Хөшөөт нийслэлээр welcome!
Гадаадын жуулчид, ноёд хатагтай нар аа! Та бүхэн Монгол улсын нийслэл Улаанбаатарт тавтай морилогтун! Дэлхийд түүх дурсгалаараа гайхагддаг Итали, Франц, Испанийн урлагийн хосгүй гайхамшигт бүтээлүүдээс хол илүү сюрпризыг та төв Азийн нийслэлээс л үзэх болно.

Энэ бол Улаанбаатарын сүр хүчийг илтгэсэн үй олон хөшөөнүүд билээ. Хотын хөшөөг үндсэн таван хэсэгт хуваана. Нэгт хүнийх, хоёрт мал, ан амьтных, гуравт, эд хэрэглэлийнх, дөрөвт, үлгэрийнх, тавт, уран бүтээлийнх буюу дуу шүлгийнх гэж ангилна. Хөшөө барихдаа ийм нарийн ялгаа зааг гаргасан өөр улс дэлхийн хаана ч байхгүйг дахин сануулъя. Эндээс хүний хөшөөг үндсэн гурван хэсэгт хуваана. Нэгт, хувьсгалчдынх, хоёрт, эсэргүүнийх, гуравт, эх орончдынх. Хувьсгалчдын хөшөөнд жанжин Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, нөхөр Ю.Цэдэнбал, нөхөр Ж.Батмөнх нар орно. Эсэргүүнд нь “Хичээнгүй сайд” Б.Цэрэндорж, Их зохиолч Д.Нацагдорж, Билгүүн номч Б.Ринчен, Д.Бодоо, Солийн Данзан, хэлмэгдсэн гучин мянган ламыг төлөөлсөн “Хүн аалз” маягийн хөшөө. Эх орончдын хөшөө дэлхийн улс бүрт байдаг болохоор түр орхиё. Хөшөөгөөр дамжиж манай улс ардчилсан чиг баримжаагаар хөгжиж явааг та анзаарах болно. Ардчилсан, либерал үзлийн гол нотолгоо бол Ю.Цэдэнбал, Бямбын Ринчен нарын хөшөөг өөд өөдөөс нь харуулж босгосон явдал юм. Энэ юу хэлээд байна гэхээр хэлмэгдсэн, хэлмэгдүүлсэн хоёрт хоёуланд нь гүн хүндэтгэл үзүүлж буй хэрэг. Өвөрхангайд Өндөр гэгээнийх, Ховдод Галдан бошигтынх. Энэ бол “Freedom”. Ийм арга билгийн ухааныг өрнө дорныхон сэтгэсэнгүй нь өрөвдөлтэй. Үгүй ядахдаа хойд хөрш маань Москва хотынхоо Арбатын гудамжинд II Николай хаан, В.И.Ленин нарын хөшөөг урд урдаас нь харуулж босгох ухаан толгойд нь буусангүй. Эргээд хөшөөт нийслэлийнхээ тайлбар луу оръё!

  Эсэргүүчүүдээс гадна хулгайч, дээрэмчид, дайсандаа зориулсан хүрэл зэс, алтадмал тансаг хөшөөнүүд бий гэвэл барууныхан та нар итгэх үү. Гэвч нүд, чих хоёрын хооронд дөрвөн хуруу зай байдгийг хотоор гурав хоног аялаад итгэх болно. Манай эх оронд наад зах нь малын рецедив хулгайч “Торой” Банди, “Цахиур” Төмөрийн хөшөө хүртэл бий. Их хуцвал Хүрээг сохор зоосны өртөггүй чөлөөлж өгсөн Барон Унгерн, Атаман Семеновын хөшөөг цутгасан ч яадгийн. Хөшөө босгох хөдөлгөөн бүх улс орныг хамарснаар сүүлдээ хөшөө болон мөнхрөх хүмүүс нэн ховордож байгаа нь харамсалтай. Хөшөө босгохын тулд монголын үүх түүхийг нарийн шүүрдэхээс гадна глобалчлалыг мартаагүй юм шүү. Италичуудын мартсан “Марко Поло”, орчин үеийн Турк улсыг үндэслэгч Ататюркийн цээж баримал, төлөг нөхдөдөө зориулан Хо Ши Миний хөшөө бас нэрэмжит сургууль, Английн андууддаа хүндэтгэл үзүүлж “Битлз” хамтлагийн хөшөөг хотын төвд, Америк гүрэнд мэхийн хүндэтгэж Дархан хотод аварга том Терминаторын төрх, Хан-Уул дүүрэгт хучлага нөмөрсөн Махатма Гандийн хөшөө, ХIХ зууны Хаант засгийн үеийн оросын эдийн засагч Георгий Валентинович Плеханов, эмч Шастин нарын гэгээн дүр төрхийг хотынхоо хамгийн олон хүн цугладаг газар сүндэрлүүлэв. Хамгийн сүүлд гэхэд Сансарт Иван Яковлевич Коростовеци гэх огт сонсож байгаагүй товарищийн хөшөөг манай урчууд зүрх сэтгэлээ шингээж урлалаа. Хөшөөний нээлтэнд зарим түүхчид халуун дулаан үгээр урамшуулан:

