Д.Ганбат, Ж.Батзандан хоёрын дуэль
УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг тэнгэр таалж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшиж томорсон биш түүний хашиж байсан албанд очих гэж өдөр нь мөрөөдөж, шөнө нь зүүдэлсэн хэдэн нөхрийг ёстой л нэг шар махтай нь хатаасан өдөр хоногууд зовлонтойхон шиг өнгөрч байна.

Уг нь Ш.Түвдэндоржийн дараа аз нь шовойж, Хууль зүйн Байнгын хорооны даргад “Баянхонгорын Королия” Д.Ганбатыг зүтгүүлэх тухай “Женко”-гийн лүндэн аль эрт бууж, эрх баригч АН-ын УИХ дахь бүлэг наашаа харж инээн, цаашаа харж уйлсаар мань Д.Ганбатыг зүтгүүлж үзсэн нь өнөөдрийг хүртэл байнд ч үгүй, банзанд ч үгүй харин ч нэг түмний доог болж байна. УИХ дахь АН бүлэг бүтэн өдөржин шахуу хуралдаж хөөрхий муу Д.Ганбатыг хөлс, юмтай нь хутгалдуулсаны эцэст “Ямартай ч чамайг Хууль зүйн Байнгын хорооны даргад зүтгүүлээд үзье” гэж л дээ.

Гэтэл УИХ дахь эсэргүүний нэгэн О.Баасанхүү “Парламентын ардчилал” яриад Ж.Батзанданг Хууль зүйн Байнгын хорооны даргад нэр дэвшүүлж золигтжээ. Ингээд өчигдөр Хууль зүйн Байнгын хорооны хуралдаан эхлэхэд хэрэг мандаж Ж.Батзандан “Би бүлгийн шийдвэрийг дагах албагүй. Хууль зүйн Байнгын хорооны даргад өрсөлдөнө” гэж гүрийгээд бөөн бужигнаан үүсгэчихдэг байгаа. Уг нь УИХ дахь АН-ын бүлгийнхэн “Ж.Батзанданд дараа бялуу хуваая” гэсэн юм билээ л дээ.

Харин тэрслүү гишүүн Ж.Батзандан хариуд нь “Нэг талдаа бүлгийнхээ шийдвэрийг хүндэтгэж байгаа хэдий ч нөгөө талдаа хуулийн дагуу би байнгын хорооны даргад нэр дэвшиж өрсөлдөнө” гээд суучихдаг юм байна.

Тэрбээр өөрт нь бүлгийн шийдвэрийг дагах эсвэл Үндсэн хуулийг дагах гэсэн хоёр сонголт байсан гэдгийг ч хэлэхээ мартаагүй.

Бүлгийн даргатайгаа харшилтай Ж.Батзандан гишүүний зүрх, зориг нь бадарч “Монгол Улс бол парламентын тогтолцоотой улс, тиймээс улс төрийн аливаа томилгоо фракцын, тулгалтын бус ардчилсан зарчмаар хэрэгждэг байгаасай гэж хүсч байна” хэмээн хэнэг ч үгүй туугаад хаячихна лээ.
Түүнчлэн өөрт нь фракцын шийдвэрийг тулгаж байгаа бүлгийн удирдлагуудыг солигдоосой гэж хүсч байгаагаа ч шулуухан хэлчихдэг юм байна.

Түүний тэрслүү үгийг сонсож баахан гайхаж, мэгдсэн УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга С.Бямбацогт “Эрх баригч намаас хоёр хүн нэр дэвшиж байхад хэнийг нь дэмжихээ шууд зарлахад түвэгтэй байна. Иймд энэ асуудлаар тав хоногийн завсарлага авч байна” гэснээр Д.Ганбат гишүүний дарга болох мөрөөдөлд дахин тав хоног цэг тавьчихдаг юм байна. Бодоод байх нь ээ өмнө нь Байнгын хорооны даргад нэг намын хоёр хүн ингэж “алалцаж” байсан тохиолдол бараг л байхгүй.

Д.Ганбат, Ж.Батзандан хоёрын энэхүү дуэль эрх баригч намын дотоод зөрчлийг харуулахын зэрэгцээ “Энэ Д.Ганбатад ер нь дарга болох нигуур бий юу” гэсэн эргэлзээ төрүүлээд байгааг хэлэхэд гэмгүй. Ямартай ч өчигдрийн Хууль зүйн Байнгын хорооны хуралдаан ийм нэг инээдэмт, эмгэнэлийн тайз болоод өнгөрсөн. Зарим хүнийг уйлуулж, нөгөөхийг нь инээлгэх энэ үзэгдлийн хариу тав хоногийн дараа тодорхой болно.

Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ppppppp 2014-06-26 02:46:47
    zarim hun alban tushaal geheer uuruu uuriiguu urguud guihee bolimoor um, Temuujing unah ni geel bayrlaal guisen bas buteegui Zandan chi jaahan zangaragtai bai daa