлжит бус чуулганыг хуралдуулахаар оролдлоо. Ирсэн гишүүдэд баярлалаа. Ийм чухал асуудлыг хэлэлцэх гэж байхад ирэхгүй байгаа гишүүдийг ард түмэн цөмийн хог хаягдлыг булшлахын төлөө байгаа юм байна гэсэн ойлголттой үлдлээ. Ирэх 7 хоногт хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Хуралдаанд ирээгүй гишүүд хаврын ээлжит чуулгандаа ирнэ гэж найдаж байна. Асуудлуудаа ердийн горимоор хэлэлцээд явна” гэсэн юм.

“Жудагт Монгол”-чуудын цуглааны үеэр УИХ-д сонгож болохгүй гишүүдийг зарласан нь

“Жудагт Монгол” холбооноос “Эв нэгдлийн төлөө” цуглааныг өнгөрөгч буй энэ долоо хоногт талбайд зохион байгуулсан нь олны анхаарлыг татсан.   Уг цуглаанд Монголын залуучуудын холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоод, Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, Монголын Ахмадын холбоо зэрэг 50 гаруй төрийн бус байгууллага нэгдсэнээс гадна цуглаанд хүч нэмэн МоАХ-ын төлөөлөл оролцон дуу хоолойгоо хүргэсан юм. Үүнээс гадна МоАХ-ын тэргүүн Х.Баттулга, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаа, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн Г.Уянга нараас гадна ахмад улс төрчид, урлаг, соёл, спорт, шинжлэх ухааны салбарын төлөөлөл болсон хүмүүсэ оролцож, энэ үеэр хэлсэн үгнүүд нь долоо хоногийн халуун сэдэв байв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баттулга үг хэлэхдээ төрд сонгож болохгүй, нэр дэвшлээ гэхэд дэмжихгүй байх хүмүүсийн нэрсийг зарласан явдал юм. Тэрбээр “Л.Энх-Амгалан, Сү.Батболд, Д.Цогтбаатар, Г.Батхүү, Д.Хаянхярваа, Д.Зоригт, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, М.Энхсайхан” гэх мэт гишүүдийн нэрсийг дурьдаад тэднийг дахин сонгож болохгүй гэсэн юм. Тэр дундаа "та нар тогтоож аваарай. МҮАН-ын дарга М.Энхсайхан" гэж онцлон хэлсэн.

АТГ-ын баривчилгаа анхаарал татав

Энэ долоо хоногт АТГ хэд хэнийг хүнийг авлигын хэрэгт сэжиглэн саатууллаа. Иймээс баригдсан хүмүүсийн асуудал анхаарлын төвд орсон юм.

 Тухайлбал, Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг Авилгатай тэмцэх газраас гуравдугаар сарын 31-ний өдөр баривчилсан юм.
Түүний хувьд 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр ажилласан байсан бөгөөд улмаар  2008-2010 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн зөвлөхаар ажиллаж байгаад 2011-оноос Ардчилсан намын даргын зөвлөхөөр ажиллаж байсан. Үүний дараа 2012 онд  Лондонгийн  Каплан Инт коллежид суралцаж ирээд Шинэчлэлийн Засгийн газрын Барилга хот байгуулалтын төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байжээ.

Мөн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Ж.Равдандоржийг Авлигатай тэмцэх газрынхан баривчлаад байна. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар түүнийг дээрх албыг хаших үедээ авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр саатуулсан аж.

“Түрээсийн орон сууц”-нд хамрагдах иргэдийн бүртгэл өндөрлөв

“Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл 3-р сарын 21-ний өдрөөс эхэлсэн. Бүртгэлийг ил тод, шуурхай явуулах зорилгоор зорилтот долоон бүлгийн ангилалаар хувааж бүртгэсэн.  Харин өнөөдөр амжаагүй нийт иргэдийг гуравдугаар сарын 31 болон дөрөвдүгээр сарын нэгний өдрүүдэд бүртгэсэн юм.  Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар иргэдийг сонгох юм.

Ингэхдээ шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг дахин хянан шалгаж шүүсний дараа сугалааг явуулна. Түрээсийн орон сууцанд хамрагдахаар 3-р сарын 21-30-ний өдрүүдэд нийт 3359 иргэн хандсанаас 1443 иргэн бүртгэлд хамрагджээ.

Тодруулбал, ахмад 544, залуу гэр бүл 175, Хувиараа хөдөлмөр эрхлэгч, хувийн байгууллагад ажиллагсад 416, Төрийн албан хаагч187, Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх 11, Өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй 5, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх 18, Хөгжлийн бэрхшээлтэй 87 иргэн тус тус бүртгүүлсэн байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.