-Тэр хүн байгаагүй бол 1911 онд Богд Хаант Монгол улс тусгаар тогтнохгүй байлаа, Коростовецийн хөшөөг босгох цаг яг мөн гэж магтав. Хөшөөг нь босгосны маргааш бүлэг түүхчид ширүүн эсэргүүцэж,

-Алуурчин Коростовецийн зэс хөшөөг үтэр түргэн буулга! гэж бужигнав. Энэ этгээд бол Монголын тусгаар тогтнолыг устгах гэж хичээж, эх оронч хөвгүүдийг хороож, Монгол угсаатныг таллан хуваасан алуурчин юм гэсэн мэдээлэл цахим хэвлэлээр давалгаалав. Гэвч манай хотын удирдлагууд маргааныг олон ургальч үзлээр тунгаан хэлэлцээд:

-Нийслэлд хувьсгалчид хийгээд эсэргүүнүүдэд зориулан хөшөө босгосон юм чинь яагаад алуурчиндаа зориулж хөшөө босгож болохгүй гэж. Алуурчин ч гэсэн хүн гэцгээн маргааныг тас цохив. Бурхан багшийн сургууль, Библи сударт “Дайснаа хайрла!” гэж номлодог гэдгийг бидний зарим нь мартжээ. Тийнхүү сюрприз ихтэй Улаанбаатар хотын хөшөөнүүд жуулчид та бүхний нүдийг хэдэн өдөр баясгана. Дараагийн хоногт та дуу, шүлгэнд зориулан босгосон хөшөө сонирхоорой. ХХ зууны манлай дуу “Халуун элгэн нутаг”-т зориулсан хөшөө, яруу найрагч Шаравын Сүрэнжавын “Багш” шүлгийн хөшөө, Хүүхдийн ордны өмнө “Маамуу нааш ир” дууны хөшөө, Хотын төвд “Хонхны дуу биднийг Сэрээ сэрээ” гэж дуулдаг нэг ахын хөшөө, Спортын ордны өмнө өнчирсөн тэмээний хөшөө, Нэгдүгээр хороололд нэлээд хэдэн тэмээний хөшөө, НАХ яамны яг ард янгирын хөшөө, Урт цагааны урд сарлагийн хөшөө, морин хуурын хөшөө, МУИС-ийн урд үүргэвч үүрсэн халамцуу оюутан охины хөшөө, Офицеруудын ордны цаахна Түвд банхрын хөшөө, Эвтэй дөрвөн амьтны хөшөө, Эрхүүгийн оюутнуудын санаачилсан хулгар шарын хөшөөг үзэгтүн! Дэлхийн хаана ч байхгүй ховор боломжийг гагцхүү нүүдэлчид л сэтгэж өнгөт металаар урлан цутгажээ. Бас алсын тээвэрт гарсан жолооч нартаа “Хурд бол үхэл” нэртэй машины сэг гээд л. Үүний дараа жуулчид та бүхэн хөдөө орон нутагт аялж, байгалийн сайханд алжаалаа тайлахаа мартуузай. Тэнд ч гэсэн манай урчуудын хосгүй авъяасаар бүтээсэн жинхэнэ монгол эр хүний чивчирч гантайсан эрхтэний хөшөө таныг уйдаахгүй!

Шог зохиолч Д.Буян
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2016-04-02 02:14:22
    SUHBAATARIIN HUSHEEG AMGALAND BAIRANDNI TAVIBAL DEER
  • Lutaa 2016-04-02 01:11:45
    Îëîí õºøºº íü îðøóóëãûí ãàçàð øèã
  • өлзий 2016-04-01 13:43:27
    кккк ок ок
  • ?! 2016-04-01 10:06:08
    Хөшөө гэдэг бол өнгөрсөн баларсан юмыг дурсах зориулалттай зүйл. Монголчууд сүүлийн 20 жил хөшөөгөөр "өвчилсөн" нь юуг зөгнөнө вэ???!!!
  • Ganaa 2016-04-01 07:51:36
    Үнэн шүү. Улаанбаатар тэр чигээрээ оршуулгын хот
  • KKK 2016-04-01 03:37:16
    Арго багшыг дууд орчуулж өгөх байх !
  • зочин 2016-04-01 03:19:42
    Дэлхийд байхгүй хэлээр бичсэн байна. Хэл хольж бичсэн гарчигнаас нь 60%-г нь л ойлголоо. Өөр юу ч ойлгосонгүй.